Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0336/Э |
Дугаар | 2022/ШЦТ/353 |
Огноо | 2022-03-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Хохирогч Б.М,
Шинжээч эмч Э.Эрхэмбаяр,
Шүүгдэгч С.М түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М холбогдох эрүүгийн 2234003380300 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .... оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Наран зоогийн газарт Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Шүдээ янзлуулах юм бол өөр гомдол санал байхгүй.” гэв.
Шинжээч эмч Э.Эрхэмбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Дээд уруулын дотор талст цус хуралт баруун зулай орой хэсэгт дээд талын зулгаралт эд нар нийлээд олон удаагийн гэмтэл болж байна. 21 дүгээр шүдний сулрал бол нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Анх үзэхэд 21 дүгээр шүдний сулрал байсан. Бүх шүдний үзсэн анх үзэхэд бол үдэн шүд хөдөлгөөнтэй юм идэж чадахгүй байна гэх зовуурьтай ирсэн. Шүдээ хийхгүй бол явандаа сулрал үүсдэг тэгэхдээ шууд сулрал үүсэн гэж байхгүй. 3-4 жилийн дараа шүд сулрал үүсэхгүйгээр зай гардаг” гэв.
2234003380300 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Мын өгсөн: “Би өмгөөлөгч авахгүй. Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг Зуунмод сум номт 1 дүгээр багт байрлах Наран зоогийн газар хоол идэх гэж найзууд болон гэр бүлийн хүмүүсийн хамт ирсэн. Тэр үед миний хажууд машинд зус таних ах дүү хоёр сууж байсан. Тэгээд би болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь түргэний машинд намайг өргөөд суулгаж байсан тэгээд сэргэсэн эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Дараа нь цагдаа дээр ирээд согтуурал шалгуулсан. Тухайн өдрийн өглөө 11 цагийн үед найз Тулгаатай 2 шил архи хуваан уусан. Тэгээд өдөр 14 цагийн үед Борхүү ирээд 1 шил архи нэмж уусан. Тэгээд би Борхүүд зөрүүлээд 1 шил архи авч өгсөн тэгээд би согтсон байна. Тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Толгой ар хэсэгтээ хоёр хагарсан. Тэгээд доод гурав болон дээд хоёр шид хөдөлсөн. Хиймэл шүд байсан тэр маань ойчсон. Тэр газраа шүдээ хаясан байхаа олдохгүй байгаа. Өмнө нь маргалдаж байгаагүй. Зүс мэднэ. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл надаа гомдол санал байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүх зүйл үнэн. Тухайн өдөр миний дээд 1 хиймэл шүд ойчиж хажуу талын 1 шүд хөдөлгөөнд орсон байсан нь 3 хоногийн дараа ойчиж 1 шүд хөдөлсөн. Тэгээд доод 4 шүд хөдөлсөн байсан. Миний дээд 1 хиймэл шүд унасан хажуу талын хөдөлсөн шүд унаж ахин дээд талд нэг шүд хөдөлгөөнтэй байна. Тэгээд доод талын 1 шүд хөдөлгөөнтэй байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг/хх-7-10 тал/,
Гэрч Н.Борхүүгийн өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр багт байрлах Наран нэртэй зоогийн газар хоол идэх гээд найз нартайгаа ороод би бие засах өрөөнд ороод буцаад гараад ирсэн чинь хоёр үл таних залуу тухайн газар ороод ирсэн манай найз Баагийтай маргалдаад байхаар нь юу хүмүүс вэ яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг жижиг биетэй залуу над уруу дайраад миний нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд манай хамт явж байсан эмэгтэй хүмүүс салгаад тухайн хоёр залууг гадагшаа гаргаад байж байсан нөгөө хоёр залуу гаднаас дахин орж ирээд Баагийтай зууралдаад гараад гарч яваад зоогий газрын гадаа махлаг биетэй шар царайтай залуу нь Баагийг гараараа шүд болон нүүр хэсэгт нь цохиод унагасан. Баагий хойшоо саваад засмал зам дээр байна уу? залуу баагийгийн цээжин дээр нь хөлөөрөө хоёр удаа дэвссэн. Тэгээд Баагий ухаан дагзаараа орохгүй хэсэг байсан түргэн дуудаад явсан. Бага зэрэг уусан байсан. Хоёр шил архи уусан байсан. Би болсон зүйлийн талаар санаж байгаа. Гадна нь хүмүүс байгаагүй тог тасарсан үзэгдэх орчин муу байсан. Миний бие зүгээр би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-12 тал/,
Гэрч О.Дэлгэрцэцэгийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Наран зоогийн газар ээжийн хамт байж байсан чинь гаднаас хүмүүс орж ирээд нэг эмэгтэй хүн хоол гарах уу гэсэн тухайн үед тог тасарсан байсан тул манай хадам ээж хоол гарахгүй дээ гэсэн чинь нөгөө эмэгтэй хэдэн жаахан хүүхэд байгаа юм хоол өгөх хэрэгтэй байна гэсэн ээж за тэгвэл хэдэн гуляш гаргаад өгий гээд хоолыг нь хийх гэж байсан би гаднаас нөхрийг ахтай нь хамт ээж гэрэл гаргаад өг гэж байна гэж хэлээд гал тогоонд ороод байж байсан чинь хүмүүс шуугилдаад бөөн юм болоод байхаар нь гараад харсан чинь манай нөхөр нэг эрэгтэй хүнтэй хөргөгч ний хажууд манай нөхрийн ах цаана нь хоёр гурван хүнтэй барилцаад бөөн юм болоод бие бие лүүгээ дайраад байсан би салгах гээд дундуур нь ороод буцаад ээжийг дуудсан ээж намайг гал тогоо ороод залгаатай байгаа газ салга гэхээр нь салгаад гараад ирсэн манай нөхөр болон нөхрийн ах хоёр гадаа гарсан байсан. Ээжтэй нэг хүүхэн маргалдаад байсан тэгээд ээжийг нэг хүүхэд нь түлхсэн. Тэгээд нөгөө хүмүүс зоогийн газрын гадаа гараад маргалдсан би дагаж гараад цагдаад дуудлага өгөх гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байсан таксины ахаас очоод дугаар аваад цагдаад дуудлага өгөх гэсэн чинь тог тасарсан байсан утас нь болохгүй байсан. Танай нөхрийн төрсөн ах болон танай нөхөр хоёр архи уусан байсан уу? Архи уугаагүй байсан. Мэдэхгүй би хүмүүс маргалдаад байхаар нь цагдаа дуудна гэж бодоод яваад өгсөн. Нилээ согтуу байсан шүү. Үгүй байхаа. Мэдэхгүй. Эвдэрсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-14 тал/,
Гэрч Э.Мөнхчимэгийн өгсөн: “Би нөхөр Мөнхбаяр найз Тулгаа эхнэр Норовцэрэн, найз Борхүү эхнэр Мөнхжаргал нарийн хамтаар хоол идэхээр "Наран" зоогийг газарт орсон тог байхгүй байсан хоол захиалаад сууж байсан тэгээд найз Норовцэрэнтэй бие засах өрөөнд ороод сууж байсан чинь хүмүүс орилоод байхаар нь гарсан чинь манай нөхөр Мөнхбаяр охиноо тэврээд хүүхдүүдээ машиндаа суулгаад байж байсан. Тэгээд манай нөхөр Мөнхбаяр зоогийн газар үлдсэн найзуудаа орж авахаар орсон. Чинь хүмүүс маргалдаад бужигнаад бөөн юм болж байсан. Тэр дотор байсан хоёр залууг түлхээд гадаа гаргаад би хаалганы бариул бариад байж байсан. Тэгсэн тэр хооронд зоогийн газрын эзэн эмэгтэй та нарт хоол хийж өгөхгүй гээд элдвээр хэлээд байх хооронд гаднаас нөгөө хоёр хүн орж ирээд нөгөө хүмүүс 3100000000 гадаа гарсан чинь халзан толгойтой залуу нь манай нөхрийг нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь манай нөхөр саваад хойшоо асфальтан зам дээр унаад өгсөн. Тэр хойгуур нь би нөгөө цохисон залууг салгаж байхад хамт байсан жижиг биетэй залуу нь манай нөхрийн цээж хэсэгт нь хөлөөрөө дэвссэн. Манай нөхөр нэг хэсэг ухаан алдсан би нөхрөө тэврээд орилоод түргэн дууд гэж хэлсэн. Тэр үед зоогийн газарт байсан хөгшин эмэгтэй нөгөө хоёр залууг аваад орсон. Удалгүй эмнэлэг ирээд би нөхрөө аваад явсан. Би бол уугаагүй байсан. Бусад хүмүүс нь архи уусан байсан. Үгүй. Халзан толгойтой арай мөхлөг өндөр нь манай нөхрийн шүд болон нүүр хэсэгт гараараа цохисон. Хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй. Нөгөө жижиг биетэй залуу нь цээж хэсэгт нь хөлөөрөө дэвссэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-16 тал/,
Гэрч С.Оюунбаатарын өгсөн: “Би Төв аймаг Зуунмод сум номт 1 дүгээр багт байрлах ээжийн ажиллуулдаг "Наран" зоогийн газрын үүдэнд төрсөн ах Мөнхбаатарын хамт машин дотор сууж байсан чинь хоёр машинтай хүмүүс ирээд манай ээжийн зоогийн газар луу яваад орсон нилээ согтуу хүмүүс байсан. Тэгсэн удалгүй манай эхнэр Дэлгэрцэцэг ээж та хоёрыг юм хийгээд өг гэж байна гэж хэлээд дуудсан. Тэгээд бид хамт яваад орсон чинь нэг танихгүй залуу Содоогийн мангар бацаан нар том болсон байна гэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гэхэд тухайн хүнтэй хамт явсан Тулгаа намайг ирээд хориод бариад авсан. Нөгөө үгээр идээд байсан залуу цаана нь орилоод хашхираад байсан. Тэр үед манай ах Мөнхбаатар нөгөө нь бид хоёр гараад гадаа зогсож байсан араас гарч ирээд дахин муудсан. Тэгээд Тулгаа бас намайг бариад авсан цаагуур хүмүүс бужигнаад юу болоод байгаа нь залуутай очоод барилцаж аваад тэр хоёр мэдэгдэхгүй эхнэрүүд нь чарлаад орилоод байсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудах гэсэн утас нь болохгүй бaйна гэсэн. Тэгээд салаад бид хоёр ээжийн зоогийн газар орсон. Тэгсэн удалгүй цагдаа яваад ирсэн. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй бүгдээрээ нилээ согтуу байсан. Тулгаа намайг хориод байсан. Бид хоёр хоорондоо цохилцож зодолдсон зүйл байхгүй. Тийм тэд нар цохилцоод байх шиг байсан. Тулгаа намайг зуураад бид хоёр тусдаа хөргөгчний хажууд байсан. Тог байхгүй байсан дээр нь бужигнаад эхнэрүүд нь бужигнаад манай ээж болон эхнэр хоёр бас салгах гээд бөөн бужигнасан юм болсон тухайн үед. Хэн нь хэнийгээ хааш нь цохиж байсан талаар хараагүй. Зоогийн газраас гарч ирээд бас Тулгаа намайг хориод байсан би бас сайн мэдээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Ц.Тулгаагийн өгсөн: “Би найзуудын хамт 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой хоол идэх гээд Наран зоогийн газарт ороод сууж байсан. Тухайн үед тог тасарсан харанхуй байсан. Тэгээд гаднаас Око, Мукара хоёр орж ирээд юунаас болж муудсан талаар санахгүй байна. Борхүү болон Мөнхбаяр хоёртой мyyдaxaap нь би Окоог салгаад хориод тээк хэсэгт нь шахаад зогсож байсан чинь манай эхнэр болон хүү хоёр ирээд намайг цааш өрөөнд аваад орсон. Тэгээд хүмүүс бужигнаад цайны газраас гарсан хойно би араас нь гарсан чинь Мөнхбаяр газар унасан дээш хараад хэвтсэн эхнэр Мөнхчимэг нь тэврээд байж байсан. Тэгээд манай хоёр хүүхэд намайг чирээд таксины буудлын баруун талд байрлах утасны бүхээгт аваачаад суулгасан би цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Дээшээ хараад юм дуугарахгүй хэвтэж байсан. Манай хоёр хүүхэд намайг би бол нилээ согтуу байсан. Болсон зүйлийг бүдэг санаж байгаа. Төрсөн ах дүү хоёр байгаа юм Око гэдэг нь дүү нь байгаа юм. Туранхай жижиг биетэй нь. Оког бол би хорьсон байсан. Тэгээд харанхуй байсан тул би юу болсон Үгүй хараагүй манай гурван хүүхэд намайг хориод оролцуулаагүй. Муудаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Шүүгдэгч С.Мын сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой Зуунмод сум Номт 1 дүгээр багт байрлах манай ээжийн ажиллуулдаг “Наран” зоогийн газрын үүдэнд дүү Оюунбаатарын хамт тамхи татаад машинд сууж байсан чинь нэг согтуу залуу ирээд хажууд зогсоод Содоогийн хоёр банди байна гэх зэргээр цаана байсан хүмүүстэйгээ юм яриад байсан. Тэгсэн чинь манай дүү Дэлгэрцэцэг зоогийн газраас гарч ирээд хүмүүс ороод ирсэн байна сандал ширээ янзлаад өг гэхээр нь би дүүгийн хамт орсон чинь нөгөө залуу гаднаас дагаж орж ирээд энэ муу Содоогийн банди нар хэзээ ийм болцон юм гэсэн чинь манай дүү Оюунбаатар чи одоо юу гээд байгаа юм бэ? гэсэн барилцаж аваад нөгөө муудаад байсан залуу манай дүүг гараараа цохихоор би очоод салгаад гарсан чинь гадаа бөөнөөрөө дайраад нөгөө Содоогийн банди гээд байдаг залуу над уруу цохио гээд дайрахаар нь биеэ хамгаалаад нэг цохисон Тэгээд хамт байсан хүмүүс манай ээж гарч ирээд салгасан. Нөгөө залуу над уруу дайраад байсан би эрүүл байсан болохоор дахин тэр хүнтэй маргалдаагүй. Зүс мэднэ. Нэрийг нь мэдэхгүй өмнө нь маргалдаж байгаагүй. Эрэгтэй гурав, Эмэгтэй 3-4 байсан байхаа бүгдээрээ согтуу байсан. Зоогийн газар байхад цохисон. Баруун гараараа цохисон яаг хаана цохисноо мэдэхгүй байна. Тог байхгүй сайн хараагүй. Шарх энэ тэрээ бол байхгүй. Жаахан хөндүүр байна. Хяналтын камер байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 262 дугаартай “1.Б.Мын биед 21-р шүдний сулрал. Уруулын дотор салстад цус хуралт. Зулай, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-26 тал/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн:” Б.Мын биед 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийхэд баруун дээд 1 дүгээр шүд үгүй, зүүн дээд 1 дүгээр шүд буюу 21-р шүд сулралттай байсан. 21 дүгээр шүдний сулрал нь унах боломжтой. 8500000000 шүдний булгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэгт өөрчлөлт орохгүй. Учир нь нэг шүдний булгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-н шинжээчийн дүгнэлт /хх-45-53 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж Б.Мын 21-р шүдний сулрал, уруулын дотор салстад цус хуралт, зулай, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.М, гэрч Н.Борхүү, О.Дэлгэрцэцэг нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Мын 21-р шүдний сулрал, уруулын дотор салстад цус хуралт, зулай, зүүн өвдөгт зулгаралт учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 262 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт эмчилгээний зардал 530.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Мт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугайтус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН