Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Б Дд холбогдох эрүүгийн _____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт _____________ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, ______ регистрийн дугаартай, Ш овогт Б Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь ____________ 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан “Цагаан уулын магнит” ХХК-ийн эзэмшлийн зөөврийн сууцны цонх болон ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг “Өрөмдлөгийн ажлаа зогсоо, тариалангийн ажлаа хиймээр байна” гэх шалтгаанаар хүрзээр хагалж бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.121.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Д нь ___________ 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан “Цагаан уулын магнит” ХХК-ийн эзэмшлийн зөөврийн сууцны цонх болон ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг “Өрөмдлөгийн ажлаа зогсоо, тариалангийн ажлаа хиймээр байна” гэх шалтгаанаар хүрзээр хагалж бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.121.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн _____ дугаартай хэрэгт авагдсан

 

Гэрч Б.Гантулгын өгсөн “Би Төв аймгийн Сүмбэр суманд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хайгуулын өрөмдлөгийн ажил хийхээр ирсэн. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутын үед өрөмдлөгийн ажил явуулж байх өрөм нь дээр нэг хүн ирчхээд машин, зөөврийн сууцны цонхыг хагалаад байна гэсэн. Тэгээд би яваад очиход миний өөдөөс нэг танихгүй хүн хүрч ирээд гараа зангидаад, шанаанд гараа хүргээд эндээс зайл гээд өөдөөс дайраад байсан. Орчныг ажиглахад 3ил-130 маркийн машины урд салхины шил, зөөврийн сууцны цонхнуудыг бүгдийг нь хагалсан. Мөн дизель генератор дээр шороо асгасан, хажууд нь байсан 200 литрийн савтай түлш асгарсан байдалтай байсан. Ажилчдаасаа юу болсон талаар асуухад энэ хүн хүрч ирээд өрмийн мастерыг хүрзээр цохиод бусад ажилчдыг хөөгөөд явуулчихсан байсан. Би тэр хүнийг огт танихгүй. Урьд өмнө нь харилцаж байгаагүй. Өөрийгөө “Өгөөж Сүмбэр’’ ХХК-ны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Д гэдэг хүн байна гэж хэлсэн. Намайг цохиж, зодоогүй. Манай компанийн өрмийн мастер Баянмөнхийн хөл рүү хүрзээр цохисон гэсэн. Бусад ажилчид зугтсан учраас цохиж, зодоогүй. Яг мөнгөн дүнг нь одоо хэлж мэдэхгүй байна. Үнэлгээ гаргуулж байж мэдэх байх. Би гомдолтой байна. Мөн хохирлыг нэхэмжлэх болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’ гэх мэдүүлэг /хх-н 6 тал/,

Гэрч Б.Баянмөнхийн өгсөн “Би өглөө ажилдаа гараад өрмийн хажууд зөөврийн сууцанд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад техникээ аваад яв гээд орилоод байхаар нь гараад иртэл манай туслах Равданзангируу нэг танихгүй хүн хүрз далайчихсан зогсож байсан. Би гарч ирээд ахаа та болиоч, би энэ ажлыг мэддэг хүнийг нь дуудъя гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм бэ гээд намайг хүрзээрээ зүүн хөлийн булчин хэсэг рүү нэг удаа цохисон. Би эргээд зөөврийн сууцандаа ортол зөөврийн сууцны шилэн цонхнуудыг бүгдийг нь хүрзээр цохиод хагалчихсан. Мөн Зил-130 машины салхины шилийг хагалсан. Асаалттай байсан дизель генераторын радиаторын тагыг аваад шороо хийсэн. Хажууд нь байсан 200 литрийн төмөр савтай дизель түлшийг түлхэж унагаад асгасан. Би тэр хүнийг огт танихгүй. Урьд өмнө нь харилцаж байгаагүй. Өөрийгөө Д гэдэг хүн байна гэж хэлсэн. Намайг хүрзээр нэг удаа зүүн хөлийн булчин хэсэгт цохисон. Одоо хөл хөндүүр өвчтэй байна. Өөр зовуурь байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Үгийн зөрүүгүй өөдөөс дайраад байсан. Бусдаар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’  гэх мэдүүлэг /хх-н 8 тал/,

Гэрч М.Равданзангийн өгсөн “Би өглөө ажилдаа гараад өрмөө суурилуулж байтал цэнхэр өнгийн портертой 3 хүн ирсэн машинаас нэг танихгүй хүн бууж ирээд наадах ажлаа зогсоо гэж хэлээд газар байсан хүрз аваад Төмөрөө ахыг өрөм нь дээр зогсож байхад нь буугаад ир гээд байсан. Мөн над руу хүрзээ бариад дайрсан. Тэгтэл Баянмөнх ах вагончигнаас гарч ирээд та болиоч мэддэг хүмүүсийг нь дуудъя гэсэн чинь Баянмөнх ах руу чи юу гээд байна гээд хүрзээр хөл рүү нь нэг удаа цохисон. Баянмөнх ах вагончигруугаа буцаад орсон чинь вагончигны цонхнуудыг хүрзээр цохиод бүгдийг нь хагалчихсан. Мөн Зил-130 машины салхины шилийг хагалсан. Асаалттай байсан дизель генераторын радиаторын тагыг аваад хүрзээр шороо хутгаад радиатор дээр нь хийгээд энийгээ авахгүй бол шороогоор булж хаялаа шүү гээд байсан. Хажууд нь байсан 200 литрийн төмөр савтай дизель түлшийг түлхэж унагаад асгасан. Тэгээд энэ машин тэрэг техникээ авахгүй бол шатаалаа шүү гээд байсан. Би тэр хүнийг анх удаагаа харж байна. Намайг цохиж, зодоогүй. Миний биед гэмтэл зовуурь байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’ гэх мэдүүлэг /хх-н 10 тал/,

Гэрч В.Төмөрбаатарын өгсөн: “Би 2022 оны 05 сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед ажилдаа гараад өрмөө суурилуулж байтал цэнхэр өнгийн портертой 3 хүн ирсэн машинаас нэг танихгүй хүн бууж ирээд намайг өрөм нь дээр зогсож байтал пизда минь буу гээд хүрз бариад ирсэн. Вагончигнаас Баянмөнх та болиоч гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм гээд Баянмөнхийн хөл рүү хүрзээр нэг удаа цохисон. Тэгээд Баянмөнх вагончиг руу яваад орчихсон чинь хүрзээрээ вагончигний бүх цонхыг цохиод хагалчихсан. Мөн Зил-130 машины салхины шилийг хүрзээр цохиж хагалсан. Асаалттай байсан дизель генераторын радиаторын тагыг аваад хүрзээр шороо цацаад байсан. Дизель генераторын хажууд байсан  200 литрийн төмөр савтай дизель түлшийг түлхэж унагаад асгасан. Тэгээд над дээр ирээд буугаад ир ална шүү гээд байсан. Би тэр хүнийг танихгүй. Намайг цохиж, зодоогүй. Надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’ гэх мэдүүлэг /хх-н 12 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмаржамцын өгсөн: “Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй. Бид нар Дтай уулзаж тохиролцоод шийдчихсэн. Одоо манай компанийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-74 тал/,

Шүүгдэгч Б.Дын сэжигтнээр өгсөн ‘’ Би 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос хаврын тариалалт хийхээр ирсэн. Намайг ирэхэд манай ‘’Өгөөж Сүмбэр’’ ХХК-ны эзэмшлийн бидний тариалалт хийх гэж байгаа тариалангийн талбайд хайгуулын ажлын хоёр ширхэг өрөм тавьчихсан хайгуулын ажил явагдаж байсан. Тухайн үед хайгуулын ажил ахалж байсан Цэрэнжамц гэх хүнтэй уулзаад бид нар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тариалалтаа эхэлнэ шүү газар чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. Цэрэнжамц би компанийн дээд удирдлагууддаа хэлье, ойлголоо гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар 15-ны өдөр ирэхэд урьд өмнө нь ажиллаж байсан хоёр өрөм ажлаа зогсоогоогүй ажиллаж байсан. Тухайн үед өрмийн ажил явуулж байсан хүмүүст талбай чөлөөлөх талаар хэлж сануулсан. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс манай тариалангийн ажил эхэлсэн. Би талбайнхаа хойд захаас тариалалтаа эхэлсэн. Манай талбайд байсан өрмөө авахгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 24-ний өглөө талбай дээрээ очиход тэр өдөр тариалалт хийх байсан тариалангийн талбайд шинэ өрөм тавьчихсан байхаар нь би очоод та нар өрмийн ажлаа зогсоо, бид нар тариа тарих гэж байна гэсэн чинь нэг танихгүй ногоон цамцтай хүрз барьчихсан зогсож байсан залуу намайг чи зайл бид нар ажлаа хийж байна гэсэн. Би хүрзийг нь булааж аваад та нар өөрсдөө зайл, би ажлаа хиймээр байна гээд тэнд байсан зөөврийн сууцны цонхнуудыг нь хүрзээр хагалсан, мөн Зил-130 машиных нь салхины шилийг хагалсан. Ажиллаж байсан дизель моторыг нь унтраах гээд унтрахгүй болохоор нь гаднаас нь хүрзээр шороо цацсан. Тэгээд байж байтал өрмийн ажлыг ахалж байгаа Гантулга гэх хүн ирээд чи зайл, бид нар хийх ёстой ажлаа хийгээд байж байна гэсэн. Тэгээд маргалдаж байж байтал цагдаа дуудсан. ‘’Өгөөж Сүмбэр’’ ХХК-ны захирал Б.Пүрэвжаргал нь миний төрсөн эгч байгаа юм. Би уг компанид хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч байгаа юм. Би энэ компанийн Мэргэн шувуут хэсгийн тариалалтын ажлыг тус бүр хариуцан ажилладаг юм. Манай компани нь 1992 онд ‘’Өгөөж Сүмбэр’’ ХХК нэрээр үүсгэн байгуулагдаад одоог хүртэл тасралтгүй 30 жил газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа дээрх тариалангийн талбайг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Тариалангийн талбай эзэмших эрхийн гэрчилгээ нь ‘’Өгөөж Сүмбэр’’ ХХК-ны нэр дээр байгаа. Би албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй.’’ гэх мэдүүлэг /хх-н 16 тал/,

 

            Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-01 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-21-32 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Д гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мягмаржамцад  1.121.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан,  одоо 50 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Б Дыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 470/дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000/дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН