Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0314/Э |
Дугаар | 2022/ШЦТ/332 |
Огноо | 2022-08-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
Шүүгдэгч, хохирогч Б.Т,
Шүүгдэгч, хохирогч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2234002130325 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бульдозерын оператор мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 2, газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б.Т,
Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Д.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн Б.Ттой “...чамтай зүгээр мэндэлж байхад мэндэлсэнгүй” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, баруун талын шанаа руу нь гараараа цохиж, газарт унаган зодож, үргэлжилсэн үйлдлээрээ мөн өдрийн 21 цагийн үед тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Санзайн сайрын адаг” гэх газарт нутаглах иргэн Д.Энхтуяагийн гэрийн гадна түүний ам орчимд гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн Д.Баянмөнхтэй “...Тэгшээд архи өглөө...” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, баруун гарын алганд отвёркаар зүсэж шарх гэмтэл учруулсан ба үргэлжилсэн үйлдлээрээ мөн өдрийн 21 цагийн үед тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Санзайн сайрын адаг” гэх газарт Д.Энхтуяагийн гэрийн гадна түүний шилэн хүзүү рүү гараараа цохиж, унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Д.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв
Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн Б.Ттой “...чамтай зүгээр мэндэлж байхад мэндэлсэнгүй” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, баруун талын шанаа руу нь гараараа цохиж, газарт унаган зодож, үргэлжилсэн үйлдлээрээ мөн өдрийн 21 цагийн үед тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Санзайн сайрын адаг” гэх газарт нутаглах иргэн Д.Энхтуяагийн гэрийн гадна түүний ам орчимд гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн Д.Баянмөнхтэй “...Тэгшээд архи өглөө...” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, баруун гарын алганд отвёркаар зүсэж шарх гэмтэл учруулсан ба үргэлжилсэн үйлдлээрээ мөн өдрийн 21 цагийн үед тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Санзайн сайрын адаг” гэх газарт Д.Энхтуяагийн гэрийн гадна түүний шилэн хүзүү рүү гараараа цохиж, унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234002130325 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Д.Баянмөнхийн өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчимд адуу хайгаад “Порестор” маркийн тээврийн хэрэгслтэй явж байгаад Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Баянгол гэх газарт нутаглаж байсан Амаржаргал гэх айлын гадаа очоод Амаржаргал уулзаад байж байхад Төмөр-Очир цагаан өнгийн ачааны машинтай ирсэн ба би Төмөр-Очиртой сайн байна уу гээд мэндэлсэнэ чинь Төмөр-Очир пиздаа минь би чамтай мэндлэхгүй гэсэн тэгэхээр нь чи яаж байгаа юм би чамтай мэндэлж байхад гэсэн чинь Төмөр-Очир хэлэхдээ чи Тэгшээ гэж хүнд адуу засуулах гээд архи өгсөн байна Тэгшээ мотоциклтойгоо унаад нүүр нь шалбарсан байна гэсэн тэгэхээр нь тэр Тэгшээ буюу Тэгшжаргал чинь манайд ирээгүй би архи өгөөгүй гэдгээ хэлсэн тэгсэн Төмөр-Очир над руу дайраад ирэхээр нь Төмөр-Очирыг цааш нь түлхсэн чинь газар унасан ба Төмөр-Очир босож ирээд цагаан өнгийн ачааны машины кабинаасаа цагаан иштэй байсан байх сайн анзаарч хараагүй хутга гаргаж ирээд над руу дайрахад нь хажууд байсан Амаржаргал бид хоёрыг салгаад мал төллөж байхад гэрийн гадаа хэрүүл маргаан хийлээ гэхээр нь би салаад гэр рүүгээ явсан. Тухайн үед Төмөр-Очир хутгаа бариад над руу ойртсон тэгэхдээ биед хүргээгүй ба Төмөр-Очир салаад явахдаа орой гэрт чинь чамайг алнаа гээд салаад явсан. Би тэгээд гэртээ очоод малаа хотлуулчихаад саахалт Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Хайлааст гэх газарт нутаглаж байсан ах Энхтуяагийн гэрт орой 20 цаг өнгөрч байх үед буюу гадаа харанхуй болсон байхад Энхтуяа ахын гэрт ороход Улмаагийн адуучин Баярмагнай гэх залуу ороод зөрөөд гарахтай тааралдаад ямар хүмүүс яваа юм гэж асуухад дандаа дарга нар явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Улмаа гэх залуу явж байгаа юм уу уулзъя гэж бодоод дагаад Ланд-200 машин дээр нь очиход Ланд-200 машины жолоочийн хажууд урд суудал дээр Дүүрэнбилэг гэх залуу хойд талд нь Төмөр-Очир сууж байсан бөгөөд Дүүрэн гэх залуу надад хандан чи намайг таних уу яахаараа Төмөр-Очир ахыг зоддог юм гээд томорсон ба би Төмөр-Очирт хандан та нар яасан намайг зодох гэж араас ирсэн юм уу гэхэд Төмөр-Очир тийм гээд машинаас бууж миний шилэн хүзүүн дээр гараараа цохиж авахад нь би урагшаа газар унахдаа зүүн талын өвдөгөөрөө өвдөглөөд гараараа тулаад унасан. Тэгсэн Энхтуяа ахынд ирсэн байсан манай хүүхэд, хүүхдийн найз нар ирээд Төмөр-Очир бид хоёрыг салгаад тэгээд Төмөр-Очир машиндаа суугаад яваад өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Хохирогч Б.Тын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед “Бүрдэл майнинг” ХХК-аас гахайн хоол машиндаа ачаад пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Баянгол гэх газарт нутаглаж байсан Амаржаргал гэж айлын гадаа очиход Амаржаргал, Баянмөнх, Алтангэрэл нар зогсож байсан ба очоод машинаас буугаад Амаржаргалаас адуу асуух гэхэд Баянмөнхийг сайн байна уу гээд чи Тэгшээд архи өгсөн юм уу Тэгшээ гэртээ 2-3 очсонгүй гэхэд би архи өгөөгүй гээд Баянмөнх муусайн цагаанчингууд ингэж давардаг байхгүй юу гэж хэлээд миний баруун талын шанаа руу гараараа цохиж авахад би газар унасан ба газар унасанаа манараад санахгүй байгаа бөгөөд Амаржаргал намайг татаад босгохоор нь би машинаас хар иштэй хасах аптиркийг автал Баянмөнх, Алтангэрэл нар машинтайгаа яваад өгсөн. Би тэгэхэд машинаа асаагаад гэртээ очиход Тэгшээ гэх залуу гэртээ ирээгүй байхаар нь Тэгшээ гэх залууг хайж олохоор Дүүрэнбилэг, Баярмагнай, Бадрал бид 4 Ланд-200 маркийн машинтай яваад Баянмөнхийн гэрээр оролгүй нэг аманд нутаглаад Энхээ буюу Энхтуяа гэх айлын гадаа очоод Дүүрэнбилэг, Баярмагнай бид гурав машиндаа үлдээд Бадрал Энхээгийн гэрт Тэгшээг байна уу харахаар орчихоод гарч ирэхэд гэрээс нь Баянмөнх дагаж гарч ирээд намайг Ланд-200 машины урд суудал дээр сууж байхад цонхоор ирж уулзаад чи өдөр намайг зодсон гээд над руу дайрахаар нь би хаалгаа цоожлоод тэгсэн чинь Баянмөнх жолоочийн талын хаалгаар очоод над руу дайрахаар нь машин барьж явсан Баярмагнай цаашаа гэсэн тэгэхээр нь би машины хаалганы түгжээг онгойлгоход Баянмөнх ирээд намайг машинаас чирээд буулгасан ба тэгээд Баянмөнх бид хоёр гадаа барилцаж авад Баянмөнхийг би цааш нь түлхсэн газар унасан байх. Тэгээд намайг машин руу шахсан хүүхэд, хүүхдийн найзууд нь гээд залуучууд ирээд намайг шахаад байсан тэгэхэд Баянмөнх миний ам руу гараараа 2 удаа цохиж авахад миний шүднүүд хугарах шиг болсон ба миний шүд хугарчихлаашдээ гэж хэлэхэд намайн машин руу шахсан байсан 2 залуу тавиад цаашаа яваад өгсөн. Баянмөнх бас цаашаа яваад өгөхөөр нь би машиндаа суучихсан тэгээд Хайлааст 3 дугаар багийн эмнэлэг рүү явж үзүүлж цагдаад мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч Б.Дүүрэнбилэгийн өгсөн “...Энхмаа гэж айлын гадаа орой 21 цагийн орчим очоод...Баянмөнх гэх хүн дагаж гарч ирээд...Төмөр-Очир ахыг харснаа өө Пангын хар явж байна гээд...буцаад машин дээрээ алхаж ирэхэд, Төмөр-Очир ахын шүдийг нь хуга цохичихлоо гээд амнаас нь цус гараад байж байсан...Баянмөнх Төмөр-Очир ах руу дайрч давшилаад зодно гээд байсан тэгэхэд ам руу нь гараараа цохиод 2 шүдийг нь хугалж уруулыг нь дотор талд нь язрагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Гэрч Б.Амаржаргалын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 16-17 цагийн үед Баянмөнх гэх хүн...адуу асуусан тэгсэн Баянмөнхийн араас Пангын хар гэх хүн ирж адуу асуусан... Баянмөнх нь Пангынн харыг чи яагаад надтай мэндлэхгүй байгаа юм бэ гэж асуутал Пангын хар би чамтай мэндлэх албатай юу гэж хэлсэн... Пангын хар нь босож ирээд гоё гоё чамтай одоо үзнээ гэж хэлээд хувцсаа малгайгаа тайлаад Баянмөнх рүү дайраад байхаар нь би та хоёр болио гэж хэлээд голоор нь ороод салгах гэтэл Пангын хар би тэгвэл писдаад хутгаа шаачий гээд машинаасаа хутга гаргаад ирэхээр нь би та хоёр одоо хөгшин хүмүүс байж боль гээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,
Гэр Д.Энхтуяагийн өгсөн “...Баянмөнх манайд морьтой ганцаараа ирэхэд нь баруун гарын алганд нь шарх учирсан байгаа харагдсан... намайг харахад Баянмөнх, Төмөр-Очир нар зууралдаад газар унасан Баянмөнх нь доор нь орсон Төмөр-Очир нь дээр нь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаартай “1.Д.Баянмөнхийн биед баруун гарын алганд шарх, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун гарын алганд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай “ 1.Б.Тын биед зүүн 5-р хавирганы хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөнө...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77 тал/,
Дүрс оношилгоо шинжилгээний хариу /хх-ийн 79-80 тал/,
Шүүгдэгч Б.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 тал/,
Шүүгдэгч Д.Баянмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/,
Хохирогч Б.Тын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 103-104 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Баянмөнх, Б.Т нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч, хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Баянмөнх, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Т нь хувиараа эрхэлдэг, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт оршин суудаг, одоо 60 настай, баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.Бнь хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 1-11 тоотод оршин суудаг, 47 настай, баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Д.Баянмөнх, Б.Т нар нь хохирлын тал дээр харилцан тохиролцсон гэж шүүхэд мэдэгдсэн, хэрэгт шүүгдэгч, хохирогч Б.Тын хохирлын баримт байх тул шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн 2234002130325 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн нэг ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Т, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлөхийг тус тус сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Т, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн нэг ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Баянмөнх, Б.Т нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН