Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0315/Э |
Дугаар | 2022/ШЦТ/333 |
Огноо | 2022-08-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт ЛАд холбогдох эрүүгийн ____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт _________ урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, __________ регистрийн дугаартай, Боржигон овогт ЛА.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед ___________ газар “хонин дундуур машинтай явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Жтай маргалдан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Цэмбэлийн хүр” гэх газар “хонин дундуур машинтай явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Жтай маргалдан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,
Хохирогч Д.Жгийн өгсөн “...Би Төв аймгийн Баянхангай сумын Цэмбэлийн хүр гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 12 цагийн үед байх саахалт айлын Атэй малын бэлчээр дээр таараад чи манай хонины дундуур битгий машинтай яваад бай туранхай малуудыг юунд нь туугаад байгаа юм гэж хэлэхэд А би хонь, ямаа хайж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай малд байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Дахин хэсэг хугацааны дараа А нь машинтайгаа хонины дундуур яваад байхаар нь мотоциклтойгоо очоод чи яагаад мал шүүгээд байгаа юм хэдэн туранхай мал хөөгөөд байх юм би байхгүй гэж хэлээд байхад танай мал байвал би хэлдэг биз дээ гэж Ад хэлэхэд урдаас би мал шүүж болдоггүй юм уу хулгай хийх гээд байна уу гэж надад хэлэхээр нь би хэн мэддэг юм хулгай хийх гэж байгаа юм уу гэж хэлэхэд уурлаад машинаасаа бууж ирээд намайг боогоод миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би мотоциклиосоо газар унаж босож ирээд Аийг заамдаж аваад зүүн шанаанд нь нэг удаа цохисон тэгээд барицалдаад байж байхад Аийн эхнэр Чимэгээ битгий муудаад бай гэж хэлсэн. Тэгээд А нь газар унагаж байгаад дахин миний нүүр рүү гараараа хоёроос гурван удаа цохисон. Тэгээд манай эхнэр Пүрэвсүрэн ирсэн. Би босож ирээд Аийн хамар руу цохисон. Тэгээд Аийн хамраас цус гарч байсан. Тухайн үд миний хамраас цус араад тогтохгүй байхаар нь би сумын эмнэлэг дээр ирж эмчид биеэ үзүүлж, цэвэрлэгээ хийлгэж тариа хийлгээд гэр рүүгээ явсан. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Шүүгдэгч Л.Аийн сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын Цэмдэлийн хүр гэх газар руу өөрийн үхрээ хураах санаатай явж байсан юм. Эхнэр Оюунчимэгийн хамт тэгээд явж байхад замд Ж ахын хонь байхаар нь би машинтайгаа яваад захаар нь орж өөрийн алга болсон хонио хараад явж байхад Ж ах нь ирээд чи яагаад хонь үргээж босгоод байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонь харж байна гэж хэлэхэд яваад өгсөн. Уурлаад тэгээд би дахин хонио баруун захаар нь тойроод үхэр рүүгээ явж байхад Ж ах мотоциклтой хүрч ирээд пиздаа минь танай хонь байхгүй гэж хэлээд байхад яах гээд хонь үргээгээд байгаа юм хонь хулгай хийх гээд байгаа юм уу гэж хэлэхээр би уурлаад машинаасаа буугаад Ж ах дээр очоод та юун сүртэй юм бэ хүн хэлээрэй мал хөлөөрөө гэдэг биз дээ гэж хэлэхэд намайн заамдаж авсан. Тэгээд миний цээж рүү гараараа цохисон. Тэгээд би зөрүүлээд мөр рүү нь цохисон тэгээд миний толгой руу цохисоа. Би зөрүүлээд толгой руу нь цохисон. Бид хоёр газар унасан. Манай эхнэр машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Салгаж байхад Ж ахын эхнэр Пүүжээ эгч ирсэн. Тэгээд юунаас болж байгаа юм тар нар яагаад муудаад байгаа юм бэ гэж Пүүжээ эгч хэлээд зогсож байхад Ж ах миний хамар руу гараараа цохисон минийх хамраас цус гарсан. Би уурлаад Ж ахын нүүр рүү зөрүүлээд нэг удаа цохисон. Хамраас нь цус гарсан юм. Тэгээд намайг цагдаад өгнө гэж хэлэхээр нь би өг адилхан нэг нэгээ цохисон байж та ингэж мөнгө олдог болсон юм уу гэж хэлсэн. Та санаатай намайг өдөж зодоон үүсгэсэн юм уу гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн өгсөн “... Би 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 12 цагийн үед манай гэрийн хойно манай хонин дээр хар машин голоор нь яваад байсан. Тэгээд манай нөхөр Ж нь гэрээсээ гараад явсан. Хонь айлын хонитой нийлсэн юм шиг байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд ирэхгүй байхаар нь би араас нь алхаад яваад очиход манай нөхрийн нүдний доод хэсэгт хавдсан хамраас нь цус гарсан байсан. Тэгээд би юу болж байгаа юм яагаад муудаад байгаа юм гэж хэлээд зогсож байхад манай хүн Атэй хэрэлдээд зогсож байгаад нэг нэгнээ цохиод авсан. Тэгээд барилдаад байсан. Тэгээд боль гэж хэлээд салгаад голоор нь ороход манай нөхрийн хамар болон Аийн хамраас цус гарсан тэгээд ноцолдхоо болисон. Манай нөхөр болон бид хоёрын А нь та хоёр сурсан байна хүнээс мөнгө салгаж гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад гэр рүүгээ явж байха хамраас нь гарсан цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэгт ирж тариа хийлгээд хуулийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Б.Ундармаагийн өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Дамдинноров овогтой Ж гэх хүнийг үзсэн тухай өдөр би ээлжтэй байсан. Ж ах нь өөрөө эмнэлэг дээр ирсэн. Уг хүний биеийг үзэхэд нүүр хэсэг нь цус болоод хатсан байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд зүрхний цохилт 100 удаа цохилж байсан бусад үзүүлэлт хэвийн байсан. Тэгээд баруун хацар шанаа хавдсан баруун нүд улаасан, амны дотор баруун талын жавж улааж хамар хавдаж язарсан шархтай байсан. Оёо хийх шаардлага байхгүй, хүзүүний хоёр талаар боолгож майжуулсан шархтай байсан. Тэгээд би та яасан юм гэж асуухад намайг Аагий зодсон гэж хэлсэн. Тэгээд би Ж ахад тархины хаван хөөх дусал хийж өвчин намдаах, тайвшруулах тариа хийж өгөөд Улаанбаатар хот явж хамрын зураг авхуулах талаар хэлж зөвлөгөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай “ 1.Д.Жы биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн, хацар эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/,
Засаг даргын тодорхойлол /хх-ийн 47-48 тал/,
Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 51-55 тал/,
Хохирогч Д.Жы өргөдөл /хх-ийн 56 тал/,
Шийтгэлийн хуудас /хх-ийн 61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Л.А нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Жы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Л.А нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг, Багахангай сумын Найрамдал багийн 24 тоотод ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 32 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Д.Ж нь гомдолгүй байна гэсэн өргөдөл /хх-56 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ЛАийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ЛАийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ЛАд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт ЛА нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Боржигон овогт ЛАд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН