Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2234000000315 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2,  хүүхдийн хамт .... оршин суух,

Урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 9-ний орой 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, Усны аж ахуйн 11-4 тоотод “...би хаалга яасан ширүүн хаадаг юм бэ гэхэд, би угаасаа сурчихсан юм аа...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Дэлгэрмаатай маргалдаж, хажуу талдаа байсан төмөр хоолны саваар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

2234000000315 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

            Хохирогч Ц.Д өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 9-ний 22 цагийн үед өөрийн гэртээ байж байхад гаднаас Хоролоо, Оогий, Тулгаа нар нь манайд хэзээг нь сайн мэдэхгүй байна нэг шил хараа архи, 2.4 литрийн боргио пивыг барьж орж ирсэн. Тэгээд Хорлоо бид хоёр пивыг хувааж уусан. Оогий Тулгаа хоёр шилтэй архи хувааж уусан. Удалгүй пиво дуусаж Хорлоо гадагш гарч бие зассан. Хаалгаа хаах ширүүн хаахаар нь би яасан ширүүн хаадаг юм бэ гэхэд би угаасаа сурчихсан юм аа гэж хэлсэн тэгээд би уух юм маань дууссан болохоор найз нь унтаж амарлаа миний найз харьж амар гэхэд миний толгой руу хажуу талдаа байсан хоолны халуун саваар 2-3 удаа цохисон Оогий, Тулгаа хоёр салгах гэж голоор орсон нь дийлэхгүй байсан удалгүй миний толгойноос цус гарсан том хүү маань том өрөөнөөс гарч ирэхэд нь би цагдаа дууд гээд дуудуулсан. Бид хоёр пиво дуусах үед гадагш гарч бие засаад орж ирэхдээ хаалга хүчтэй хаасан тэгэхээр би хаалгаа зөөлхөн хааж болдоггүй юм уу гэхэд миний сурсан зан гэж хэлээд суусан удалгүй пиво дуусаж би эртхэн унтаж амарлаа миний найз харьж амар даа гэж хэлэхэд над руу дайрсан бид хоёрыг салгах гэж Оогий, Тулгаа хоёр голоор орох үед миний толгой руу хоолны халуун саваар хэд хэдэн удаа цохисон тэгээд Толгойноос минь цус гарсан. Миний толгойн зүүн тал хагарч эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дээр очин 5 оёдол тавиулсан. Толгойн баруун тал нь хавдартай толгойн зүүн тал янгинаж өвдөж, даралт маань өндөр байна гэж эмч хэлсэн. Миний толгой руу төмөр хоолны халуун саваар 2-3 удаа цохисон. Би Хоролсүрэнг цохиогүй ээ. Бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, гомдол санал байхгүй миний ярьсан зүйл.” гэх мэдүүлэг/хх-10-11 тал/,  

 

            Шүүгдэгч *******ын сэжигтнээр өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 18 цагийн үед Дэлгэрмаа над руу залгаж яваад ирээч гэж дуудсан тэгээд би 19 цагийн үед Баянхошууны жишиг хорооллын Оогийн гэдэг Дэлгэрмаагийн найзынд явж очсон. Тэднийд очоод нэг ширхэг 2,4 литрийн багтаамжтай Нийслэл нэртэй пивыг Дэлгэрмаа бид хоёр хоёулхнаа хувааж ууссан ууж дуусаад Дэлгэрмаа бид хоёр алхаад УАА-д байдаг гэрт нь ирсэн. Би авч явж байсан хоолны халуун саваа Баянхошууны жишиг хороололд орхисон байсан тэгээд дараа нь авья гээд харих гэсэн чинь Дэлгэрмаагийн найз Оогий аваад ирж байгаа гэсэн. Удалгүй Оогий нэг эрэгтэй хүний хамтаар нэг шил 0,5 литрийн хараа нэртэй архи, 2,4 литрийн Боргио нэртэй пивыг авч орж ирсэн. Тэгээд Оогий нөгөө эрэгтэй хүнтэйгээ хамт архиа хувааж уусан Дэлгэрмаа бид хоёр пивыг хувааж уусан. Бид хоёр пивоо хувааж ууж дуусаад Дэлгэрмаа намайг зайл гөлөг минь гэж хэлсэн тэгэхээр би төмөр хоолны халуун саваар цохисон. Намайг зайл гөлөг минь гэхээр би төмөр хоолны халуун саваар цохисон. Миний толгойл өвдөж байна, өөр гэмтэл байхгүй. Миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би цохисон нь үнэн.” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаартай “1.Ц.Дэлгэрмаагийн биед зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-19-20 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Ц.Дэлгэрмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, төмөр хоолны саваар толгой руу нь цохиж Ц.Дэлгэрмаагийн биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ц.Дэлгэрмаагийн мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ц.Дэлгэрмаагийн биед зүүн чамархайн хуйханд шарх учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Дэлгэрмаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймаг, Зуунмод сумын Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН