Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Н холбогдох 2234000000336 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... оршин суух,

П.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун бүрхийн гүүр” гэх газар “адуу хөөлөө” гэх шалтгаанаар П.Нтай маргалдаж, улмаар П.Нын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч П.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун бүрхийн гүүр” гэх газар “адуу хөөлөө” гэх шалтгаанаар П.Нтай маргалдаж, улмаар П.Нын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000336 дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Ц.Насанжаргалын өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 20:00 цагийн үед гэрийн гадаа олон тооны адуу ирсэн би гэрээсээ холдуулаад хөөсөн, тэгсэн адууны эзэн Баатар ирж адуу хөөлөө гэсэн, би өөдөөс нь адуу малаа ав муу сайн гуйлгачингууд гэж хэлсэн тэгсэн Баатар намайг барьж авч цохисон миний баруун талын нүд хөхөрч хавдсан толгой жоохон хагарсан гэхдээ би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор Баатар цохиод хагалсан уу, гэрийн хаалганд цохиод хагалсан гэдгээ бол мэдэхгүй байна. Харилцаа холбоо гэх зүйл байхгүй ээ нутаг усны танилууд. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн согтуу байсан. Би Баатарыг уусан үгүйг мэдэхгүй байна. Баруун гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохиж миний баруун нүд хөхөрч хавдсан. Одоо нүд чинэрч өвдөж байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү гомдолтой байна. нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед эхнэр Жанчив, Баатар хоёр байсан.” гэх мэдүүлэг/хх-7-8 тал/,

   Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх Үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн П.Н нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2 дугаар багийн нутаг Баруун бүрхийн гүүр гэх газар иргэн П.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч П.Н нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмийн эмчилгээ, 2022 оны 07 дугаар сарын 01-ий өдөр Багануур дүүргийн Монос эмийн сангаас хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.374.160 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Наас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Аймгийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд хохирсон иргэн нь даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.” гэх мэдүүлэг/хх-11 тал/,

Гэрч П.Баярбаатарын өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 17:00 цагийн үед Наранбаатар ах айлын гадаа адуу очиж байна ахын дүү зөөлөн очоод шахаад гаргачих гэсэн тэгээд би очоод адуугаа эргүүлээд хөөгөөд явж байсан чинь Наранжаргал гэх хүн мотоциклтой ирээд адуу хөөж туусан тэгээд би ахаа яагаад байгаа юм гэсэн чинь чи хаанаас ирсэн гуйлгачин бэ гээд байсан, би ахаа Наранбаатар ах адуугаа шахаад ир гэсэн юмаа тэгээд би эргүүлээд явж байна гэсэн чинь Наранбаатар гэж гуйлгачин би танихгүй ирж уулз гэж хэлээрээ гээд адуу туугаад яваад өгсөн би Наранбаатар ахад очоод болсон явдлыг ярьсан чинь Наранбаатар ах би очоод уулзаад ирье гээд явсан. Би муудалцах үед нь байгаагүй. Адуугаа хураах гээд явсан. Наранбаатар тухайн үед эрүүл байсан. Насанжаргал уусан байсан. Би Баяндэлгэр сумаас морь уях зорилготой Наранбаатар ахтай нэг гал болоод морь уяж байгаа.” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

Гэрч Ч.Жанчивын өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 20:00 цагийн үед би гэртэй байсан айлын адууг Жагаа хөөсөн тэгсэн Наранбаатар хүрээд ирсэн ягаад адуу хөөгөөд байгаа юм гэсэн тэгээд жоохон маргаан болсон, тэгсэн Наранбаатар манай нөхрийг нүүрэн дунд нь 1 удаа цохисон тэгээд Мөнх-Оргил салгаад гэрт оруулсан нөхрийн толгой дээр үүссэн сорив нь гэр лүү оруулах гэж байхад хаалганы тотгонд цохиод хагарсан байхаа болсон явдал гэвэл ийм л зүйл болсон. Сайн мэдэхгүй байна. Баруун гараараа нөхрийн баруун нүд рүү нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Ж.Мөнх-Оргилын өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 20-21 цагийн үед байсан байхаа би Haрaнбаатарынд байж байсан чинь 2 малчин хүүхэд нь ирээд урдаас нэг бүдүүн согтуу ах адуу хөөгөөд байна гэсэн тэгсэн Наранбаатар хэн юм бэ гээд явсан би араас нь явсан очсон чинь Жагаа ах байсан. Наранбаатарыг хэл амаар доромжлоод л байсан. Тэгсэн Наранбаатар Жагаа ахын 1 удаа нүүр лүү нь цохисон тэгээд би салгаад гэр лүү нь оруулсан тэгээд би Жагаа ахыг жоохон тайвшруулаад гэрт нь үлдсэн Наранбаатар яваад өгсөн. Наранбаатар уугаагүй байсан. Жагаа ах согтуу байсан. Гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-19/,

   Шүүгдэгч П.Нын гэрчээр өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед байх манай туслах малчин Буянбаатар ирээд сахалтай бүдүүн ах адуу хөөгөөд Баатар гэдэг гөлгөө ирээд уулз гэж хэлүүлсэн байсан би хэн гэдгийн мэдэхгүй хамгийн ойр айл байсан Наранжаргал ахынд очоод хэн адуу хөөсөн бэ гэж асуусан чинь би хөөсөн гэж Наранжаргал ах хэлээд хэдэн адгуусаа ав хар Пүрэвжавын гуйлгачин гэсэн тэгэхээр нь би уураа барьж чадахгүй баруун гараараа баруун нүд рүү нь 1 удаа цохисон. Наранжаргалыг таньдаг айл аймаг саахалт хүмүүс. Адуу хөөгөөд гуйлгачин гэхээр нь цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Наранжаргал ах архи уусан байсан. Би Наранжаргал гэх хүнийг зодож цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Наранжаргалын эхнэр Жанчив бас Мөнхлэй байсан. Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би П.Нын баруун талын хөмсөгөн дээр нэг удаа цохисон өөрөөр цохиж зодсон асуудал надад байхгүй. Цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг хэл амаар доромжилж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хүний биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-20-21, 45/,

   Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр шинжээч эмч Х.Мөнхзул нь ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан болно. Иргэн П.Нын биед учирсан баруун нүдний зовхинд цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хавтгай гадаргуутай зүйлийг мохоо зүйлд хамаарна.” гэх мэдүүлэг /хх-30/,

  

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 354 дугаартай “1.П.Нын биед баруун зулайд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алагдуулахгүй. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-25-26 тал/,

   Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 1/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч П.Н нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч П.Н нь Төв аймаг, Мөнгөнморьт суманд ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг талаарх байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0453 УБА улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд 1 удаагийн ял шийтгэгдсэн талаарх баримт, малын “А” дансны хуулга зэрэг баримт сэлт хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй." гэж тус тус заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. П.Н нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2 дугаар багийн нутаг Баруун бүрхийн гүүр гэх газар иргэн П.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч П.Н нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмийн эмчилгээ, 2022 оны 07 дугаар сарын 01-ий өдөр Багануур дүүргийн Монос эмийн сангаас хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.374.160 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Наас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү." гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч П.Нт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Наас 1.374.160 /нэг сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Нт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН