| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/00348/И |
| Дугаар | 183/ШШ2018/00542 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2018/00542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хар толгой иш овогтой, Б.Б холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 316.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б болон “МД” ХХК нар нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар 1600012315 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Б.Б нь 345.000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 28.750 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 316.250 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Иймд хариуцагчаас даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 316.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 онд автомашинаа худалдаж аваад, “МД” ХХК-иар даатгуулж, сар бүр данснаас төлбөрөө төлнө гэж гэрээ хийсэн. 2016 оны 3 дугаар сард даатгалын хугацаа дуусч, даатгалын ажилтан нь ирээд даатгалаа сунгуул гээд даатгалаа сунгуулж, эхний төлбөрөө бэлнээр хийгээд, үлдэгдэл төлбөрийг 12 сар хуваагаад данснаас татна гэж авч явчихаад дансандаа хяналт тавьж байгаагүй учраас даатгалын хугацаа дуусаад 2017 оны зун нь над руу ажилтан нь холбогдож төлбөрөө төлөөч гэсэн. Тэгэхэд нь даатгалын хугацаа дууссан байсан. Хуульчтай нь холбогдох гэсэн боловч ажил дээрээ байхгүй, утсаа авахгүй байсан. Тиймээс миний буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Хэрэв магадгүй даатгуулах хугацаандаа надад хохирол учирсан бол гэрээ дууссан учраас надад нөхөн төлбөр өгөхгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бэд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 316.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“МД” ХХК, Б.Б нар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1600012315-16040040 дугаар Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр даатгуулагч Б..Билэгт нь ***** УБВ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашиныг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд эрсдэлээс даатгуулж, даатгалын хураамжид нийт 273.720 төгрөгийг сар бүрийн 06-ны өдөр 22.812 төгрөгийн давтамжаар 11 удаа 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд төлж барагдуулах, даатгагч “МД” ХХК нь дааталын тохиолдол үүсэхэд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид төлөхөөр тохиолцсон байх бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээг байгуулжээ.
Гэрээний дагуу даатгуулагч Б.Б нь даатгалын хураамжийг хуваан, хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд урьдчилгээ төлбөрт буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хураамжид 22.812 төгрөгийг төлсөн, үлдсэн хугацааны хураамжийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх ба гэрээний 3.2.6-д “даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно” гэж заасан байх тул Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1600012315-16040040 дугаар “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна гэж дүгнэв.
Иймд гэрээний хуваарийн дагуу төлөгдөөгүй 30 хоногийн буюу 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн даатгалын хураамжид 22.812 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулан нэхэмжлэгч “МД” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы шүүхэд ирүүлсэн “...хэргийг нэхэмжлэгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 434 дүгээр зүйлийн 434.2.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бээс даатгалын хураамжид 22.812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 10.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД