Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “СШ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сартул овогтой, Д.Г холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд 3.873.103 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Бадамханд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “СШ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201152357 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.55 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.3 хувь, сүүлийн 1 сард бодогдох сарын хүү 8.5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 197.583 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 282.416 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямарч төлбөр төлөөгүй болно. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Д.Г нь үндсэн зээлийн үлдэгдэл 1.302.416 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.570.687 төгрөг, нийт 3.873.103 төгрөгийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлаж, 3.873.103 төлбөрийг гаргуулж өгнө үү.

 Д.Гд 1.410.000 төгрөгийг бэлнээр олгож, 90.000 төгрөгийг шимтгэлд суутгаж авсан нь үнэн гэв.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “СШББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Намайг анх зээл авахад 1.500.000 төгрөг олгоогүй, 1.300.000 төгрөг өгсөн. Зээлийн хүүг 3.55 хувиар тохирсон мөртлөө дараагийн 5 сар, сүүлийн 1 сарын хүүгийн хувийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн. Зээлийн төлбөрт миний төлсөн төлбөрийг дутуу тооцсон, зээлийн хүүний үлдэгдэл нь хэт их хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар үндсэн зээлд 197.583 төгрөг, зээлийн хүүд 282.416 төгрөг төлсөн нь үнэн. Мөн “СШББСБ” ХХК-ийн  ажилтан өөрийн биеэр ирж, зээлийн хүүд 80.000 төгрөг, 60.000 төгрөгийг бэлнээр авсныг тооцоондоо оруулаагүй байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

“СШ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Гд холбогдох, зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд 3.873.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Г, “СШ ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1201152357 дугаар “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “СШББСБ” ХХК нь 1.500.000 төгрөгийг эхний 6 сар 3.55 хувийн хүүтэй, дагаагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаагаар зээлдэгч Д.Гд зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “СШББСБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан Тусгай зөвшөөрлийн 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/35 дугаар гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Уг гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд 1.500.000 төгрөг шилжүүлэхээс 1.410.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “СШББСБ” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Кассын зарлагын ордерт “...нийт 1.410.000 төгрөг олгов” гэсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон бөгөөд зээлдэгч Д.Г нь гэрээний дагуу үндсэн зээлд 197.583 төгрөг, зээлийн хүүд 282.416 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болохыг дурдав.

Мөн зээлийн гэрээний 2.1.3-т “эхний 6 сар 3.55 хувийн хүүтэй” гэсэн атлаа “дагаагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй” гэсэн нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч талын хүсэлтийг үндэслэн  “дагаагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй” гэснийг багасгаж, сар бүрийн зээлийн хүүг 3.55 хувийн хүүтэй байхаар багасгах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Г нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 1.410.000 төгрөг, 1.410.000 төгрөгийн зээлийн нэг сарын 3.55 хувийн зээлийн хүүг 12 сараар тооцоход 600.660 төгрөг, нийт 2.010.660 төгрөгийн зээл, хүү төлөхөөс зээлдэгч Д.Гомбын зээл, түүний хүүд төлсөн 479.999 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1.530.661 төгрөгийг хариуцагч Д.Гос гаргуулан нэхэмжлэгч “СШББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.342.442 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Зээлдэгч Д.Г нь зээлийн гэрээний 6.2.1, .6.2.2-т заасан үүргээ зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул гэрээний 6.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй юм.

Хариуцагч тал “...надад 1.300.000 төгрөгийн зээл бэлнээр олгосон, “СШББСБ” ХХК-ийн  ажилтан өөрийн биеэр ирж зээлийн хүүд 80.000 төгрөг, 60.000 төгрөгийг бэлнээр авсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1201152357 дугаар “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”-г цуцлаж, хариуцагч Д.Гос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.530.661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СШ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.342.442 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “СШ ББСБ” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 76.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гос 39.440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СШББСБ” ХХК-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД