| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0339/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/356 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Т холбогдох 2234003780319 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа .... оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Т.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь согтуугаар нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг "Тэрэлж” гэх газар Х.Ттай "...эхнэр Баасансүрэнг ажлын бус цагаар дуудлаа..." гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Х.Тын зүүн шанаа тус газар гараараа цохиж, баруун гарын эрхий хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй.” гэв.
2234003780319 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Х.Тын өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт өөрийн гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад гаднаас Налайх дүүргийн 6-р хороонд байдаг Төрболд гэх залуу гэрт ороод ирэхээр нь манай хүү очиход Төрболд нь аавтай чинь уулзъя гэж хэлэхээр нь би Төрболдтой уулзахад согтуу их заналхийлсэн харцтай байхаар нь хүүхдүүд хажууд байсан болохоор нь би гарыг гээд Төрболдыг аваад гарсан. Тэгээд гадаа гартал Төрболд намайг ална лалар минь, чамд шоронгийн зангаа гаргана гэж хэлээд муудалцаж эхэлсэн. Тэгсэн гэрээс манай эхнэр Энхмаа гарч ирээд Төрболдыг чи яах гээд байгаа юм боль гэж хэлсэн чинь манай эхнэрийг хэл амаар доромжилж хэрүүл болж байтал араас нь Төрболдын эхнэр Баасансүрэн ээж Гэрлээ нар нь ирээд Төрболдыг аваад явах гэтэл Төрболд гэрийнхнээ хөөгөөд та нар зайл гээд хутга гаргаж ирээд намайг ална гээд дайраад бид хоёр ноцолдоод би хутгаа хаяад эр хүн шиг үзье гэхэд хутгаа хаяхгүй намайг хатгачих гээд ноцолдоод салтал Төрболдыг ээж эхнэр дүү нар нь аваад явсан. Би хашааны хаалга хаах гээд араас нь очтол Төрболд согтуу машинаа бариад гарах гэхээр нь би хашааны хаалга хаагаад цагдаа дуудаад явуулахгүй гэтэл машинаасаа бууж ирээд ахиад хутга гаргаж ирээд намайг хутгалах гэхээр нь би зугтаагаад мод тойроод зугтсан чинь хутгаа алдахаар нь би очиж барьж аваад согтуу байна чи боль боль гэж хэлээд газар унагаад хоёр гарыг нь ард талд нь зөрүүлээд барьсан чинь Төрболдын ээж нь ирээд миний хүүг зодлоо гээд хэл ам хийсэн. Тэгээд ээж эхнэр дүү нар нь аваад явж байсан би хашааны хаалга хаагаад байж байтал Төрболд ахиж гүйж ирээд миний зүүн шанаа хацар хэсэгт гартаа чулуу атгасан 3-4 удаа цохисон тухайн үед би их манараад газар тулаад босож ирээд хартал Төрболд машиндаа суугаад ахиад бариад хашаанаас машинаа гаргаад хэл амаар доромжилж байгаад цаанаас нь цагдаа нар ирээд аваад явсан. Миний зүүн шанаа, хулих хэсэгт хавдаж шалбарсан, зүүн гарын бугалга хэсэгт чулуугаар цохиж хөхөрч хавдсан, баруун эрхий хураа хэсэгт хутгаар зүссэн гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг Төрболд учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед хэрүүл маргаан болоход манай эхнэр Энхмаа, дүү Эрдэнээ, Цогтоо, Буянаа, Төрболд болон түүний эхнэр Бааска, ээж нь Гэрлээ нар байсан. Би гомдолтой байна хуулийн дагуу Төрболдод арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг/хх-11-12 тал/,
Гэрч Ш.Гэрэлцэцэгийн өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед би Налайх дүүргийн 6-р хороонд гэртээ байж байхад манай бэр Баасансүрэн намайг Энхмаа дуудахаар нь би очихгүй ажлын цаг дууссан гэж хэлэхэд Төрболд уурлаад ажлын цаг дууссан байхад дуудлаа Түвшээтэй уулзана гээд халамцуухан гараад явлаа гэж хэлэхээр нь би бэр Баасансүрэнгийн хамтаар гол гараад Түвшинжаргалын яваад очтол гэрийнх нь үүдэнд Түвшинжаргал Энхмаа нар манай хүү Төрболдыг гэрээсээ гаргаж хоорондоо хэрэлдэж байсан. Би хүү Төрболдыг тэвэрч аваад юу болоод байгаа юм дараа нь учраа ол гэж аль алинд нь хэлээд хүү Төрболдыг аваад хашааны хаалга хэсэг рүү явсан. Тэгтэл араас Түвшинжаргал, Энхмаа нар дагаж ирээд согтуу хүнийг битгий огшоогоод байлдаа маргааш архи нь гарахаар нь ярилцаж болохгүй юм уу гэж хэлтэл Энхмаа нь манай гэрийнхнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж хэл амаар доромжилсон. Тэгээд Түвшинжаргал Төрболдыг боогоод эхнэр Энхмаа нь араа нь хоёр удаа өшиглөсөн тэгэхээр нь би уурлаад Энхмааг цааш нь түлхтэл намайг Энхмаа янхан авгай минь наад хүүгээ аваад зайл гэж хэлээд хоёр гараараа салаавч өгсөн чинь Төрболд уурлаад Түвшинжаргалыг нэг удаа цохиход Түвшинжаргал хажуу тийшээ ойчихдоо хашааны төмөр хаалга мөргөөд унасан. Тэгээд Баасансүрэн бид 2 Төрболдыг аваад явах гэтэл цагдаа нар ирээд аваад явсан. Түвшинжаргал нь Төрболдыг хоолойг нь боож толгой хэсэгт нь 1 цохисон. Дараа нь Энхмаа намайг хэл үгээр доромжилсон чинь Төрболд уурлаад Түвшинжаргалыг нэг удаа цохиход унахдаа төмөр хашаагаа мөргөөд унасан. Өөр зодоон цохион болоогүй. Гартаа нэг хутга барьсан байсан. Би шууд аваад шидсэн. Ямар хутга байсныг нь мэдэхгүй байна. Төрболд архи уусан байсан. Түвшинжаргал, Энхмаа нар архи уусан байсан үгүйг нь мэдээгүй. Түвшинжаргал, Энхмаа нарыг дэлгүүртэй нь холбогдуулж шалгуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх 17/,
Шүүгдэгч Т.Тын гэрчээр өгсөн: “Би эхнэр Баасансүрэн гэх хүний хамтаар Түвшинжаргал гэх амралтын газар дэлгүүр ажиллуулдаг хүний удирдалаганд ажиллаж байсан юм. Тэгээд Түвшинжаргал гэх хүнтэй муудалцах болсон шалтгаан нь манай эхнэр Баасансүрэн орой 18-19 цагийн хооронд тараад явах ёстой байтал оройн цагаар залгаад ажлын цаг тарсан байхад залгаад амрагч нар ирсэн байна хүмүүсээ оруул гэх мэтээр хэд хэдэн удаа дуудсан асуудал болсон. Тухайн асуудал болдог 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Налайх дүүргийн 6-р хороонд өөрийн хашаандаа машинаа янзлаад сэлбэг өндөр гараад байхаар нь сэтгэлээр унаад ганцаараа гэртээ 1 шил 0,5 граммын хараа архи авч уугаад орой 21 цагийн үед эхнэр гэрт ирэхэд нэлээн согтолттой байсан. Тэгтэл Түвшинжаргалын эхнэр Энхмаа гэх хүн араас нь эхнэр лүү залгаад амрагч нар ирсэн байна хүмүүсээ оруул гэж хэлэхээр нь манай эхнэр өөдөөс нь би гэртээ ирсэн байна тогооч Мэндээ гэх хүн рүү залгаад хэлний гэр ороход бэлэн асуудалгүй байгаа гэж хэлээд утсаа тасдсан. Тэгээд би Түвшинжаргал гэх хүн рүү өөрөө залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэхээр нь уулзъя гэхэд гэрт яваад ир гэсэн. Би гэрээсээ гарахдаа өөрийн хутгаа аваад Түвшинжаргалынд очоод хаалгыг нь цохитол Энхмаа гарч ирээд Түвшээ ахтай уулзмаар байна гэхэд намайг чи согтуу байна харь гэж хэлэхээр нь би тантай юм яриагүй Түвшээ ахтай уулзмаар байна гэж хэлээд Түвшээ ах гарч ирэхэд Энхмаа эгч Түвшээ наадах чинь хутагтай байна наашаа бай гэхэд миний араас нэг хүн татах шиг болтол харахад манай ээж Гэрэлцэцэг байсан. Тэгээд Энхмаа, Түвшинжаргал гэх хоёр хүнтэй муудалцаад маргалдаж байсан гэрээс нь хаалга хүртэл тэр хооронд юу болсныг нь санахгүй байна. Тэгээд дэлгүүрийнхэн хажууд нэг мэдсэн Түвшинжаргал намайг араас боочихсон миний гарт хутга байсан байхгүй болчихсон байсан. Тэгээд би явах гэтэл хашааныхан хаалга хаалттай Түвшинжаргал, Энхмаа хоёр манай ээжийг элдэв янзаар хэлээд байхаар нь би гэнэт эхийгээ доромжлуулсан уур хүрээд Түвшинжаргалыг баруун гараараа зүүн шанаа хулхи хэсэгт хоёр удаа цохисон. Энэ явдал болохын яг өмнө Түвшинжаргал намайг нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон байсан юм. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Би хутгаар зүсэж гэмтэл учруулсан асуудал байхгүй. Харин нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон асуудал байгаа. Тухайн үедээ эрүү хүзүү жаахан хөндүүр орсон байсан. Одоо зүгээр би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би сарын 500.000 төгрөг, эхнэр Баасансүрэн 700.000 төгрөгийн цалин авдаг байсан. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Харин Түвшинжаргал надад машины сэлбэгний мөнгө 1.100.000 төгрөг өгөх ёстой байсан. Манай эхнэр Баасансүрэн дэлгүүрт ажиллаж байгаад гарахдаа 2.400.000 төгрөгийн өрөнд ороод гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Түвшинжаргал гэх хүнтэй уулзах гэж очихдоо хутга барьж очсон нь миний буруу уучлал хүсэж байна. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг ойлгосон. Надад нэмж ярих зүйл байхгүй. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би Х.Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх-14-15, 36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 288 дугаартай “1.Х.Тын биед зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-23-24 тал/,
Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-02/, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 4/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Х.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, зүүн шанаа тус газар гараараа цохиж, баруун эрхий хурууг хутгаар зүсэж Х.Тын биед зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Х.Тын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Түвшинжаргалын биед зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Тод “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тод оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Т.Тод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Тод урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН