Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0230/З |
Дугаар | 221/МА2024/0432 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0432
“Б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ч.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, С.М
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 280 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш
Хэргийн индекс: 128/2022/0306/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б м” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдуулан ““Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээний” Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3, 50.4, 50.5, 50.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт, захиргааны гэрээг захиргааны акт, захиргааны гэрээ биш гэх агуулгаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх гомдлыг хүрээнд хэргийг захирамжийг хэлэлцэж захиргааны акт болон захиргааны гэрээ мөн байна гэж дүгнэсэн билээ. Газрын тухай хуулиар эсхүл Ашигт малтмалын тухай хуулиар шийдвэрлэх асуудал гэх зэргээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд чиглэл өгсөн байдлаар шийдвэр гаргадаггүй билээ. Талуудын маргаж байгаа асуудлын хүрээнд холбогдох хуулийг шүүгч өөрөө хэрэглэж хэргийг шийдвэрлэх учиртай. Хэрэгт авагдсан баримтуудаас маргаан бүхий захиргааны акт, захиргааны гэрээ нь ямар асуудлын зохицуулж, талууд юун дээр маргаж байгаа нь ойлгомжтой байна.
3.2. Тухайлбал, талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 15 жилийн хугацаатайгаар байгуулсан. Хамтран ажиллах гэрээний 1-р зүйлийн 1.1-д зааснаар “Б м” ХХК нь байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, харин “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тус үйлдвэрийг барьж байгуулахад зориулан 34 га газрыг “Б м" ХХК-д шилжүүлэн, эзэмшүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Мөн гэрээний 4.7-д “ЭТТ” ХК нь Гэрээний Хавсралт №1-т заасан /34 га/ газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гэрээнд заасан зориулалтаар, гэрээний хугацаанд эзэмшуулэх уурэгтэй” гэж, Гэрээний 4.9-д "ЭТТ” ХК нь “Б м” ХХК-ийг Тавантолгой нүүрсний орд түүний орчинд очиж ажиллах боломж нөхцөлөөр хангах зайлшгуй шаардлагатай бичиг баримт, мэдээллээр хангах уурэгтэй гэж тус тус заасан.
3.3. Дээрх гэрээний заалтаас харвал хариуцагч нь 34 га газрыг шилжүүлэн өгч, тус газар дээр нэхэмжлэгч нь нүүрс баяжуулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт барьж хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж, тодорхой ажлуудыг хийж байгаа боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, тодорхой үйлдэл хийхгүй байгаа юм. Газрыг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч нь үйлдвэрийг барих ажлыг эхпүүлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх ямар төрлийн гэрээ байгуулсан, талуудын хооронд ямар харилцаа байгаа эсэх, тэр гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч тал өөрсдөө тодорхойлж дахин шийдвэр гаргах боломжтой гэх зэргээр үндэслэлгүй тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй. Зүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний аль тал нь Захиргааны гэрээнд заасан үүргээ зөрчсөн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгч, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай. Хариуцагч нь хариу тайлбарынхаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тохиолдолд дахин акт гаргахаар түдгэлзүүлэх бус нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйд нийцнэ. Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 1.15-д “мөн маргаж буй албан бичигт “Б м ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биөлүүлээгүй тохиолдолд “ЭТТ” ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно” гэсэн байх боловч “Б м” ХХК нь гэрээнд заасан ямар нөхцөл, үүргийг хэрхэн яаж биелүүлээгүй /зөрчсөн/ болохыг хариуцагч хангалттай тогтоох шаардлагатай байна” гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.
3.4. ... Талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргээс харвал ашигт малтмал тусгай зөвшөөрөл бүхий газрыг шилжүүлэн өгөх бус нүүрс баяжуулах үйлдвэр барих зорилгоор эзэмших эрхтэй газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь тодорхой байна. Энэ тохиолдолд эзэмших эрхтэй газрыг шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг.
3.5. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх, эсхүл тус хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зарим нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-иас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичигийг хүчингүй болгож өгнө үү”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай Хамтран ажиллах гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м" ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай Хамтран ажиллах гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м" ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь шийдвэрлэгдээгүй орхигдсон нэхэмжлэл ийн шаардлагуудыг зөвхөн гэрээ цуцлах талаар албан бичигтэй холбоотойгоор гаргаагүй. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотойгоор маргаж гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар маргасан байхад огт шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаа нь үндэслэлгүй.
3.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тухайн өдрийн 13 цаг 30 минутад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралд орж, шүүх хуралдаанд үргэлжлэн 16 цаг 20 минутад дууссан. Тус захиргааны хэргийн шүүх хурал 16 цаг 30 минутад товлогдсон бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гараад очиж амжихгүй нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ, холбогдох баримтын хамт шүүхэд өгсөн. Гэтэл шүүгч шүүх хуралдаан товлосон захирамжийнхаа дагуу хурлаа эхлэхгүйгээр хүлээсэн талаараа шийдвэртээ тусгасан байх бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гараад очиход амжихааргүй нөхцөл байдал үүссэнийг шүүгч харгалзаж үзээгүй.
3.7. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0347 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. ... “Эрдэнэс Тавантолгой” ХК нь төрийн өмчийн оролцоотой, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд энэхүү нэхэмжпэлийн шаардлагад хамаарах албан бичиг болон гэрээний хүрээнд үүссэн харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага болохгүй. Зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд үүсч буй харилцаанд захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлж, гаргасан шийдвэрийнхээ хувьд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан байгууллагад хамаардаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ- 2022/683 дугаартай хамтран ажиллах гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 34 га газарт “Б м” ХХК-ийг хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж, нүүрсээ баяжуулахад нь зориулж газраа эзэмшүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан.
4.2. “Б м” ХХК нь өөрийн үйлдвэрээ барьж байгуулахдаа холбогдох дэд бүтцийн ажпыг хийх нь зайлшгүй бөгөөд энэхүү гэрээнд заасан “...холбогдох дэд бүтэц” гэх нэршил нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-д заасан “...дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаа” гэдэгт хамаарахгүй бөгөөд уг гэрээгээр “Б м” ХХК нь өөрийн үйлдвэрээ холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулах үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан.
4.3. Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу газар шилжүүлэх тохиролцоог нэхэмжлэгч компанитай хийснээр Газрын тухай хуульд заасан эсхүл Ашигт малтмалын тухай хуульд заасан захиргааны байгууллагын эрх, үүргийг хүлээх үндэслэл болохгүй, энэхүү тохиолдол нь захиргааны байгууллага өөрийн чиг үүргээ хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн тохиолдолд хамаарах үндэслэл, зохицуулалт байхгүй. Тус гэрээний дагуу хүлээх эрх, үүргийг талууд харилцан тохиролцож гэрээнд тусгасан ба гэрээний 4.6, 8.2-д заасан гэрээг хугацаанаас өмнө цуцлах харилцаа нь “Б м” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэгжих заалт бөгөөд энэ талаар маргаан үүсвэл шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гэрээний агуулгыг тохиролцож байгуулсан гэрээ болно.
4.4. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1- д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай хамтран ажиллах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны гэрээний шинжийг агуулаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 347 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Б м” ХХК нь хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдуулан “Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээний” Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “захиргааны акт”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.
2.4. Дээрхээс үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
2.5. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичиг нь дээрх хуульд заасан захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахааргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” нь Тавантолгой нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүнийг дэлхйн брэндийн түвшинд үйлдвэрлэн, зах зээлд хүргэж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан байх тул хувийн эрх зүйн буюу иргэний гэрээ гэж үзэхээр байна.
2.7. Уг гэрээний нэг тал болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1809 дүгээр албан бичгээр “... маргаан бүхий хамтран ажиллах гэрээний 4.6, 8.2-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу гэрээг цуцалж, дуусгавар болж байгааг” мэдэгдсэн байх бөгөөд уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгах гэж маргаж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, харин гэрээний нэг талаас нөгөө талд хандсан гэрээг цуцлах тухай санал буюу шийдвэр гэж ойлгоно.
2.8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Б м” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдуулан гаргасан “Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээний” Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “Б м” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ