| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2018/02864/И |
| Дугаар | 001/ХТ2021/00423 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00423
Кореа стандарт ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02239 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 дугаар магадлалтай,
Кореа стандарт ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ж.Даваабатад холбогдох
Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, газар шилжүүлэхийг даалгах, хариуцагчийн эзэмшиж байгаа хэсгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,
Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх, хохирол 117,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Давхарбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа, Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Кореа стандарт ХХК нь иргэн Ж.Даваабаттай худалдах-худалдан авах гэрээг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр амаар байгуулж, Хан- уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж 87 тоотод байрлах, 14х12 хэмжээтэй, 10-12 суудлын автомашины багтаамжтай, автомашины хүйтэн гаражийн зориулалттай, нэг давхар тоосгон хийцлэлтэй барилга, мөн барилгын доорх болон түүний эргэн тойрны нийт 1.000 м.кв эдэлбэр газрыг 250,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 50 хувь буюу 125,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр, барилгын өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийн гэрчилгээ компанийн нэр дээр шилжмэгц банкны санхүүжилтээр үлдэгдэл 50 хувь болох 125,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохирсон. Бидний зүгээс барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Даваабатаас шаардахад барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг үзүүлж, харин газар барьцаанд байгаа тул 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өөрийн нэр дээр шилжүүлэн авмагцаа танай компанид шилжүүлье, тэгээд гэрээгээ бичгээр хийж баталгаажуулцгаая гэснийг бид зөвшөөрсөн. Ингээд Ж.Даваабатаас 2014 оны 9 дүгээр сард барилгыг хүлээн авч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, оффисын зориулалттай болгон өөрчлөн засварлаж 2014 оны 12 дугаар сар гэхэд сэргээн засварласан барилгад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай зүгээс Ж.Даваабаттай хийсэн гэрээний үүрэг болон түүний хүсэлтийн дагуу дараах эд хөрөнгө болон бэлэн мөнгийг урьдчилгаа төлбөрт олгосон. Үүнд 2014 оны 6 дугаар сард 65,000,000 төгрөгт тооцон лексус 470 маркийн автомашин, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг дансаар, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сард 4,500,000 төгрөгтэй Шунхлай ХХК-ийн бензины карт №415017598, 2015 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгийн үнэ бүхий шинэ Iphone 5s гар утас, 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл Ж.Даваабатын нийгмийн даатгалын төлбөрт 1,945,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,998,480 төгрөгийн үнэ бүхий архи, ундаа бүтээгдэхүүн, 2016 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Шунхлай ХХК-ийн шатахууны карт, нийт эд хөрөнгө, мөнгөөр 120,243,480 төгрөг, 2016 оны сүүл үеэс эхлэн Ж.Даваабат за та нар үлдэгдэл төлбөрийг яг одоо төл надад мөнгө хэрэгтэй байна, 2-3 жил ч өнгөрлөө, алданги торгуулийн хамт нийт одоо 200,000,000 төгрөг өгнө гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Бид газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөх буюу гэрээг бичгээр байгуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлагыг Ж.Даваабатад тавьж, анх тохирсны дагуу бичиг баримтыг манай компанийн нэр дээр шилжүүлмэгц үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр санхүүжүүлэх боломжтой тухайгаа хэлсэн. Гэрээ байгуулахдаа 1.000 м.кв газар эзэмшдэг түүнийгээ асуудалгүй шилжүүлнэ гэж тохирсон. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр Ж.Даваабат 441 м.кв газрыг л эзэмшдэг болохыг тогтоолоо. Өөрөө эзэмшээгүй газрын эрхийг шилжүүлэх эрх зүйн боломж Ж.Даваабатад байхгүй болох нь тодорхой байна. Гэтэл бид энэхүү 559 м.кв талбайг цаашид эзэмшинэ гэж бодож, зам талбайг бүхэлд нь бетондох, үүний тулд газар шорооны ажил хийх, гадуур нь хашаа татах, харуулын пост барих зэрэгт нийт 56,513,295 төгрөгийн зардал гаргасан. Судлан үзсэнээр тухайн газар нь Ж.Даваабатын эзэмшлийн бус байхын зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайд хамаардаг гэж сонслоо. Гэтэл энэ миний эзэмшлийн газар, би шилжүүлнэ гэж ойлгуулж, тодорхой хэмжээний зардал гаргуулж, Кореа стандарт ХХК-д хохирол учрууллаа. Гараж болон түүний гадна талбайн тохижилтод нийтдээ 147,998,682 төгрөгийн зардал гаргаснаас 56,513,295 төгрөгийг гадна талбайн тохижилтод, 91,485,387 төгрөгийг гаражийг оффис болгон өөрчлөхөд зарцуулсан байна. Иймээс Кореа стандарт ХХК-ийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоотод байрлах оффисын зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Кореа стандарт ХХК 441 м.кв газар болон гаражийн үнэд төлсөн 122,499,880 төгрөгийг төлбөрт тооцож, худалдагч Ж.Даваабат өөрийн эзэмших, нэгж талбарын 18640308272370 дугаар бүхий 441 м.кв газрыг шилжүүлснээр талуудын хооронд үүссэн үүргийг харилцан тооцож дуусгавар болж байгааг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоотод байрлах оффисын зориулалттай барилгын Ж.Даваабатын эзэмшиж буй хэсгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчилж байна. Тус шаардлагыг маргаж байгаа үйл явцтай холбогдуулан дараах байдлаар тодруулж байна. Кореа стандарт ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Кореа стандарт" ХХК-ийн төлсөн 122,499,880 төгрөгийн төлбөр, худалдагч Ж.Даваабатын эзэмших, нэгж талбарын 18640308272370 дугаар бүхий 441 м.кв газар, 144 м.кв гаражийг шилжүүлэх үүргийг харилцан тооцож, тус гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоотод байрлах оффисын зориулалттай /одоо байгаа үл хөдлөхийн гэрчилгээн дээр автогаражийн зориулалттай байгаа/ барилгын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, иргэн Ж.Даваабатын эзэмших эрх бүхий нэгж талбарын 18640308272370 дугаартай 441 м.кв газрыг Кореа стандарт ХХК-д шилжүүлэхийг даалгах, Ж.Даваабатын эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоотод байрлах 144 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх гэсэн шаардлагууд болно гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж тохирсон. Ингэж тохиролцоод худалдан авагч тал миний эзэмшлийн газар, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Худалдан авагч гэрээгээр тохирсон 250,000,000 төгрөгийг надад удалгүй өгнө гэж тохирч надаас авсан болохоос түүний нэхэмжлэлд бичсэн шиг хувааж, хэсэгчлэн төлөхөөр тохиролцоогүй. Худалдан авагч тал надад мөнгө өгөхгүй болохоор би Д.Цэрэндоржоос нэхэхэд 2014 оны 6 дугаар сард надад компанийн нэр дээрх лексус 470 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр тооцож өгөөд, үлдсэн мөнгийг удахгүй өгнө гэсэн. Тэгээд удалгүй 6 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу 20,000,000 төгрөг хийсэн. Тухайн үед би Д.Цэрэндоржид ингэж цувуулж авмааргүй байна, хэлсэн ярьснаараа мөнгөө бөөнд нь авахыг шаардсан. Ингэж олон удаа шаардуулж байж, 2014 оны 7 дугаар сарын арван хэднээр Д.Цэрэндорж надад 20,000,000 төгрөг өгсөн. Энэ үед би Д.Цэрэндоржид ийм байдлаар мөнгөө цувуулж өгвөл больё оо, ингэж мөнгөө цувуулж авах юм бол надад зарах шаардлага байхгүй гэдгийг өмнө нь ч хэлж байсан, тэр үед ч мөн хэлсэн. Үүнээс хойш мөнгөө өгөхгүй болохоор нь би Д.Цэрэндоржоос байнга л мөнгөө нэхэж, болохгүй бол больё гэдэг шаардлагаа удаа дараа тавьсаар байсан. Гэтэл Д.Цэрэндорж надад байшин барих санал тавиад, манайх 5-6 давхар барилга бариад 2 давхрыг нь та ав гэхээр нь, би бас за яахав болох юм гэж бодоод харзнасан. 2015 оны 1 дүгээр сард би гар утас авах гэж байтал, Ц.Жавхланбаатар надад Iphone 5s загварын гар утас өгсөн. Надад тэр утсаа өгөхдөө мөнгөнд тооцлоо гэж юм хэлээгүй. Дараа нь 2 дугаар сарын 02-нд би хөдөө явах болоод архи, ундаа зэрэг 2,998,480 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн тэднээс авсан. Д.Цэрэндорж, Ц.Жавхланбаатар нар намайг мөнгөө нэхээд ирэхээр л тухайн үедээ надад ингэж юм өгөөд аргалаад яваад байсан. Д.Цэрэндорж миний найз байсан учраас би шууд уурлаад байж чаддаггүй, хөрөнгөө худалдахаа болилоо гэж хэлэхэд тоймтой зүйл хэлэхгүй, надад миний нийгмийн даатгалыг өөрийн компанийн нэр дээр төлүүлж өгье гээд нийгмийн даатгалын төлөлтийг хэсэг хугацаанд төлж өгөөд, зарим үед бензиний карт өгөх зэргээр хугацаа хожоод явсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 7 дугаар сард надад 5,000,000 төгрөгийн бензиний карт өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин тэдний өгсөн мөнгийг би буцааж өгөхөд бэлэн байна. Би 2016 оноос эхлэн арга буюу Д.Цэрэндоржид 2014 оноос хойш бүтэн 2, 3 жилийн хугацаанд танайх миний объектод үйл ажиллагаа явуулж чамгүй ашиг оллоо, одоо ер нь болсон байх аа, би ер нь танайд энэ үл хөдлөх хөрөнгөө худалдахаа больё, та нарын өгсөн мөнгийг би буцааж өгье, танайх миний үл хөдлөх хөрөнгийг суллаж өг гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Мөнгөн дүнгийн урьдчилгаанд өгсөн лексус 470 маркийн автомашины үнэлгээг өсгөн бичсэн, бэлэг болгон өгсөн гэх гар утсыг мөнгөн дүнд тооцсон, шатахууны талоныг бензинтэй байхад ажил бүтнэ ээ гээд талон өгч байсан болохоос мөнгөн дүнгээр тооцож байгаа тухайгаа огт хэлдэггүй, харин өөрөө гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй байгаагаа цайруулан өгч байгаа мэтээр Ж.Даваабатыг хуурч өдөр хоног аргацааж явсан байдаг. 2017 оны 3 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахад хүртэл Ж.Даваабат нь Д.Цэрэндорж, Ц.Жавхланбаатар нарт газрын гэрчилгээ гарсан тухай хэлж, төлбөр тооцоогоо дуусгаж, бичиг баримтаа шилжүүлж авахыг хэлж байсан. Хувь хүний өмч хөрөнгийн ярилцаж тохирсон үнэ хөлсийг төлөөгүй байж, тухайн объектод заасан сайжруулалт хийсэн байсан. Кореа стандарт ХХК-ийн удирдлагуудын гаргаж байгаа үйлдэл нь Ж.Даваабат гуайг аргалж байгаад хөрөнгийг нь салгаж болох юм байна гэсэн явуургүй, хууль бус худал хуурмаг энэ үйлдлийг шүүх үнэлэн үзэж нэхэмжлэлийн шаардлага болоод нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт, тодруулга, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Кореа стандарт ХХК миний хөрөнгийг эзэмшин ашиг орлого олж, намайг хохироож гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 105,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Кореа стандарт ХХК-д би өөрийн объектоо суллаж өгөлгүй, түрээсэлсэн бол 2015 оны 5 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд буюу сарын 1,000,000 төгрөг, жилийн 12,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 12,000,000 төгрөг, 2016 оны 5 сараас 2017 оны 5 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2017 оны 5 сараас 2018 оны 5 сар хүртэл 24,000,000 төгрөг, 2018 оны 5 сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл 11 сарын хугацаанд 33,000,000 төгрөг нийт түрээсийн төлбөрт 105,000,000 төгрөг олох ёстой байсан. Мөн 2014 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх цахилгааны төлбөр 23,995,432 төгрөгийг төлсөн. Тиймээс миний өмнө гаргасан бусдын хууль бус эзэмшлээс миний үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээс гадна гэрээний үүрэг зөрчсөнөөс надад учруулсан хохирол болох 105,000,000 төгрөг, цахилгаан ашиглаж надад учруулсан хохирол болох цахилгааны төлбөрийн 50 хувь 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийг Кореа стандарт ХХК-аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл манай компани Ж.Даваабатаас гэрээний үүргээ биелүүлэхийг л шаардсан. Маргаж байгаа хөрөнгийг худалдан авахад цахилгааны бие даасан эх үүсвэр огт байгаагүй. Тухайн үед гаражийг худалдан авч байхад шинээр цахилгааны техникийн нөхцөл авч өөрийн найдвартай эх үүсвэрээр холболт хийхэд 70-80 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гарах тооцоо гарч байсан. Тиймээс бид ямар ч байсан гаражийн худалдан авалтаа эхлээд амжилттай хийж дуусгасны дараа уг газар дээр хэрэгжүүлэх төслийнхөө цар хүрээнээс хамааруулж цахилгааны хүчин чадлаа тооцож холболт хийх нь зүйтэй юм гэж дүгнээд хажуу хөрш, ойр тойрноос цахилгааны түр эх үүсвэрийг түр байдлаар авч өнөөдрийг хүртэл цахилгааны хэрэглээгээ хангаж ирсэн. Манай урд талын н.Отгонбаатарын объект нэр бүхий хөрш байгууллагаас түр эх үүсвэрээр татсан цахилгаанаар хангагдаж байсан ба өөрөө ашиглахын зэрэгцээ манайд тусгаарласан цахилгаан тоолуурын дагуу тооцож цахилгаан өгч ирсэн. Манай компани Ж.Даваабатын хэлсэн тоолуурын заалтаар гарсан цахилгааны үнийг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төлсөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл худалдаж авсан гаражийнхаа цахилгаан хэрэглээний төлбөрт бид 13,700,000 төгрөг төлсөн. Тиймээс Ж.Даваабатын сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тусгасан цахилгааны төлбөр ямар ч үндэслэлгүй юм. Мөн тэрээр түрээсийн орлогоор дүйцүүлж олж болох байсан орлого буюу алдагдсан боломжийн өртөг гэдгийг манай компаниас гаргуулахаар шаарджээ. Иргэний хуульд түрээсийн орлогоор дүйцүүлж олж болох байсан орлого, алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголт байдаггүй, бусдаас ямар нэгэн зүйлийг эрх зүйн хүрээнд шаардаж байгаа бол түүнд эрх зүйн харилцаанаас үүдсэн шаардах эрх үүсдэг. Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж байгаа зүйлд ийм үндэслэл бүхий шаардах эрхийн талаар тусгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014605 дугаартай, авто засварын зориулалттай, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Кореа стандарт ХХК-ийг тогтоож, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 87 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 178019/0076 18640308272370 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 441 м.кв талбайтай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Кореа стандарт ХХК-д шилжүүлэхийг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн эзэмшиж буй хэсгийг чөлөөлөхийг хариуцагч Ж.Даваабатад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас талуудын үүргийг харилцан тооцож, үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Кореа стандарт ХХК-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх, хохирол 105,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Даваабатын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Кореа стандарт ХХК-аас цахилгааны төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаасаа хариуцагч Ж.Даваабат татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,886,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,150,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ж.Даваабатад олгож, хариуцагч Ж.Даваабатаас 1,548,350 гаргуулан нэхэмжлэгч Кореа стандарт ХХК-д, 150,000 төгрөг гаргуулан шинжээч Инженер геодези ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1796 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 -д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Кореа стандарт ХХК нь иргэн Ж.Даваабатад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Кореа стандарт ХХК-ийн төлсөн 122,499,880 төгрөгийн төлбөр, худалдагч Ж.Даваабатын эзэмших нэгж талбарын 118640308272370 дугаар бүхий 441 м.кв газар, 144 м.кв гаражийн барилгыг шилжүүлэх үүргийг харилцан тооцож, тус гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, 2. ХУД-ийн 3-р хороо, ажилчны гудамж, 87 тоотод байрлах оффиссын зориулалттай (үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр авто гаражийн зориулалттай 1 гэх) барилгын өмчлөгчөөр тогтоолгох, 3. Эд хөрөнгийн талаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, 4. Ж.Даваабатын эзэмшилд бүртгэлтэй 441 м.кв газрыг Кореа стандарт ХХК-д шилжүүлэхийг даалгах, 5. ХУД-ийн 3-р хороо, ажилчны гудамж, 87 тоотод байрлах оффиссын барилгын Ж.Даваабатын эзэмшиж байгаа хэсгийг албадан чөлөөлүүлэх гэж тодруулж нэмэгдүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс "... Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аман хэлцэл хийж хариуцагч нь нэхэмжлэгчид маргааны зүйл болж буй барилга, газрыг 250,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, Кореа стандарт ХХК нь 2014 оноос хойш уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Хариуцагч Ж.Даваабат үл хөдлөх эд хөрөнгийн үнэд эд хөрөнгө бэлэн мөнгө авсан болох нь тогтоогдсон үйл баримт байна. гэсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа түүнийгээ үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх "... зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгч хууль буруу гэрээнд заасан ямар үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан үндэслэлийг тодруулаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудыг мэтгэлцүүлээгүй атлаа худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гаражийн зориулалттай барилга нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан, газрын хувьд Ч.Отгонбаатарын зөвшөөрлөөр гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. гэсэн нь хэргийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, бодитой бус, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзсэн. Уг дүгнэлтийг задлавал
1. ...зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр гэж үзсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр маргаж буй барилга, газрыг 250,000,000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож хэлцэл хийгдсэн талаар зохигчдын хэн аль нь маргадаггүй, хариуцагч нь 2014 оноос хойш уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд "Кореа стандарт ХХК-нд шилжүүлж эзэмшүүлсэн, хариуцагч Ж.Даваабат нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний үнэд нэхэмжлэгчээс 122,499,880 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгө авсан болох нь тогтоогдсон. ИХ-ийн худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хэлбэрийн шаардлагын талаар хуульчлаагүй, харин өмчлөх эрхийг шилжүүлэх өмчийн хэлцлийн зохицуулалт болох 109.2, 110.1 нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаарх хуулийн зохицуулалт болно. Худалдах-худалдан авах гэрээг байгуулмагц энэхүү өмчлөх эрх шилжүүлэх зохицуулалтыг шууд хэрэгдэх талаарх зохицуулалт ИХ-д тусгагдаагүй, нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт худалдагч болох Ж.Даваабат 2014 оны 12 сарын 31 гэхэд үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтаа бэлэн болгох, худалдан авагч болох Кореа стандарт" ХХК үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн болохоо тайлбарласан байдаг ба энэ талаар ч талууд маргаагүй болохыг давах шатны шүүх дүгнэж чадаагүй. ...нэхэмжлэгч хууль буруу гэрээнд заасан ямар үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан үндэслэлийг тодруулаагүй..." Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид хуульд заасан ямар үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд хангалттай мэтгэлцсэн нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаар, нэхэмжлэгч хөрөнгийг хүлээн авч, улмаар хууль ёсоор эзэмшсэн, гэрээний үүргээ худалдагч биелүүлмэгц өмчлөх гэж байгаа хөрөнгөндөө хөрөнгө оруулалт хийсэн талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан гарсан байтал хууль буюу гэрээнд заасан ямар үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох гэж байгааг тодруулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ...гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудыг мэтгэлцүүлээгүй..." Гэрээнээс үүдсэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ, талуудын хооронд гэрээ байгуулагдсан болохыг, тухайн гэрээ хүчинтэй эсэхийг зайлшгүй дүгнэдэг ба анхан шатны шүүх "Кореа стандарт ХХК, Ж.Даваабат нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, уг гэрээ хүчинтэй болохыг хуулийн хүрээнд дүгнэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талууд мэтгэлцэх нь ИХШХШХ-ийн үндсэн зарчим учраас ИХШХШХ-ийн 25.1.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдэлж, 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл давах шатны шүүх, шүүх хөндлөнгийн байх зарчмыг ч хөндсөн агуулга бүхий дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна. Харин, анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гаражийн зориулалттай барилга нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан гэж бичигдсэн нь нэхэмжлэгч хариуцагчийг андуурч бичсэн техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байгаа бөгөөд хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь нотлогддог, шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар дурдагдсан байдаг юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй байх тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна гэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 дугаартай магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Кореа стандарт ХХК нь Ж.Даваабатад холбогдуулан 2014.05.20-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 122,499,880 төгрөгийн төлбөр, хариуцагчийн 441 м.кв газар, 144 м.кв гараашийг шилжүүлэх талуудын үүргийг харилцан тооцож үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, 441 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн эзэмшиж байгаа барилгын хэсгийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ж.Даваабат нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бусдад түрээслүүлж олох байсан орлого 105,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 12,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөгийн хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ авто засварын зориулалттай, 144 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Кореа стандарт ХХК-ийг тогтоож, үйлдвэрлэлийн зориулалттай, 441 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Кореа стандарт ХХК-д шилжүүлэх, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн эзэмшиж буй хэсгийг чөлөөлөхийг хариуцагч Ж.Даваабатад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас талуудын үүргийг харилцан тооцож, үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон.
Сөрөг шаардлага буюу нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх, хохирол 105,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Даваабатын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Кореа стандарт ХХК-аас цахилгааны төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа Ж.Даваабат татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Дээрх магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1., 245 дугаар зүйлийн 245.2., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй гэж буруутгасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Кореа стандарт ХХК нь авто засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оффисын зориулалтаар өөрчилж, гадна талбайн тохижилт хийсэн зардлын баримтуудыг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй байх тул шүүхийг энэ талаар тодруулах нь зүйтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10,000,000 төгрөг гэж, газрын үнийг 105,840,000 төгрөг гэж өөрөө тодорхойлон нэхэмжлэгч нь гэрээний үнэд 117,498,480 төгрөг буюу дээр дурдсанчлан үл хөдлөх эд хөрөнгө болон 441 м.кв талбай бүхий газрын үнийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцэхгүй, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийн аль хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн, аль хэсэг нь газар эзэмших эрхийн үнэд хамаарах нь ойлгомжгүй, талууд энэ талаар өөрсдөө тодорхойлоогүй байгааг анхаараагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1,407,950+70,200+70,200=1,548,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД