Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 155

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Э.Соёл-Эрдэнэ,                      

улсын яллагч Б.Уранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаа,

хохирогчийн өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Болормаа /№0583/,

нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн91 дүгээр зүйлийн 91.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөнүүд овогт Ганбаатарын Ганболдод холбогдох 201625031267 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, нас 24, хүйс эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37 дугаар гудамж, 563 тоотодоршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,Дөрвөнүүд овогт Ганбаатарын Ганболд /РД-УУ92011530/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Г.Ганболд нь 2016 оны 6 дугаар сарын 24-нөөс 2016 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37 дугаар гудамж, 563 тоотод А.Алтанчимэгийн хоолойг боож, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан;

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарыг бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 630 тоотод суух Г.Энхцэцэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 32 инчийн зурагтыг авч борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганболд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаа мэдүүлэхдээ: Шүүгдэгч, талийгаач хоёр бие биенийгээ эртнээс таньж мэддэг байсан. Хавтаст хэрэгтэй танилцахад шүүгдэгч “урд нь голын эрэг дээр хамт архи ууж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нь заавал алах шаардлага байсан эсэх, өтгөн шингэнээ гаргалаа, архи уусан гэдэг. Ойролцоо гудамжинд байдаг байсан, шүүгдэгчийн аав, ээж түлээ, нүүрс зардаг гэдгийг ч мэднэ. Миний ээж 7-н буудалд ТҮЦ ажиллуулж байхад шүүгдэгч нь жоохон хүүхэд орж гараад гүйдэг байсан гэдэг. Ингэж бие биенийгээ таньдаг. Аав, ээжийгээ асарч асаргааны мөнгийг авдаг байсан. Тэр өдөр 7-н буудлаас цуйвангийн гурил, амтлагч авч ирэхээр гараад ирээгүй байдаг. Архи уусан байж болно. Гэхдээ талийгаач бол согтотлоо архи уудаггүй. Мөн согтолтын хэмжээ бага гарсан. Талийгаач өөрийн гэсэн ухамсартай хүн айлд бие засаад сууна гэж байхгүй. Шүүгдэгчид өөр санаа харагдаад байгаа. Учир нь талийгаачийн хувцаснуудыг бүгдийг шатаасан гэдэг. Уг шатаасан гэх хувцас дотор талийгаачийн өмсөж явсан хувцаснуудыг дурдаагүй байдаг. Тэр өдөр 19 цаг 30 минутын үед аавын дүү болох ах, эгч хоёртой таарахад улаан бэлтгэлийн өмд, цамцтай явж байсан гэсэн. Гэтэл шүүгдэгчийн хэлсэн талийгаачийг ногоон хоолойтой цамц, цэнхэр жинсэн өмд гарч ирснийг мэдэхгүй байна. Талийгаачийн өмсөж явсан пудволкоор ороосон гэх боловч тийм пудволк өмсдөггүй. Учир нь эгч бид хоёр илүү дутуу хувцасаа дүүдээ өгдөг. Талийгаач дүүг маань баалаа гэсний төлөө, айлгах гэсний төлөө шороонд булчихаад шүүгдэгч өөрийгөө өмгөөлөөд өмгөөлөгч авчихсан байж болох эсэх, шүүгдэгч талаас талийгаачийн ажил явдлын үеэр ирээгүй. Талийгаач дүүг маань яраглаж буюу хоолойг нь боосон, баруун талын хацар болон хонгон дээр нь гүн гүнзгий шарх үүсгэсэн. Маш их гомдолтой байна. Хохирлын хувьд 21, 49 хоногийг тооцоог оруулаагүй байгаа боловч хохиролд оруулна. Нийт 7.141.000 төгрөг болж байсан. Тэр орой дүүгээ ирэхгүй болохоор нь бид зөндөө залгасан. Талийгаачийн гар утаснаас нь семыг гаргаж хаясан байсан. Өөр зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 06 дугаар 24-ний өдөр 11 цаг 30 минутын үед өөрийнхөө 94725653 дугаараас миний 99180404 дугаар луу залгаад Гансүх /манай бага дүү /-ийн нуруу татчихсан байна би хоол өгөхгүй бол болохгүй нээ, одоо наадам болох гэж байна танайхан хөдөө явах уу? Хэрвээ нутагруугаа явах гэж байгаа бол намайг аваад явчихаачээ гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Манай хүү өнөөдөр өглөө 11 цаг 48 минутанд над руу залгаад өчиГдөр орой Алтанчимэг эгч гэртээ ирээгүй Гансүх ах нуруу нь татчихсан хоол унд байхгүй байна гэнээ та гэрээр нь дайраад хоол унд өгөөрэй" гэж хэлсэн тэгэхээр нь 11 цаг 58 минутанд би Алтанчимэг рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Өдөр дүүдээ хуушуур аваачиж өгчихөөд төмөр замд амьдардаг төрсөн эгч рүүгээ залгаад Алтанчимэгийг асуухаар нь утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 06-р сарын 25-ны өдөр 19 цаг 49 минутанд миний төрсөн дүү Гансүх над руу залгаад "эгч худгийн тэр хавьд өнгөрчихсөн гэнээ сая 2 цагдаа ирээд хэллээ" гэж хэлхээр нь би үнэн юмуу буруу таньчихаагүй биздээ" гэж асуутал цогцос нь мөн байна гэж хэлсэн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 110-114х/

 

ГэрчГ.Цэрэндолгорын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 37-563 тоотод өөрийн төрсөн хүү Г.Ганболд болон төрсөн охин Мягмарсүрэн, бага хүү Пэрэнлэй нарын хамт амьдардаг юм. Мөн манай хашаанд миний төрсөн эгч Зина хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Хашаандаа би бага хүү Пэрэнлэй, охин Мягмарсүрэн нартай хамт байшинд, Зина эгч хүүхдүүдтэйгээ тусдаа бас нэг байшинд манай хүү Ганболд эхнэр хүүхдийнхээ хамт гэр бариад бмьдардаг байсан. Энэ хэрэг болохоос өмнө 2016 оны 3-р сараас эхлэн манай хүү Г.Ганболд эхнэр хүүхдээсээ салаад тусдаа гэртээ ганцаараа амьдарч байсан юм. 2016 оны 06-р сарын 24-ний орой буюу уржигдар орой 20:00 цагийн орчимд байхаа ямар ч байсан гэгээ тасраагүй байх үед манай хүү Г.Ганболд архи уучихсан халамцуу хүнтэй зодоон хийлээ гээд хувцас хунар нь шороо тоос болчихсон нүүр ам нь цус болчихсон орж ирээд нүүр гараа угаачихаад гэртээ орж унтлаа гээд гарсан. Ингээл би Г.Ганболдыг гэртээ ороод унтчихсан юм байх гэж бодоод би бага хүү болон охин Мягмарсүрэн бид нар гэртээ зурагт үзэж байж байгаад унтацгаасан. Унтахаасаа өмнө Ганболдын гэрт нь ороогүй. Угаасаа ч Ганболдын гэрт нь нэг их ороод байдаггүй юм. Ингээд нойрон дунд унтаж байхад шөнө 02:00 цагийн үед Ганболд манай гэрт ороод ирэхээр нь би уурлаад чи ямар сонин юм бэ? Хүн унтуулж амраахгүй гэж хэлтэл Ганболд би ус л уух гэж байна дээ гэж хэлээд үүдэнд байгаа усны лаазнаас ус уучихаад гарсан. Ингээд би буцаад унтсан ба өглөө утас дуугархаар нь сэрээд хартал цаг 08:30 болж байсан ба Ганболдын эхнэр Сувдаа над луу залгаад ээжээ Ганболд гэртээ байна уу? гэж асуухаар нь би босоод утас оруулж өгөх гээд Ганболдын гэр лүү нь очтол хаалга нь онгорхой Ганболд өөрөө байхгүй байхаар нь би эхнэрт нь Ганболд байхгүй байна гэж хэлчихээд гэртээ оролгүй байшингийхаа үүдэн дээр очоод сууж байтал удалгүй гаднаас Ганболд хашаандаа орж ирсэн. Тэгээд царай нь нэг л сонин болчихсон над дээр ирээд ээжээ би хүн алчихсан гэж хэлэхээр нь би итгэлгүй чи юу тэнэгтээд байгаа юм тэр хүн чинь хаана байгаа юм гэж асуухад Ганболд манай хашаанд байдаг 3-4 жилийн өмнө жорлон хийх гээд ухчихсан байсан нүх лүү заасан. Тэгэхээр нь би мөн л итгээгүй, чи юу гээд солиороод байгаа юм гэж хэлээд нөгөө нүх лүү очоод хартал нэлээд гүнзгий байсан нүх дээшилчихсэн, хажуу хананы шороо нь шинээр нурчихсан байхаар нь би итгэсэн.Тэгээд буцаад эргэтэл манай эгч Зина гэрээсээ гарч ирэхээр нь би эгчдээ Ганболд хүн алаад энэ нүхэнд хийгээд булчихсан байна гэж хэлээд би өөрийнхөө утсаар шууд 102-луу залгаад манай хашаанд байдаг жорлонгийн нүхэнд хүн хийгээд булчихсан байна, түргэн ирээрэй гэж хэлсэн. Тэгээд л удалгүй 30-аад минутын дараа машинтай 2 цагдаа ирээд болсон асуудлыг асуугаад Ганболдыг аваад гарсан. Тэр үед Ганболд цагдаа дуудхаас эхлээд цагдаа ирэх хүртэл ямар ч хөдөлгөөн хийгээгүй зугтах оргох ямар ч оролдлого хийгээгүй шоконд орчихоод хөдлөхгүй суугаад байсан. Тэгээд тэр 2 цагдаа ирээд Ганболдыг гарснаас хойш удалгүй цагдаа онцгой байдлын алба гээд маш олон хүмүүс ирж манай хашаанд үзлэг шалгалт хийсэн. Тэгээд цагдаагийн ажилтнууд намайг гэрт авч ороод гаргалгүй уулзаж тайлбар авсан. Ийм л асуудал болсон.Манай хүү Г.Ганболд нь 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа гэртээ өнгөрөөгөөд 2000 онд Чингэлтэй дүүргийн 37-р дунд сургуульд элсэн орж суралцаад 7-р ангиасаа Шарын голын сургууль луу шилжээл тэндээ дунд сургуулий төгссөн. Тэгээд их дээд сургуульд орж суралцаагүй ба хамгаалалтын албанд ажил хийдэг байж байгаад эхнэр аваад хүүхэдтэй болсон юм. Одоо хүүхэд нь 4 настай охин байдаг юм. Харин энэ оны 03-р сард эхнэр хүүхэдтэйгээ муудалцаад эхнэр хүүхэд нь хадмынд нь оччихсон байсан юм. Манай хүү Г.Ганболд бол зан байдлын хувьд үг дуу цөөтэй даруу төлөв, хүнд тусархуу цагаан цайлган зантай хүүхэд байгаа юм. Ганболд нь тамхи татдаг архийг бол тохируулж хэрэглэдэг юм. Урьд нь авто тээврийн хэрэгт холбогдоод нэг жил орчим шоронд сууж байсан. Сая энэ хэрэгт холбогдхоосоо өмнө найз нартайгаа хулгайн хэрэгт холбогдоод хэрэг нь шүүх дээр байсан юм. Өөрөөр бол гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ганболд надад хүн алчихлаа гэж хэлэх үед миний хажууд өөр хүн байгаагүй. Дараа нь Зина эгч гэрээсээ гарж ирхээр нь би эгчдээ болсон асуудлыг хэлсэн юм. Түүнийг нь би сайн санахгүй байна. Тухайн үед ч гэсэн миний сэтгэл санаа шоконд орчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 139-142х/

 

Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед гэртээ ирээд тус тоот хашаанд гэртээ хоносон. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед манай ээж Цэрэндолгор намайг сэрээгээд дүү Ганболд чинь хүн алаад хашаан дотор байх ухсан жорлонгийн нүхэнд булсан байна гэж хэлсэн. Тэгээд би гараад ухсан жорлонгийн нүх рүү өнгийж шороо нурсан байсан ба нурсан шороон доороос даавуунууд зухуйж байсан. Намайг босоод байшингаас гархад миний дүү Ганболд байшингийн үүдэнд сууж байсан. Тэгээд би дүү Ганболдыг арчаагүй хог чи архи их уугаад байсан ийм юм болох гээд байсан юм байна гэж хэлээд зогсож байтал цагдаа нар ирээд манай хашааруу орж ирээд Ганболдыг баривчилж аваад явсан. Намайг очигдор орой буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний орой ажилаасаа 19 цагийн үед ирэхэд Ганболд гэртээ байхгүй байсан. Ээж гэртээ ганцаараа байсан. Бага дүү Пэрэнлэй бас байхгүй байсан. Тэгтэл 22 цаг болж байхад Ганболд архи уучихсан согтуу хамраас нь цус гарчихсан хүнд зодуулчихлаа гэж яриад хашаанд орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүнтэй зодолдоод архичингууд намайг бүлэглээд зодчихлоо гэж яриж байсан. Тэгээд буцаж хашаанаас гарж зодолдоно гэхэд нь Зина эгч, ээж бид нар түүнийг хорьж хашаандаа буцааж оруулсан. Тэгээд гар нүүрийг нь угаалгаад, хоол өгсөн. Тэгтэл Ганболд 23:00 цаг болж байхад гараад явсан. Тэгээд өнөөдөр өглөө 2016 оны 6 дугаар сарын 25-ны 10:00 цагын үед дүү хүн алаад жорлонгийн ухсан нүхэнд хийчихсэн байна гэж хэлсэн. Ганболд архи уусан үедээ зан ааш нь хувираад мэдрэл муутай юм шиг болчихдог юм. Архи уугаагүй үедээ хүний үгэнд ордог хэвийн зан араншинтай байдаг Ганболд авто тээврийн ослийн хэргээр ял эдэлж байсан. Дараа нь 2016 онд хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа. Миний дүү Ганболд Сувдаа гэж эмэгтайтэй хамт амьдарч байгаад 2016 оны 05 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Сувдаа, Ганболд нар дундаасаа 1 охинтой. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Ганболд цэргийн алба хааж байгаагүй, тогтсон амьдралгүй... гэх мэдүүлэг /хх-ийн143-144х/

 

Гэрч Ц.Зинаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би бага насны 3 зээгийн хамт өөрийн байшиндаа хоносон. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өглөө би 08 цагийн үед босоод будаа агшаагчинд хоолоо хийж тогонд залгачихаад байшингийн үүдэнд гараад тамхи асаачихсан татаж байтал манай дүү Цэрэндолгор гарж ирээд надтай хамт тамхи татсан. Тэгээд тамхи татаж дуусчихаад буцаж гэртээ ороод эргээд цонхоор харахад Цэрэндолгор дахиад тамхи асаачихсан дороо холхиоод байхаар нь гараад очиход Цэрэндолгор та манайд ороод ирдээ гэж дуудсан. Тэгээд түүнийг дагаад гэрт нь ороход Ганболд жорлонгийн ухсан нүхэнд ямар нэгэн юм хийгээд булчихсан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би Цэрэндолгорын хамт нүхний дэргэд очиж тонгойж харахад ухсан нүхний эрэгний шороо шинээр нурсан, доод хэсэгтээ овоорсон байсан. Тэгээд Ганболд хаана байгаа юм бэ гэж асуухад Ганболд жорлонгоос гарж ирсэн Тэгээд би Ганболдоос чи жорлонгийн нүхэнд юу хийгээд булчихсан юм бэ гэж асуухад Ганболд би яагаачгүй гэж гээд байсан. Тэгээд би дахиад жорлонгийн нүхрүү явж байтал Цэрэндолгор орилоод уйлаад жорлонгийн нүхэнд хүн алж хийгээд булчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би дүү Цэрэндолгортоо хандаж одоо шууд цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өг гэж хэлсэн тэгтэл Цэрэндолгор өөрийн утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Ганболд ээж Цэрэндолгорын байшингийн үүдэнд суугаад байсан. Тэгээд би Ганболдод хандаж чи ингээд архи уугаад хүний үгэнд орохгүй байсан юм байна гэж хэлчихээд гэртээ орсон. Удалгүй цагдаагийн ажилтнууд манай хашаан дотор орж ирээд хашаан дотор сууж байсан Ганболдыг баривчилж авж явсан. Тухайн үед би 3 зээ хүүхдээ харж байсан учир гэрээсээ гарж чадаагүй. Ганболд сүүлийн нэг жилийн хугацаанд архи их уудаг болчихоод байгаа. Архи уусан үедээ хүний үг сонсохгүй, агсам тавьж амар тайван байдал алдагдуулж танхайрдаг хүн байгаа юм. Урьд өмнө нь шоронд ял эдэлж байсан. Хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан. Ганболд, Сувдаа гэдэг дагавар хүүхэдтэй хүүхэнтэй хамтран амьдарч байгаад дундаасаа нэг охинтой болсон. Тэгээд Сувдаатайгаа амьдарч байгаад нэг cap орчимын өмнө Сувдаа нь хүүхдээ аваад явчихсан. Ганболд архи ууж агсам тавьж Сувдаагаа зодож дарамталсааар байгаад эхнэр нь салаад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 145-146х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №1165 тоот шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт, дүгнэлтэнд: Талийгаач А.Алтанчимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр хүзүү хоолой дахь битүү дарагдалын ором, хэлний угийн болон баруун талын жолоо булчин, ховч ясны салстад цус хуралт, ховч ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, 2 хацар, эрүү, цээж, баруун шуу, өгзөг, шилбэнд зулгаралт, 2 мөр, баруун бугалга, цээж, 2 гуянд цус хуралт, бүхий гэмтэл тогтоогдлоо. Хүзүү хоолойн дахь дарагдлын ором нь хагас зөөлөн эдийн дарагдах үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд амьд ахуйд нь үүссэн байна, ховч ясны хугарал нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн хурц амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас барахдаа хөнгөн зэрэгийн согтолттой байсан. Талийгаач нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагийн байдлаар нас бараад 10-12 цагийн орчим болсон байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 148-149х/

 

Яллагдагч Г.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 14:00 цагийн орчимд хороололд очоод найз Сайнаа болон түүний хоёр найзын хамт хоёр ширхэг том савтай Боргио пиво хувааж уучихаад орой 19:00-20:00 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд би гэртээ унтаж байгаад яг цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан гэгээ тасраад бүрэнхий болж байхад гэрээсээ гараад гудамжны хойно байдаг хүнсний дэлгүүрлүү очоод нэг шил 0.5 литрийн Хараа архи аваад гэртээ орж уух гээд гэр лүүгээ явж байгаад ард талын гудамжинд урьд нь зүс таньдаг байсан Аагий гэдэг эмэгтэйтэй тааралдсан. Тэгтэл Аагий намайг хаачих гэж байгаа юм гэж асуугаад тэгээд миний өмдний халаасанд хийсэн байсан шилтэй архийг харчихаад наад архийг чинь хуваагаад ууя гэхээр нь би зөвшөөрөөгүй ба би гэртээ харих гэж байна та яв гэтэл Аагий наад архийг чинь хуваагаад уучихъя гээд салахгүй байсан. Ингээд би Аагийг дагуулаад гэртээ ирсэн. Тухайн үед би эхнэр хүүхдээсээ салсан байсан болохоор манай гэрт хүн байгаагүй. Тэгээд нөгөө архийг Аагий бид хоёр хувааж уусан. Архи дуустал Аагий надад хандаж би хүний архи уучихсан юм чинь яаж зүгээр байх вэ? Хоёулаа нэг унтчихъя гээд Аагий өөрөө бүх хувцасаа тайлаад ямар ч хувцасгүй үлдсэн, би мөн адил хувцасаа тайлаад бид хоёр манай хойморын орон дээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би Аагийтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй нэг удаа дур тавьсан. Дур тавихдаа би үрийн шингэнээ талийгаачийн бэлэг эрхтэн дотор гаргасан. Тэгээд Аагий бид хоёр бэлгийн ажил хийж дуусаад би орон дээрээс босоод дотуур өмдөө өмсөөд бэлтгэлийн өмдөө өмсөж байтал Аагий орон дээрээс босож ирээд хөхөвчөө өмсөөд тэгээд шууд орон дээрээс гулсаж буугаад манай гэрт дэвссэн байсан хивсэн дээр хүндээр бие засчихаар нь би Аагийд чи яаж байгаа юм баачихлаа ш дээ гэж хэлэхэд Аагий урдаас юм дуугарахгүй байхаар нь би очоод гарнаас нь татаад чи яаж байгаа юм гэхэд Аагий яадаг юм гэсэн. Тэгээд би Аагийд босоод наад баасаа цэвэрлэ гэтэл Аагий урдаас чадахгүй гэхээр нь би түүнийг айлгах санаатай 2-3 удаа нүүр лүү нь алгадсан. Тэгтэл Аагий хойшоо ор налж суучихаад ерөөсөө босохгүй байсан. Тэгээд би Аагийгийн гарнаас татаад босгоод иртэл хойшоогоо шууд орон дээр гэдийгээд дээшээ хараад хэвтчихсэн. Тэгээд би Аагийг айлгах гээд хажууд нь сууж байгаад Аагийн өөрийх нь өмсөж байсан ногоон өнгийн подволкыг хоолойгоор нь оруулаад хоёр тийш нь зөрүүлж татаад боосон. Тухайн үед Аагий миний нэг гарнаас хоёр гараараа бариад хоолойнхоо боолтыг тавиулах гэж эсэргүүцэж байснаа нэг их удалгүй нэг минут орчим л хугацаа л болсон байх хоёр гар н сулараад гараа унжуулчихаар нь би Аагийг ухаан алдчихлаа гэж бодоод хоолойных нь боолтыг сулруулаад сэрээх гээд хацар луу нь зөөлөн хэд хэдэн удаа алгадахад ямар ч ухаангүй байсан. Тэгээд би арай ч үхчихээгүй байх гэж бодоод жаахан байж байгаад ухаан ороод сэргэчих байх гэж бодоод би хувцасаа өмсөөд гараад явчихсан ба намайг гарахад нагац эгч Зинагийн байшин гэрэл унтраастай унтчихсан байсан. Харин ээжийн байшингийн гэрэл асаалттай байсан. Тэгээд би хашаанаас гараад гадаа хэсэг сууж байгаад буцаад хашаандаа ороод ирэхэд ээжийн байшингийн гэрэл унтраад хүмүүс нь бүгд унтчихсан байсан. Тэгээд гэртээ ороход Аагий ямар ч хөдөлсөн шинжгүй яг намайг гархад байсан чигээрээ орон дээр хэвтэж байхаар нь би Аагийг нас барчихсан байна гэдгийг н лавтай сайн мэдсэн. Ингээд би хүн алчихсандаа айж балмагдаад яах ч учраа олохгүй гэртээ хэсэг сууж байгаад хашаандаа ухсан байсан жорлонгийн нүхэнд талийгаачийн цогцосыг хийхээр шийдээд шууд талийгаачийн цогцосыг дээш нь харуулан хоёр гарнаас нь чирээд гэрээс гаргаад чирсэн чигээрээ яваад ухсан байсан жорлонгийн нүхний ирмэг дээр нь чирж авчирсан. Тэгээд цогцосны нэг гарнаас хоёр гараараа барьж байгаад биеийг нь хөлөөрөө түлхээд жорлонгийн нүх лүү унжуулж байгаад гарыг нь тавиад цогцосыг доош унагаасан. Ингээд буцаад гэр лүүгээ ороод гэрт байсан эсгий гудсыг аваачиж талийгаачийн цогцосны дээгүүр хаяж бүтээгээд нүхэн дотор орж байгаад хананых нь шороог гараараа самардаж унагаад цогцосыг болон бүтээсэн эсгий гудсыг харагдахгүй болтол нь булсан. Тэгээд би ерөөсөө тайвширж чадахгүй айж балмагдаад хамаг бие чичрээд унтаж чадахгүй гэртээ нэг орж хашаандаа нэг гарсаар байгаад өглөө болгосон. Өглөө болоод урд өдөр нь архи авсан дэлгүүр онгойхоор нь тэр дэлгүүр лүү орж нэг шил 200 граммын хуванцар савтай архи авч ганцаараа гудамжинд уучихаад буцаж хашаандаа ортол манай ээж Цэрэндолгор сэрээд босчихсон гэрийхээ үүдэнд сууж байхаар нь ээж дээр очоод би урд шөнө хүн алаад жорлонгийн нүхэнд булчихсан гэдгээ хэлсэн. Тэгтэл ээж нөгөө жорлонгийн нүх лүү очиж харчихаад өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгч мэдээлсэн. Тэгээд би цагдаагийн ажилтнуудыг иртэл нь оргож зугтаах ямар нэгэн үйлдэл хийлгүй ээжийн гэрийн үүдэнд хүлээгээд сууж байтал хоёр цагдаа орж ирэн намайг гавлан машиндаа суулган цагдаагийн хэлтэс дээрээ авчирсан. Ийм л асуудал болсон юм. Би талийгаачийг урд нь зүс таньдаг байсан. 1-2 жилийн өмнө байхаа би найз нартайгаа гол дээр архи уугаад сууж байхад талийгаач тэр хавиар явж таараад хамт архи ууж байсан. Би талийгаачийн жинхэнэ нэрийг мэдэхгүй Аагий л гэж дууддаг гэдгийг нь мэднэ. Талийгаач бол архи их уудаг ба манай гэрийн тэр орчмоор долоон буудал орчмоор архи уугаад согтуу явж байдаг байсан. Талийгаач хэрэг болох үед надтай тааралдахдаа хар өнгийн өмд мөн хар өнгийн нимгэн цамцтай байсан. Би талийгаачийн цогцосыг булсны дараа гэрийхээ зууханд талийгаачийн хувцаснуудыг хийгээд шатаасан. Мөн талийгаач надтай хамт архи ууж байхдаа манай охины үсийг авах үеэр хэрэглэж байсан хадгийг аваад би бөө болж байгаа гээд хүзүүндээ тохчихоор нь сэжиглээд мөн тэр хадгийг зуухандаа хийгээд талийгаачийн хувцастай хамт шатаасан. Талийгаач надтай гудамжинд тааралдахдаа архи уусан нилээд халамцуу согтолттой байсан. Сүүлд надтай архи уугаад бүр их согтсон. Би талийгаачийг гэрт хүндэрлээ гэж уур хүрээд нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж зодсон. Өөрөөр цохисон асуудал байхгүй. Мөн талийгаачийг зодохдоо ямар нэгэн зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гараараа 2-3 удаа алгадсан. Би өөрөө их согтуу байсан болхоор одоо яг яаж боосноо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 75-78х/

 

Гэрч Т.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн "Мицубиши Колт" маркийн УНЭ 90-74 улсын дугаартай автомашинаараа гадуур халтуур хийгээд явж байгаад оройн 17:00 цаг өнгөрч байхад 7 буудал өнгөрөөд зурагт тэвэрсэн 4 залуу гар өргөөд байхаар нь зогсоод авсан юм. Тэгтэл тэр 4 залуу тэр зурагтаа ломбарданд тавина гээд Дамбадаржаагийн ломбард ортол удирдлага нь байхгүй гээд авахгүй байсан. Ингээд миний машинтай буцаад 6 буудлын ломбард орох гээд явахад тэр залуучууд ломбард авахгүй бол хямдхан зарчихдаг юм билүү гээд хоорондоо ярилцахаар нь би тэр залуучуудаас хямдхан зарах юм бол хэдээр зарах юм гэж асуухад 90.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад зурагт хэрэг байсан болохоор 80.000 төгрөгөөр зарчих гэтэл тэг тэг гэхээр нь би 80.000 төгрөгөө өгсөн. Ингээд буцаагаад таксины мөнгө 10.000 төгрөгөө аваад тэр 4 залууг Дамбадаржаагийн "Миний зах"-ын буудал дээр буулгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51х/

Яллагдагч Г.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 10:00 цаг өнгөрөөгөөд би гэрээсээ гараад Батзолбоогийн гэрт нь очих гээд гудамжинд нь явж байгаад Булган-Эрдэнэтэй тааралдаад Булган-Эрдэнэтэй хамт Батзолбоогийн гэрт нь очтол Батзолбоо байхгүй урд хашааных нь Баянбаатар ах хашаандаа Төгсөө гэдэг цэргийнхээ найзтай хамт зогсож байсан бөгөөд Батзолбоог архинд явчихсан одоо ирнэ гээд Булган-Эрдэнэ бид хоёрыг хашаандаа оруулсан. Ингээд тэр хашаанд байж байтал удалгүй Батзолбоо Галбадрахын хамт 1 шил архи аваад ирсэн бөгөөд Батзолбоогийн гэрт нь хүн байхгүй гээд бүгдээрээ Батзолбоогийн гэрт нь орж нөгөө архиа уухаар Баянбаатар ах хүүхдээ тэврээд бид нар бүгдээрээ Батзолбоогийн гэрт нь ороод нөгөө архиа хувааж уусан. Ингээд нөгөө архиа ууж дуусаад Баянбаатар ах би явлаа гээд хүүхдээ аваад найз Төгсөөтэйгээ хамт гараад явсан. Баянбаатар ах бол хаашаа явахаа хэлээгүй. Батзолбоогийн гэрт нь Батзолбоо болон Булган-Эрдэнэ, Галбадрах бид дөрөв үлдээд хэсэг байж байснаа Батзолбоо, Булган-Эрдэнэ хоёр Баянбаатар ахынд ороод нэг шил архины мөнгө гуйгаад ирье гэж хэлээд гараад явсан. Гэрт нь Галбадрах бид хоёр үлдсэн бөгөөд удалгүй 5-10 минут болоод гаднаас Батзолбоо, Булган-Эрдэнэ хоёр нэг зурагт тэврээд ороод ирсэн. Галбадрах бид хоёр ямар учиртай зурагт вэ гэж асуухад Баянбаатар ахыг гэр нь цоожтой хүнгүй байхаар нь ороод хулгайлчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад нөгөө зурагтыг нь ломбарданд тавихаар болоод хулгайлсан зурагтыг Батзолбоогийн гэрт нь орон дээр нь байсан улаан өнгийн бүтээлгэнд ороогоод Батзолбоо зурагтыг тэврээд бид 4 дөрвүүлээ тэднийхээс гараад зам дээрээс такси бариад шууд Дамбадаржаад байдаг ломбарданд очтол тэр ломбард удирдлагагүй бол авахгүй гэсэн. Тэгтэл бид нарын барьж явсан таксины жолооч эмэгтэй наад зурагтаа надад хямдхан зарвал би авъя гэхээр нь тэр эмэгтэй жолоочид 80.000 төгрөгөөр зарахаар болоод 10.000 төгрөгийг нь таксины төлбөрт нь бодож суутгаад бэлнээр 70.000 төгрөг аваад Дамбадаржаад буугаад үлдсэн. Ингээд тэр мөнгөөрөө архи, пиво хиам аваад голын эрэг дээр очоод идэж уугаад дуусгасан гэх мэдүүлэг /хх-ийн 75-78х/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн хавсралтууд /хх-ийн 19-25х/, Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-ийн 167-168х/,

 

Төрийн банкны дансны хуулга /2хх-ийн 6х, 7х/, Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 9х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 216х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ганболд нь 2016 оны 6 дугаар сарын 24-нөөс 2016 оны 6 дугаар сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 37 дугаар гудамж, 563 тоотод өөрийн гэртээ амь хохирогч А.Алтанчимэгтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа, улмаар амь хохирогч А.Алтанчимэгийг гэрт өтгөн шингэнээ гаргалаа гэж хоолойг боож хүзүү хоолой дахь битүү дарагдалын ором, хэлний угийн болон баруун талын жолоо булчин, ховч ясны салстад цус хуралт, ховч ясны хугарал бүхий гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 75-78х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 110-114х/, гэрч Г.Цэрэндолгор /хх-ийн 139-142х/, Д.Мягмарсүрэн /хх-ийн 143-144х/, Ц.Зинаа /хх-ийн 145-146х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №1165 тоот шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /хх-ийн 148-149х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн хавсралтууд /хх-ийн 19-25х/, Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт  /хх-ийн 167-168х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзолбоо, Б.Булган-Эрдэнэ нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 630 тоотод суух Г.Энхцэцэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 75-78х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Тэгшжаргал/хх-ийн 49-51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар /1хх-ийн 34-104х/ тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Г.Ганболдын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн бусдын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэг бөгөөд Г.Ганболд нь уг гэмт хэргийг үйлдээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Харин Г.Ганболдын үйлдсэн хөндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Г.Ганболдын үйлдсэн бусдын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэгт бусдад учруулсан гэм хорын хохиролыг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин амь хохирогч А.Алтанчимэгийн оршуулгын зардалд зарцуулсан  хавтас хэрэгт баримтаар авагдсан /1хх-ийн 115-135х/ нийт 4.413.750 төгрөгийг Г.Ганболдоос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаад олгуулах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн фудволк 1 ширхэгийг Г.Ганболд нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Г.Ганболд нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан хэргийн ялтай байдлын хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж буйг дурдах нь зүйтэй.

 

Г.Ганболдод ял шийтгэл оногдуулах согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөрвөнүүд овогт Ганбаатарын Ганболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганболдод холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганболдод 15 /арван тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Ганболдын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдоос оршуулгын зардалд нийт 4.413.750 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гангаа /РД:ХО69080423/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганболдын цагдан хоригдсон нийт 110 /нэг зуун арав/ хоногийг, биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэнногоон өнгийн фудволк 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Г.Ганболдын эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ

ШҮҮГЧИД                           Г.БУЯННЭМЭХ

                                      Н.БАЯРМАА