Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 112/ШШ2021/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн С.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* сумын ******* Д.Эд холбогдох ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Д.Э, гуравдагч этгээд Ц.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл томилогдсон байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжаар ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэдэг үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь: ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагч болон гуравдагч этгээд эхнэрээ томилсон гэдэг асуудал ярьж байна. Аймгийн Засаг даргын н.Р- ийн эхнэр нь өөр хүн байдаг. Гэтэл яагаад эхнэрээ томилсон гэдгийг ойлгохгүй байна. Ажлын байрны тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн гэж байна. Энэ тодорхойлолтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Шүүхээс холбогдох газраас авсан гэдгийг та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримтаа бүрдүүлдэг онцлогтой шүүх. Хууль, эрх зүйн ойлголт дутмаг байгаа хүмүүс энэ тайлбарыг хэлж байгаа байх гэж миний хувьд бодож байна. Тиймээс хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж нэхэмжлэгч рүү дайрахгүй зүй зохистой тайлбар хэлээсэй гэж бодож байна. Говь-******* аймгийн тухайд 2020 онд орон нутгийн сонгууль болсон. Сонгууль болсонтой холбоотой нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхийг Ардчилсан нам авснаас сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарыг солих үйл ажиллагаа эхэлсэн. Сонгуультай холбоотой нэхэмжлэгч ажлаа өгсөн. Хариуцагчаас сургалтын үйл ажиллагаа муудсан гэж байна. 2020 онд ерөнхий боловсролын сургууль улс орон даяар танхимаар хичээллээгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Танхимаар хичээллээгүй цар тахлын нөхцөл байдалд захирлыг ажил үүрэгтэй холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл байх. Нэхэмжлэгч цар тахал эхэлснээс ажлаа авсан. Тиймээс энэ үйл явдалд зөв зүйтэй дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч С.Гг сонгон шалгаруулалт болох хүртэл ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоо дээр ямар нэгэн сонгон шалгаруулалт болоогүй талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирсэн. Мөн боловсрол, соёл, урлагийн газарт санал хүргүүлэх ёстой байна. Санал хүргүүлээгүй. Мөн захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа гэдэг нь энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Тухайн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хамгаалж байх ёстой. Захиргааны хэргийн шүүхэд зориулж нотлох баримт гаргаж өгөн захиргааны хэргийн шүүхээр тухайн асуудлыг нотлуулах гэж үздэг. Шүүх гэдэг байгууллага эрх ашиг хөндөгдөж байгаа этгээд болоод захиргааны байгууллагын хооронд үүссэн асуудал, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж байгааг хянах байгууллага байдаг. ******* сумын ******* буюу захиргааны байгууллага нь нотлох баримтаа цуглуулж шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчтэй нэг статустай болсон. Захиргааны хэргийн шүүхэд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөхгүй зөвхөн тайлбар гаргаж өгсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд С.Г ажлаас чөлөөлөгдөх нь үндэслэлтэй эсэх талаар хэлэлцэхгүй. Харин ажлаас чөлөөлсөн шийдвэр, процесс нь хуульд нийсэн эсэхийг дүгнэлт хийх ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хуулийн зохицуулалтыг ойлгох нь хариуцагч болон гуравдагч этгээд нарт дутмаг байгаа байх. Энэ нь эрх зүйч мэргэжил эзэмшээгүйн учраас дутмаг байх гэж бодож байна. Гэхдээ удирдах албан тушаал эрхэлж байгаагийн хувьд мэдэж байх ёстой гэж харж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн орон тоон дээр 5-аас доошгүй жил багшилсан байх, эсхүл 3-аас доошгүй ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаал, эсхүл боловсролын байгууллагын салбарт удирдах албан тушаалаар ажилласан байх гэж заасан. Эсхүл гэдэг үгээр энэ шаардлагыг зааглаад өгсөн. Эдгээр заалтын аль нэгийг хангасан байх ёстой гэсэн үг. Үүнийг удирдах албан тушаал эрхэлж байгаа хүн болон сургууль удирдаж байгаа хүн ойлгох байх гэж бодож байна. Давхар ажил хийж байсан гээд байна. Жишээлбэл өмгөөлөгч, хуульчидад давхар ажил хийж болохгүй. Гэхдээ ганц ажил давхар хийж болно. Тэр нь багшилна. Багшлах гэдэг асуудал нь давхар ажиллах боломжтой. Гэхдээ тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан тухай би нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн тушаалаас өмнөх асуудлыг ярих нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн хэлэлцэх асуудал биш учраас тайлбар хэлэх нь илүүц байна. Гэхдээ тайлбарлая. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай байгуулах үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан бол ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөхийг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглодог. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид байдаг. Нэхэмжлэгч С.Гд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэггүй. Бид хувь С.Ггийн тухай яриагүй. ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Ггийн тухай ярьж байгаа гэж бодож байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөө он, оны сүүлд дүгнэгдэж шинээр батлагдаж байдаг би ойлгож байгаа. Тэгэхээр мөн л ажил олгогч ажилтантай гүйцэтгэлийн төлөвлөгөө баталж, дүгнэх ёстой. С.Г тайлбарлахдаа би албан ёсоор 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. С.Гг ажил авах үед ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн төлөвлөгөө 2019 оных дүгнэгдээд 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсан байх ёстой. Энэ нь С.Ггаас шалтгаалахгүйгээр хийгдсэн байх ёстой ажил. Гэтэл энэ ажил хийгдээгүй байсан нь боловсрол, соёл, урлагийн газрын асуудал. Үүнийг мөн С.Гтай холбож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт.Төрийн байгууллагын үргэлжлүүлж хийгдэх ажил. С.Ггийн оронд хэн ч байсан хийгдсэн байх ёстой ажил. Зөвхөн ажилтныг хий гэх асуудал биш. Гэтэл сонгон шалгаруулалт хүртэл түр ажиллаж байгаа хүнтэй гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулахгүй гэдэг үүднээс байгуулаагүй. Энэ нь төрийг удирдаж байгаа байгууллагын чиг үүрэг алдагдсан болохоос С.Гтай холбоотой асуудал биш. Тийм учраас ойлголтой болж дүгнэлтээ зөв хийгээсэй гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Боловсрол, соёл урлагийн газарт Засаг даргын санал 01 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. 11 дүгээр сарын 25-ны өдөр саналаа явуулж 5 хоногийн дараа захирамжаа гаргаж ажлаа чөлөөлсөн. Гэтэл Боловсрол, соёл, урлагийн газар луу нөхөж хийж явуулсан юм уу гэж харахаар байгаа юм. Өмнө хүлээж авсан бичгийг 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дардас дардаггүй байх гэж харж байна. Сонсох ажиллагаа хийгээгүй. Уулзсаныг сонсох ажиллагаа гэж үзэхгүй. Сонсох ажиллагаа гэдэг нь хуульчилж өгсөн процессын ажиллагаа. Иргэний хэргийн шүүхэд энэ ажиллагаа нь сонсох ажиллагаа биш ч гэсэн үр дүнтэй явагддаг. Тухайн хүнийг чөлөөлж байгаа үндэслэлийг зайлшгүй урьдчилсан мэдэгдэх, үндэслэлийг тогтоох шаардлагатай байдаг. Захиргааны хэргийн шүүхэд Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлж өгсөн. Тийм учраас сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Мөн сонгон шалгаруулалт болоогүй байхад шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба тогтвортой байх ёстой. Тийм учраас эдгээр шаардлага хангагдаагүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г анх томилогдохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/692 дугаар тушаалын хавсралтад заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй хүнийг томилсон гэж үзэж байгаа. Үүнд тухайн орон тоонд 5-аас доошгүй жил ажилласан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаал эсхүл боловсролын байгууллагын салбарт удирдах болон гүйцэтгэх албан тушаал ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай Говь-******* аймгийн Засаг даргын албан тушаалын тодорхойлолт батлах тухай тодорхойлолт заагдсан ажлын туршлага шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч анхнаасаа хууль бусаар томилогдсон. Мөн тухайн үед нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох нөхөр нь ******* сумын *******ар ажиллаж байсан. ******* эхнэрийгээ сургуулийн захирал болгоно гэдэг нь миний хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүй. Хууль бус байсан гэж үзэж байна. Миний зүгээс өөрийн гаргасан шийдвэрээ хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын 3 дах хэсэгт заасан албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн. 161-640 сурагчтай сургуульд заах арга зүйч, түүнээс дээш мэргэшилтэй, сургалтын менежерээр ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй буюу удирдах албаны туршлагад заагдсан албан тушаалыг эрхэлж байгаагүй нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч сүүлийн 3 жил зуд ба ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн ажилтныг бэлтгэх төслийн ажилтнаар ажиллаж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч энэ шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Г нь заах арга зүйч гэсэн байна. Гэвч тухайн багшлах зөвшөөрөл нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан боловч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 дугаартай тушаал батлагдсан мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа нь 5 жил байна гэж заасан учраас 2019 онд мэргэжлийн зэргийн хугацаа дууссан тул мэргэжлийн зэрэггүй гэж үзсэн. Мөн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй ажиллаж байсан. Мөн нэхэмжлэгчийн нөхөр нь бичиг баримтыг хуурамчаар хийсэн гэж үзэж байгаа. Энэ тухай баримтыг хариу тайлбартаа бичиж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* сумын Засаг даргын албан тушаалын тодорхойлолт батлах тухай захирамж гарсан. Аймгаас боловсрол, соёл, урлагийн газрын судалгаа албаны дарга н.Э гэдэг хүн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* сум руу албан тушаалын тодорхойлолт явуулсан. Тэгэхэд ******* 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлан эхнэртээ албан тушаалын тодорхойлолтыг нэг нэгэндээ баталсан байх магадгүй гэж үзэж байгаа. Тухайлбал албан тушаалын тодорхойлолтыг үүгээр баталлаа, сургуулийн захирал С.Г үүрэг болгож ажилласугай гээд эхнэртээ үүрэг болгон албан тушаалын тодорхойлолт гарган баталсан нь хуурамч байж болзошгүй тул нэмэлт тайлбараар өгсөн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын төрийн байгууллага, нийт иргэдээс санал асуулга авахад сургуулийн захирлын асуудлаа шийдвэрлэх, удирдлага зохион байгуулалт байхгүй тухай санал гарч байсныг материалаар хүргүүлж өгсөн. Мөн давхар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сүүлийн 4 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хүргүүлсэн. Сүүлийн жилд 0 оноотой 2, 5 оноотой 1, 10 оноотой 3 гээд үндсэндээ 9 ерөнхий шалгалтын дүн гарсан боловч нэг 77.3, 47 оноотой 3 оноотой бусад нь 10-аас доош үнэлгээ авч байна гэдэг нь энэ хүний удирдаж байсан сургуулийн боловсролын чанар буурсан. Ажиллах ур чадвар хангаагүй байсан гэж үзэж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн сайдын тушаалын хавсралтаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн захирал сургалтын менежер боловсролын газрын дарга, даргын албан тушаалд ажилласан туршлагыг хангана гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа учраас ажлаас чөлөөлсөн гэв.

 

           Гуравдагч этгээд Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие ******* сумын бүрэн дунд сургуульд 1991 онд төгсөж ирээд 13 жил бага ангийн багшаар, 8 жил хөдөлмөрчдийн боловсрол хариуцдаг албан бус боловсролын багшаар ажилласан. Дараа нь бага ангийн багшаар ажиллаж байгаад сургалтын менежерээр 8 жил ажилласан. Би нийт ******* сумын бүрэн дунд сургуульд 30 жил ажилласан. 2020 оны 11 дүгээр сард ******* намайг дуудаж танай сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлмээр байна. Хөдөлмөрчдөөс сурагчдын чанарын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн санал, хүсэлт гарч байна. Тиймээс таныг ажиллуулах санал тавьж байна. Та Төрийн албаны тухай хуулийн мерит зарчмыг хангаж байна. Мөн ******* сумын хүн амын боловсролын асуудлыг удирдахад бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэй. Туршлага багатай хүн ажиллуулах эрсдэлтэй байна. Тийм учраас та энэ албан үүргийн дагуу ажилла гэхээр нь би зөвшөөрсөн. Манай сургуулийн захирал С.Г надаа ажлаа өгөхөөс дургүйцсэн, энэ ажлаас гарахгүй гэсэн үйлдэл гаргаагүй. Би тэгэхээр нь ажил хүлээлцэх үйл явц хууль ёсны дагуу болж байгаа юм байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн байхаар нь надад гайхалтай санагдсан. Үүнээс болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөх хэмжээнд хүрч байна. Би өмнө нь *******д захирлаар ажиллах саналаа тавьж байсан. Учир тухайн сургуулийн удирдлага зохион байгуулалт, сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх үүднээс захирлаар ажиллах саналаа тавьсан. Гэвч тухайн асуудлыг авч хэлэлцэхгүйгээр өөрийн эхнэрээ сургуулийн захирлаар томилсон. Тухайн цаг хугацаанд ямар ч асуудал үүсгээгүй байж дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар эргэлзэж байна гэв. Заах аргын нэгдлийн ахлагчаар 2011 оноос 2018 он хүртэл ажилласан. Амьдралын үнэн зүйл байх ёстой. Хэдий нотлох баримт хэрэгтэй ч тэнд биеэр ******* сумд байгаа хүн нотолгоо болох байх гэж бодож байна. 2018 оноос нэхэмжлэгч яагаад шатлал дэвшихгүй байгаа вэ? гэдэг асуудал. Цаашлаад заах аргын нэгдэл ч үгүй болсон. Тухайн хүн чадвартай, сургууль удирдах чадвартай бол заах аргын нэгдлийн ахлагчаас сургалтын менежер болно уу гэхээс буцаад зэрэг ч байхгүй болсон. Тэгэхээр туршлагын тухайд асуудал байна гэж харж байна. Сургалтын чанарт сарын болон улирлын асуудал их нөлөөлдөг. Би 12 дугаар сарын 01-ний өдөр захирлын ажлыг авч олон хийсэн. Багш нараар сургалтын төлөвлөгөөг боловсруулж, стратеги төлөвлөгөөг шинэчилсэн. Сургууль баримталж байх ёстой бичиг байр, ажлын байрын тодорхойлолт, чиг үүрэг зэрэг хуваарилсан. Сургуулийн үйл ажиллагаа алдагдахад сурагчдын эрх ашиг хохирч байдаг учраас Засаг даргын захирамж үндэслэлтэй гэж харж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-******* аймгийн ******* сумын иргэн С.Г Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа С.Гг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож С.Гг урьд эрхэлж байсан албан тушаал болох ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгчийг Говь-******* аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/05 дугаар тушаалаар сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллуулсан байдаг.

 

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд хуульд зааснаар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын ******* эдлэх болсон байна.

 

Нэг. С.Гг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож С.Гг урьд эрхэлж байсан албан тушаал болох ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг дахиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалыг тус тус үндэслэж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэж С.Гг ажлаас чөлөөлжээ.

 

Хэргийн оролцогчид сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан эсэх талаар маргаагүй бөгөөд сонгон шалгаруулалт хууль тогтоомжид зааснаар зарлагдаагүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул намайг чөлөөлөх үндэслэлгүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт хангаагүй гэж маргаж байх тул маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцэж байгаа эсэхийг дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд:

 

1.1 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. гэж заасан байх ба энэ нь бүх шатны *******ас өөрийн бүрэн эрх, тухайлсан хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах нийтлэг эрхийг илэрхийлсэн заалт юм. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх; гэж заасан тул Боловсролын тухай хуульд нийцүүлэн төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан болох сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх эрхтэй болно. Харин энэхүү бүрэн эрхээ дээд шатны байгууллагын удирдлагатай зөвшилцөн хэрэгжүүлэхээр байгаа тул дангаар, шууд хэрэгжүүлэх зохицуулалтыг агуулаагүй байна.

 

1.2. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх; гэж заажээ.

 

Хариуцагч Говь-******* аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх талаар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01/19 дугаар албан бичиг хүргүүлсэн байх боловч хариуг нь ирээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Иймээс энэ нь хуулийг ёс төдий гүйцэлдүүлсэн шинжтэй үйлдэл болсон байна. Харин нэхэмжлэгч төсвийн байгууллагын удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байсны хувьд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж эрх бүхий байгууллага албан тушаалтанд өгөөгүй байгааг зөвтгөх боломжгүй.

 

Сумын ******* сургуулийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилохоор заасан атал гуравдагч этгээд Ц.Ныг түр томилсон нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Гг аймгийн ******* сонгон шалгаруулалт хүртэл түр томилсон байх бөгөөд сумын ******* ч нэгэн адил шийдвэр гарган үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох талаар Төрийн албаны хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчин нэхэмжлэгчийг томилсон нь хуульд нийцээгүй байх боловч түр үүрэг гүйцэтгэгчийг дахин үүрэг гүйцэтгэгч гуравдагч этгээдээр сольсон явдал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй байна.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар заажээ. Иймээс төрийн албаны хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүй төрийн үйлчилгээний албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх харилцааг хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулах боломжтой байна. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байх зарчмыг хангахын тулд төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн сул орон тоог Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн үйл явдлаар тодорхойлогдох хугацаатай хөдөлмөрийн харилцаа үүсгэн нөхсөнийг буруутган дүгнэх боломжгүй юм.

 

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын ******* хэрэгжүүлэх болсон хэдий ч томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн явдал нь албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэж заасан болно.

 

Иймээс сонгон шалгаруулалт зарлагдаагүй, явагдаагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

 

1.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт-ыг баталж, энэхүү үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн албан тушаалын тодорхойлолтыг батлахыг сум, дүүргийн ******* нарт даалгажээ.

 

Энэ үлгэрчилсэн тодорхойлолтын III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА хэсэгт

 

Боловсрол 1200-аас доош суралцагчтай сургуульд: дээд, бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх; гэсэн шаардлагыг шалгаж үзвэл Говь-******* аймгийн ******* сумын сургууль нь 381 суралцагчтай бөгөөд нэхэмжлэгч бакалаврын зэрэгтэй болох нь баримтаар нотлогдож байгаа;

 

Мэргэжил багш, мэргэжлийн /0113, 0114/ гэсэн шаардлагыг шалгаж үзвэл нэхэмжлэгч Орхон дээд сургуулийн 1999 онд англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн;

 

Мэргэшил Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шаардлагыг шалгаж үзвэл нэхэмжлэгч Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй, Удирдлагын академийн нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан;

 

Туршлага 161-640 суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан, заах арга зүйч ба түүнээс дээш зэрэгтэй, 2-оос доошгүй жил Заах аргын нэгдлийн ахлагч эсхүл сургалтын менежерээр ажилласан байх гэсэн шаардлагыг шалгаж үзвэл нэхэмжлэгч ерөнхий боловсролын сургуульд 20 жил багшилсан, Заах аргын нэгдлийн ахлагчаар 5-аас дээш жил ажилласан, харин Тэргүүлэх багш зэргийн хугацаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-д зааснаар 2019 онд дууссан байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн Тэргүүлэх багш зэргийн хугацаа дууссан тул шаардлага хангахгүй гэж маргаж байгааг үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй юм.

 

Учир нь 2020 оны Б/03 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт-д нийцүүлэн албан тушаалын тодорхойлолтыг батлахыг сум, дүүргийн ******* нарт даалгасан байна. Үлгэрчилсэн тодорхойлолт нь нийтлэг шаардлагыг агуулж байгаа учир сумын ******* батлахдаа тухайн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн тоо, хүний нөөцөө анхааран үзэх нь зүйд нийцэхээр байна.

 

Иймээс үлгэрчилсэн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэлгүй байна. Тодруулбал энэхүү үлгэрчилсэн тодорхойлолт нь нийтлэг тодорхойлолт учир 640, 390, 240 суралцагчтай сургууль бүрт өөр байдлаар дээрх шаардлагуудаас аль нийцэхийг авч боловсруулан баталж, тухайн тодорхойлолтод нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгарсан иргэнийг томилохоор хуульчилж журамласан байна.

 

Мөн нэхэмжлэгчийг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/692 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг мөрдөгдөж байсан бөгөөд үүнийг үлгэрлэн Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баталсан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангаж байсан байна.

 

Гуравдагч этгээд Ц.Н сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх боловч энэ нь түүнийг тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилох үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгч С.Гтай сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэж өөрөө зөвшөөрсөн гэх боловч холбогдох нотлох баримтыг гаргаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч С.Гг сургуулийн захирлаар ажиллаж байхад түүний нөхөр сумын *******ар ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тайлбар хариуцагчаас гаргаж байх боловч нэхэмжлэгчийг аймгийн ******* ажилд томилсон, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын ******* чөлөөлөгдөн хариуцагч Д.Э *******ар томилогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Гг Говь-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь Говь-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан иргэнийг тухайн албан тушаалд томилоход нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч С.Гг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтаныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж зааснаар 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 69 хоногийн олговор 4,618,308 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга гурван зуун найм/ төгрөгийг Говь-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ггийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Говь-******* аймгийн ******* сумын иргэн С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Гд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,618,308 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга гурван зуун найм/ төгрөгийг Говь-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг Говь-******* аймгийн ******* сумын ******* Д.Эд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОЮУНСҮРЭН