Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2018/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Товуунайн Г-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох,

Тэтгэмжид 7.600.596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЗТН” ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/706 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, 13 жил 10 сар ажилласан. Тус байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэл хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.3-т заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж, тэтгэмж олгоогүй. Иймд Т.Гийн 1 сарын дундаж цалин хөлсийг 633.383 төгрөгөөр тооцож, 12 сарын тэтгэмжид 7.600.596 төгрөгийг тус байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 66 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б/707 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг хамтын гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 14 жил тасралтгүй ажилласан бөгөөд 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 4.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 3.300.596 төгрөгийг эс зөвшөөрч байна. Байгууллага 4.300.000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/910 тоот тушаалаар 1.075.000 төгрөг олгосон ба одоо үлдэгдэл 3.225.000 төгрөгийг олгоно. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т зааснаар тооцоолон 537.500 төгрөгөөр тооцсон. Иймд хамтын гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаас байгууллагын олгосон 1.075.000 төгрөгийг тэтгэмжийг хасаад үлдэгдэл 3.225.000 төгрөгийг зөвшөөрч байх тул үлдсэн 3.300.596 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Гийн нэхэмжлэлтэй, “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох, тэтгэмжид 7.600.596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус-1” компанийн захирлын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалаар Т.Гийг кондукторын ажилд томилсон, “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/706 дугаар тушаалаар Т.Гийг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн, Т.Гийг “ЗТН” ОНӨААТҮГ-т нийт 13 жил, 10 сар ажилласан талаар талууд маргаагүй болно.

“ЗТН” ОНӨААТҮГ, “ЗТН” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 01 дүгээр “2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ”-ний 3.4-т “...11-15 жил ажилласан бол 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу олгогдоогүй тэтгэмжийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй юм.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал, Т.Гийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 149080 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн “...2017 оны 6, 7, 8 дугаар саруудын дундаж цалин хөлс” 633.383 төгрөгийг 8 сараар тооцож, тэтгэмжид 5.067.064 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г нь шаардах эрхтэй хэдий боловч хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-иас 1.075.000 төгрөгийн тэтгэмжийг Т.Гт олгосон болох нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/910 дугаар тушаалын 2-т “Т.Гт 1.075.000 төгрөгийг тэтгэмжийн сангаас зарцуулахыг Санхүү, бүртгэлийн хэлтэст зөвшөөрсүгэй” гэж заасан, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00000401 дүгээр Төлбөрийн даалгавар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч талаас үгүйсгээгүй тул 5.067.064 төгрөгөөс 1.075.000 төгрөгийг хасаж тооцон, 3.992.064 төгрөгийн олгогдоогүй тэтгэмжийг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал “Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэл хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.3-т заасны дагуу тэтгэмж гаргуулах” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хүчин төгөлдөр “ЗТН” ОНӨААТҮГ, “ЗТН” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 01 дүгээр 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээний 3.4-т зааснаар тэтгэмжийн хэмжээг тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмж 3.992.064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.608.532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмж 3.992.064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.608.532 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 78.823 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД