Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ОУГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “ТБ” ХХК-д холбогдох

 

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.999.656 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ОУГ” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОУГ” ХХК нь “ТБ” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр “С” ХХК-ийн өмчлөлийн Зайсан скуар оффис худалдааны төвийн 75,6 м.кв талбайг түрээслүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр түрээсийн гэрээг цуцлаж, үлдэгдэл төлбөрийн талаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээслэгч “ТБ” ХХК-тай тооцоо нийлсэн. Хоёр тал харилцан тохиролцож 10.850.804 төгрөг дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээг 4 сарын хугацаатай байгуулж, хариуцагч “ТБ” ХХК нь 4 сарын хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр барьцаа төлбөрийг хасаж үлдэгдэл 10.850.804 төгрөг дээр гэрээ байгуулсныг хариуцагч тал маргахгүй байгаа. Энэ нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн 2 дугаар талд авагдсан тэмдэглэгд бичигдсэн. “ТБ” ХХК-иас тооцоо нийлсний дагуу 10.850.804 төгрөг төлөхөөс 3.517.700 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэх 7.333.104 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээний 2.2.-т заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших алдангид 3.666.552 төгрөг, нийт 10.999.656 төгрөг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь барьцаа мөнгийг тооцоо нийлэхэд оролцуулсан байгаа гэв.

 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул алданги шаардах эрхгүй бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан, төлбөрийг үлдэгдэлгүй болно.

Харин түрээсийн гэрээний дагуу барьцаа болгон өгсөн 5.841.181 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“ОУГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ТБ” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.999.656 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв. 

 

“ТБ” ХХК, “ОУГ” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ТГ/028 дугаар “Зайсан скуэр төвийн түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “ОУГ” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан скуэр” оффис, худалдаа, үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах 75.6 м.кв талбайг ********* дэлгүүрийн зориулалтаар 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний хооронд түрээслүүлэх, түрээслэгч “ТБ” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 6.426.000 төгрөг буюу хөнгөлөлт тооцсон төлбөрт 4.498.200 төгрөг, барьцаа төлбөр 5.841.818 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн нэмэлт өөрчлөлт”-өөр “...70 хувийн хөнгөлөлтийн 40 хувь болох зохих төлбөрийг маркетингийн үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдолд хөнгөлөлт хэлбэрээр 2014 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт тус бүр 1.927.800 төгрөг байна...” гэж, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “ТГ/028 тоот гэрээний 3 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ээр “...2014 оны 9, 10, 11 дүгээр сарын хөнгөлөлт тооцсон түрээсийн төлбөрт тус бүр 3.213.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын хөнгөлөлт тооцсон түрээсийн төлбөрт тус бүр 4.498.200 төгрөг, 2015 оны 4, 5 дугаар сарын хөнгөлөлт тооцсон түрээсийн төлбөрт тус бүр 6.426.000 төгрөг” төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг түрээсийн гэрээг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр нотлогдож байх ба хариуцагч талаас түүнийг үгүйсгээгүй болно.

 

Уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй хэдий боловч уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж “С” ХХК-ийн өмчлөлийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293649 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Дүнжингарав гудамж ***********давхарт байшилтай 1177.5 м.кв талбайгаас 75.6 м.кв талбайг” “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу түрээслэгч “ТБ” ХХК-д шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлж байсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч “ОУГ” ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөрт 7.333.104 төгрөг, алдангид 3.666.552 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ТБ” ХХК-иас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...төлбөрийг төлж барагдуулсан” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

“ОУГ” ХХК, “ТБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ТГБ-15/02 дугаар “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр “...2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ТГ/028 тоот Түрээсийн гэрээнээс үүссэн төлбөрийн өрийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актын дүнгээр 10.850.804 төгрөгийг графикийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө түрээслэгч нь түрээслүүлэгчид төлж барагдуулна” гэж тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч “ТБ” ХХК-иас 3.517.700 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна тул үлдэх 7.333.104 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Уг гэрээний 2.2-т “үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.3 хувийн алданги төлнө” гэж заасан байх тул хариуцагч “ТБ” ХХК-иас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7.333.104 төгрөгийн 0.3 хувиар алданги тооцож, 3.666.552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.6-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч “ТБ” ХХК-иас “...түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч энэ талаар холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

2. Хариуцагч “ТБ” ХХК-ийн “...барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-д 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэлээс татгалзсан тул хариуцагч “ТБ” ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагч “ТБ” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,**************** тоот хаягаар Шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн хэдий боловч уг хаягандаа бүртгэлгүй болох нь Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримт, шуудангийн магадлагаагаар, мөн уг компанийн захирал ************* тов мэдэгдэхээр түүний ************* гэсэн дугаарын утасруу залгасан боловч холбогдох боломжгүй байсан болох нь Шүүгчийн туслах *******************тэмдэглэлээр тус тус тогтоогджээ.

 

Мөн шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “ТБ” ХХК-ийн хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч хаягаа өөрчилвөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хаягаа өөрчилснийг мэдэгдээгүй зохигчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлснийг мэдэгдсэнд тооцно” гэснийг дурдав.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд сөрөг нэхэмжлэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хянан шийдвэрлэх боломжгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-ийн “...барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 7.333.104 төгрөг, алдангид 3.666.552 төгрөг, нийт 10.999.656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-ийн “...барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.999.656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК-ийн “...барьцаа 5.841.181 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.6, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 190.944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190.944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОУГ” ХХК-д олгож, хариуцагч “ТБ” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 108.409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД