| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0340/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/357 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
хохирогч Ц.Д, Б.Л,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Н холбогдох 2234000000348 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... төрсөн, 42 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, ам бүл ..... оршин суух, тэтгэвэрт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр “Туулын гүүр” гэх газарт хамтран амьдрагч О.Сайнбаярын эзэмшлийн 8826 ТӨВ улсын дугаартай Тоёота Филтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, 28 65 УАС улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган иргэн Б.Лгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Т.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Одоо бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тэгэхдээ цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр “Туулын гүүр” гэх газарт хамтран амьдрагч О.Сайнбаярын эзэмшлийн 8826 ТӨВ улсын дугаартай Тоёота Филтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, 28 65 УАС улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган иргэн Б.Лгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Т.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000348 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Т.Энхжаргалын өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 08 цаг орчим үед Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар баг рашаант-102 тоот оршин суух гэртээ байж байхад зүс таних Х.Н хурж ирээд эгчээ та манай хонийг хяргах уу гэж хэлсэн тэгээд би за тэгье гэж хэлээд 88-26 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад Дэмчиг, Бор, Чимээ гэх хүмүүс сууж байсан. Тэгээд удалгүй Нарантуяагийн гэрт нь очиж хонь хяргаж эхэлсэн орой 21 цаг орчим үед хонь хяргаж дуусаад хоол цай хийж идээд байж байхад хонь хяргаж байсан хумуус гэр лүүгээ харих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Нарантуяа за би хүргээд өгье гэж хэлээд машиндаа суугаад Төв аймгийн Лүн сум руу явсан тэгээд Дашинчилэнгийн мянганы зам дээр явж байхад жолооч Нарантуяа машинаа зогсоогоод бие засаж дуусаад буцаад машиндаа суугаад явсан тэгээд хэсэг хугацааны дараа Нарантуяа миний дотор муухай оригоод толгой өвдөөд байна гэж хэлээд машинаа зогсоож хаалгаа нээгээд замын хажуу руу бөөлжсөн тэгээд за за миний дотор гайгүй болчихлоо гэж хэлээд цааш хөдөлгөөний үргэлжлүүлсэн Дашинчилэнгийн замаас Архангай Өвөрхангай явдаг салдаг зам руу нийлсэн тэгээд туулын голын том бетон гүүр гараад явж байхад гэнэт "Түс тас" чимээ гарсан тэгээд хэсэг хугацааны дараа юм ярих гэтэл хэл нэг хачин болоод байсан тэгээд машинаас буугаад харахад цагаан өнгийн Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан тэгээд би замынхаа хойд талд очоод суусан. Тэр үед эмнэлгийн машин ирээд Дэмчиг, Бор, Нарантуяа болон түүний охин Дэлгэрэхийг аваад явсан. Тухайн Тосота Филдэр маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооч Нарантуяа жолоочийн эсрэг талын зорчих суудал дээр Бор гэх хүн Нарантуяа охин Дэлгэрэхийг өвөр дээрээ аваад суусан байсан. Жолоочийн арын баруун талын суудал дээр би сууж байсан миний зүүн талын Чимээ, Дэмчиг нар сууж байсан. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Тухайн зам тээврийн осол 88-26 ТӨВ улсын дугаартай Тоёота Филдэр маркийн тээврийн хэрэгслийн жолооч буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. Би урьд өмнө айлд хонь хяргаж байхдаа харсан түүнээс би сайн танихгүй. Миний бие эрүүл мэндийн хувьд гомдол саналтай байна. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй ээ бусад хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Мянганы зам дээр явж байхад машины урд толинд харахад Нарантуяагийн нүд нь нээж хаагдаад байсан. Тэгээд хөөе миний дүү чи нойрмоглоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд Нарантуяа би гайгүй ээ эгчээ гэж хэлсэн. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн би дахиж шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг/хх-22-23 тал/,
Хохирогч Б.Лгийн өгсөн: “Миний бие өөрийн нөхөр Мөнхбат хүү Од-Эрдэнэ охин Нандин-Эрдэнэ хадам аав Дашдаваа дүү Ариунцэцэг хамтаар 28-65 УАС улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг орчим үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Дэлгэрхаан сум чиглэлтэй явсан. Тэгээд орой 21 цаг орчим үед Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг "Туулын голын гүүрэн дээр явж байхад эсрэг урсгалд явж байсан 88-26 ТӨВ улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэл өөрийн явж буюу эгнээндээ гэнэт баримжаа алдан урсгал сөрж орж ирээд манай хадам аав Дашдаваа тэр тээврийн хэрэгслийг хараад яанаа энэ машин болохоо байлаа гэж хэлээд шууд огцом зогсолт хийж зогсоход урдаас ирээд мөргөсөн.Тэгээд удалгүй ар талын машины жолооч үл таних залуу хүрж ирээд цонх тогшоод зүгээр үү хаалгаа нээгээрэй гэж хэлээд хаалгаа нээж машинаас буусан. Тэгээд би цагдаа түргэн дуудаарай гэж хэлсэн. Манай хадам Дашдаваа жолоо барьж явсан би жолоочийн эсрэг талын зорчих суудал дээр хүү Од-Эрдэнийг өвөр дээрээ аваад сууж байсан бусад хүмүүсийг хаан сууж байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр жолооч манай хадам аав Дашдаваа бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн бусад зорчигч нар хэрэглэсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн дахиж би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Гэрч Ц.Дгийн өгсөн: “Би Төв аймгийн Дэлгэрхаан сум руу аяллаар явах гээд өөрийн төрсөн хүү Мөнхбат түүний эхнэр Лхагвасүрэн хүү Нандин-Эрдэнэ, Од-Эрдэнэ дүү Ариунцэцэг хамтаар 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 28-65 УАС улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр өдөр 15 цаг орчим үед Улаанбаатар хотоос явсан. Тэгээд орой 21 цаг орчим үед Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг Туулын голын гүүрэн дээр явж байхад эсрэг урсгалын эгнээнээс цагаан өнгийн "Тоёота Пилдер маркийн тээврийн хэрэгсэл нь явж буюу эгнээндээ баримжаа алдсан. Тэгээд би өөдөөс нь машиныхаа гэрлээр дохио өгч сигнал дарсан тэр үед тухайн тээврийн хэрэгсэл чигээ өөрчлөхгүй байхаар нь би шууд огцом зогсолт хийж байхад урдаас хүрж ирээд мөргөсөн. 2022 оны 07 дугаар сарны 10-ны өдөр 21 цаг орчим үед 28-65 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн үед би жолоо барьж явсан жолоочийн хажуу талын зорчих хэсэг дээр манай бэр Лхагвасүрэн сууж байсан бусад зорчигч нарыг хаана сууж байсныг би мэдэхгүй байна. Би тухайн үед 50 км/цагийн хурдтай явж байсан би болон Лхагвасүрэн бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн арын суудал дээр сууж байсан зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглэсний би мэдэхгүй байна. Тухайн үед цаг агаар бүрхэг бороо ороод намдаж үзэгдэх орчин муу зам эвдрэлгүй байсан. Эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл эгнээндээ баримжаа алдан миний унаж явсан 28-65 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. 28-65 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх” гэх мэдүүлэг /хх 31/,
Иргэний нэхэмжлэгч Б.Отгонсайханы өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн гэр бүлтэйгээ эхнэр 2 хүүхэд 2 хадам эгч Алтанцэцэг Отгонцэцэг хамтаар өөрийн 95-90 УНС Улсын дугаартай Тоёота алпарт загварын машинаар Улаанбаатар хотоос Хөвсгөл чиглэл-рүү орой 18 цаг орчим үед хотоос гарсан тэгээд орой 21 цаг орчим үед "Лүн сумын нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун гар талд явж байхад миний урд явж байсан тоёота приүс 11 маркийн машины урдаас гэнэт эсрэг урсгалаас Королла филтер загварын машин гэнэт урсгал сөрж орж ирээд тэгээд би тэр хоёр машины мөргөлдөхийн хараад би шууд огцом зогсолт хийсэн тэгээд миний урдаас Приүс-11 маркийн машин мөргүүлсэн эрчиндээ арагшаа шидэгдээд миний машиныг мөргөөд зогссон. Тухайн үед эсрэг урсгалын машинууд зам нь сэлүүхэн байсан учраас их хурдтай явж байсан ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед Тоёота филтерын жолооч гэнэт өөрийн явж байсан урсгалаас эсрэг урсгал руу сөрж орж ирээд приүс 11 маркийн машинтай мөргөлдөөд приүс 11 мөргүүлсэн эрчиндээ миний машиныг мөргөөд зогссон тэгээд би шууд машинаас буухад Тоёота филтер жолооч машины жолооч миний хүүхдэд туслаарай орилсон 00 тэгээд очиж тусламж үзүүлсэн тэгээд би корола пилтер дотор байсан 1 хүүхэд 2 эмэгтэй 1 эрэгтэй-г машинаас буулгаад дараа нь шууд приүс-11 дотор байсан хүмүүст тусламж үзүүлсэн.Тэгээд би эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв, би өөрийн Тоёота Алпард загварын машины хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 35/,
Гэрч О.Сайнбаярын өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Х.Н-д Тоёота Филтер 88-26 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Төв аймгийн Лун сум руу Дэмчиг, Бор, Чимээ, Мөнхбат, хүүхэд Дэлгэрэх нарын хамт явсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Х.Н над руу утсаар залгаад аваарт орчлоо Лүн сум эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад хүргэн Мөнхбаярын хамт Төв аймгийн Лүн сумын эмнэлэг рүү шууд очсон. Манай эхнэр болох Х.Н нь миний тээврийн хэрэгслийг авч явахдаа надаас зөвшөөрөл авсан. Манай эхнэр Х.Н нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болох согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх 39/,
Гэрч Ц.Дгийн өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн хүүхэд Мөнхбат Лхагвасүрэн Од-Эрдэнэ Нандин-Эрдэнэ-ны нарын хамт өөрийн 28-65 УАС улсын дугаартай тоёота приүс 11 маркийн машинаар Улаанбаатар хотоос 14 цаг орчим үед Төв аймгийн Дэлгэрхаан сум чиглэлтэй явсан. Тэгээд 21 цаг орчим үед Лүн сумын 3-р баг туулын гүүрний баруун гар талд явж байхад эсрэг урсгалд явж байсан тоёота пилтер загварын машин сөрөг урсгал руу гэнэт сөрж орж ирээд урдаас хүрээд ирэхээр нь би шууд огцом зогсолт хийгээд зогссон тэгээд манай машин мөргөсөн тэгээд манай машин мөргүүлсэн эрчиндээ арагшаа шидэгдээд ард явж байсан машиныг мөргөж зогссон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ээ. Тухайн үед эсрэг урсгалын машинууд зам нь сэлүүхэн байсан учраас хурдтай явж байсан ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед Тоёота филтерын жолооч гэнэт өөрийн явж байсан урсгалаас эсрэг урсгал руу сөрж миний машиныг мөргөсөн тухайн Тоёота пилтер жолооч их хурдтай явж байсан. Миний зүүн хавирга нь доод хэсэгт хүндвэртэй байна. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлнэ. Би өөрийн Тоёота Приүс-11 маркийн машины хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 52/,
Шүүгдэгч Х.Нгийн гэрчээр өгсөн: “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой Лүн сумын 2-р баг бэрхийн зүүн ам гэх газраас төрсөн охин Дэлгэрэх Манал түр ажиллуулахаар авч явсан Энхжаргал Бор Чимэд гэх хүмүүсийн хамт өөрийн 88-26 ТӨВ гэх улсын дугаартай Пилдэр загварын автомашинаар Лүн сум туулын голын гүүрэндээр явж байхад өөдөөс олон тооны машины гэрэл тусаад байсан. Тэгээд би замын хагархай хэсэгт явж байхад машин гэнэт эсрэг урсгарлын эгнээнд явж байсан машины өөдөөс мөргөсөн. Тэгээд би шууд машинаас буугаад гараад ирэхэд олон хүмүүс бужигнаад байсан. Тэгээд би охиноо аваад эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлэг хүрч ирээд аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би 40-30 км цагийн хурдтай явсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй. Тухайн үед маш их машины гэрэл гялбаад байсан замын хагархай хэсэг байхаар нь би саадыг тойр гарахад зүүн тал руу огцом рүүлээ залаад тэгээд осол болсон. Надад өөр ярих санал хүсэлт байхгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний охин Дэлгэрэх болон бусад хүмүүсийн эрүүл мэнд зүгээр байгаа гэж хүсэж байна. Би Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн бэрхийн зүүн ам гэх оршин суух гэрээсээ өөрийн хамтран амьдрагч байсан О.Сайнбаярын эзэмшлийн 88-26 ТӨВ улсын дугаартай, цагаан машинтай Энхжаргал, Дэмчиг, Төмөрбаатар, Оюунчулуун өөрийн төрсөн охин Дэлгэрэх хамтаар Лүн сум чиглэлтэй оройны 21 цаг орчим үед гэрээсээ явсан. Тэгээд удалгүй Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Хангайн даваа" гэх нэртэй газарт явж байхад миний нойр хүрээд байхаар нь машинаа замын хажуу талын хөвөөн дээр зогсоогоод гарж бие засаад гадаа хэсэг зогсож буцаад машиндаа сууж ундаа ууж дуусаад тэгээд цааш хөдөлсөн тэгээд явж байхад Миний дотор гэнэт муухайраад толгой өвдөөд машинаа зогсоож бууж бөөлжөөд бие гайгүй болохоор нь цааш явсан. Тэгээд Лүн сумын Лүн уул 3 дугаар багийн туулын голын петон том гүүр өнгөрөөд явж байхад эсрэг урсгалын үргэлжилсэн машины гэрэл дусаад байсан гэнэт хурц гэрэл өөдөөс дусаад байхаар нь би нүдээ аниад нээтэл машин баруун гар талдаа шахагдсан байсан тэгээд машинаа замаа голлох гээд зүүн тийш үрүүлээ залахад гэнэт "түс тас" гээд явсан. Тэгээд би машинаас буугаад ирэхэд эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн байсан. Би өдөр бага зэргийн Сэнгүр гэх нэртэй пивонаас амссан миний машинд сууж явж байсан зорчигч нар Сэнгүр гэх нэртэй 2 литрийн пиво ууж 0,5 Соёрхол гэх нэртэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би хамгаалах бүс зүүсэн байсан арын суудалд явж байсан зорчигч нарыг би сайн мэдэхгүй байна. Би өөрөө машин жолоодож жолоочийн хажуу талын зорчих хэсэг дээр Оюунчулуун миний өөрийн төрсөн охин Дэлгэрэхийг тэврээд сууж байсан жолоочийн арын зорчих хэсгийн суудал дээр Энхжаргал голын суудал дээр Төмөрбаатар Дэмчиг нар сууж байсан. Тухайн үед 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед Улаанбаатар хотоос баруун тийш явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их машинуудын хурц гэрэл тусаад байсан. Тухайн зам тээврийн осол миний буруутай үйлдлээс болсон. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг ойлгосон. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гаргах санал хүсэлт гомдол байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-41-42, 44-45, 103/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 394 дугаартай “1.Б.Лгийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хэлний зүүн талд шарх, хүзүүнд зулгаралт, баруун суга, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-54-55 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 405 дугаартай “1.Т.Энхжаргалын биед баруун 3,4,5,6-р хавирганы хугарал, баруун 5-р хавирга, Зүүн 4,5,6-р хавирганы ялтасны хугарал, цээж, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-57-58 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 398 дугаартай “1.Б.Д.Мөнхбатын биед бүсэлхийн L3/L4-р нугалмын мөгөөрсний цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-61-62 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 395 дугаартай “1.Ц.Дгийн биед зүүн талын 7,8-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-64-65 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 397 дугаартай “1.М.Нандин-Эрдэнийн биед зүүн хацарт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт/хх-68-69 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 396 дугаартай “1.М.Од-Эрдэнийн биед зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт/хх-71-72 тал/,
“Дамно” ХХК-н 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №22-92 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх 73-79/,
“Дамно” ХХК-н 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний №Т22-102 дугаартай “9590 УНЗ улсын дугаартай 9590 УНЗ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 215.200 /хоёр зуун арван таван мянга хоёр зуун төгрөг/-өөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх 82-84/,
2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Х.Н нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Т.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Х.Н нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт ам бүл 2, охины хамт оршин суудаг, одоо 42 настай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч Х.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лд 1.363.645 төгрөг, хохирогч Т.Энхжаргалд 781.300 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234000000348 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Н “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Н оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Н шүүхээс тэнссэн 6 сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Лд 1.363.654 төгрөг, хохирогч Т.Энхжаргалд 781.300 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
9.Хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Нд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН