| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0348/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/364 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаяр түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Чимгээ,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Лодон овогт Төвдэнгийн Батцоожид холбогдох эрүүгийн 2234000000339 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ....д оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар чулуу” гэх газарт морины хүүхэд ороолголоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Б.Ууганбаярыг алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Морио сунгаж явсан манай морины хүүхдийг ороолгоод нөгөө хүүхэд нь орилж чарлаад байсан. Тавиач нар жоохон хүүхдүүдийг зодоон хороондоо зодолддог тиймэрхүү асуудал их байдаг. Тийм болохоор ур хүрээд урандаа арай хэтрүүлээд Б.Ууганбаярыг зодчихсон. Энэ үйлдэлдээ уучлалт гуйж байна.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр морьдоо тавьж өгөх гээд явж байтал. Заяа ах чи үлдээд морьдоо тох гэсэн морьдоо тохох гээд уулын доор зогсож байсан. Тэгсэн Т.Б гэх хүн ирээд намайг үг хэлээр харааж миний өөдөөс чулуу шидсэн. Тэгэхээр нь би уул руу морьтойгоо зугтаасан араас машинтайгаа хөөсөн” гэв.
2234000000339 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярын өгсөн: “...Намайг Батцоож гэх хүн морины хүүхэд ороолгосон гээд машинаараа хөөгөөд миний унаж явсан морины хойд хоёр хөлийг машинаараа мөргөөд миний унаж явсан мориноос татаж буулгаад миний нүүр рүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж миний нуруу болон толгой хэсэг рүү баруун гараараа миний үснээс татаж газар унагаан өшиглөсөн. Миний нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөж гараараа үснээс татаж өшиглөсөн. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Уруулын дотор хэсэг урагдсан. Хавиргаар өвдөнө. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-6-7 тал/,
Гэрч Ц.Чимэддоржийн өгсөн: “Би Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Хар чулуут гэх газар морь уядаг юм. Өнөөдөр өглөө морьдоо сунгаад байж байтал манай морь дээр сул явна гэж хэлсэн. Очтол дүү Ууганбаярыг газар унагаагаад толгой дээр Батцоож гэх хүн хөлөөрөө гишгээд чулуу бариад зогсож байсан. Юу болсон бэ гээд салгаж автал Ууганбаяр дүүгийн нүүр улаан цус болсон босож ирсэн. Тэгээд дуудлага өгсөн. Намайг очиход Ууганбаяр дүүг газар унагаагаад толгой дээр нь Батцоож гэх хүн хөлөөрөө гишгээд байж байсан. Очоод салгатал Ууганбаярын нүүр нь цус болсон зодуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-4 тал/,
Гэрч Г.Будхангайн өгсөн: “Би Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Хар чулуут гэх газар морь уядаг юм. Өнөөдөр өглөө морьдоо сунгаад байж байтал манай морь дээр сул явна гэж хэлсэн. Очтол дүү Ууганбаярыг газар унагаагаад толгой дээр Батцоож гэх хүн хөлөөрөө гишгээд, чулуу бариад зогсож байсан. Юу болсон бэ гээд салгатал Ууганбаярын нүүр улаан цус болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Намайг очиход Ууганбаярыг газар унагаагаад толгой дээр нь Батцоож гэх хүн хөлөөрөө гишгээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Шүүгдэгч Т.Бийн гэрчээр өгсөн: “...Манай морины хүүхдийг Ууганбаяр гэх залуу хоёр удаа ташуурдаж ороолгосон байхаар нь би уурлаад унаж явсан машинаараа морьтой залууг уулын өөд хөөгөөд гүйцэхгүй байхаар нь дуудаад морьтой хүрээд ирэхээр нь мориноос татаж унагааж баруун гараараа хацар хэсэг рүү нь 2 удаа алгадаад, хөлөөрөө хавсарч унагаан зүүн хөлөө цээжин дээр нь тавьсан. Тэгээд би чи яахаараа жоохон хүүхэд зоддог юм гээд харааж зүхсэн...” гэх мэдүүлэг /хх-13 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 387 дугаартай “1.Б.Ууганбаярын биед баруун дээд 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, доод уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 5% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-15-16 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28 тал/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-37-42 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32-36 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Б.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, алгадах, өшиглөх зэргээр зодож баруун дээд 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, доод уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаяр, гэрч Ц.Чимэддорж, Г.Будхангай нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярын баруун дээд 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, доод уруулд цус хуралт учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Боос 1.000.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярын хууль ёсны төлөөлөгч Ц.Чимгээд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Бид “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярт 125.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Т.Бид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярт 125.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Боос 100.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустай ЯЦЦ-н 61 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаярын хууль ёсны төлөөлөгч Ц.Чимгээд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Бид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН