| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2018/01102/И |
| Дугаар | 1710 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1710
2018 оны 09 сарын 10 өдөр Дугаар 182/ШШ2018/01710 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э,
Хариуцагч: Г.Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 169 884 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.Э, хариуцагч Э.Э, өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.Э нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч буюу зээлдэгч Б.Э, Г.Ц нар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамж 12 байр, 25 тоотод байрлах 138 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалан 59 200 ам.долларын зээлийг авсан. Уг зээлийг авахдаа 35 221 ам.долларыг өөрийн “ХААН банк” ХХК-ийн харилцах дансаар, үлдэгдэл 23 387 ам.долларыг бэлнээр авахдаа ам.долларыг төгрөгт шилжүүлэн авсан.
Хариуцагч нар нь зээлээ төлөхгүй олон сар болсон, бид холбогдож уулзах гэхээр олдохгүй, хаягаар нь очихоор байдаггүй байдаг байсан. Г.Ц олдохгүй байсан, Б.Э нэг удаа ирж, зээл авсан нь үнэн, төлнө гэсэн утгатай өргөдөл бичиж өгч байсан.
Бид шүүхэд хандах үеийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан ба үндсэн зээлээс 94 691 721 төгрөг, үндсэн хүүнд 61 794 966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 317 665 төгрөг, мөн 30 000 төгрөгийг нотариатын зардалд, эрэн хайх ажиллагааны зардалд 50 000 төгрөг, нийт 169 854 352 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжилж байна.
Манай байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, энэ нь хэрэгт байгаа баримтаас харагдана. Тухайн үед Б.Э нь 2, 3 зээлтэй байсан. Тус депозит дансны хуулгаас дээрх 2, 3 зээлийн төлөлтүүд бүгд багтсан байгаа. Энэ зээлийн эхний төлөлт нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1950 ам.доллар гэж хийгдсэн байна. Хэрэгт Э.Э өмнө 2 зээлтэй байсан, тэр зээлийн төлөлтүүдийн нэгдсэн депозит данс авагдсан байгаа. 4 000 ам.доллар, 11 000 ам.доллар нь Э.Э-ийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлийн төлөлтөд тооцогдон хасагдсан байна. Иймд байдлаар өмнөх зээлийн төлөлтүүд нэгдсэн депозит дансаар харагдаж байгаа. Хүү тооцоолсон хүснэгтээр бид энэ 59 200 ам.долларыг зээлсэн зээлийн гэрээний төлөлттэй холбоотой гүйлгээг тусад нь гаргасан. Уг тооцоо ч депозит дансны хуулгатай тохирч байгаа. 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс эхлэн энэ зээлийн төлөлт хийгдэж эхэлсэн байдаг. 59 200 ам.долларын үндсэн зээлээс 19 638 ам.доллар, хүү 20 928 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 3 475 ам.доллар хасагдсан байгаа. Зээлийн мөнгийг зээлдэгч өөрөө хүлээж авсан баримт нь байгаа, уг зээлээс өмнөх зээлээ төлөх, хаах эрх нь өөрийнх нь асуудал байх. Өөрөө ч өмнөх зээлээ хаасан гээд тайлбарлаж байна, 23 387 ам.долларыг төлөхгүй гэх үндэслэл байхгүй гэв.
Хариуцагч Э.Э-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 18-нд зээлийн гэрээ байгуулах үедээ тухайн үеийн ам.долларын ханш 1 940 төгрөгөөр тооцож 59 200 ам.долларыг шилжүүлэн өгсөн байдаг. Гэхдээ энэ нь Б.Э-ийн дансанд биш “Н ББСБ” ХХК-ийн өөрийнх нь депозит дансанд оруулсан. Ингэхдээ 23 387 ам.долларыг бэлнээр хүлээж авав тэмдэглэгээ хийж, үлдэх 35 221 ам.долларыг “ХААН банк” ХХК-ийн дансанд хийсэн. Ингэснээр 35 221 ам.долларын хувьд зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу захиран зарцуулах эрх үүссэн. Харин үндсэн депозит данснаас өрөнд суутгасан 23 387 ам.долларт зээлдэгч аливаа нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. Учир нь 23 387 ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцоход 44 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь тухайн өдөр хариуцагчийн автомашины зээлд суутган авсан байдаг. Ингэснээр Монгол банкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан “Актив, активын зээлийг санхүүжүүлэх тухай” 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот журмын 2.2-ын а-д “тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүү нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр зээлдэгчээр төлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Хариуцагч 23 387 ам.долларт ногдох хэмжээний хүү төлөх үүрэггүй, гагцхүү 35 221 ам.долларт ногдох хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үедээ ам.долларын ханшийг 2 300 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг ханшийн өсөлт бууралтай байвал валютын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцохоор тусгасан байдаг. Үүрэг үүсэх үеийн ханш гэдэг нь зээлийн гэрээ байгуулснаар зээлдэгч зээлдүүлэгчийн өмнө төлбөрийн үүрэг гүйцэтгэх үүрэг үүсэж байгаа. Үүрэг гүйцэтгэх гэдэг нь тухайн төлбөрийг тодорхой хугацаанд шат дараатай төлөх байсан бол шат дараатай төлөх үеийг гүйцэтгэх үүрэгт тооцож, үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 1 940 төгрөгөөр тооцож өгнө үү. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэрэгт 2 баримт хавсаргасан байдаг. 1/ Депозит дансны хуулгыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 23 387 ам.долларыг бэлнээр олгов гээд тэмдэглэл үйлдсэн. Мөн тэр өдрөө 35 221 ам.долларыг Э.Э-ийн 5062103677 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа 23 387 ам.долларыг бэлнээр олгосон баримтыг хавсаргадаг боловч тус мөнгөөр өмнөх машины зээлийг төлүүлсэн нь харагдаж байгаа. Мөн түүнчлэн депозит дансны хуулга буюу 106200775 тоот данс нь бүхэлдээ 59 200 доллар орсноос хойш үүссэн данс байгаа. Тухайн үүссэн дансанд нийт 118 492 ам.долларын төлбөрийг төлснөөр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн дээр 59 292 ам.долларын орлогыг хийж гүйцэтгэсэн байна. Өөрөр хэлбэл хариуцагч нь тухайн ам.долларын зээлийг аваад холбогдох өр төлбөрийг төлж дуусгасан харагдаж байгаа. Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-д тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай зөвшөөрлөөр тодорхой заахаар заасан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан үйл ажиллагаанд хугацааг мөн тусгасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр хавсаргаж өгсөн тусгай зөвшөөрөлд 2011-2014 оны хугацаанд үйл ажиллагаа явуулахаар зааж өгсөн байгаа нь бусад онуудад үйл ажиллагаа явуулах эрхгүй байна. Тиймээс зээлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч Э.Э, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169 884 352 төгрөг гаргуулыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар нь үл зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сарын 18-нд байгуулсан зээлийн гэрээний 59 200 ам.доллараас өмнөх автомашины зээлийн үлдэгдлийг суутган авч, 35 221 ам.доллар ХААН банкны 5062103677 тоот дансанд шилжүүлсэн, ингэж зээлийг бүрэн олгохгүй зээлээр зээлийн хүү төлүүлэхийг хориглох тухай Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 475/180 дугаартай “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах тухай журам”-ын 2.10-т заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан болон Иргэний хуулийн тайлбарт заасны дагуу төлбөр төлөх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн, гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлбөрийг тооцохоор заасан байхад ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, гэрээний зөрчил гарсан үеэс нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, Э.Э 35 221 ам.долларын зээлд хүү тооцож төлөх ёстой, үүнийг төлсөн, тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгагдаагүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Хариуцагч Э.Э, Г.Ц нар нь нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 18-нд 59 200 ам.долларыг сард 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийг хангахаар зээлийн барьцаанд Г.Ц-гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, Сөүлийн гудамж, .. дугаар байр, .тоот хаягт байралах, м.кв талбайтай, өрөө орон сууцыг барьцаалсан байна.
Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №106201290 тоот “Зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ” зэргээр нотлогдсон бөгөөд эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.,156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь гэрээний зүйл болох 59 200 ам.долларыг зээлдэгч буюу хариуцагч талд шилжүүлэх, зээлдэгч нь сард 3 хувийн хүү буюу зээлийн үнэ төлөх, гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 18-нд 35 221 ам.долларыг хариуцагч Э.Э-ийн эзэмшлийн ХААН банк дахь харилцах дансанд, 23 387 ам.долларыг бэлнээр олгож, 592 ам.долларыг зээлийн шимтгэлд тооцсон нь ХААН банкны 5062103677 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Н ББСБ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий кассын зарлагын баримт, Э.Э-ийн зээлийн дасны хуулга, хүү тооцоолсон хүснэгт зэрэг баримтаар нотлогдсон.
3. Хэрэгт авагдсан депозит дансны хуулгаас үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 27-ныг хүртэл 16 545.65 ам.долларыг хариуцагчаас төлсөн байх ба үүнээс 15 370.65 ам.долларыг өөр зээл буюу 106200775 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаар хариуцагч тайлбарласан, үлдэх 1 175 ам.долларыг 106201290 тоот зээлийн гэрээний дагуу төлсөн учир хасах ёстой гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Үүнээс үзэхэд өөр зээл буюу 106200775 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 16 545.65 ам.долларыг төлсөн байх ба энэ нь талуудын хооронд байгуулсан №106201290 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтэд хамаарахгүй байна.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, дээрх зээлийн депозит дансны хуулгыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь №106201290 тоот гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд 410 ам.доллар төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байх ба хариуцагчаас энэ зээлийн гэрээний үүргийг төлсөн байдлыг тооцоход Э.Э нь 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд 22 удаагийн төлөлтөөр /нэмэгдүүлсэн хүүд тооцсон дүнг зээлийн үүргээс хасч тооцов/ зээлд 20 823.59 ам.доллар, зээлийн хүүд 23 220.04 ам.доллар төлсөн байна.
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад зээлд 59 200 ам.доллар төлөхөөс 20 823.59 ам.доллар төлж, 38 378 ам.долларын үлдэгдэлтэй, зээлийн хүүд 31 966.64 ам.доллар төлөхөөс 23 220.04 ам.доллар төлж, 8 747.4 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 18-нд дууссан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх 337 хоногт 38 378 ам.долларын зээлийн хэтэрсэн хугацааны хүүд 12 933 ам.доллар тооцогдсон байна.
5.Хариуцагч нь энэ зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүүг үүрэг үүсэх үеийн ам.долларын ханш болох 1940.73 төгрөгөөр тооцон төлөх ёстой, төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т заасны дагуу зээлийн үлдэгдэл 38 378 ам.доллар, түүний 1,3 хувийн хүү буюу 2015 оны 05 дугаар сарын 18-наас 2017 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэл хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 8 747.4 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүүд 12 933 ам.долларыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2 393.52 төгрөгөөр тооцон шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Э.Э, Г.Ц нар нь зээлд 91 858 510 төгрөг, зээлийн хүүд 20 936 119 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 30 955 394 төгрөг, нийт 143 750 024 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “...зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно...” гэж заасан байх ба талуудын хоорондохь №106201290 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.14-т “нэмэгдүүлсэн хүү:...зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг...төлнө...нэмэгдүүлсэн хүү нь зээлдүүлэгчийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзнэ.
7.Хариуцагч Э.Э нь хариуцагч Г.Ц зээлийг авч хэрэглээгүй учир төлөхгүй гэж тайлбарлаж байх боловч №106201290 тоот “Зээлийн гэрээ”-нд зээдэгчээр Э.Э, Г.Ц нар зээлдэгчийн үүрэг хүлээж гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 3.18-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нар зээлдүүлэгчийн өмнө зээлийг төлөх үүрэгтэй, түүнчлэн нэхэмжлэгч нь зээлдэгч нарын аль алинаас нь зээлийн үүргийг шаардсаныг дурдах нь зүйтэй.
8.Хариуцагч Г.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 01-нд нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй ч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д хэргийн материалыг 2018 оны 07 дугаар сарын 02-нд танилцуулан мэтгэлцэх эрхийг хангасан, шүүх хуралдааны товыг Г.Ц-гийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тоот хаягаар мэдэгдснийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасны дагуу түүний эзгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
9.Хэрэгт улсын бүртгэлийн 9015001146 дугаартай, 5255961 регистрийн дугаартай “Н ББСБ”-ын улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан ба түүнд 2012 оны 12 дугаар сарын 28-нд оноосон нэр нь “Н ББСБ” болж өөрчлөгдсөн тухай тэмдэглэсэн, мөн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чигэлэлээр “банк бус санхүүгийн зээл, гадаад вальютын арилжаа эрхлэх” гэж тодорхойлсон, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 11 дүгээр сарын 28-нд олгосон 1/134 тоот “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”, тус хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрйин 533 дугаар тогтоолын хавсралтад тусгай зөвшөөрөл нь хугацаагүй болсон ББСБ-ын нэрний жагсаалтын 117-д нэхэмжлэгч байгууллага орсон тухай баримт байна.
Үүнээс үзэхэд хариуцагч Э.Э-ийн, нэхэмжлэгч нь зээл олгох, хүү тооцох эрхгүй, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй тайлбар үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний өөр зээлийн үүргийг дээрх 59 200 ам.долларын зээлээс төлсөн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
10.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрж хайхтай холбоотой гарсан зардалд 50 000 төгрөгийг зарцуулсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг ханган гарган өгөх үүргийн дагуу зарцуулсан бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсний зардалд 30 000 төгрөг, нийт 80 000 төгрөгийг хариуцагч нараас шаардах үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, №106201290 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 143 750 024 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулан нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 007 372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 876 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Э.Э, Г.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 143 750 024 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26 134 328 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 007 372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 876 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА