| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0346/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/365 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,
Хохирогч Р.Б,
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Н холбогдох эрүүгийн 2234004110318 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт гар утас алга болсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Р.Бтай маргалдаж баруун нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гэртээ зээ охинтойгоо юм уугаад сууж байтал Р.Б Жавзаа эгчийг дагуулж орж ирсэн. Жавзаа эгч ганц юм авч ирэхээр нь хувааж уугаад Р.Б манайд унтах гэж байснаа гараад явсан. Би хүүхэдтэйгээ хамт үлдсэн. Хоол идээд байж байтал манай нөхөр ирсэн. Жавзаа эгч утсаар яриад хүрээд ир гээд дуудсан тэгээд очоод би хэд сууж байтал Р.Б гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд утасны талаар маргаан хийхээр нь би зүүн гараар савсан хаана цохисон мэдэхгүй байна. Өмнө нь бид хоёр жоохон зүйл уучихсан байсан болохоор тэгтэл манай нөхөр ямар ядаргаатай юм бэ орж унт гээд намайг явуулсан тэгээд би орж унтсан юу болсон талаар мэдэхгүй байна.” гэв.
Хохирогч Р.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр танай хайрын төрсөн өдөр юм байна би нэг өмд 10,000 төгрөг аваад очно гэсэн. Очтол Наранцэцэг юм уугаад ачтайгаа байж байсан. 20,000 төгрөг өгөөд нэг архи аваад ир гэсэн. Жавзаа эгч 12.500 төгрөг өгсөн. Тэгээд намайг яваад ир гэсэн би явсан. 2 шил архи авч ирээд уусан дараа нь намайг нэг архи авчих гэхээр нь бас нэг архи авч ирсэн. 3 шил архитай байж байгаад Жавзаа эгч явсан үлдсэнийг нь бид хоёр уусан хоёулаа согтсон. Хороондоо маргасан утасны хэрүүл гарсан. Би арын айл руу очоод залгачихаад иртэл утас нь дугарсан. Миний найз утас чинь байна ш дээ гэтэл яадаг юм би сая нь оллоо гэсэн. Намайг эхлээд аяархан цохисон яаж байгаа юм бэ гэтэл за яах вэ дээ аяархан цохисон юм чинь гэсэн. Тэгэхээр нь юм санаагүй. Манай найз Ганбаа нэг найзтайгаа орой орж ирсэн дахиад жоохон үргэлжлүүлээд уугаад байж байтал дахиад утасны хэрүүл хийгээд дахиад цохчихлоо гэхэд за сүртэй юм вэ наадах чинь гайгүй гэсэн. Тэгээд идэж уугаад байж байсан Ганбаа найз маань та хоёр хоёулаа согтуу байна дандаа утасны хэрүүл хийдэг унт хоёулаа гэсэн. Тэгээд унтаж босож ирээд хартал аймар болчихсон байсан. Миний найзаа ийм аймар болчихсон байна гэж хэлтэл надаас уучлаарай найз гэж гэм буруугаа хүлээсэн. Бид хоёр 30,40 жил найзалчхаад ийм зүйл болно гэдэг үнэхээр муухай байна. Би найздаа хэлсэн найзынхаа хохирлыг барагдуулаад өг гэж Төв аймгийн эмнэлэгт 2 удаа хэвтсэн Улаанбаатарын нэгдсэн эмнэлэгт том хагалгаа хийлгэсэн. Охиноосоо нуугаад 6 хоног эмнэлэгт хэвтсэн. Надаас болж охин минь 2 сар ажилгүй байсан. Бид хоёр нэгэндээ орж гарч идэж ууж хонож өнждөг байсан нь үнэн. Насны эцэст 55,56 настай хоёр хөгшин ингээд явах муухай.” гэв.
2234004110318 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Р.Бы өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвд хуучин эмнэлгийн нийтийн байранд ганцаараа амьдардаг, одоогоор нүдний өвчний улмаас 80 хувиар группийн мөнгө авдаг. 2022 оны 05 сарын 07-ны өглөө 11 цаг өнгөрч Жавзан гуайн хамт Угтаалцайдам сумын төвийн байшин хороололд байдаг найз Наранцэцэгийнд очсон тэднийд ороход Нараа ганцаараа юм угаагаад байж байсан тэгээд Нараа надад 20.000 мянган төгрөг өгөөд 1 шил 0.5 литрийн "Хараа" архи аваад ирээч гэсэн чинь Жавзан гуай бас надад 13.000 мянган төгрөг өгөөд бас 1 шил архи, ундаа захихаар нь би дэлгүүр яваад "Органик" дэлгүүр ороод захисан юмнуудыг авчраад бид гурав 2 шил архиа хувааж ууцгаасан, тэгээд архиа уугаад дуусч байсан чинь Нараа намайг архи ав гээд байхаар нь би 1 шил 0.5 литрийн архи авчраад ууцгаасан 3 дахь архийг ууж байхад Жавзан гуай гэртээ харьлаа гээд яваад өгсөн, бид гурвыг уугаад сууж байхад Бөөмбөг орж ирж сууж байгаад гараад яваад өгсөн тэгээд бид хоёр хоёулаа үлдээд сууж байтал Нараа над руу утас алга болсон гээд хэрүүл хийгээд байсан би юу гэж чиний утсыг авч байдаг юм бэ гээд хэлсэн, тэгээд утсаа хайгаад байхаар чи ямар нь би гарч яваад Сүхээ гэдэг айлд очоод Нараагийн утас руу залгасан чинь дуудаад байсан, би буцаад очсон чинь Нараа гэртээ үүдний жижиг өрөөнд сууж байхаар нь хажууд нь очоод суусан чинь Нараа утсаа олчихлоо гэхээр нь би муухай юм бэ, хүн гүтгээд байхдаа яадын гэсэн чинь - чи ямар сүртэй юм. Утсаа олчихсон гээд байхад гараараа миний муу хардаг зуун нуд руу цохичихсон - тухайн үед бид хоёр согтуу байсан болохоор тэднийд унтаад өгсөн унтаж байгаад өглөө сэрсэн чинь миний нүд хавдаад хөхөрчихсөн, тэр өдөр би гадагшаа гарч чадалгүй Нараагийнд өнжсөн. Бид хоёр архи ууж байгаад дууссан чинь, миний утас алга өвөл бас нэг утас алга болсон гээд намайг авчихсан юм шиг хэрүүл хийгээд тэрнээс л болсон. Нараа намайг гэрт нь ороод зүүн гар талд нь зэрэгцээд сууж байхад зүүн гарынхаа араар нэг удаа цохисон миний баруун нуд руу цохисон. Нараа бид хоёр зүгээр найз нөхдийн харилцаатай. Миний баруун нүдний зовхи хөхөрч хавдсан, толгой тархи байнга өвдөж байгаа, нүдээ эмнэлэгт үзүүлээд хэвтэж эмчлүүлж байгаа. Бид хоёр хоёулаа их согтсон байсан, Нараа намайг цохиход хажууд өөр хүн байгаагүй бид хоёр хоёулахнаа байсан. Би маш гомдолтой байна, миний хараа муу нүд рүү шалтгаангүй цохисон.” гэх мэдүүлэг/хх-9 тал/,
Гэрч О.Жавзангийн өгсөн: ...Ганбаагийн гэрт ороход Наранцэцэг нь надад банштай цай хийж өгнө гэж хэлсэн..., тэгээд Наранцэцэг нь Баттайванд нэг шил архины мөнгө өгсөн би бас Баттайванд нэг шил архины мөнгө өгсөн..., тэгээд удалгүй Баттайван дэлгүүрээс хоёр шил архи авчирсан..., Наранцэцэг, Баттайван хоёр утас яриад маргаад байсан нөхөр Ганбаа нь та хоёр дандаа утас яриад маргаад байх юм ууж идэж чадахгүй байж гэж хэлсэн Наранцэцэг нь ширээ тойрч сууж байгаад гараа савлаад Баттайваны нүүрийг цохисон яг хаана цохиж байгааг хараагүй..., Наранцэцэг нь Баттайваныг гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон Наранцэцэг нь зүүн гараа савсан намайг харж байхад нэг удаа тэгээд Баттайван газар унасан Наранцэцэг нь босоод том өрөөнд ороод унтсан.” гэх мэдүүлэг/хх-14-15 тал/,
Гэрч Ц.Түмэндэлгэрийн өгсөн: “Би Баттайван гэх хүний биеийг 2022 оны 5 дугаар сарын 9-ний өглөө 10 цагийн үед байх утсаар тус суманд амьдардаг Амгалан эгч залгаад чи Баттайваны гэрт яваад ирээч Баттайваны биеийг үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хуучин эмнэлэгийн хоёр давхарт амьдардаг Баттайваны гэрт очиж Баттайван гэх хүний биеийг үзэхэд баруун нүд нь том хавдсан дээд зовхи, нүдний уг руу хөхөрч хөх туяа суусан, зовхийг татаж үзэхэд дотор талдаа цус хурсан, амын үзүүлэлт хэвийн даралт ихэссэн байсан. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх талаар хэлж хэвтэх бичиг хийж өгнө та юмаа бэлдээд араас ир гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж хэвтүүлсэн. Би та нүдээ яасан юм гэж асуухад эгч нь хоёр хоногийн өмнө шөнө явж байгаад юм мөргөсөн гэж хэлсэн. Би юм мөргөхөөр ийм болохгүй гэж хэлэхэд намайг хүн цохисон чи хүнд хэлж болохгүй шүү гэж хэлсэн.” /хх-17 тал/,
Шүүгдэгч Э.Нийн сэжигтнээр өгсөн: “Баттайван бид хоёр Угтаалцайдам сумын сургуульд хамт сурч байсан, манай нөгөө бүлэгт сурч төгссөн. Одоо бол найз нөхдийн холбоотой, 30 жил найзалж байна. Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өглөө гэртээ юм угаагаад байж байтал, Тайвнаа. Жавзан эгчийг дагуулчихсан орж ирсэн. Тэр өдөр манай нөхрийн төрсөн өдөр тохиож байсан бөгөөд Тайвнаа манай нөхөрт хар ангийн даавуун өмд бэлэг гээд авчраад надад өгсөн. Жавзан эгчид би 0.5 литрийн "Хараа" архи авч өгөх гээд Тайвнаад 20.000 төгрөг өгөөд захисан, тэгэхэд Жавзан бас 1 шилд 0.5 литрийн "Хараа" архи захиад авчирч бид гурав 2 шил архиа хувааж ууцгаасан, архи дуусгаад Жавзан эгч гэртээ хариад Ганбаа ирэхээр ирье гээд гэр рүүгээ явсан. Тэгээд бид хоёр нилээн халцгаагаад жаахан унтацгаасан. 17 цагийн би босоод хоол хийх гээд бэлдээд байж байтал, Тайвнаа сэрж босч ирээд нөгөө бэлгэнд өгсөн өмдөө аваад гараад явсан, 18 цагийн үед манай нөхөр Энхээ ах хоёр ажлаасаа тараад орж ирсэн, тэр хооронд Жавзан эгч манай нөхөртэй утсаар яриад гэртээ байна гэсэн чинь хүрээд ирсэн, тэгээд тэр гурав цай уугаад сууж байхад, гаднаас Тайвнаа ганцаараа шал согтуу хана тушчихсан, авч гарсан өмдөө барьчихсан орж ирсэн, тэгээд Ганбаад төрсөн өдрийн бэлэг гээд өмдөө бэлэглэчхээд миний зүүн гар талд зэрэгцээд суусан. Өмнө нь би 12 сард нэг гар утас алдсан байсан чинь тэрийг сөхөж яриад намайг кок Нараа, баян биз дээ чи, чиний утсыг би хулгай хийгээгүй, сая таван зуун мянган төгрөгийн утас гээ биз дээ гээд над руу дайраад агсраад байхаар нь би чи одоо болио, битгий өнгөрсөн баларсан яриад бай дуугай бай гээд зүүн гарынхаа араар саваад цохисон эргүүлээд миний уруулын дотор талыг гараараа цохиод миний дотор уруулыг яз цохичихсон, тэгээд манай нөхөр та хоёр хойшоо орж унт гээд бид хоёрыг загнахаар нь би босоод хойд өрөөнд ороод унтаад өгсөн. Ганбаа миний араас Тайвнааг нэг бол хойд өрөөнд орж унт, нэг бол харь гээд босгох гээд гарнаас нь татсан чинь босоод хойд өрөө рүү орох гэж явахдаа унаад хаалганы дай мод мөргөөд ойчсон гэсэн тэгээд босож ирээд хойд өрөөнд ороод газар унтсан гэсэн. Бид нар унтаад өгсөн, өглөө босоход баруун нүдний бундуутай хэсэг нь хөхрөөд хавдчихсан байсан, тэгсэн чинь намайг чи ийм болгосон гээд над руу дайрахаар нь би яанаа найз нь мэдэхгүй байна аа, уучлаарай гэж хэлсэн, өдөр нь манайд байж байгаад гэртээ харьсан. Бид гурав миний мэдэж байгаагаар хоёр шил архи л уусан, архийг тайвнаа бид хоёр ихэнх архийг уусан, Жавзан эгч бол бие муутай гээд нэг их уугаагүй. Тайвнаа утас алга болсон талаар яриад агсрахад манай нөхөр Ганбаатар, Жавзан эгч, Энхээ ах бид хэд л байсан, хажуу айлын Дүгэрмаа орж гараад яваад байсан. Надад бол нөгөөдөр нь Нарангэрэл гэдэг хүн Жавзан гуайг авах орж ирэхэд Тайвнаа эгчийн нуур руу гарынхаа араар цохих шиг л болсон, зөрүүлээд Тайвнаа эгч зөрүүлээд цохисон гэж ярьсан. Манай нөхөр ч гэсэн Тайвнааг хаалга мөргөж унасан талаар ярьсан. Нэг их муудаад сүйд болдоггүй. 3 жилийн өмнө нэг хэрэлдээд над yy? руу дайраад байхаар нь алгадаад авсан. Тайвнаа ч гэсэн намайг эерүүлээд цохиж авсан. Тайвнаа утас яриад хэрүүл хийгээд байхаар нь би гарынхаа араар цохисон, зөрүүлээд Тайвнаа миний ам руу цохиод уруул яз цохисон, одоо бол эдгэсэн байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ, миний зүгээс ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай “1.Р.Бы биед баруун ухархайн хананы хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-24-25 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Р.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, баруун нүдэн тус газар нь гараараа цохиж Р.Бы биед баруун ухархайн хананы хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралдалт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Р.Б, гэрч О.Жавзан, Ц.Түмэндэлгэр нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Р.Бы биед баруун ухархайн хананы хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралдалт учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Нийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Бд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нээс 1.524.382 төгрөгийг гаргуулан олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Нт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.319.100 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Э.Нт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.319.100 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нээс 1.524.382 төгрөгийг гаргуулан Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат 2 дугаар баг, 3 дугаар байр, 2 тоотод оршин суух хохирогч Р.Бд олгож, үлдэх 975.618 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Нт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН