Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/824

 

187/2019/0422/Э

 

 

 

 

2019          8           15                                        2019/ДШМ/824

                                                       

Э.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

хохирогч А.О,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Э.Уд холбогдох 1710004790369 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бууралууд овгийн Эрдэнэчимэгийн У, 1988 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лидерс партнер” ХХК-д барилгын заслын бригадын ахлагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 771в тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЦ88110641/;

            Э.У нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центро” баарны хойд талын авто зогсоолд байрлаж байсан иргэн А.Энхболдын өмчлөлд бүртгэлтэй “BMW-760” загварын 72-77 УНИ улсын дугаартай авто машин дотроос иргэн А.Оын эзэмшлийн цүнхтэй бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүд, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.515.320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Уянгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн Уд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уас 2.515.320 төгрөг гаргуулж, хохирогч А.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, 1710004790369 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.У цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Од учруулсан 2.515.320 төгрөг болох хор хохирлыг төлж барагдуулах бөгөөд хоригдох хугацаандаа маш их гэмшиж байна. Миний анх удаагаа хийсэн, гэм буруугаа үнэнхүү ухамсарлан гэмшиж байгааг минь харж үзэж, үр хүүхдэдээ очих замыг минь нээж хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж зааснаар шүүгдэгч Э.Уянгын ар гэрээс хохирогч А.Од хохирол, төлбөр болох 2.515.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Хохирол, төлбөр төлөгдсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг удаа үйлдсэн нөхцөл байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Уд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн, хянан харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

            Хохирогч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийг хүлээн авсан. Тиймээс шүүгдэгч Э.Уд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Э.У нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центро” баарны хойд талын авто зогсоолд байрлаж байсан иргэн А.Энхболдын өмчлөлд бүртгэлтэй “BMW-760” загварын 72-77 УНИ улсын дугаартай авто машин дотроос иргэн А.Оын эзэмшлийн цүнхтэй бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүд, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.У нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргаж, хохирол төлбөр төлсөн баримт шүүхэд өгч байна. Прокурорын зүгээс өмгөөлөгчийн тавьсан хүсэлтэд тусгайлан гаргах саналгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Э.У нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центро” баарны хойд талын авто зогсоолд байрлаж байсан иргэн А.Энхболдын өмчлөлд бүртгэлтэй “BMW-760” загварын 72-77 УНИ улсын дугаартай авто машин дотроос иргэн А.Оын эзэмшлийн цүнхтэй бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүд, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.515.320 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч А.Оын “...Би 2017 оны 9 дүгээр сарын 8-ны орой нөхөр Хасдалайгийн хуучин салсан эхнэр Уатай уулзаж ... “Центро” баар орж вино уусан. ...Шөнийн 1 цаг өнгөрч байхад нөхөр маань ирээд намайг баарнаас аваад ... явах гэтэл би..машинд суухгүй гээд нилээн юм болсон. ...Энэ үед би үүрч явсан цүнхээ нөхөртөө өгсөн. ...Харин нөхөр маань цүнхийг өөрийнхөө 72-77 УНИ улсын дугаартай хар өнгийн ... автомашины сандал дээр орхиод намайг аргадах гээд буцаж ирсэн. ...Нэлээн маргалдаж байгаад бид 2 гэртээ харих болоод машиндаа суугаад би нөхрөөс цүнх яасан гэхэд ... алга болчихсон байна гэсэн. ...Ойр орчимд манай нөхөр мөн салсан эхнэр У нь байсан. ...” /хх 21-22, 23-25/,

            шүүгдэгч Э.Уянгын “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ... 19-ийн үйлчилгээний төвийн бааранд оръё гэхээр нь зөвшөөрч орсон. ...Би 00-д орж Хасдалай руу залгаж ирээд ав гэж хэлсэн. ...Тэндээс Хасдалай Оыг үүрээд, би куртик, цүнх, rap утас зэргийг нь аваад гарсан. ...Оын гар утас надад байгааг маргааш нь мэдсэн. Тэгээд би маргааш нь хөдөө явах ажилтай байсан болохоор шууд явсан. ...Гap утсыг нь аваад явчихсан юм. ...” /хх 80-81/,

            гэрч Б.Хасдалайгийн “...У “Центро” баарнаас гарч ирээд Оыг дотор байгаа гэхээр нь би ... очоод ... Оыг үүрээд авч гарсан. ...Машин дээр очоод Оын цүнхэн дэх эд зүйлсийг нь шалгаад гар утсыг нь ... цүнхэн дотор нь хийгээд зогсож байтал О ... зам руу ... гүйх гээд байхаар нь ... очиж аваад машин дээр ирээд Оын цүнхийг нь өөрийнхөө машины урд талын суудал дээр тавьсан. ...Би Уаг “чи одоо явах хэрэгтэй байна, тэгэхгүй бол О уурлаад байна” гэхэд Уа яваад өгсөн. ...Оыг машинд арай гэж суулгаад хөдлөх гэтэл машин дотор байсан Оын цүнх нь алга болчихсон байхаар нь гайхаад тэр хавиар хайсан боловч олдоогүй. ...” /хх 36-37/,

            гэрч П.Ганзоригийн “...би 2017 оны хавар 80191049 дугаарыг ... “Юнител”-ийн салбараас 80191048 гэх дугаартай хосоор нь авч байсан. Тухайн 80191049 дугаарыг манай эхнэр Э.У тухайн авсан үедээ ... барьсан. ...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гар утсанд яагаад уг дугаарыг хийсэн эсэхийг мэдэхгүй. ...Тухайн үед уг дугаартай сим карт Э.Уд байсан. ...2017 оны 9 дүгээр сард манай эхнэр Э.У нь салсан нөхрийнхөө шинэ эхнэр Оюунаатай уулзаад архи дарс уусан байсан. Тэгээд орой нь салахдаа нөгөө Оюунаа гэгч нь согтуу байсан учраас юмнуудыг нь авч өгөхдөө гар утсыг нь үлдээчихсэн байна гэж надад хэлсэн. ...” /хх 83/ гэх мэдүүлгүүд, үүрэн холбооны оператор “Юнител” ХХК-ийн 05-01/5224, 5-01/2014 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа /хх 40, 46/, “Дамно” ХХК-ийн №ХУ1-19-29 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 65-66/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон баримтуудыг үндэслэн Э.Уянгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Уянгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Шүүгдэгч Э.У “...Миний бие хохирогч Од учруулсан 2.515.320 төгрөг болох хор хохирлыг төлж барагдуулах бөгөөд хоригдох хугацаандаа маш их гэмшиж байна. Миний анх удаагаа хийсэн, гэм буруугаа үнэнхүү ухамсарлан гэмшиж байгааг минь харж үзэж, үр хүүхдэдээ очих замыг минь нээж хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч У нь бусдад учруулсан гэм хорыг арилгасан, хохирол нөхөн төлсөн болон хохирогч А.О нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, болон хохирогч А.Оын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Хохирол төлбөрийг хүлээн авсан. Тиймээс шүүгдэгч Э.Уд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн заалтыг баримтлан шийтгэх тогтоолд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн Уд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Эрдэнэчимэгийн Уянгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил /нэг/-ийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3. Э.У нь 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан 2.515.320 төгрөгийг хохирогч А.Од төлсөн болохыг тус тус дурдсугай.

            4. Шүүгдэгч Э.Уянгыг нэн даруй суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ