Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2021/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат холбогдох Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, Насан туршийн боловсролын төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авсан. Энэ цагаас эхлэн Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийг ажлын байртай болгох, шаардлага журмын дагуу үйл ажиллагаа явуулж улирал, жилээр ажлаа дүгнүүлдэг байсан. Бидний ажлыг хангалттай үнэлдэг байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Манай байгууллагын хамт олны урагштай сайн явдаг байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг дарга намайг дуудсан. Би тухайн өдөр дуудсан ёсоор нь очоод уулзахад намайг нам солигдож гарсан учраас та ажлаа өгөх ёстой байна. Бид удирдлагуудаа өөрийн гэсэн хүмүүсийг томилох учраас та ажлаа өгөх хэрэгтэй байна гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Дараа нь 12 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаад та ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй байна. Бид таны ажлыг 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авна гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед ирээд таны ажлыг хүлээж авч танай байгууллагын менежерт хүлээлгэн өгөх гэж байна гэсэн. Тухайн үед Засаг даргын 2 удаа дуудаж уулзахад нь төрийн албыг харилцан тохирно гэж байж болохгүй гэдгийг хэлж байсан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзахад нь таны оронд гаднаас хүн ажиллуулах уу? дотроос ажиллуулах уу? гэхээр нь бүүр болохгүй бол дотроос нь ажиллуулъя гэсэн. Гэтэл 12 дугаар сарын 04-ний өдөр гэнэт орж ирээд ажлыг чинь хүлээж авахаар ирлээ гэсэн. Би албан ёсоор Засаг даргад бичгээр хүсэлт гаргасан зүйл байхгүй. Ажил хүлээлцсэн өдөр надаар сонсох ажиллагаа гэсэн баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Хэрэгт авагдсан баримтад 12 дугаар сарын 03-ны өдөр гэсэн байсан. 12 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зуруулж авсан. Би өөрийн гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Надад ажлыг чинь хүлээлцэнэ гэж 12 дугаар сарын 01-ний өдөр хэлсэн байсан. Би яг хэзээ ирэхийг мэдээгүй. 12 дугаар сарын 04-ний өдөр гэнэт ороод ирэхэд нь шокод орсон. Орж ирээд өөрсдийгөө ямар чиглэлтэй байгаагаа тайлбарлаад танайхаас комисс байгуулж хүмүүс оруулж ирнэ гээд манай бичиг хэргийн ажилтан, нярвыг дуудаж хурал хийнэ гэсэн. Түүнээс өмнө өргөдөл бичээд өг гэсэн. Тэгэхээр нь би өргөдлийг дараа нь өгье. Өнөөдөр ажил авахаар ирсэн юм чинь тамгын хүлээгээд авчих гэсэн. Ажилчид байсан тул би ажлаа өгөхгүй гэж уйлах зүйл байхгүй. Надад ёс зүй гэж байдаг. Тийм учраас тамга тэмдэг өгье. Дараа хүсэлтээ өгье гэхэд үгүй та эхлээд хүсэлтээ бичиж өг гэсэн. Тэгээд би юу гэж бичих вэ? гэхэд хэлээд өгье гээд н.Алтайбаатар дарга хэлж өгөөд би бичсэн. Тухайн үед сэтгэл зүйн болон бие тавгүй байсан. Гэтэл дараа нь багшаар гэж үг орж ирсэн байна лээ. Би анзаарахгүй бичсэн байсан. Тухайн хүсэлтээр дөрөөлж байгаа. Гэхдээ одоо болтол багшийн тушаал гаргаж өгөөгүй. 12 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт бичүүлж аваад за боллоо гэж хэлээд яваад өгсөн. Манай өмгөөлөгчийн тайлбарласан Засаг даргын Тамгын газарт тухайн хүсэлт гаргаж байгаа тохиолдолд зохих журмын дагуу явах ёстой. Мөн манай байгууллагад 1 хувь үлдэх ёстой байсан. Гэвч байхгүй байгаа. Би Г.Б тамга, тэмдгээ өгсөн. Тэгээд дараа нь бичиг хэргийн ажилтнаа дуудаж би хамгийн сүүлийн тушаал гаргасан. Нэгэнт захирал Г.Б болж байгаа тул Г.Б-ийг менежерээс чөлөөлөх тухай тушаалын төсөл боловсруулж тамга дарж өгөх гэсэн боловч Г.Б гараад явсан байсан. 13 цаг буюу цайны цаг болсон байсан. Би тухайн тушаалыг бичиг хэргийн ажилтандаа өгч үдээс хойш нь эмнэлэг явсан. Миний бие өвдөж байсан учраас эмнэлэгт очиж үзүүлээд актаа авсан. Миний амралт дутуу байсан. Би амралт гэхгүйгээр ажлаа хийгээд явдаг байсан. Амралтын 5 хоног дутуу байсан. Үүнийг Г.Бт албан ёсоор хэлсэн. Би эмнэлэгт хэвтэж байгаа тухай актаа авч, эмчилгээ хийлгэж байхад ажлынхан тухайн үед нь эргэж ирж байхдаа харж байсан. Би 12 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа албан ёсоор ирэхэд манайхан байхгүй байсан. Тэгээд бичиг хэргийн ажилтнаас асуухад манайхныг захирал амар гэсэн гэж хэлсэн. Дараагийн ажлын өдөр нь 01 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. Намайг өвчтэй байсан хэдий ч дуудаж тушаал өгөх боломжтой байсан. Нэг эсвэл тушаал гаргаад хавсаргасан бол сонсгох боломжтой байсан. Би 01 дүгээр сарын 04-ний өдөр ирээд тушаал гардаж авах байх гээд ирэхэд тушаал өгөөгүй. Би өөрөө уулзахад таныг менежерээр авна гэсэн. Мөн байгууллага, хамт олны өмнө менежерээр ажиллуулна гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь байгууллагын хурал хийхэд тушаал өгөөгүй. Уг нь хамт олны өмнө зарласан тул өгөх байх гэж бодож байсан боловч тушаал өгөхгүй байсан. Тэгээд хэдэн хоногийн дараа би ерөөсөө таныг менежерээр ажиллуулахаа болилоо. Та багшийн ажил хий гэсэн. Тэгэхээр нь Засаг дарга менежерээр ажилла гэж миний ажлыг өгүүлсэн биз дээ гэж бидний хооронд маргаан болсон. Би өдөр болгон орж ирээд тушаалаа авъя гэхэд багшийн ажил хий гэдэг. Ёс зүй хүнд байх ёстой. Ёс зүйгүй байж болохгүй. Би жил болгон эмнэлэгт хэвтдэг байсан бол төрийн ажил хийсэн цагаас хойш эмнэлэгт хэвтэж өвчтэй байна гэж яваагүй. Байргүй байсан ажлыг 102 сая төгрөгөөр өөрийн гэсэн байртай болгосон. Ер нь би ажлаа Засаг даргын шахалтаар өгсөн. Үүний дараа Г.Б ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаа нь үнэндээ арга байхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар гаргая. Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж шаардлага гаргасан байдаг. Хариуцагчийн хувьд хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм гэдэг агуулгаар өмнө нь тайлбар гаргасан. Маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаартай захирамжийн агуулгад өнөөдрийн маргаан явагдаж байгаа. Тус захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд үндэслэл бүхий байх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдал тогтоогдсон байх зарчимд хэрхэн нийцсэн талаар тайлбар өгөх зүйтэй байх. Аймгийн Засаг дарга захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэж харилцан тохиролцсоны дагуу гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтыг дараа товч танилцуулъя. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар баримт гаргаж өгсөн. Тус баримтад Б.Бгийн аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт, сонсох ажиллагаа болон холбогдох бусад баримтыг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбартаа сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурсан гэж байна. Хүсэлтийн талаар дурдсангүй. Шүүх хуралдааны явцад өөрөө гаргасан эсэх нь тодорхой болох байх. Хэрвээ өөрөө гараагүй гэх тохиолдолд энэ баримтыг хэн, хэзээ гаргасныг тогтоох ажиллагаа гарвал хариуцагчийн зүгээс хүсэлт гаргах байх гэсэн бодолтой байна. Өнөөдрийн маргаан нь Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай асуудал байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа гэв.

Гуравдагч этгээд Г.Бээс гаргасан тайлбартаа: Насан туршийн боловсролын төв нь Засаг даргын дэргэд гэж анх 2014 онд байгуулагдсан. Би 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 дах жилдээ сургалтын менежерийн ажлаа хийж байна. Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа Б.Б захиралтай 3 жил ажилласан. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Засаг даргатай уулзсан өдрөө намайг дуудаж хоёулаа ажлаа сольё. Засаг дарга дотроосоо хүн ажиллуулах боломжтой гэхээр нь би чамайг санал болгож байна гэсэн. Би тухайн үед хариу өгөөгүй. Саналыг сонсоод өнгөрсөн. Дараа нь 12 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцэнэ гээд хүн ирсэн. Би 12 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Насан туршийн боловсролын захирлаар ажиллаж байгаа гэв.

Гэрч Ц.Ц шүүхэд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан тушаалыг хагас сайн өдөр гаргасан. Надад үлдэх хувь нь надад үлдсэн. Харин танилцуулж өгөх тушаалыг би өгнө гэж хэлээд Г.Б  өөрөө аваад гарсан. Харин 2 дах удаагийн тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б-ын Б Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны Б/10 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг тус тус үндэслэж, харилцан тохиролцсон гэж Б.Бг ажлаас чөлөөлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. гэж заасан байх ба энэ нь бүх шатны Засаг даргаас өөрийн бүрэн эрх, тухайлсан хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах нийтлэг эрхийг илэрхийлсэн заалт юм.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар заажээ. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн эдгээр заалтаас харахад төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хууль, түүнд тухайлан заасан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар заасан байна. Иймээс Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа албан хаагч тул Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр энэхүү гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал төсвийн шууд захирагчийн хувьд Төрийн албаны хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ. гэж зааснаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан баталж, гүйцэтгэлийг хариуцан ажиллах үүрэгтэй. Энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан хаагчид төрийн албаны хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч болох хэдий ч түүнийг зөвхөн энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг ажилтан учир Төрийн албаны хуулийг баримтлах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчид үр дүнгийн гэрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын албан тушаалд томилсон Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэсэн байдаг.

Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Насан туршийн боловсролын төвийн захирал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаалд хамарч байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлүүдийн нэг нь талууд харилцан тохиролцох явдал юм. Энэ нь ажил олгогч, ажилтан хоёрын хэн нь санал гаргаснаас үл хамааран гэрээг дуусгавар болгох талаар талуудын хүсэл зориг нэгдсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар хэлэлцсэн, зөвшилцсөн байх нөхцөлөөр тодорхойлогдоно. Энэ тохиолдолд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэл зоригоор сайн дурын үндсэн дээр гаргасан байх гэсэн агуулгыг шаардахгүй юм.

Нэхэмжлэгч Насан туршийн боловсролын төвийн захирлын албан тушаалд ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохыг зөвшөөрөн харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарладаг.

Гэвч нэхэмжлэгч Насан туршийн боловсролын төвд багш биш менежерээр ажиллахаар тохирсон гэж маргаж байгаа боловч харилцан тохиролцсоноо бичгээр илэрхийлэхдээ багшаар ажиллах болсон гэж дурдсан байна.

Харин нэхэмжлэгчийг Насан туршийн боловсролын төвийн багшийн ажилд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр томилсон гэх боловч энэ түр томилсон тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 16-нд гаргасан болох нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Насан туршийн боловсролын төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг сургалтын менежерийн албан тушаалд томилон ажиллуулж эхэлсэн байна. Нэхэмжлэгч энэхүү тушаалтай танилцсан, одоо энэ албан тушаалд ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан цалингийн баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч гуравдагч этгээд Г.Бийг Насан туршийн боловсролын төвийн захирлаар томилсон талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч хариуцагчтай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б-ын Б-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.ОЮУНСҮРЭН