Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0026/З |
Дугаар | 221/МА2024/0464 |
Огноо | 2024-07-09 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0464
П.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2024/0026/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Н нь “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаар шийдвэрээр: “нэхэмжлэгч П.Нын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сард дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгээр өгсөн хариуг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “...П.Нд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, горькийн 16 дугаар гудамжны 386а, 387, 388, 389, 395, 396, 397, 398, 399, 400 тоот хаягт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 36632.2 м2 газрыг үндэслэж зоорьтой 16 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1816.1 м2 барилгажих талбайд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр МЗХ2023/06-009 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Загвар зургийг баталсан байна. Иргэн П.Н нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г нөхөж олгуулах тухай хүсэлтийг тус газарт гаргасан. Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Н нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүй дур мэдэн Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх”, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3-д “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” заалтуудыг зөрчин, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн.
3.2. Иймд дээрх хуулиудыг зөрчин барилгын ажлыг зөвшөөрөлгүйгэзр гүйцэтгэсний дараа “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч П.Н нь анх Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 27.3.2-д “зураг төсөлд магадлал хийгдээгүй”, 27.3.3-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” хэмээн тодорхой заасан, ийнхүү барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд энэ барилгын хувьд үүсээгүй, хариуцагчийн татгалзалд ийм тодорхой үндэслэл заагаагүй юм. Тодруулбал нэхэмжлэгчийн барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, оршин суугчдаас аливаа гомдол гаргаагүй буюу маргаан байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газартаа барилга барих эрхийг хязгаарлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр хариуцагчийн татгалзалд нөхөж олгохгүй гэхээс өөрөөр хуулиар тодорхойлсон аливаа үндэслэл заагаагүй байна. Нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрөл хүсч холбогдох маягтын дагуу хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй Хот байгуулалт хөгжлийн газрын эс үйлдэхүй нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчимд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй байна. Тодруулбал ийнхүү хүсэлт гаргах үедээ нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, барилгын ажлын зураг төсөлд магадлал хийгдээгүй байсан бол хариуцагч нь эдгээр үндэслэлийг заагаад тухайн үедээ барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг гаргаж хариу өгөх үүрэгтэй байжээ. Тиймээс шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхисон эс үйлдэхүйн хувьд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг анхан шатны шүүх зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний барилгын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн” гэх хүсэлтүүд нь хэрэгт авагдаагүй, хүсэлт өгсөн эсэх талаар баримт байхгүй байх тул давж заалдах шатны шүүх “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
2.6. Нэхэмжлэгчээс “20 гаруй иргэнтэй гэрээ байгуулсан. Мөн газраа чөлөөлөөд манай барьсан барилгад орохоор гэрээ байгуулсан иргэд байгаа” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүх энэ талаар тодруулж, хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
2.7. Өөрөөр хэлбэл, үзлэг хийх журмаар нэхэмжлэгчээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүссэн хүсэлтийг хэзээ, хэдэн удаа гаргаж байсан эсэх, маргаан бүхий барилгын ажил баригдсан эсэх, иргэдтэй гэрээ байгуулсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй эсэх, хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
2.8. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөн, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ