Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч Т.Т, И.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Т, И.А нарт холбогдох эрүүгийн 2234001940346 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ....төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, атлер их буучин мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ....оршин суух, тэтгэвэрт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Т

2.Монгол улсын иргэн, ..... төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 2, эхнэрийн хамт ....оршин суух, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуульд манаач ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т, И.А нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэрэлжийн бургастайн ам” гэх Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг буюу 3.4 м3 шинэс модыг бэлтгэж, Hyundai Porter маркийн 58-06 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 2.714.228 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч И.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Т.Т, И.А нар нь бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэрэлжийн бургастайн ам” гэх Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газраас 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг буюу 3.4 м3 шинэс модыг бэлтгэж, Hyundai Porter маркийн 58-06 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 2.714.228 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234001940346 дугаартай хэрэгт авагдсан

            Иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбилэгийн өгсөн: “Миний хувьд үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж хэрэгт оролцоно. Мөн Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49-р зүйлд заасан үнэлгээгээр гарсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж хохирол барагдуулна.” гэх мэдүүлэг/хх-42-43 тал/,

            Гэрч Л.Чимгээгийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 6-ны өдөр байсан байх манайх түлэх түлээгүй болчихоод түлээний хэрэг гарсан. Манай нөхөр Төмөрхуяг булчирхайн хорт хавдартай химийн эмчилгээнд 6 удаа орсон бие муутай хүн байсан тул Төмөрхуяг хамаатны дүү болох Алтангэрэлийг гуйгаад түлэх түлээтэй болно гээд явсан. Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг Бургастай гэх газар очиход Алтангэрэл Төмөрхуяг нар модоо бэлдчихсэн бууж ирж байсан. Буцаж явж байгаад цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг /хх-44-46 тал/,

            Гэрч Д.Саранцэцэгийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байсан байх манай нөхөр Алтангэрэл Төмөрхуяг ахтай хамт модонд Бургастай руу явлаа гэж хэлээд явсан. Би бас хүүхдээ агаарт гаргах зорилгоор араас нь Төмөрхуяг ахын эхнэр Чимгээг аваад араас нь очсон. Бид хоёрыг очих үед модоо бэлтгээд дуусчихсан портерт ачаад эргээд бууц байсан. Тэгээд буцаж яваад цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

            Шүүгдэгч Т.Тийн сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн Бургастайн ам гэх газраас хамаатны хүн болох И.А түүний эхнэр Саранцэцэг манай эхнэр Чимгээ нартай хамт бид манай охины 2 настай хүүхдийг аваад өглөө 12 цагийн үед гэрээсээ гарч Бургастайн аманд миний эзэмшлийн 08-66 УАС улсын дугаартай Портер, мөн И.Аийн Ланд-80 маркийн 58-05 УБС улсын дугаартай хоёр тээврийн хэрэгсэлтэй уулын модонд очсон. Алтангэрэлтэй хамт 11 ширхэг босоо мод хөрөөдөж унагаагаад Алтангэрэлийн Ланд-80 маркийн машинаар чирч модноос гаргаж зам дээр аваачиж байгаад хэрчимлээд портер дээрээ ачаад Тэрэлж орох гээд явж байсан чинь явж байгаад экологийн цагдаатай таарсан. Би ямар ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ээ миний мод бэлдсэн газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ой учраас тэндээс мод бэлтгэх эрхийн бичиг иргэнд олгодоггүй. Ланд-80 машинаар ойд бэлтгэсэн модоо зам руу чирч гаргаж цагаалсан, харин нөгөө портер машинд цагаалсан модоо ачаад Тэрэлж явсан...” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Шүүгдэгч И.Аийн сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн Бургастайн ам гэх газраас түлээний мод бэлтгэхээр Т.Т эхнэртэйгээ 2 насны хүүхэдтэйгээ, би эхнэр Саранцэцэгийн хамт өглөө 11 цагийн үед хоёр машинтай Тэрэлжийн Бургастайн ам гэх газар очоод ойгоос 11 ширхэг босоо мод хөрөөдөж унагаад модоо ой дотор хоёр хувааж бөөгнүүлээд миний Ланд-80 маркийн 85-05 УБС улсын дугаартай машинаар чирч модноос гаргаж машин зам дээр хоёр хэсэг бөөгнүүлж байгаад хэрчимлэж хөрөөдөөд портер дээрээ ачаад би портерийг нь бариад Төмөрхуяг ахтай хамт Тэрэлж орох гээд явж байтал экологийн цагдаатай таарсан. Би ямар ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би өөрийн хэрэгцээнд хэрэглэх гэж ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-6-19 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-68-82, 88-101 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-22 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-24-33 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-136-137 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-139-148 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Т, И.А нар гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчдийн буруутай үйлдлийн улмаас ойн санд 2.714.228 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, И.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.Т нь тэтгэвэрт, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан/хх-137 тал/, одоо 61 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч И.А нь тэтгэвэрт, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан/хх-136 тал/, одоо 54 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Иргэний нэхэмжлэгчид 2.714.228 төгрөгийн хохирол төлөгдсөн, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, И.А нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөөний үнэ болох 181.700 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-66 УАС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.910.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2234001940346 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Т.Т, И.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Т, Хүрэмт овогт И.А нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, И.А нарыг тус тус 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, И.А нар нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаанд гаргахгүй байхаар тогтоосугай.

 

4.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т, И.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь байгаль орчин цаг уурын санд 2.714.228 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, И.А нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөөний үнэ болох 181.700 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-66 УАС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.910.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, И.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т, И.А нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН