Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
Хэргийн индекс | 105/2022/0714/Э |
Дугаар | 2022/ШЦТ/734 |
Огноо | 2022-05-20 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/734
2022 05 20 2022/ШЦТ/734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
Улсын яллагч А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлнө/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт *******-д холбогдох эрүүгийн 2202 00094 0143 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
О овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сургалт, гадаад харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Сангийн сайдын 2012 оны 276 дугаарт тушаалаар батлагдсан ‘Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-аас орох орлогыг мөнгөн кассад бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана”, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын тушаал 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 106 дугаар “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны журам батлах тухай” тушаал, түүний хавсралтын 1 “тус эмнэлгийн үндсэн ба туслах үйл ажиллагаа /бусад орлого/-оос орох орлогыг нэг цэгийн үйлчилгээ /сувилагчийн пост/, байгууллагын касст бэлнээр хүлээн авч, тухайн ажлын өдөр дуусахаас өмнө кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана.” гэснийг тус тус зөрчиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн байранд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах” мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 86 их эмчийн сургалтын төлбөр болох 101,376,000 төгрөг. усад төлбөрт 11.780.000 төгрөг, нийт 113.156.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тус эмнэлгийн номын санч Э.М-ыг өөрийн дансанд хураан авах үүрэг чиглэлийг өгч, хураалган, Э.М-ын хураан авсан сургалтын төлбөрөөс 31.384.000 төгрөгийг бэлнээр авч “Алтан бумба” санхүүгийн нэгдэл ХХК-д барьцаалсан өөрийн ... дугаарын зээлийн төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 30.290.770 төгрөгийг төлж, мөн 1.000.000 төгрөгийг О.М-ын Хас банк дахь ... тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ... тоот дансанд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2202 00094 0143 дугаартай хэргээс:
Гэрч Э.М-аас гаргасан баримтуудыг хүлээн авсан тэмдэглэл, баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 127-151 дэх тал/,
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 4/222 дугаартай албан бичиг, түүний хавсралт
/1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-15 дахь тал/,
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын тушаал 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/136 дугаар
/1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дахь тал),
Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 он 3 дугаар сарын 1-ний өдрийн 97/ 56 дугаар тушаал
/1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дахь тал/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Ж-ы 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “...Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/631 дуугаар тушаалаар 2021 онд Үндсэн мэргэшлийн сургалтад суралцах их эмчийн нэр, мэргэшлийн чиглэл, сургалтын төлбөрийг баталсан байна. Уг тушаалаар 2021-2022 оны хичээлийн жилд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үндсэн мэргэшлийн сургалтад 117 их эмч хамрагдаж нийт 164.736.000 төгрөгийн сургалтын төлбөрийг төсвийн харилцах дансанд төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл 2021-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэн суралцах Улсын хоёрдугаар төв эмнэлгийн их эмч нарийн нэр болон төсөвт төвлөрүүлсэн сургалтын төлбөрийн орлогыг тулган шалгахад 101.376.000 төгрөгийн сургалтын төлбөр, бусад хураамжийн орлого 11.780.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, харилцах дансанд орлогоор бүртгэн төвлөрүүлээгүй байна ******* нь бэлнээр хүлээн авсан 113.156.000 төгрөгийн орлогоос 33.384.000 төгрөгийг нь хувьдаа авч, үлдэх 79.772.000 төгрөгийг бусад зардалд зарцуулсан санхүүгийн баримттай байна. ******* нь бэлэн болон бэлэн бусаар авсан гэх 33.384.000 төгрөгөөс 30.290.770 төгрөгийг “Алтан бумба санхүүгийн нэгдэл” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний төлбөрт тушаасан, 1.000.000 төгрөгийг ХААН банк дахь ... дугаартай харилцах дансаар авч зориулалтын бусаар зарцуулсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон “Алтан бумба санхүүгийн нэгдэл" ХХК-аас ирүүлсэн санхүүгийн баримтаар нотлогдож байна...” гэсэн 10 дугаартай магадалгаа
/2 дугаар хавтаст хэргийн 24-34 дэх тал/,
“Алтан бумба” санхүүгийн нэгдэл ХХК-ийн 12 дугаар сарын 01-ний өдрийн “...зээлдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлэгч “Алтанбумба Санхүүгийн нэгдэл” ХХК талууд харилцан тохиролцон ... гэрээний дугаартай зээлийн гэрээ бичгээр үйлдэн үүрэн операторын ... дугаарыг барьцаалан 30,000,000 /гучин сая төгрөг/ барьцаалан зээл олгосон билээ. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 30,290,770 /гучин сая хоёр зуун ерэн мянга долоон зуун далан төгрөг/-өөр зээлээ бэлнээр хаасан...” гэсэн 21/1737 дугаартай албан бичиг, барьцаат зээлийн гэрээ,
/1 дүгээр хавтаст хэргийн 38-44 дэх тал/,
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын тушаал 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 106 дугаар “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны журам батлах тухай” тушаал, түүний хавсралт
/1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Санхүүгийн алба хураах ёстой. Угаасаа сургалтын алба бэлэн мөнгө, төлбөр хураах эрх байхгүй. Резидент эмч нарын сургалтын төлбөр нь нэгдсэн журмаар санхүүгийн албанд хураагдаад резидент эмч нарын сургагч багш болон өөрсдийнх нь ажиллагаанд зарцуулагдаж явдаг. Тэгэхдээ энэ мөнгийг төрийн сангаас зохицуулдаг....М нь 2021 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байгаа. М-д ямар нэгэн сахилгын арга хэмжээ тооцоогүй. Учир нь М-ыг буруутай гэж үзээгүй. Удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлсэн байна гэж үзсэн. Энэ үйлдэлд нь шууд арга хэмжээ авах үндэслэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг
/2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/,
Гэрч Э.М-ын “...2021 оны 8 сарын сүүлээр резидент эмч нарын элсэлт эхэлсэн бөгөөд тухайн үед манай сургалт, гадаад харилцааны албаны дарга Б надтай уулзаад резидент эмчээр бүртгүүлж байгаа суралцагчдаас жилийн 704,000 төгрөг, 2 жилийн нийт 1,408,000 төгрөг хураа, энэ мөнгийг А захирал 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулах гэж байгаа юм аа, энэ ажлыг манай албанд даалгасан, арга зүйч амарчихсан учраас би хураах шаардлагатай байна, тус мөнгийг хураахдаа чи өөр дээрээ шинээр данс нээлгээд картыг нь захиалаад надад өгчих гэсэн зүйлийг хэлсэн. Мөн суралцагчдаас төлбөрийг нь авахдаа заавал бэлнээр авна шүү, хүүхдүүдээс ихэвчлэн 2 жилээр төлбөрөө аваарай гэж надад даалгасан. Б “би өөрөө хүүхдүүдэд тайлбар хийчих ураас чи мөнгөө хураачих” гэж хэлсэн. Би тухайн үед Баярсайханд “хүүхдүүдийн төлбөрийг хурааж авч ойн арга хэмжээнд зарцуулчхаад дараа нь яаж төлбөрийг нь төрийн санд тушаах юм бэ” гэсэн чинь Б “захирал хэлж байхад чи битгий том зүйл яриад бай. Он гарсны дараа эмнэлэгт хийгдсэн урьдчилан сэргийлэх төлбөртэй үзлэгээс мөнгийг нь гаргаад авчихна, санхүүгийн албатай ярьж байгаад хүүхдүүдийн төлбөр төлсөн баримтыг нь өгчихнө’’ гэсэн зүйл ярьсан. Ингээд нийт 107 хүүхдээс төлбөр хураасан бөгөөд мөн бусад зардлын мөнгө гэж дотрын анагаах судлалын чиглэлээр сурч байгаа хүүхдүүдээс эхлээд үнэмлэхийн 10.000 төгрөг, хувцасны шүүгээний 60.000 төгрөг хураасан. Ингээд хураагаад явж байтал Б дарга 70.000 төгрөг биш 140.000 төгрөг бусад зардал гэдгээр хураа гэж надад хэлсэн. Ингээд надад нийт 113.156.000 төгрөг цугларсан. Тус мөнгийг бэлнээр хурааж байсан болохоор би гаргаж байгаа зарлагаа дэвтэр болон компьютер дээр тэмдэглэдэг байсан. Би зарим мөнгөө бол дансанд хийдэг байсан. Тус мөнгөний зарцуулалтын талаарх тайлан тусад нь тэмдэглэсэн байгаа 113.156.000 төгрөгөөс Б дарга 2021 оны 9 сарын 20-ны өдөр 32.384.000 төгрөг надаас бэлнээр ажил дээр авсан. Энэ мөнгө нь тухайн үед дотрын салбарын резидентүүдээс буюу 1 жилийн 6 хүүхэд, 2 жилээр 20 хүүхдийн төлсөн төлбөр байсан. Энэ мөнгийг Б дарга надаас авахдаа “чиний толгой чинь их мөнгө дээр эргэчихнэ. Би энэ эхний байдлаар хураалгасан мөнгийг чинь өөр дээрээ байлгаж байя” гэж хэлээд тоолоод авсан. Хүмүүсээс хураасан мөнгө байсан учраас янз бүрийн дэвсгэртүүдээр байсан. Би бол тухайн мөнгийг шүүгээндээ хадгалж байсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гаргах өргөдлөө өгөхдөө Б-д надад төлбөрөөс бэлнээр хадгалагдаж байсан 370.000 төгрөгийг өгсөн байгаа. Мөн өөрийнхөө данс руу 2021 оны 11 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлж авсан байгаа. Би Б даргын шилжүүл гэсэн данс руу нь мөнгөнүүдийг нь шилжүүлж байсан бөгөөд баримтууд нь бүгд надад байгаа...” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ээлжийн амралтаас орж ирсэн чинь номын санч М резидент эмч нарын төлбөр хурааж байна гэдгийг харсан. М нь намайг ажилдаа орж ирсний дараа би мөнгө хурааж байгаа ажлаа танд шилжүүлмээр байна гэхээр нь би боломжгүй гэдгээ хэлсэн. Номын санч М 1 өдөр ажлаас чөлөө авсан бөгөөд тухайн чөлөө авсан өдөр нь резидент эмч нараа орж ирсэн төлбөрийг нь би хурааж авсан. 2,3 хүүхэд л төлбөр тушаасан бөгөөд тэр төлбөрийг нь маргааш нь М-д бүтнээр нь хүлээлгэж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,
Гэрч Я.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын сүүлээр манай эмнэлгийн эрдэм шинжилгээ, иноваци хариуцсан дэд захирал Г, сургалтын менежер М, сургалтын албаны дарга Б нар надтай орж ирж уулзаж байсан. Тухайн үед уулзаж байхдаа эрдэм шинжилгээний хуралд шаардлагатай байгаа мөнгөө резидентүүдийн мөнгөнөөс авч хэрэглээд дээр нь хандив тусламжийн мөнгөө орж ирэхээр буцаагаад хийчих үү гэсэн зүйл ярьж байсан. Тухайн үед би яагаад резидентүүдийн төлбөр сургалтын алба дээр байдаг юм бэ гэж Б-аас асууж байсан бөгөөд Б надад хэлэхдээ резидентүүд олноор бүртгүүлж гардаг учраас нэгдсэн байдлаар хураагаад дараа нь нэгдсэн байдлаар тушаадаг юм аа гэсэн зүйл ярьж байсан. Резидент эмчийн төлбөр ямар зохицуулалтаар хэрхэн хурааж авдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. ...би резидентийн асуудалд огт оролцож байгаагүй. Энэ төлбөрийн талаар анх сонссон нь эрдэм шинжилгээний хурал болохын өмнө хурлын зардлыг дээрх төлбөрөөс түр гаргая гэхээр нь бэлнээр нь хурааж талаар анх мэдсэн. Ингээд Б яагаад байгууллагын дансанд хийхгүй байгаа талаар тодруулж дансанд тушаахыг үүргээ болгосон...” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дэх тал/,
Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидент эмчийн сургалтын төлбөрийн 45 хувь нь резидент эмчийг удирдсан багшид цалин болж очдог. 5 хувь нь суралцагчийн үнэмлэх, дипломын төлбөрт, 15 хувь нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд, 35 хувь нь резидентийн сургалтын үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Энэ мөнгөний тооцоог буюу удирдах багш ажилтанд хэдэн хувийг нь хэрхэн олгохыг сургалтын алба хариуцаад тооцоо гаргаж Санхүүгийн албанд өгдөг. Бид нар гаргасан төсөв тооцоог нь үндэслээд удирдагч багшид нэмэлт урамшууллыг нь олгоод явдаг. Төрийн сангийн мөнгөн, кассын журам гэж байдаг. Энэ журамд төсөвт байгууллага орлого зарлагаа хэрхэн тушаах талаар зохицуулсан байгаа. Журамд зааснаар бол аливаа байгууллагын үндсэн ба туслах үйл ажиллагааны орлогыг байгууллагын бэлэн мөнгөний касс болон харилцах дансанд тушаах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ журмыг үндэслээд байгууллагын санхүүгийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан эмнэлгийн даргын “бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны мөрдөх журам”-ыг баталсан байгаа. ...2021 оны 10 сарын дундуур байх. Яг өдрийг нь санахгүй байна. Манай тооцооны нягтлан Б, нярав О нар дээр Б резидент эмчийн сургалтын төлбөр тушаая гээд бэлнээр мөнгө барьж орж ирсэн юм байна лээ. Би яг хажууд нь байгаагүй бөгөөд нярав О надад “сургалт гадаад харилцааны албаны Б резидентийн төлбөр гээд бэлэн мөнгө аваад ирлээ, сургалтын албаныхныг хойшид бэлэн мөнгө авчрахгүй шүү гэж загналаа” гэж надад хэлээд “энэ мөнгийг нь одоо яах уу гэхээр нь” үндсэн дансандаа орлогоор ав гэдгийг хэлсэн. Ингээд маргааш нь А захирал намайг өрөөндөө дуудахаар нь очсон чинь “Б сургалтын төлбөр бэлнээр гар дээрээ авсан гэсэн яриа байна. Чи мэдэж байгаа зүйл байна уу” гэхээр нь “өчигдөр Б бэлэн мөнгө авчирч тушаасан байна лээ. Бэлэн мөнгө хураах асуудал байхгүй шүү гэдгийг манай нярав нягтлан анхааруулж хэлсэн гэсэн гэдгийг хэлсэн. Ингээд Б-ыг А захирал өрөөндөө миний хажууд дуудаад “резидентийн төлбөр гар дээрээ авсан зүйл байна уу гэсэн чинь Б авсан гэдгээ хүлээсэн бөгөөд А захирал итгэл алдаж бэлэн мөнгө авч хэл ам таталлаа, хийх ёсгүй үйлдэл хийлээ гэж уурлаж загнасан. Ингээд захирлын өрөөнөөс гараад М-аас эрүүл мэндийн сайдын тушаалыг /резидент элсүүлсэн тушаал/ аваад шүүж үзсэн чинь манай эмнэлэгт 120 хүүхэд суралцах тушаал байсан бөгөөд энэ хүүхдүүдээс өөр эмнэлэг рүү шилжсэн, суралцахаа больсон хүүхдүүдийг хасаад 110 гаруй хүүхэд 1-р курст суралцаж байсан. М-аас мөнгө хураалгасан хүүхдүүдийн жагсаалтыг гаргуулж аваад зөвхөн сургалтын төлбөрийн тооцоог хийж бүгдийг нь дансанд тушаалгалсан байгаа. Сургалтын төлбөртэй холбоотой тооцоо байхгүй. Сургалтын төлбөрөөс гадна нэмэлтээр 10.000-140.000 төгрөг хураасан байсан тул энэ мөнгийг резидент эмч нарт буцааж олгож гарын үсэг зуруулж ав гэсэн шаардлагыг М-д тавьсан бөгөөд М бүх мөнгийг нь тарааж дуусгасан байна лээ. Мөн резидент эмч нарыг нэгдсэн байдлаар цуглуулж хурал хийгээд төлбөр тооцоог зөвхөн байгууллагын дансанд тушаах ёстой гэдгийг сануулаад Б өгсөн төлбөрийг кассанд нэрээр чинь тушаалгаад төлбөрийн баримтыг хүн нэг бүрд М-аар хүргүүлсэн. Та нарт авсан гэсэн гарын үсэг зурсан байна. Үнэн үү гэж асуусан бүгд үнэн гэж хэлсэн. Мөн бусад зардал гэдгээр хурааж авсан мөнгийг буцааж олгуулсан. Та нар мөн гарын үсэг зурсан байна. Энэ үнэн үү гэж асуусан чинь авсан гэдгээ бүгд хэлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” “..Резидент эмчийн сургалтын төлбөр нь 1 жилийн 704.000 төгрөг бөгөөд 2 жилийн 1.408.000 төгрөг. Би 1 жилийн төлбөр болох төгрөг, бусад зардлын төлбөр болох 140.000 төгрөг буюу нийт 1.548.000 төгрөгийг 2021 оны 10 сарын эхээс 5-н билүү 6-ны өдөр сургалт, гадаад харилцааны албаны номын санч М-д бэлнээр хураалгасан. Тус сургалтын төлбөр болон бусад үйл ажиллагааны зардлыг бэлнээр хураалгасан шалтгаан нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дугаар эмнэлгийн сургалтын албаны дарга Б хурлын зааланд бүх резидент эмч нартай уулзалт зохион байгуулах үедээ сургалтын төлбөрийг бэлнээр номын санч М-д хураалгана. Мөн Гэрч Ц.Б-ийн “..Резидент эмчийн сургалтын төлбөр нь 1 жилийн 704.000 төгрөг бөгөөд 2 жилийн 1.408.000 төгрөг. Би 1 жилийн төлбөр болох 1.408.000 төгрөг, бусад зардлын төлбөр болох 140.000 төгрөг буюу нийт 1.548.000 төгрөгийг 2021 оны 10 сарын эхээс 5-н билүү 6-ны өдөр сургалт, гадаад харилцааны албаны номын санч М-д бэлнээр хураалгасан. Тус сургалтын төлбөр болон бусад үйл ажиллагааны зардлыг бэлнээр хураалгасан шалтгаан нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дугаар эмнэлгийн сургалтын албаны дарга Баярсайхан хурлын зааланд бүх резидент эмч нартай уулзалт зохион байгуулах үедээ сургалтын төлбөрийг бэлнээр номын санч М-д хураалгана. Мөн Бусад үйл ажиллагааны зардал гэж 140.000 төгрөг хураалгах ёстой гэж хэлж байсан. ингээд хэлснийх нь дагуу төлбөрийг тушаасан. Мөнгө бэлнээр тушаах үед ямар нэгэн баримт өгөөгүй бөгөөд харин сүүлд эрүүл мэндийн яамнаас шалгалт ирэх үед төлбөр тушаасан баримтыг нөхөж олгосон. Мөн бусад зардал гэж хураасан мөнгийг буцаан олгож гарын үсэг зуруулсан байгаа...” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...резидент эмчийн сургалтын төлбөр нь жилийн 704.000 төгрөг бөгөөд 2 жилийн 1.408.000 төгрөг. Би 1 жилийн төлбөр болох 704.000 төгрөг, бусад зардлын төлбөр болох 140.000 төгрөг буюу нийт 884.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын дундуур сургалт, гадаад харилцааны албаны номын санч М-д бэлнээр хураалгасан...” гэх мэдүүлэг
/1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг зэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сургалт, гадаад харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Сангийн сайдын 2012 оны 276 дугаарт тушаалаар батлагдсан ‘Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-аас орох орлогыг мөнгөн кассад бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана”, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын тушаал 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 106 дугаар “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны журам батлах тухай” тушаал, түүний хавсралтын 1 “тус эмнэлгийн үндсэн ба туслах үйл ажиллагаа /бусад орлого/-оос орох орлогыг нэг цэгийн үйлчилгээ /сувилагчийн пост/, байгууллагын касст бэлнээр хүлээн авч, тухайн ажлын өдөр дуусахаас өмнө кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана.” гэснийг тус тус зөрчиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн байранд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах” мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 86 их эмчийн сургалтын төлбөр болох 101,376,000 төгрөг. бусад төлбөрт 11.780.000 төгрөг, нийт 113.156.000 төгрөгийг тус эмнэлгийн номын санч Э.М-ыг өөрийн дансанд хураан авах үүрэг чиглэлийг өгч, хураалган, Э.М-ын хураан авсан сургалтын төлбөрөөс 31.384.000 төгрөгийг бэлнээр авч “Алтан бумба” санхүүгийн нэгдэл ХХК-д барьцаалсан өөрийн .. дугаарын зээлийн төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 30.290.770 төгрөгийг төлж, мөн 1.000.000 төгрөгийг О.М-ын Хас банк дахь 5004498441 тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5030035362 тоот дансанд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ы гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-ы эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт олгогдоогүй эрх хэмжээг ашиглан улсад 31.290.770 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1,2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба уг сонсгосон ялыг ******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 7500 /долоон мянган таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар *******-ы орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт *******-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ