| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2018/00710/И |
| Дугаар | 1958 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1958
2018 оны 10 сарын 08 өдөр Дугаар 182/ШШ2018/01958 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГГХ-д холбогдох,
ГГХ-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ни йөдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Бас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас гаргасан тайлбартаа: П.Б нь тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Захирлын Б/33 тоот тушаалын үндэслэлд байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг баримталсан байдаг. Захиргааны зөвлөл нь тухайн ажилтныг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхгүй тухай ГГХ-ийн дүрмийн 5 дугаар зүйлд заасан. Тушаалд дүрмийн 5.5 дугаар заалт нь захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаал шийдвэрийг захирал гаргах, 5.1-5.4 дүгээр заалтууд нь хүрээлэнгийн жилийн төсөв, ажлын гүйцэтгэл зэрэг зүйлүүдийг заасан учраас энэ заалт нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.7, 13.1, 14.8.8 дугаар заалтууд нь тухайн ажилтны гаргасан алдаа дутагдалд нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасныг ноцтой зөрчил гэж үздэг ба П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тусгайлан заагаагүй.
Мөн хөдөлмөрийн гэрээний 5.6-д ажилтан, ажил олгогч ажлын гүйцэтгэлтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь шуурхай биелүүлж, үр дүнг хариуцна гэсэн ба П.Б нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь хийж байсан. Хариуцагч тал ажлыг хийхгүй, гацааж байсан гэх мэтээр тайлбарлаж байгаа ч энэ талаар ямар нэгэн сануулга, арга хэмжээ авч байсан тушаал авагдаагүй. Мөн 6.1-д хууль тогтоомж болон хүрээлэнгийн дотоод журам, гэрээнд заасан хариуцлага гэж заасан боловч гэрээнд ямар нэг хариуцлагын талаар дурдаагүй, алдаа зөрчлийг гаргаагүй, 7.1.5-д хуульд заасан үндэслэл гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. дэх заалтыг хэлсэн байх. 7.2.2-т ноцтой зөрчил гэсэн боловч гэрээнд тухайлан ноцтой зөрчлийг тусгаагүй. Иймд П.Б нь хөдөлмөрийн гэрэнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэдэг нь нотлогдож байна.
П.Б-ыг 29 хүний гарын үсэгтэй үйл ажиллагаанд П.Б манлайлан оролцоогүй. Энэ нь хэрэгт авагдсан захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой дурдагдсан байгаа. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь хэдийгээр захирлыг дэмжиж удирдан зохион байгуулах эрхтэй ч гэсэн тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд алдаа дутагдал гарах үед зааварчилгаа өгөх бөгөөд үүний дагуу гарч байгаа үр дүнгийн талаар ажилтнуудтай ярилцаж, саналаа солилцож, тухайн бичигт гарын үсгийг дэмжиж зурсан. Түүнээс тухайн үйл ажиллагааг манлайлан удирдсан зохион байгуулсан үйл ажиллагаа байхгүй.
Мөн хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж боловсруулах үүргийг биелүүлээгүй гэж байна. Тус хүрээлэн нь нийт 10 салбартай, салбар тус бүртээ тэргүүлэх чиглэлийг боловсруулаад ажлын хэсгийн нарийн бичиг М.А-д хүргүүлж, М.А-аас эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Б нэгтгээд эрдмийн зөвлөлд танилцуулах ёстой. М.А зөвхөн өөрийн хариуцдаг салбарын тайланг явуулсан бөгөөд бусад салбарын тайланг авч нэгтгэн танилцуулах байсан. Гэтэл салбаруудаас өөрсдийн тэргүүлэх чиглэлийн талаар тайланг ирүүлээгүй учир П.Б М.А-аас ирүүлсэн и-мэйлийг бусад салбарт мөн и- мэйлээр явуулж тэргүүлэх чиглэлийг 01 дүгээр сарын 31-ний дотор ирүүл гэж шаардсан байдаг. Гэвч хариуцагч бүгдийг нь М.А нэгтгээд явуулсан мэт тайлбарласан үндэслэлгүй, зөвхөн өөрийн салбарын тайланг ирүүлсэн байдаг. Захиргааны зөвлөлийн хурлаар судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг хэлэлцдэггүй. Б/33 тоот тушаал хүчингүй болгуулах гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийлгүүлэх тухай шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Шинжлэх ухааны академийн харъяа ГГХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт өгсөн хүрээлэнгийн захирлын хариу тайлбарт үндэслэл, хариу татгалзлыг тодорхой тусгасан, тус тайлбарыг дэмжиж байна. Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Б нь ажлын байрны тодорхойлолтын дагуу энэ байгууллагыг захирлын оронд удирдах, эрдмийн зөвлөлийн бодлогын чанартай ажил боловсруулах чиг үүрэгт эрдэмтэн нарийн бичгийн дарга тусалж, хамтран ажилладаг албан тушаал юм. 2017 оны 11 дүгээр сард өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлттэй холбогдуулж энэ тушаал гарсан. 2018 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тушаал гарах болсон 2 үндэслэл байгаа.
1/. Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/73 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан дүрмийг бүх ажилтан мэднэ. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь өөрөө баримт бичиг боловсруулах үүрэгтэй. Дотоод журмын 14.8-д заасан ноцтой зөрчил гэж үзэх нөхцөл байдал бий болсон. Үүнд тус байгууллагыг 2 хуваасан эсрэг нөхцөл байдал бий болгосон, шинээр ажил гүйцэтгэж байгаа захирлын ажил хэргийн нэр хүндийг гутаасан, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц үр дүнг бий болгоод, дээд байгууллага болох Шинжлэх ухааны академи руу хамтран ажиллах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. 29 нэр бүхий ажилтнуудаас явуулсан бичигт дурдагдсан үндэслэлүүд нь бодит байдалд байхгүй, нийцээгүй бөгөөд хувийн ашиг сонирхол, бусдад ая тал зассан, байгууллагын өмчийг завшсан, эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд н.Б захирал хувийн зүгээс саад учруулсан, эрдэм шинжилгээний ажлыг явуулах боломжгүй болгосон гэх мэт байдлаар бичиг явуулж, түүнд гарын үсэг зурж, хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж П.Б оролцсон байдаг. Энэ нь өөрөө хөдөлмөрийн дотоод журмын 14.8.8-д заасан буюу хүрээлэнгийн болон удирдах албан тушаалтны талаар бодит байдалд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан нь баримтаар нотлогдсон гэсэн ноцтой зөрчилд тооцогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хүрээлэнгийн захирал нь дээд байгууллагаас томилсон тушаалын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд дээрх нөхцөл байдлаар ажлаас нь цуцлах, хийлгэхгүй байлгах гэх мэтээр байгууллагын хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл юм. Одоо энэ байгууллага хэвийн байдалд орсон байгаа.
2/. 2017 онд энэ байгууллагын тэргүүлэх чиглэлийн бодлого боловсруулах төсөл байсан бөгөөд энэ үүргээ П.Б биелүүлэхгүй байсан нь тушаалын нэг үндэслэл болж байгаа юм. Үүнийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/29 тоот захирлын тушаалаар хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар нь доктор П.Б, нарийн бичгийн даргаар нь М.А-ыг болон бусад гишүүдийг томилсон. Дээрх тэргүүлэх чиглэлийг боловсруулж эрдмийн зөвлөлд танилцуулах ажил хийгдэхгүй, танилцуулагдахгүй байсан нөхцөл байдал үүссэн. Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Бд нарийн бичгийн дарга нь холбогдох баримтыг 2018 оны 01 сард бичгээр боловсруулаад и-мэйл хаяг руу нь хүргүүлсэн байдаг. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр яагаад тэргүүлэх чиглэлийн төсөл боловсруулж танилцуулахгүй байгааг ярилцсан байдаг. Захирлын зүгээс энэ асуудлыг тодруулах гэж П.Б-ыг удаа дараа дуудаж, тайлбар авах гэсэн боловч өрөөнд орж ирдэггүй, өөрөө олддоггүй байсан. Шинжлэх ухааны академиас бодит нөхцөл байдлыг тодруулсан баримт явуул, яагаад ийм асуудал тавьж байгаа талаар тайлбар нотлох баримтыг шаардсан албан бичиг ирсэн байдаг. Үүний тараад холбогдох бармитуудыг судалж, хариуг нь явуулсан. Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 07-нд хурал зарлагдаж, хурлын зарыг хүргүүлсэн боловч ирээгүй. Уг нь энэ асуудалд эрдэмтэн нарийн бичгийн дарга оролцож, талйбараа хэлэх байсан. Тус хурлаар тэргүүлэх чиглэлийг боловсруулж танилцуулах ажлын талаар тодруулахад М.А нь ажлын комиссын дарга П.Б руу холбогдох баримтыг явуулсан гэсэн тайлбар хэлсэн. Үүнийг тодруулахаар П.Бтай уулзах гэсэн боловч тайлбар хэлэхгүй, хууль бус захиралтай харьцахгүй, тайлагнах шаардлагагүй гэсэн хариу өгснөөр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тоот захирлын тушаал гарсан байдаг. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус ерөнхий агуулгатай байна. Хариуцагчийн зүгээс байгууллагын удирдлагын нэр хүндэд сөрөг үр дагаврыг бий болгосон зөрчил учраас ноцтой зөрчил гэж үзсэн. Харин байгууллагын хурлаар энэ асуудлыг хэлэлцээд бусад хүмүүст дүрэм журмыг танилцуулаад, ажлын хэсгийн ахлагч эрдэмтэн нарийн бичгийн даргад ажлаас халах арга хэмжээ аваад, бусад албан хаагчид хурлаар сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тухайн байгууллагад үүссэн сөрөг нөхцөл байдлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд шийдвэрлэсэн. Ажлаа хийж байсан хүнийг бүхэлд нь үгүйсгээгүй. Энэ байгууллагын эв нэгдэл, ёс зүй, дүрэм журам, тогтвортой байдлыг хангах, бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх үүргийг хангаж ажиллах удирдах албан тушаалтан этгээдийн хувьд дээрх үйл ажиллагаанд оролцоод, захирлыг байр худалдаж байна, эрдмийн ажлыг тасалдуулж явуулахгүй байна гэсэн бодит байдлаас илт зөрүүтэй нөхцөл байдлыг дэмжсэн байдал нь буруу юм. 2017 оны 11 сард өгсөн үүрэг даалгавар нь 2018 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар гэхэд биелэгдээгүй байдаг, салбаруудаас төслийг авч цаг хугацаанд нь эрдмийн зөвлөлдөө танилцуулах ажлыг зохион байгуулах энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байсан болохоор хүрээлэнгийн ажил тасалдсан байгаа. 2018 оны 01 дүгээр сард дуусах ёстой, 02 дугаар сард шахаад гарч ирдэггүй, арга бараад 03 сард зөвлөлөөр орж асуудал хойшлогдсон. 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар боловсруулагдсан тэргүүлэх чиглэлийг шууд н.Б захирал руу ирүүл гээд, тэр ирүүлсэн чиглэлийг захирал өөрөө хянаж боловсруулаад Зөвлөлийн хурлаар оруулаад цааш нь дээд байгууллагаар батлагдсан нөхцөл байдаг. Хүрээлэнгийн захирлын Б/33 тоот тушаал нь хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Шинжлэх ухааны академийн харъяа ГГХ-д холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал нэхэмжлэгч П.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалаар “Хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг”-ийн ахлагчаар томилогдож, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох төслийг боловсруулж танилцуулах үүрэгтэй байсан боловч энэ үүргийг биелүүлээгүй, удирдах албан тушаалтны хувьд байгууллагын тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах, зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, захирлын ажил хэргийн нэр хүндийг гутаах, эрх ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагаврыг үүсгэсэн, бодит байдлаас зөрүүтэй агуулга бүхий бичигт гарын үсгээ зурж дэмжин оролцсон, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг хөдөлмөрийн дотоод журмын 14.8.8-д заасан ноцтой зөрчил гаргасанд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч П.Б нь 2016 оны 06 дугаар сараас хойш Шинжлэх ухааны академийн харъяа ГГХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгч болон ГГХ-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗАА/01 тоот хөдөлмөрийн гэрээ, 514100 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, тус хүрээлэнгийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тоот тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
2.П.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/33 тоот тушаалд ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг үйлдсэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хууулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.6, 6.1, 7.1.5, 7.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.1.7, 13.1, 14.8.8-д заасныг тус тус үндэслэжээ.
3.Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.2.-т “Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд: хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 14.8 дахь хэсэг бүрэн хамаарна” гэж, ГГХ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 14.8-д “Ажилтны гаргасан дараахь үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно... 14.8.8 “Хүрээлэнгийн болон удирдах албан тушаалтны талаар бодит байдалд нийцэхгүй худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдсан нь баримтаар нотлогдсон” бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.
4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ГГХ-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаал, түүний хавсралтаар тус хүрээлэнгийн 2017-2027 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй баталж, ажлын хэсгийн ахлагчаар эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Б-ыг, нарийн бичгийн даргаар нийгэм эдийн засгийн салбарын дарга, доктор М.А-ыг тус тус томилон уг ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Үүний дагуу [email protected], [email protected] гэсэн и-мэйл хаягуудаас тус хүрээлэнгийн салбаруудад өөрийн салбар тус бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор эрдэмтэн нарийн бичгийн даргад ирүүлэхийг мэдэгдэж, цахим захидлыг илгээсэн, [email protected] хаягаас 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хүрээлэнгийн ажилтнуудын и-мэйл хаягаар ажил танилцуулах, ажлын биелэлтийг шаардаж байсан үйл баримтууд нь доктор М.А-ы боловсруулсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжлэх ухааны академийн ГГХ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл тодорхойлох тухай” баримт, шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан дээрх и-мэйл буюу цахим захидлууд зэргээр нотлогдсон байна.
Дээрхээс үзэхэд тус хүрээлэнгийн салбаруудад өөрийн салбар тус бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж эрдэмтэн нарийн бичгийн даргад ирүүлэх, эрдэмтэн нарийн бичгийн даргаас уг тэргүүлэх чиглэлийг нэгтгэн боловсруулж Эрдмийн зөвлөлд танилцуулах үүрэг даалгаврыг ямар хугацаанд гүйцэтгэх ёстой байсан талаар тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч П.Б-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт, тус хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалт, Ойн нөөц, ой хамгаалал, Газрын нөөц, газар ашиглалт, Цөлжилтийн судалгааны салбаруудын нийт 29 нэр бүхий ажилтнуудаас хүрээлэнгийн үйл ажиллагаа, удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийлж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргасан байх ба нэхэмжлэгч П.Б уг хүсэлтэд гарын үсэг зурж оролцсон нь хөдөлмөрийн дотоод журмын 8.1.7, 13.1-д заасныг зөрчсөн, 14.8.8-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл талууд дээрх зөрчил гэж үзэж байгаа үйлдлийн талаар хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчилд тооцохоор нарийвчлан тодорхойлж заагаагүйн дээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусад ажилтнуудын хамт нэхэмжлэгч П.Б өөрийн байр суурийг илэрхийлж хүсэлтэд гарын үсэг зурсан үйл баримт нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн нэр хүндийг гутаасан, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
6.Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргасан ГГХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл, Захиргааны зөвлөлийн хурлын 01 тоот шийдвэр, ГГХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот хурлын тэмдэглэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/77 тоот албан даалгавар, ГГХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/126 тоот Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид хүргүүлсэн албан бичиг, Шинжлэх ухааны академийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/271 тоот албан бичиг, ГГХ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тус хүрээлэнгийн захирлын 2017 оны ажилтан ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хүрээлэнгээс бусад байгууллага, иргэдтэй байгуулсан ажил гүйцэтгэх, эд хөрөнгө түрээслэх тухай гэрээнүүд, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хурлын тмдэглэл, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, 2017 оны тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн тогтоолууд зэрэг баримтууд нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д “Ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана“ гэсэн байх ба нэхэмжлэгч П.Б нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 19-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.
8.Иймд нэхэмжлэгч П.Б нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/33 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
9. Хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1 219 977 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл ажлын 144 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7 985 376 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Харин ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэл болж байх тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаадлагагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч П.Б-ыг урьд эрхэлж байсан эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142 716 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ыг Шинжлэх ухааны академийн харъяа ГГХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 985 376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ГГХ-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч П.Б-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142 716 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА