Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Хохирогч Д.О,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Гхолбогдох эрүүгийн 2234000000376 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр “Ногоон довын даваа” гэх газарт 86-15 УНЗ улсын дугаартай Норд шаланк маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт зогссон даруйд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ” 9.3в “харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт ...тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчиж суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд ослын дохионы тэмдгийг байрлуулаагүйгээс 19-04 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь 86-15 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн ар талын хэсгийг мөргөж, зам тээврийн осол гарч иргэн Д.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

            Хохирогч Д.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эрүүл мэндийн хохирол 1.000.000 төгрөг, машины эд ангийг оношилсон 6.000.000 төгрөг, мөн шинжээчийн үнэлгээний 384.000 төгрөг, нийт даатгалаас 84.5% олгоно, мөн эрүүл мэндийн хохирлоо хамт явуул гэж хэлсэн. Тэгээд нийт 6.384.000 төгрөгөөр үнэлж тогтоосон боловч үүнээс 5.000.000 гаруй төгрөг олгогдохоор болсон. Үлдэж буй хохирлоо гаргуулна гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр “Ногоон довын даваа” гэх газарт 86-15 УНЗ улсын дугаартай Норд шаланк маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт зогссон даруйд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ” 9.3в “харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт ...тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчиж суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд ослын дохионы тэмдгийг байрлуулаагүйгээс 19-04 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь 86-15 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн ар талын хэсгийг мөргөж, зам тээврийн осол гарч иргэн Д.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000376 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Д.Оийн өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ногоон довын давааны цаана даваа руу өгсөж байхад машин харагдаагүй, гэнэт нэг машин харагдахаар нь жолоогоо зүүн гар тал дараад гүйцэж түрүүлж гарах гэж дартал чанх өөдөөс эсрэг урсгалаас маш хурц гэрэлтэй том машин гараад ирсэн тэгэхээр нь тормозоо гишгээд жолооны хүрдийг баруун гар тийш дарахад нөгөө зам дээр зогссон байсан машины араас орж мөргөөд зогссон. Би ухаан алдсан байсан. Хүн дуудахаар нь сэртэл та ухаан алдсан байна таныг сэрээх гэж зөндөө дуудлаа гэж байсан. Тэр машин ардаа ослын гурвалжин тавьсан зүйл байгаагүй. Тэгээд тэр машины жолоочийн машинаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлж эмнэлгийн тусламж авсан. Эмнэлэгт цээжний зураг, толгойн зураг авхуулаад гэмтлийн эмнэлэг явсан. Би доороос гарч ирээд харахад 76 километр цагийн хурдтай явж байсан. Миний баруун хацрын яс хугарсан, ухархайн яс бяцарч цөмөрсөн. Нүдний доод талд харвалт өгсөн гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,

 

            Гэрч С.Сайнбилэгийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Оюунцэцэг, охин Номин, дүү Гантөмөр түүний найз Энхбат бид 5 орой 22 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумаас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа явж байтал өөдөөс цэнхэр өнгийн хурц гэрэлтэй машин ирж байхаар үзэгдэх орчин халхлаад тэр машин өнгөрөхөд урд том оврын машин гэнэт зам дээр гэнэт ирэхээр эхнэр Оюунцэцэг зүүн гар тал руугаа жоохон дараад амжилгүй урд байсан машиныг мөргөсөн. Тэгээд машинаас манай дүү Гантөмөр, Энхбат нар түрүүлж буугаад дараа нь би охиноо аваад буусан. Би эхнэр Оюунцэцэгийг машины зүүн талын хаалганаас татаж буулгасан. Тэгээд том оврын машины жолооч яав юу болов гээд манай дүү Гантөмөрөөс асуусан. Том тэрэгний жолооч бид нарыг машиндаа суулгаад наашаа ирсэн. Өөдөөс хурц гэрэлтэй автомашин гарч ирээд замын үзэгдэх орчин харагдахгүй байж байтал зам дээр том машин ослын тэмдэг байхгүй гэрэлгүй байсан. Өөдөөс ирсэн гэрлээ шилжүүлээгүй машины бас том оврын ослын тэмдэг байхгүй зам чөлөөлж зогсоогүй том оврын машины жолоочийн буруу гэж бодож байна. Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

 

            Гэрч Ц.Энхболдын өгсөн: “Өчигдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Дундговь аймгийн Адаацаг сумаас Оюунцэцэг эгчийн хөх өнгийн Тоёота приус 20 маркийн машинтай Оюунцэцэг эгч, түүний нөхөр, хүүхэд, манай найз Гантөмөр, би бид нар хамт Улаанбаатар хот явахаар гарсан. Адаацаг сумаас гараад явж байхад би унтаад өгсөн. Тэгсэн түс тас хийх чимээ гарахаар нь сэрээд хартал машины араас орж мөргөөд зогссон байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад араас орж мөргөөд зогссон байсан. Бид нар машинаасаа буугаад Оюунцэцэг эгчийг машинаас нь буулгаад замаар явж байсан машин зогсоох гээд гараа өргөхөд машин зогсохгүй байсан. Тэгсэн манай машиныг мөргөөд зогссон том машины жолооч би машинтай ш дээ хүргээд өгье гэж хэлээд тэр хүн Сайнбилэг, Оюунцэцэг, Номин-Эрдэнэ, Гантөмөр нарыг хүргэж өгөхөөр явсан. Би харин тэр том машины жолоочийн дүү гэх хүнтэй хамт ширээн дээрээ үлдсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөрийн өгсөн: “Тухайн ослын үед хамт явсан Сайнбилэг болон түүний охин Номин-Эрдэнэ нарын биед гэмтэл учраагүй. Бид хоёр тухайн автомашиныг гэрээ байгуулаагүй 6 сая төгрөгөөр худалдан борлуулсан. Мөнгөө бүрэн авсан одоо маргаантай асуудал байхгүй." гэх мэдүүлэг/хх-32-33 тал/,

 

            Шүүгдэгч Ж.Гийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Таван толгойн уурхайгаас Майнт руу явсан. Тэгээд замдаа хотоос 80 гаруй км-ийн цаана миний барьж явсан 86-15 УНЗ улсын дугаартай Норд шаланк маркийн тээврийн хэрэгслийн хоропны шаариг нураад замын хажуу талын хөвөө рүү шахаад зогсоод урдаасаа хойшоо жижиг тэрэгний гэрэл тусгаад машинаа засаж байхад машины урдаас том оврын тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүй хурц гэрэлтэй зөрөхөд би шаланз доогуур машинаа янзалж байхад нэг тээврийн хэрэгсэл миний машины араас орж мөргөсөн. Тэгээд би машиныхаа доороос гараад осол болсон машин дээр очоод яав юу болов гэж асуусан. Тэгээд би өөрийн гэрлээ тусгаж байсан 88-02 УБҮ улсын дугаартай приус 30 маркийн машинаар бүгдийг аваад наашаа ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би 2006 оны жолооч Е ангиллын 2015 оноос авч одоог хүртэл барьж байгаа. Би 03 сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн тэнд байдаг Тээврийн хэрэгслийн нэгдсэн үзлэг оношилгооны төвд орсон.” гэх мэдүүлэг/хх-32-35 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 462 дугаартай “1.Д.Оийн биед баруун хацар яс, баруун ухархайн дотор хананы хугарал, субарахнойдал зайд цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх хацар ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ухархайн хананы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Субарахнойдол зайн цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Субарахнойдол зайн цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд үүссэн цус хуралт, баруун хацрын зулгаралт, баруун нүдний салстанд үүссэн цус харвалт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт/хх-43-44 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7, 10-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-18 тал/, Хас үнэлгээ ХХК, үнэлгээний тайлан /хх-70-73 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-н үнэлгээний тайлан /хх-80-88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-126-131/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-132 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Г гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ж.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймаг, Батсүмбэр суманд ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 36 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн 2234000000376 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 6.384.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгож, шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 6.384.000 төгрөгийг гаргуулж хохирогч .... оршин суух Д.Оолгосугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Гид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах  тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН