Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

иргэдийн төлөөлөгч Э.Рэнцэнханд,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан

Төв аймгийн Заамар сумын хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох 2234001250147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... оршин суудаг, урьд өмнө .... шийтгэгдэж байсан, бие эрүүл Н.Б дугаарын регистртэй

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Яллагдагч Н.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 15-23 тоотод оршин суух Д.Мартын гэрт Л.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж улмаар гэрийн гадна хашаан дотор зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар Л.Дорждагвын хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэг, эрүүгийн 2234001250147 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 15-23 тоотод оршин суух Д.Мартын гэрт Л.Дорждавгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж улмаар гэрийн гадна хашаан дотор зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар Л.Дорждагвын хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: Ямар гэмт хэрэг үйлдсэнээ мэдэж байгаа. Сая прокурор уншчихсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорждагва бид хоёр 2 шил архи уусан. Дорждагва согтуу, жоохон олон юм яриад байхаар нь би яваад өгсөн. Машиндаа байсан 1 шил архийг аваад Март гээд айлынд орсон чинь Дорждагва араас ороод ирсэн. Гэнэт над руу халуун савтай цай аваад шидсэн. Тэгэхээр нь уур хүрээд 1 удаа хутгалсан. Март Дорждагвааг аваад эмнэлэг явсан. Намайг гэртээ унтаж байхад цагдаа нар орж ирсэн. Цагдаа дээрээс даалтад гараад эмнэлэг дээр нь очсон. Эмчилгээний зардал 4.000.000 гаруй төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2.Мөрдөн шалгах ажиллаганд хохирогч Л.Дорждагвын өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн Сов гэх газарт гэртээ байсан юм. Өмнөх өдөр манай найз Батжаргал нь Дарханаас ирсэн бөгөөд манай найз Мартын гэрт байсан. Тэгээд би гэртээ ганцаараа байсан учраас найз Батжаргалыг гэртээ дуудсан юм. Манай найз Батжаргал нь манайд 12 цагийн орчим ирсэн. Тэгээд бид хоёр цай унд ууцгаагаад би нэг Tundra гэх нэртэй 1 литрийн архи гаргаж ирээд бид хоёр тэр архиа хувааж ууж дуусгаад дахин би Экс гэх нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд тэрийг бас бид хоёр ууж дууссан. Тэгээд би жаахан тасарчихсан. Нэг сэртэл манай найз Батжаргал явчихсан байсан. Манай найз ер нь багаасаа хөл гар муутай, бас аваар осолд орж байсан болохоор согтуу энд тэнд уначихсан байх вий гэж бодоод би араас нь хайж гарсан юм. Тэгээд би гэгээ тасраагүй байхад гэрээсээ гараад Батгэрэл гэх ахындаа очсон санагдаж байна. Тэдний гэрт бас хоёр татчихсан санагдаж байна. Тэгээд тэднийхээс гараад Мартын гэрт очсон намайг очиход Март, эхнэр Отгончимэгийн хамт, мөн Батжаргал нар байсан. Тэгээд би цааш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Совын эмнэлэг дээр гэдсээр өвдөөд хэвтэж байсан. Дараа нь ухаан ороход Булганы эмнэлэгт хагалгаанд орох гээд хэвтэж байсан. Би үнэхээр санахгүй байна. Бодвол найз Батжаргалтай маргалдсанаас болж ийм зүйл болсон байх. Би бол тухайн үед юу болсныг үнэхээр санахгүй байна. Тасарчихсан байсан. Харин эмнэлэг дээр ирсний дараа манай найзууд юу болсон талаар надад хэлсэн. Манай найз Батжаргал нь надтай маргалдаад намайг хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,  

3.Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээч Ч.Гантогтохын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд 26х2мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсан үүссэн гэмтлийн урт нь шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн иштэй хутгын ажлын хэсгийн өргөний хэмжээтэй тохирч байх тул уг гэмтэл нь улаан хүрэн өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. 5 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн асуулт тул хариулах боломжгүй " гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-64 дүгээр тал/,

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай “Л.Дорждагвын биед хэвлийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /200гр/ ходооны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,

5.Гэрч Д.Мартын өгсөн:...“би эхнэрийнхээ хамт Төв аймгийн Заамар сум Хайлаас 3 дугаар баг 15-23 тоотод амьдардаг 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой Батжаргал найз маань Дархан-Уул аймгаас ирээд манай гэрт байж байсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Батгэрэл гэх айлд шинэлгээ хийгээд Батжаргал, Март бид 3 орчихоод буцаад гэртээ ирээд би унтаад өгсөн. Тэгтэл Батжаргал шилтэй архи барьцан орж ирээд намайг сэрээгээд бид хоёр ширээний ард суутал Дорждагва араас нь орж ирээд Батжаргал чи ганц цохисноо юу гэж бодоод байгаа юм гээд хэрэлдээд байж байхад Дорждагва ширээн дээр байсан халуун савтай цайг бариад Батжаргал руу шидтэл хананд цохиод халуун сав хагарсан. Тэгээд би Дорждагвыг гар яв гээд гэрээс явуултал араас нь Батжаргал удалгүй гутлаа өмсөөд гараад байшингийн үүдэнд хэрүүл хийгээд байхаар нь би араас нь 2 минут орчим болоод гарахад хаалганы хажууд Дорждагва энгэрээ тэврээд тонгойсон байхаар нь би Майга хочтой Батжаргалыг нэг цохиод гэр рүү ор гээд оруулаад Дорждагвыг хартал Дорждагва намайг хутгалчихлаа гэхээр нь өндийгөөд хартал цээж нь болсон байж байхаар нь гэрт оруулаад цамцыг нь тайлаад цусыг тогтоох гэсэн зүгээрээ гээд, эмнэлэг явъя гэтэл бас явахгүй гээд, эхнэр машин асааж байхад хашаан дотор Дорждагва эмнэлэг явахгүй, би найзыгаа барьж өгөхгүй гээд зөрүүдлээд байхаар нь эхнэр бид хоёр гэрт нь хүргэж өгөөд гэр рүү нь эмнэлэг дуудаад эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр тал/,

6.Гэрч Ш.Отгончимэгийн өгсөн: “Би нөхөр Мартын хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг 15-23 тоотод амьдардаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой манайд Батжаргал гэх нөхрийн найз Дархан-Уул аймгаас ирээд манай гэрт байж байсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Батгэрэл гэх айлд шинэлгээ хийгээд Батжаргал, Март бид 3 орчихоод буцаад гэртээ ирэхээр би Батжаргалыг унт гээд унтаад байж байсан 12 цагийн үед Дорждагва манайд орж ирээд би Дорждагвад монгол архи хоёр аяга хийж өгөөд чи согтуу байна би чамд ахиж хийж өгөхгүй Мартыг сэрэхээр нь ирээрэй гээд явчихаад нөхрийнхөө хажуугаар ороод 2 цаг гаран унтаад сэрэхэд Батжаргал гэрээс гараад яваад нилээн удаж байж байснаа нэг шилтэй архи барьж орж ирээд Мартыг унтаж байхад нь дуудаад босгоод Март очоод Батжаргалтай ширээний ард суутал араас нь Дорждагва орж ирээд тэр 3 архи уухгүй юм яриад байж байх шиг байсан. Тэгээд би хэсэг унтсан байж байгаад нэг сэртэл Батжаргалын толгойг халуун сав онож байсан, тэгээд би юу болсон бэ гээд босоод иртэл Март, Дорждагва халуун сав шидээд хагалчихлаа гэхээр нь би больцгоо, шинийн нэгэнд хэрэлдээд байхдаа яадаг юм, гарцгаа гэтэл Дорждагва гараад явсан. Тэгтэл Батжаргал араас нь гарах гэхээр нь боль гэтэл намайг тоохгүй гараад явсан. Би гэртээ юм янзлаад том өрөөнөөс аяга хураагаад үүдний өрөөнд тавьсан чинь үүдэнд пижигнээд, хэрэлдээд маргалдаад байхаар нь би нөхөр Мартыг гараач ээ энэ хоёрыг болиулаач гэтэл манай нөхөр Март араас нь тэр хоёрыг гарсны хойг 5 минут орчмын дараа гараад буцаад шууд Батжаргалыг түлхээд гэр рүү оруулаад Дорждагва хутгалуулчихлаа гээд Март хартал Дорждагвын хэвлий хэсгээс нь цус гарсан байхаар нь Март цусыг нь арчаад, цамцыг нь тайлаад өөрийнхөө хар өнгийн куртикийг өмсгөөд эмнэлэг дууд гэтэл Март Дорждагвыг аваад гараад би араас нь юу болсон бэ гээд залгахад машин олдохгүй байна гээд би машинаа асаагаад гэрт Батжаргалыг үлдээгээд Мартын хамт Дорждагвыг эмнэлэг хүргэж өгөх гэтэл намайг гэрт хүргээд өг эмнэлэг явахгүй гээд байхаар нь гэрт нь хүргэж өгөөд Батгэрэл ахыг дуудаад Батгэрэл ах эмнэлэг дуудаж эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би буцаад гэртээ ирэхэд Батжаргал газар том өрөөнд унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/,

7.Шүүгдэгч Н.Бын сэжигтнээр өгсөн: “Би Дархан-Уул аймгийн Дрэвэн хороололд хамт тоглож өссөн багийн найз Мартын Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар баг 15-23 тоотод байдаг гэрт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирээд тэр өдрөө Март бид хоёр 1 шил 0.5 литрийн архи хувааж ууж хоносон. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө Март, Отгончимэг бид 3 гэрээс нь гараад би тэр 2-оос салаад Дорждагва намайг дуудаад байсан болохоор гэрт нь очоод бууз идээд 1 литрийн Тундра нэртэй архи гаргаад бид хоёр ахиж ууж дуусгаад би тэднийхээс гараад Батгэрэл ахынд ороод сууж байхад Дорждагва араас орж ирэхээр нь би зөрөөд гарч яваад Мартын гэрт гадаа гэгээ тасарч байхад нь босгоод архиа уух гээд сууж байхад Дорждагва орж ирээд би юу гэж хэлснээ сайн санахгүй байна нэг зүйл хэлтэл Дорждагва уурлаад халуун сав над руу шидээд миний ар талын ханыг оноод Март Дорждагвыг хөөгөөд байшингаас гаргахаар нь би Мартаас зөрөөд Мартын гэрийн үүдэнд гал тогооны шүүгээн дээр байсан улаан хүрэн иштэй хутгыг аваад үүдээр гарахад Дорждагва Мартын байшингийн зүүн урд талын амбаарын хажууд байж байхаар нь би араас нь очоод зүүн гараараа зүүн мөрнөөс нь татаад эргээд харахад нь гэдсэнд нь баруун гартаа барьсан байсан улаан хүрэн иштэй хутгаар нэг удаа хутгалаад эргээд харахад Март намайг цохиж аваад чи хүн хутгалчихлаа яв гээд байшин руу түлхээд би байшинд ороод гартаа байсан хутгаа гал тогооны шүүгээн дээр тавиад том өрөө рүү ороод байж байхад Март Дорждагвыг аваад хувцасыг нь тайлаад орж ирээд цусыг нь тогтоох гэж оролдоод эмнэлэг руу аваад явсан. Тэгээд би гэрт нь ганцаараа үлдээд унтаж байхад цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Дорждагвын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрч Д.Март, Ш.Отгончимэг нарын мэдүүлэг, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээч Ч.Гантогтохын 2022 оны 02 дугаар сарын 14-ний 35 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хувцсанд 26х2мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсан үүссэн гэмтлийн урт нь шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн иштэй хутгын ажлын хэсгийн өргөний хэмжээтэй тохирч байх тул уг гэмтэл нь улаан хүрэн өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. 5 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн асуулт тул хариулах боломжгүй " гэх шинжээчийн дүгнэлт”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай “Л.Дорждагвын биед хэвлийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /200гр/ ходооны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт зэргээс шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Дорждагвын биед тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тухайн шинэ гэмтлийг учруулсан шүүгдэгчийн санаатай үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

 

Улмаар шүүгдэгч Н.Б хохирогч Л.Дорждагвын биед зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хүнд гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хүнд хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хутгалж гэмтэл учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хүнд, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

 

Иймд шүүгдэгч Н.Быг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Рэнцэнханд гаргасан дүгнэлтдээ: Н.Б нь найзыгаа хутгалсан буруутай гэж үзэж байна гэж дүгнэлт гаргажээ. 

 

Хоёр: Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Хохирогч Л.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний  зардалд 4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч Н.Быг төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Л.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар:  

Иймд  шүүгдэгч Нарангийн Батжаргалыг “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Нарангийн Батжаргалыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн хавтасны 99, 44-59 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь 49 настай, Дархан-Уул аймгийн Дархан 2 дугаар баг ухаа хошуу 7 дугаар гудамж 6 тоотод амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг,  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дд учирсан хохиролд 4.500.000 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “учруулсан хохирлоо төлсөн” гэсэн эрүүгийн харицулага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улаан хүрэн өнгийн модон иштэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэснийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ болон хувийн байдлууд зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Н.Быг 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаас татаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах  хэсгийн 2.1-т заасан ялаас хөнгөрүүлж шүүгдэгч Н.Быг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2234001250147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхэг, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.  

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                  ШҮҮГЧИД                                      Ш.ГАНДАНСҮРЭН   

 

 

                                                                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН