| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0361/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/384 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт О Бт холбогдох эрүүгийн _____________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ___________________, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ____________ регистрийн дугаартай, Боржигон овогт О Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн үед хөдөө хээр, ээжийг минь доромжиллоо гэх шалтгааны улмаас С.А маргалдаж нүүр хэсэг рүү нь цохиж духаараа мөргөж шүдийг нь унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн үед хөдөө хээр, ээжийг минь доромжиллоо гэх шалтгааны улмаас С.А маргалдаж нүүр хэсэг рүү нь цохиж духаараа мөргөж шүдийг нь унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн _____________ дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч С.Алтансүхийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 7-8-ны шилжих шөнө 02 цагийн үед би Байдлаг багийн өдөрлөгт оролцоод гэр рүүгээ харих гээд явж байхад зам дээр олон үхэр ачиж явсан машин зогсож байсан. Би очоод хаанаас явж байгаа юм хэнийхээс үхэр ачиж явна бичиг баримтаа шалгуул гэж хэлтэл чамд шалгуулахгүй гэсэн. Чи намайг таньж байна уу гэтэл яаж таних юм нэрээ хэл гэтэл Б байна гэхээр нь би цоохор Нэргүйнх үү гэтэл чи ээжийг минь доромжлоод байна уу гээд намайг нэг удаа цохисон. Намайг мөргөхөөр нь би барьж аваад цохисон. Хүмүүс салгах гээд зууралдаад байсан. Нэг хүн бариад байхаар нь би нэг удаа цохисон. Боос бусдыг нь танихгүй юм байна лээ. 3-4 залуучууд байсан. Бид нар салаад явцгаасан. Б нэг удаа мөргөхөд үүдний нэг шүд унасан. Бас хажуу талын нэг шүд хөдөлсөн. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-5 тал/,
Гэрч З.Батдоржийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 7-8-ны шөнө 02 цагийн үед Мөнгөнморьт сумын нутаг Тэрэлжийн гүүрнээс 10 тооны үхэр, нэг тооны адуу ачаад Налайх дүүрэг рүү явж байсан. Нэг машин урдаас ирээд зогс гээд байхаар нь зогссон. Б нэг залуутай гадаа юм яриад байсан, муудалцаад байх шиг байсан. Би машинаасаа буугаад очтол хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Нөгөө залуу та нар муу хулгайч нар би 3 азарга адуугаа олно бичиг баримтаа үзүүл гээд байсан. Тэгснээ нөгөө залуу Бийг бариад зууралдаад зогсож байсан. Би боль гээд салгатал нөгөө залуу машины урд орилоод байсан. Машины хаалга татаад ээжийг нь юу гээд хэлснийг сайн мэдэхгүй байна. ...Бийг бариад байж байхад нөгөө залуу очоод Бийг нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Б хойшоо саваад унасан. Тэр хооронд нөгөө залуу намайг бас нэг удаа цээж рүү гараараа цохисон. Намайг очиход хоорондоо барьцалдаад бие биеэ цохиод байсан. Тэр нь тэрнээ хэд цохисон гэж хэлэхэд одоо бол хэлж чадахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-7 тал/,
Шүүгдэгч О.Бийн гэрчээр өгсөн: “2022 оны 8 дугаар-р сарын 07-08-ны шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сум Жаргалант 1-р багийн нутаг Тэрэлжээс Налайх руу 10 тооны үхэр, 1 тооны адуу ачаад явж байсан Рашааны хажуу гэх газар шороон замаас сайжруулсан далан руу гарах гээд явж байхад саарал өнгийн жип маркийн машин өөдөөс ирээд зогссон машин дотроос 1 эрэгтэй хүн бууж ирээд мэнд ус мэдэлцээд бичиг баримтаа гаргаад ир малыг чинь шалгамаар байна гэхээр нь шалгадаг хүн нь шалгана биз би чамд шалгуулахгүй гээд жоохон маргалдсан тэгсэн намайг нааш ир чи хэн юм машины гэрэл хүрээд ир гэсэн би очоод зогсоход тэр хүн би 3 азарга адуутай хүн нэг азарга адуугаа алдаад олохгүй байгаа гэхээр нь тэр чинь надад ямар хамаа байгаа юм би бичиг баримтаа бүгдийг нь аваад явж байна чамд шалгуулахгүй эрүүл хүн байж согтуу чамтай юу ярих юм гээд машиндаа суусан. Тэгсэн нөгөө хүн машины хаалганаас зүүгдээд гишгүүр дээр авираад гараад ирсэн тэгснээ цонхоор харж байснаа муу гуйлгачид цоохор Нэргүйн хүүхдүүд үү гэсэн чи муу хуцаад байгаарай эцэг эх доромжлоод байхгүй шүү ууж идсэнээ шингээ гэсэн, тэгсэн цаана машинд байсан хүмүүс нь болио наад хүмүүс чинь жоохон хүүхдүүдтэй явж байна гээд татаад буулгасан тэгсэн дахиад дайраад эргээд машин дээр гараад ирсэн дахиад цоохор Нэргүй гээд ээжийг хэлхээр нь чи муу юу гээд байгаа юм гээд би машинаас буугаад бид хоёр хоорондоо барилцаж авахад намайг цамцаар минь боогоод авсан. Би цамцнаасаа салгах гээд хоёр тийшээ зайлж салсан тэгсэн тэр хүн намайг татаад миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд ах салгаад явах гэсэн чинь араас алнаа та нарыг миний шүд уначихлаа нэг шүд ямар үнэтэйг мэдэх үү гээд орилоод байсан би тэгээд машиндаа суугаад явсан.Тухайн үед С.Алтансүх согтуу явж байсан, машинд хоёр хүүхэн байсан. Би ах Бадам, ахын хадам ах Батдорж, эхнэр Алтантуяа, хадам ах Батаа нарын хамт явж байсан. Их сандарсан байсан намайг боож байхад би зөрүүлээд гараараа цохисон би өөрөө зүрхний шигдээс өвчинтэй болохоор удаан боолтод орохгүй гээд эсэргүүцэж цохисон асуудал байгаа. Гараараа боогоод нүүр рүү цохиж байсан хэдэн удаа цохиж байсныг мэдэхгүй нэг удаа нүүр хэсэг рүү мөргөж байсан. Уруул, дух, толгой өвдөж байна. Надад харамсалтай байна зүгээр мөрөөрөө амьдрах гээд явж байхад нэг согтуу нөхөр шөнө зам дээр таараад эцэг эхийг минь доромжлоод эгээд одоо хэрэгт холбогдох гээд явж байгаад гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаартай “1.С.Алтансүхийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал, дээд уруул, дух, баруун хацар, чихний омог, зүүн шанаанд зулгаралт, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-21-22 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45 тал/, лавлагаа /хх-39-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч О.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Алтансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч О.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 38 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Эрүүгийн _____________ дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт О Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч О.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН