| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2018/00337/И |
| Дугаар | 2080 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2080
2018 оны 10 сарын 22 өдөр Дугаар 182/ШШ2018/02080 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НХОГ ОНӨААТҮГ-т холбогдох,
Гэрээний үүрэгт 24 065 676 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн, илүү төлсөн 41 254 385 төгрөгиийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О К” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгээс гаргасан тайлбартаа: “О К” ХХК нь НХОГтай 2013 онд Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний нэгдсэн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу барилга байгууламжийг барих явцад хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлууд гарч ирээд 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Ингээд гэрээнүүдийн дагуу тохиролцсон ажлыг холбогдох барилгын норм дүрмийн дагуу гүйцэтгэж дуусаад энэхүү ажлын үр дүнг захиалагч тал буюу НХОГт хүлээлгэн өгч, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон. Энэхүү харилцаанаас үүссэн маргаан нь тухайн барилгын ажлыг гүйцэтгэхэд гэрээт ажлын магадлашгүй ажлын зардалд 83 524 182 төгрөг гарсан бөгөөд энэ зардлыг төлөх талаар талууд протокол үйлдсэн. Хэрэгт авагдсан гэрээг дүгнэсэн акт болон магадлашгүй ажлын санхүүжилтийн акт гэсэн баримтуудаар 83 524 182 төгрөгийн ажлыг манай компани хийж өгсөн, мөн магадлашгүй ажилд ямар ажлууд орсон талаар тодорхойлж тохирсон. Ингээд талууд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг дүгнэсэн протокол үйлдээд, протоколын дагуу захиалагч талаас тухайн Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж дүгнээд гэрээний ажлын үр дүнд ямар нэг санал маргаан гарч байгаагүй. Захиалагч тал магадлашгүй ажлын зардлаас 19 565 676 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хийж үлдээхээр талууд шийдээд тухайн үедээ захиалагчийн зүгээс энэхүү барьцаа хөрөнгийг ажлын төсөвтэй дахин тулгалт хийн баталгаажуулаад олгоно, ерөнхийд нь энэ ажил хийгдсэн бөгөөд барьцаа буюу ажлын үр дүнтэй холбоотой санал дүгнэлт гарахгүй бол буцааж олгохоор болсон нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Эрх бүхий байгууллагаас магадлашгүй ажлын зардлыг бүрэн гүйцэт олгохыг дэмжсэн гэдгийг илэрхийлж талууд протокол үйлдсэн. Энэ барьцаа хөрөнгөөс гадна 4 500 000 төгрөгийн ажлын хөлсийг санхүүжилт буцаан татагдсан гэдэг шалтгаанаар шилжүүлээгүй өдийг хүрсэн. НХОГт манай байгууллагын зүгээс удаа дараа шаардлага гаргахад тухайн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгохгүй байгаа тул барьцаа хөрөнгийн дансанд үлдсэн 19 565 676 төгрөг, санхүүжилт буцаан татагдсан гэх үндэслэлээр олгогдоогүй үлдсэн 4 500 000 төгрөг, нийт 24 065 676 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна Хуульд зааснаар “О К” ХХК нь ажлын үр дүн буюу Хан-Уул дүүргийн Төрийн захиргааны төв барилгыг барьж гүйцэтгэн улсын комисст бүх бичиг баримтыг нь бүрдүүлж шалгуулан ашиглалтад оруулж, хүлээлгэж өгсөн. Ажлын үр дүнгийн доголдлын талаар маргаан байхгүй учир “О К” ХХК нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХОГ нь “О К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийг барих ажлын гэрээ байгуулаад гэрээний хугацааг 2 удаа сунгаад 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр гэрээний хугацааг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сунгасан. Энэхүү гэрээтэй холбоотойгоор мөн нэмэлт ажлын гэрээг 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 749 900 000 төгрөгийн санхүүжилттэй гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ажлыг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэлээр шаардаж байгаа магадлашгүй ажлын зардал гээд яриад байгаа акт нь гэрээг дүгнэсэн хурлын протоколоос өмнө үйлдэгдсэн акт юм. Үүнийг буруу ойлгож тайлбарлаж байна. Энэ актыг үйлдээд үүний дараа Техникийн зөвлөлийн хурал 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хурал болоод хурлаар 63 958 506 төгрөгийг магадлашгүй ажлын зардлаас олгож, үлдэгдэл мөнгийг ажлын төсөвтэй дахин тулгаж баталгаажуулснаар олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс дахин тулгаж шалгаад магадлашгүй ажлын зардлыг олгох үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарсан. Магадлашгүй ажил гэдэг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын төсөл зохиох дүрэм”-ийн 8.1-д заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөлд төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын явцад зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардлаар тооцдог. Гэтэл энэ ажил нь үндсэн ажлын гэрээнээс гадна нэмэлт ажлын гэрээгээр дахиад 749 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилт авсан. Ямар ч магадлашгүй ажлын зардалд санхүүжилт гэж гаргах үндэслэл байхгүй. Ямар тохиолдолд магадалшгүй ажлын зардлыг олгох вэ гэдгийг мөн тус журамд заасан байгаа. Уг журмын 8.2-т магадалшгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлын санхүүжилтэд зарцуулахаар, 8.4-т магадлашгүй ажлын зардлыг нөхөн төлөх хүчин зүйлүүд гэрээний явцад үүсээгүй. Нөгөөтээгүүр магадлашгүй ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр өндөрсгөж гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тиймээс магадлашгүй ажлын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төсөвт татагдсан 4 500 000 төгрөг гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага санхүүжилтийг бүрэн авсан. Энэ талаар баримт хэрэгт байгаа бөгөөд уг мөнгийг татагдсан гэсэн ямар ч баримт хэрэгт байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийг тендерийн бичиг баримтаар шалгарсан гүйцэтгэгчтэй тендерийн үнийн саналаар гэрээ байгуулах ба захиалагч ажлын зураг төсвийн үнэ болох 61 716 420 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс суутган авч санхүүжүүлнэ гэж заасан. Тус тендерийн бичиг баримтын дагуу гүйцэтгэгчээс ирүүлсэн бичигт зураг төслийн өртгийн үнэд 61 716 420 төгрөг байхаар санал ирүүлсэн байдаг. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, дугаар 9” гэсэн гүйцэтгэлийн баримтаар зураг төсвийн үнэд 20 462 035 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн гэж ирүүлсэн. Ингээд тооцоход 41 254 385 төгрөгийг буюу илүү гарсан мөнгийг захиалагчид хүлээлгэж өгөх ёстой байтал зураг төслийн үнэ 61 716 420 төгрөгийг бүрэн авсан байдаг. Иргэний хуулийн 350.1.5.-д заасан ажил гүйцэтгэхээр захиалагчаас шилжүүлсэн материалыг гүйцэтгэгч зориулалтын дагуу ашиглаад үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийг зөрчсөн. Тийм учраас ажлын зураг төсвийн үнэ гэж үндэслэлгүйгээр илүү авсан 41 254 385 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “О К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь зураг төсвийн үнэ нь 61 716 420 төгрөгөөс 20 462 035 төгрөгийг зарцуулсан байхад үндэслэлгүйгээр үлдэх мөнгийг авсан гэж тайлбарлаж байна. Манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь энэхүү барилга байгууламжийг ашиглалтад оруулсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн комиссын актаар барилгын гүйцэтгэгч зураг төслийг зохиосон этгээдүүд, холбогдох төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөгч нар оролцож барилгыг хүлээж авсан. Энэ баримтаас харахад зураг төсвийг зохиосон байгууллага болох “Г” ХХК, “Э” ХХК нар юм. “О К” ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй, харин зураг төслийг зохиох тусгай зөвшөөрөл байхгүй тул тус мөнгийг авах үндэслэлгүй юм. Мөн хэрэв “О К” ХХК-д шилжүүлсэн гэж байгаа бол ямар үндэслэлээр яаж шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. “Г” ХХК, “Э” ХХК нараар гүйцэтгүүлээд үүний төлбөрийг магадгүй манай компаниар дамжуулж явуулсан байхыг үгүйсгэхгүй. Бид нар бол зураг төслийн мөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас аваагүй харин ч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэсэн хэдий ч нэмэлт ажлын санхүүжилтийг авч чадахгүй өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа юм. Анх хариуцагч байгууллагаас Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байгууллагын барилга байгууламжийн угсралтын ажлын тендер зарлагдахад цаанаасаа зураг төсөл нь батлагдсан зөвхөн барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч компанийг шалгаруулж гэрээ байгуулсан. Хариуцагч талаас хэлдэг зүйл нь танайхаас ирсэн төсвийн дунд 20,4 сая төгрөгийн зураг орсон байна гэдэг боловч манайхаас барилга угсралтын ажлын төсвийг зохиосон болохоос зураг төслийн тусдаа гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн комиссын актаас гадна “Говь трэвэл” ХХК-тай Хан-УУл дүүргийн Тамгын газар байгуулсан гэрээ хэрэгт авагдсан бөгөөд зураг төслийг “Говь трэвел” ХХК, “ЭГЭ” ХХК нар хийсэн, эдгээр компаниуд өнөөдрийг хүртэл нэхэмжлэл, гомдол санал гаргаагүй байгаа нь зураг төслийн санхүүжилт мөнгийг авсан гэж үзэхээр байна. 41 524 385 төгрөгийг үндэслэлгүй авсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Талуудын хооронд зураг төсөл хийх талаар ямар нэг гэрээ хэлцэл байгуулагдаад тэр нь хэрэгжихгүй болсон асуудал байдаггүй. Бид нар барилгын ажил угсарч гүйцэтгэсэн ажлын хөлсийг авсан. Зураг төсөлд барилгын ажлын зураг төсөл тусгагдаж байгаа нь төсвийн тухай хуулийн дагуу заавал орох ёстой зүйл байдаг учраас үүнийг үгүйсгэхгүй. Дээрх хэмжээний мөнгийг зураг төсвийн мөнгө гээд шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О К” ХХК нь хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу ажлын хөлсний үлдэгдэл 4 500 000 төгрөг, гэрээний магадлашгүй ажлын зардлаас барьцаа хөрөнгийн дансанд үлдээсэн 19 565 676 төгрөг, бүгд 24 065 676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч НХОГ нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчид 2 ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн 8.1-д заасан магадлашгүй ажлын зардал нь барилгын ажлын явцад үүсдэг, зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэх, нэмэгдэл зардал гарах үед зарцуулах нөөц хөрөнгө байдаг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр магадлашгүй ажлын зардлыг үндсэн болон нэмэлт ажлын төсөвтэй тулган баталгаажуулахад магадлашгүй ажлын төсвийг 83 524 182 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байсан учир 19 565 676 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн, 4 500 000 төгрөгийн ажлын хөлс үлдсэн гэдэг нь нотлох баримтгүй гэж тайлбарлан маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь гүйцэтгэгч “О К” ХХК-иас ирүүлсэн тендерийн бичиг баримтад зураг төслийн өртгийг 61 716 420 төгрөг байхаар санал ирүүлсний дагуу санхүүжилтийг бүрэн олгосон, гэтэл 2013 оны 10 дугаар сарын 02-ны барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн актаар зураг төслийн үнэд 20 462 035 төгрөгийг зарцуулсан гэж дүгнэсэн, 41 254 385 төгрөгийг гэрээний үнээс суутгах ёстой байхад суутгалгүйгээр бүтнээр авсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан илүү авсан санхүүжилт болох 41 254 385 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн үйлчилгээний төв байрны барилгыг 2013 оны 09 дүгээр сарын 27-нд улсын комисс ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч нь зураг төслийн ажлыг гүйцэтгээгүй, зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн байгууллагад шилжүүлсэн 61 716 420 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж тайлбарлан үл зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч “О К” ХХК, хариуцагч НХОГ ОНӨААТҮГ нь харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр хариуцагч захиалж, нэхэмжлэгч нь уг барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 06-наас 2012 оны 06 дугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 5 000 000 000 төгрөгийг төлөхөөр 2011 оны 05 дугаар сарын 03-нд ХУД-2011/01 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлын гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээг 2012 оны 05 дугаар сарын 25-нд, 2012 оны 12 дугаар сарын 12-нд тус тус сунгаж, Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийн ажлыг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгаж ашиглалтад өгөхөөр тохиролцжээ.
Энэ нь ХУД-2011/01 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлын гэрээ”, ХУД-2011/01-1 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлыг хэрэгжүүлж хугацааг сунгасан гэрээ”, ХУД-2011/01-2 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлын хугацааг сунгах гэрээ”, талуудын хоорондох 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн протокол”, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.
Мөн талууд тохиролцон, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлыг 749 900 000 төгрөгийн санхүүжилттэйгээр 2013 оны 08 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний хооронд хийж гүйцэтгэхээр 2013 оны 08 дугаар сарын 14-нд ХУД-2013/08/07 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлын гэрээ”-г байгуулжээ.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
2. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “О К” ХХК нь дээрх гэрээнүүдээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүн болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Төрийн үйлчилгээний төв байрны барилгыг захиалагч буюу хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2013/239 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-р нотлогдож, талууд ажлын үр дүнгийн чанар байдал, санхүүжилт буюу ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй байна.
3.Хэрэгт “О К” ХХК-ийн, мэргэшсэн төсөвчин Ж.О-аар гаргуулсан 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “УБ хот, ХУД 3 дугаар хороо, Төрийн үйлчилгээний төв байрны магадлашгүй ажлын төсөв”-ийг 83 524 183 төгрөгөөр тооцсон төсөв, түүний хавсралтууд, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захиалагч НХОГ, гүйцэтгэгч “О К” ХХК, ашиглагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран тогтоосон “Магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэх акт”, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл тус тус авагдсан бөгөөд хариуцагч НХОГ-ын Техникийн зөвлөл хуралдаанаар ХУД-ийн 3 дугаар хороо, “Төрийн үйлчилгээний төв байр”-ны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх явцад ашиглагчийн хүсэлтээр авторын зургийн өөрчлөлтийн дагуу хийгдсэн ажил, нэмэлтээр хийгдсэн ажлууд тусгагдсан гэж үзэн магадлашгүй ажлын зардлыг 83 524 182 төгрөгт багтаан гүйцэтгэсэн тул 63 958 506 төгрөгөөр магадлашгүй ажлыг олгох, 19 565 676 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хийн, нэмэлт ажлын төсөвтэй дахин тулган баталгаажуулснаар олгохоор шийдвэрлэж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн протоколыг талууд үйлджээ.
Дээрх магадлашгүй ажлын төсвийг 83 524 183 төгрөгөөр тооцсоныг шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 70 344 128 төгрөгөөр тодорхойлсон байна.
Хэрэгт талуудын хооронд байгуулсан ХУД-2011/01 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлын гэрээ”, уг гэрээг сунгасан ХУД-2011/01-1, ХУД-2011/01-2 тоот гэрээний дагуу магадлашгүй ажлын зардалд 63 958 506 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4.-д “Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэсний дагуу хариуцагч нь магадлашгүй ажлын зардалд илүү тооцоолж төсөвлөсөн 13 180 055 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхгүй байх эрхтэй.
Иймд магадлашгүй ажлын зардлын төсвийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 70 344 128 төгрөгөөр тооцож, түүнээс 63 958 506 төгрөгийг захиалагч төлсөн байх тул үлдэх 6 385 622 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас шаардах эрхтэй.
4.Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу хариуцагч нь ажлын хөлснөөс 4 500 000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн боловч захиалагч байгууллагаас гүйцэтгэгчид ажлын хөлсийг бүрэн төлсөн нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №9” баримтаар нотлогдож байх ба 4 500 000 төгрөгийн шаардлага нь нотлох баримтгүй байна.
5.Хариуцагч НХОГ нь “Барилгын ажлын нэгдсэн төсөв №05/2011, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №9” зэргийг үндэслэн 41 254 385 төгрөгийг суутгах ёстой байхад суутгалгүй илүү олгосон гэж үзэж сөрөг шаардлагаар нэхэмжилсэн бөгөөд тус барилгын ажлын зураг төслийн ажилд зориулан 41 254 385 төгрөг илүү олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төрийн сан дахь бүртгэлийн дансны хуулгаар нийт 4 245 000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба хариуцагч байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн тэмдэг бүхий нийслэлийн төсвийн хөрөнгөөр олгосон санхүүжилтийн талаарх баримт, “О К” ХХК-ийн гаргасан “Барилгын ажлын нэгдсэн төсөв” №05/2011, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №9” зэрэг баримтууд, дансны хуулгууд нь 41 254 385 төгрөгийг зураг төслийн ажилд илүү олгосныг нотлох үндэслэл болохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “О К” ХХК нь “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн ажлын гэрээ”, ХУД-2013/08/07 тоот “Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлын гэрээ”-нүүдийн ажлын гүйцэтгэлээс илүү хэмжээгээр буюу 41 254 385 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, ажлын хөлсний үлдэгдэл 6 385 182 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл буюу барилгын зураг төслийн ажлын гүйцэтгэлээс илүү 41 254 385 төгрөгийг нэхэмжлэгч авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэхийг үндэслэн шинжээчийн ажлын хөлсийг талуудад хуваарилан 318 000 төгрөгийг хариуцагч НХОГ-аас, 882 000 төгрөгийг нэхэмжлэгч “О К” ХХК-иас, нийт 1 200 000 төгрөгийг гаргуулан “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д олгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан 5369622 регистрийн дугаартай, 0 улсын бүртгэлийн дугаартай 0 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд хариуцагч НХОГ ОНӨААТҮГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасан төсвийн байгууллагад хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 364 222 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117 112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-аас 6 385 182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17 680 494 төгрөгийн шаардлагыг, хариуцагч НХОГ-ын, “О К” ХХК-иас 41 254 385 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 318 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас, 882 000 төгрөгийг нэхэмжлэгч “О К” ХХК-иас тус тус гаргуулан шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 278 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364 222 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, 117 112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА