| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2018/02105/И |
| Дугаар | 2090 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2090
2018 оны 10 сарын 22 өдөр Дугаар 182/ШШ2018/02090 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “У П” ХХК-д холбогдох
Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, талбайн үнийн зөрүүд 10 157 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь нийт 10 157 250 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнд, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон орон сууцын талбайн зөрүү үнэ 9 756 500 төгрөг бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас тооцсон торгууль 308 750 төгрөг, орон сууцын талбай хэмжүүлэхээр гаргасан зардалд 92 000 төгрөг нь дээрх дүн бүхий шаардлага болж байгаа юм. Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дунд гол гудамж, “Гранд вилла” орон сууцны 104а байр, 149 тоот орон сууцыг нэгж м.кв-ыг 2 470 000 төгрөгөөр тооцоод нийт 50 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Орон сууцны үнэ 123 500 000 төгрөг болдог. Худалдан авагч нь гэрээ байгуулагдсан өдөр буюу гэрээний 3.1-д зааснаар урьдчилгаа 15 000 000 төгрөг төлөх, 28 000 000 төгрөгийг “Toyota Harrier“ маркийн авто машинаар төлөх, 80 500 000 төгрөгийг орон сууцны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Д.Б нь авто машиныг шилжүүлж, мөн урьдчилгаа болох 15 000 000 төгрөгийг төлж, 2018 оны 03 дугаар 29-ний өдөр “ХААН банк” ХХК-тай ипотекийн зээлийн гэрээ байгуулан үлдсэн 80 500 000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Харин гэрээний зүйл болсон орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагатай байр хүлээлцэх акт үйлдээд хүлээж авсан. Гэтэл хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор үүргээ биелүүлээгүй буюу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 1/.Гэрээний 2.1-д зааснаар талууд 50 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон бөгөөд байр хүлээлцэх акт үйлдэхдээ худалдан авагч Д.Б нь шалгаж авах үүргээ биелүүлж “Брайт пойнт” ХХК-аар талбайг хэмжүүлсэн байдаг. Тэгэхэд “Брайт пойнт” ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны талбай нь 46, 05 м.кв байна гэж гарсан. Энэ талаар Д.Б нь байр хүлээлцэх акт дээрээ 3,95 м.кв талбай дутсан байна, үлдэгдэл талбайн зөрүүг тооцон авна гэдгийг тэр өдрөө мэдэгдэж бичсэн. Өөрөөр хэлбэл тэр дор нь худалдагчдаа мэдэгдсэн. Энэхүү орон сууцны талбайн зөрүүг удаа дараа хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн боловч одоог хүртэл энэ төлбөрийг барагдуулаагүй бөгөөд энэ талбайн үнэ нь 9 756 500 төгрөг болж байгаа юм. 2/. Уг орон сууцны талбайн хэмжилтийг хийхэд 92 000 төгрөгийн бодит зардал гарсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 219.1.-д заасны дагуу гаргуулах үндэслэлтэй байна. 3\.Гэрээний “4.2.3-д худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө”, 4.2.4-д “худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутам 0,5 хувийн торгууль төлнө” гэж заасан. “У П” ХХК нь энэхүү гэрээний 4.2.3-т зааснаар 2018 оны эхний улиралд буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэхэд өгөх ёстой байсан. Гэрээний 4.2.4-д зааснаар эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд гэхээр 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 1 сар тоолоод 04 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд хүлээлгэн өгнө, хэрэв хүлээлгэн өгөөгүй бол торгууль төлнө гэсэн агуулгатай. Харин хариуцагч тал нь нэхэмжлэгчид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байр хүлээлгэн өгсөн. Гэтэл 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгснөөр тухайн 15 хоногт нь торгууль тооцох бүрэн үндэслэлтэй болж байна. Торгуулийг нийт 123 500 000 төгрөгөөс 0,5 хувийг тооцоход 617 500 төгрөг, үүнээс 15 хоногийн торгуулийг тооцоход 308 750 төгрөг болж байгаа юм. Эдгээр үндэслэл нь Иргэний хуулийн 243.1., 254.1.-д тус тус заасны дагуу худалдагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох юм. Мөн Иргэний хуулийн 232.5.-д заасны дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон торгууль юм. Иймд нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “У П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Бтай орон сууцны барилгыг захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Б нь Б дүүрэг, 0 хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дунд гол гудамж, “Гранд вилла” орон сууцны 0а байр, 0 тоот орон сууцны төлбөр болох 123 500 000 төгрөг төлөх, хариуцагч нь тус орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Д.Б нь орон сууцны үнэд нийтдээ 123 500 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 30-нд төлж дуусгасан. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 05-нд 147 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн гаргаж өгсөн. Д.Б нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан болон гэрээний 4.4.4-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Талбайн зөрүүд 9 756 500 төгрөгийг гаргуулах тухайд, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Б нь эд хөрөнгө хүлээн авах тухай акт үйлдсэн. Тэгэхдээ хэмжилт нь дутуу байна гэсэн. Тухайн үед энэ эрх үүргээ биелүүлээгүй. Дутуу байна гэж мэдсэн буюу мэдэх боломжтой байх үедээ орон сууцыг хүлээн авсан. “Брайт пойнт” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэсэн нь ач холбогдолтой баримт биш гэж үзэж байна. Учир нь тус компани нь 1407 тоот орон сууцанд хэмжилт хийсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд 147 тоот гэсэн орон сууцанд дүгнэлт гаргаагүй байна. Зөвхөн тодруулгаар тодруулах нь ач холбогдолгүй. 2018 оны 03 дугаар сарын 05-нд өөрийнхөө өмчлөлд аваад орон сууцны талбайг хэмжүүлэх боломжтой байсан. Иймд талбай хэмжүүлэхэд гарсан зардлыг ч төлөх боломжгүй. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” гарч, 2018 оны 1 дүгээр улиралд орон сууц ашиглалтад орсон. Ийм учраас 2018 оны 1 дүгээр улиралд барилгыг улсын комисс хүлээн авч, “У П” ХХК нь ашиглалтад оруулснаар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир торгууль төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “У П” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүүд 9 756 500 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн торгуульд 308 750 төгрөг, орон сууцны талбайг хэмжүүлэхэд төлсөн 92 000 төгрөг, нийт 10 157 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ манай байгууллага 2018 оны 03 дугаар сарын 05-нд нэхэмжлэгчийн нэр дээр 147 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь албан ёсоор гаргуулж өгсөн, биет байдлын доголдолгүй байрыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан, “Б” ХХК нь 147 тоот орон сууцанд биш 1407 тоот орон сууцны талбайн хэмжилтийг хийж, дүгнэлт гаргасан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “У П” ХХК-иас Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, “Grande Villa” орон сууцны байрнаас 2 дугаар байрны 14 дүгээр давхарт 149 гэсэн түр дугаартай, 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2 470 000 төгрөгөөр тооцон нийт 123 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2018/00067 тоот “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-р нотлогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаанд төлөх, 55-89 ДАР улсын дугаартай, “Toyota Harrier“ маркийн суудлын автомашиныг 28 000 000 төгрөгөөр тооцон 2018 оны 02 дугаар сарын 14-нд төлөх, үлдэх 80 500 000 төгрөгийг банкны зээлээр 2018 оны 03 дугаар сарын 30-нд төлөх, гэрээний 4.2.1, 4.2.3-т зааснаар худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж, 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Уг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч тал нь үүргээ биелүүлж орон сууцны үнэ 123 500 000 төгрөгийг бүрэн төлсөн байх ба хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Бгийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205067610 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн төв бүс, Дунд гол гудамж, 0 а байрны 0 тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 000631891 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгон, 2018 оны 05 дугаар сарын 15-нд 147 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь 55-89 ДАР улсын дугаартай, “Toyota Harrier“ маркийн суудлын автомашины 01600828 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ХААН банк” ХХК болон Д.Б нарын хооронд байгуулсан ЗГ/0 тоот “Ипотекийн зээлийн гэрээ”, БГҮ/0 тоот “Барьцааны гэрээ”, Д.Бгийн өмчлөлийн 000631891 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “У П” ХХК-ийн “Байр хүлээлцэх акт”, “Худалдан авагч тал орон сууцыг хүлээн авснаар хүлээх эрх, үүрэг, зөвлөмж” зохигчдын тайлбар зэргээр нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “...худалдагч нь биет байдлын доголдолгүй...хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг...хүлээнэ” гэж, 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч “У П” ХХК-иас нэхэмжлэгчид гэрээнд заасан 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хүлээлгэн өгөх гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлэлгүй 3,95 м.кв-р дутуу буюу 46,05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №18/05-14 тоот “Орон сууцны талбайн хэмжилтийн тайлан” түүний хавсралтууд, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗТ16-556\16 тоот тусгай зөвшөөрөл, №УЭЛ-2016-251 тоот шалгалт тохируулгын гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдсон байна.
3.Нэхэмжлэгч Д.Бгийн захиалгаар “Б” ХХК нь орон сууцны талбайн хэмжилтийг хийж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №18/05-14 тоот “Орон сууцны талбайн хэмжилтийн тайлан”-г гаргасан ба уг тайлан, түүний хавсралтуудад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 104 а дугаар байрны 1407 тоот гэж бичигдсэн байх боловч тус компанийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2918/0972 тоот албан бичигт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 104 а дугаар байрны 147 тоот орон сууцанд талбайн хэмжилтийг шалгалт тохируулгын гэрчилгээ бүхий ТМ-50 маркийн хэмжигчээр хийж, №18/05-14 тоот дүгнэлтээр 147 тоот орон суууцны нийт талбай хэмжээ 46,05 м.кв болохыг тогтоосон, хэмжилт хийх явцдаа дугаарыг 1407 тоот гэж ташаа бичсэн талаар, хэмжилт хийж, дүгнэлт гаргасан орон сууцны дугаар нь 147 тоот мөн болох талаар тайлбарласан байна.
Үүнээс үзэхэд хариуцагч талын, талбайн хэмжилтийг манай худалдсан 104 а дугаар байрны 147 тоот орон сууцанд хийгээгүй, 147 тоот орон сууцны талбай нь 3,95 м.кв-р дутуу гэдэг нь нотлогдоогүй гэх нэхэмжлэлийг татгалзсан тайлбар үндэслэлгүй болно.
Түүнчлэн хариуцагч тал нь “Б” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №18/05-14 тоот “Орон сууцны талбайн хэмжилтийн тайлан”-гаар дээрх 147 тоот орон сууцны талбай нь 46,05 м.кв гэж тогтоосныг үндэслэлгүй, буруу гэж үзэж няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4.Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн “У П” ХХК-ийн “Байр хүлээлцэх акт”-д Д.Бгаас “...Мэргэжлийн байгууллагаар м.кв-ыг хэмжүүлэхэд 3,95 м.кв дутсан, м.кв зөрүүг тооцож авахыг мэдэгдэж байна...” гэж бичсэн байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж, талуудын хооронд байгуулсан 2018/00067 тоот “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.2.1-д “Худалдагч тал барилгын тухай хуулийн үндэслэн орон сууцны чанарт 3 жилийн баталгаа гаргах бөгөөд орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь дээрх хуульд заасан хугацааны дотор гэрээний зүйл болох орон сууцны талбай нь 3,95 м.кв дутуу буюу эд хөрөнгө доголдолтой болохыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр худалдагч талд мэдэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “ Худалдан авагч....эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь ...дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлнө” гэсний дагуу дутуу шилжүүлсэн талбайн үнэ болох 9 756 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
5.Нэхэмжлэгч Д.Б нь гэрээний зүйл орон сууцыг хүлээн авах үедээ тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхээр үйлчилгээний төлбөрт 92 000 төгрөгийг төлсөн нь тус компанийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу орон сууцны талбайг хэмжүүлэхэд зарцуулсан зардал 92 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгч нь гэрээний 4.2.3-т орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх үүргээ зөрчин, хугацааг хэтрүүлсэн гэж үзэж 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 15 хоногийн торгуульд 308 750 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гэрээний 4.2.4-т “Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд 0,5 хувийн торгууль төлнө” гэж заасан нь талууд юунаас, ямар үүргээс торгууль тооцох нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2018/00067 тоот “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.2.3-т зааснаар худалдагч тал орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ба хэрэгт авагдсан 2018\14 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-р 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 147 тоот орон сууц бүхий барилгыг ашиглалтад оруулж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Бгийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч талаар 308 750 төгрөгийг хугацаа хэтрүүлсний торгуульд тооцон төлүүлэх боломжгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч “У П” ХХК нь худалдан авагч Д.Бд доголдолтой хөрөнгө шилжүүлсэн буюу гэрээний 2.1.-д зааснаас 3,95 м.кв-р дутуу талбайтай орон сууцыг шилжүүлсэн тул талбайн үнийн зөрүүд 9 756 500 төгрөг, орон сууцны талбайг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлсний төлбөрт төлсөн 92 000 төгрөг, нийт 9 848 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 172 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 254 дүгээр зүйлийн 254.4., 232 дугаар зүйлийн 232.5., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч “У П” ХХК-иас 9 848 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс 308 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА