Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/716

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           9          23                                  2022/ШЦТ/716

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ийг холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205017991963 дугаартай 2 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

*******-.

 

                        Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ланд” гэх нэртэй зочид буудлын 303 тоот өрөөнөөс хохирогч М.Б- эзэмшлийн “IPhone 13 pro max” загварын гар утас болон гутал, цүнх, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.562.640 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.М- эзэмшлийн “Samsung А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон автобусны зогсоол дээр иргэн Т.М- эзэмшлийн “Samsung А52” загварыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 871.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй Ц.Д- хувцасны баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Redmi note 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 6.533.640 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

 Шүүгдэгч *******-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэж мэдүүллээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

           Нэг. Шүүгдэгч *******- нь 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ланд” гэх нэртэй зочид буудлын 303 тоот өрөөнөөс хохирогч М.Б- эзэмшлийн “IPhone 13 pro max” загварын гар утас болон гутал, цүнх, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.562.640 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б- хохирогчоор өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ланд нэртэй зочид буудлаар өөрийн найз ...нарын хамт 303 тоот өрөөнд орж хэдэн пиво уусан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Насанпүрэв, Өлзийжаргал, Золбоо, Сандарь, Хишигдалай нар явцгаагаад Мөнх-Эрдэнэ, Намуун, Баттөмөр бид нар тухайн буудалдаа үлдсэн бөгөөд Мөнх-Эрдэнэ өглөө ажилтай гээд 06 цагт гараад явсан. Тэгээд бид гурав өглөө 07-08 цагийн үед сэрээд гар утсаа шалгатал миний гар утас, малгай, гутал, үнэртэй ус зэрэг эд зүйл алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан, ...тус буудалд хяналтын камер байсан ба хяналтын камерыг шалгаж үзэхэд үл таних 25-30 орчим насны нэг хөл нь эвгүй хазганаж явдаг залуу миний байрлаж байсан гэх өрөө рүү ороод миний эд зүйлийг авч байгаа болох нь бичигдсэн байсан би тэр залууг өмнө нь харж байгаагүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал)

 

           1.2 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн “IPhone 13 pro max загварын гар утас 1 ширхэг 4.562.640 төгрөгөөр үнэлсэн” тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

           1.3 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...М.Б- эд зүйлийг хулгайлсан гэх этгээд нь Ланд зочид буудлын текен дээр зогсож байгаа болохыг харуулав...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 33-37 дахь тал)

 

            1.4 Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

            1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний орой Баянгол дүүргийн Модны-2 зам дагуу бааранд найз Оюунзулын хамт архи уусан. Ингээд уг баарнаасаа шөнө согтуу гараад зам дагуух Ланд нэртэй зочид буудалд өрөө авсан. Оюунзул өрөөг авч, төлбөрийг төлөөд яваад өгсөн. Би тухайн өрөөнд ганцаараа согтуу унтаж байгаад 05 цагийн үед сэрээд ширээн дээр байсан архиа ганцаараа ууж эргээд согтсон. Буудлаас яаж гарч явснаа санахгүй байгаа. Нэг мэдэхэд би энэ буудлаасаа гарч яваад 100-н айлд байрлах “New world” нэртэй зочид буудлын өрөөнд ганцаараа, халаасандаа 110,000-120,000 төгрөгтэй болчихсон, согтуу байж байсан. Би тухайн үедээ хаанаас ийм мөнгөтэй болсныг мэдээгүй. Ямар ч байсан хамгийн сүүлд ямар ч мөнгөгүй, Оюунзул буудлын тооцоог төлсөн байсан. Тэгтэл согтоод сэрэхдээ мөнгөтэй болчихсон, өөр буудалд сэрсэн байсан. Энэ явдлаас 10 хоногийн дараа өөрийгөө согтуудаа гэмт хэрэг үйлдсэнээ мэдсэн. Учир нь хохирогч залуу надтай фейсбүүкээр холбогдсон. Би хүний утсыг авснаа, зарснаа огт санахгүй байгаа. Гэхдээ өөрөө мөнгөтэй болчихсон байсан болохоор ямар ч байсан согтуудаа хүний утас аваад, хэн нэгэнд зараад мөнгөтэй болсноо мэдсэн. Би тухайн үед нэлээн архи ууж, согтсон бололтой юм, огт санахгүй байгаа. Би одоо хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Хоёр. Шүүгдэгч *******- нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.М- эзэмшлийн “Samsung А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

            2.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал)

 

            2.2 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал)

           

         2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М- хохирогчоор өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 24-ний оройн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг 407б тоотод байрлах Марал нэртэй хүнсний дэлгүүрт ажиллаж байх үеэр үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Тэр хоёрын нэг нь надад хандаж ар талд байгаа сахлын татуурга аваад өг гэж хэлэхээр нь эргэж хараад авч өгтөл нөгөө хоёр хүн тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд гараад явсан. Тэгээд би гар утсаа гэнэт санаад хайтал олдохгүй байхаар нь хяналтын камерын бичлэгийг шүүгээд үзтэл сахлын татуурга худалдаж авахаар орж ирсэн хоёр хүний эрэгтэй нь миний гар утсыг аваад халаасандаа хийгээд явж байгаа бичлэг харагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал)

 

            2.4 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн “Samsung А52” загварын гар утас 1 ширхэг 650.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан (хавтаст хэргийн 104-105 дахь тал)

 

            2.5 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үргэлжлүүлэн тоглоход сэжигтэй этгээд 15 цаг 28 минутад уг хүнсний дэлгүүрт буцаж ороод дахин худалдан авалт хийх бөгөөд хохирогч болох эргэж харан юм авах хооронд лангуун дээр байх Samsung А52 маркийн гар утсыг авч өөрийн халаасандаа хийж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дэх тал)

 

            2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед дэнжийн мянгад ямар нэртэй паб гэдгийг нь мэдэхгүй байна ганцаараа хүн хүлээнгээ 0,5-н Ех нэртэй архи, сэнгүр нэртэй хоёр шил пиво уугаад байж байсан чинь хүлээж байсан хүн маань ирэхгүй болж таараад би тухайн пабаас гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Зам гүүрний авто баазын хажууд алхаж байхдаа “Марал” нэртэй хүнсний дэлгүүр рүү ундаа аваад тооцоогоо хийх гээд кассны хажуу лангууны ойролцоо зогсож байсан чинь лангуун дээр нь “Samsung А52” гар утас байхаар нь би нууцаар аваад кормандаа хийгээд тухайн дэлгүүрээс гарсан юм. Тэгээд уг гар утсаа маргааш өдөр нь “Tedy” дээр явж байгаад утас авна гээд сонирхоод явж байсан нэг танихгүй өвөөд 100.000 мянган төгрөгөөр худалдсан. Тэгээд би мөнгөө үрээд дуусгасан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гурав. Шүүгдэгч *******- нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон автобусны зогсоол дээр иргэн Т.М- эзэмшлийн “Samsung А52” загварыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 871.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

3.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)

 

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М- хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны драгон төвийн автобусны зогсоол дээр Эрдэнэтээс Улаанбаатар хот хоорондын хотын автобус тосохоор очсон 22 цагийн үед тээшнээс цүнхтэй юмаа авах гээд байж байхад араас 25-30 орчим насны эрэгтэй нэг хөл нь хазгай гишгэдэг хүн миний Samsung А52 загварын гар утсыг авсан. Тэгээд би араас нь Эрдэнэтийн автобус тойроод хайгаад олоогүй ард ирсэн автобуснаас олж авсан тэнд нэг цагдаагийн алба хаагч байсан тэгээд тусламж авсан.Миний алдсан гар утсыг түргэн шуурхай олж өгсөн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал)

 

3.3 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн “Samsung А52” загварын гар утас 1 ширхэг 871.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан (хавтаст хэргийн 104-105 дахь тал)

 

3.4 Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал)

 

3.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 22-ны оройн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн автобус машин зогсоол дээр явж байхад улаан цагаантай автобусны хажууд олон хүн бужигнасан байсан. Тэгээд би сонирхоод үзээд явж байхад 23-24 насны эрэгтэй  хүний баруун халааснаас Samsung А52 загварын гар утас харагдахаар би авчихсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дөрөв. Шүүгдэгч *******- нь  2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй Ц.Д- хувцасны баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Redmi note 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

4.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал)

 

4.2 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн “Redmi note 9” загварын гар утас 1 ширхэг 450.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дахь тал)

 

4.3 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 18 секундэд сэжигтэй этгээд хохирогчийн баруун гар талд зогсож байгааг харуулав. Уг бичлэгийн 22 секундэд хохирогчийн ар талаас сэжигтэй этгээд шахаад араас нь явж байгааг харуулав. Уг бичлэгийн 39 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн баруун талын халааснаас гар утсыг нь аваад цаас явж байгааг харуулав.” Гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 221-223 дахь тал)

 

4.4 Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дахь тал)

 

4.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д- насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боззоло нэртэй бэлэн хувцасны дэлгүүр эгч болох Ц.Намуун-Эрдэнийн хамт 2 давхарт байрлах бэлэн хувцасны лангууны орчимд явж байх үедээ гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн байсан “Redmi note 9” маркийн гар утсаа хулгайд алдсанаа мэдээд Боззоло худалдааны төвийн хяналтын камерын шүүж үзэхэд бид хоёрыг 2 давхарт хувцас үзээд явж байх үед баруун талын халаасанд байсан гар утсыг маань авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн эрэгтэй нь 20-25 орчим насны хар өнгийн малгайтай цагаан масктай, хар өнгийн яактай, цагаан фудволктой, цэнхэр жинсен өмдтэй , баруун тал хөл хазгардуу гишгэж явдаг...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал)

 

4.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14-р хороо Боззоло худалдааны төвийн 1 давхарт явж байх үед Бөхбаатар гэдэг найзтайгаа тааралдаад, хамтдаа 2 давхарт гарч хувцас үзэж байх үед хажууд хувцас үзэж байсан цагаан өнгийн бамбер өмссөн эмэгтэй хүүхдийн баруун халаасанд байсан “Redmi note 9” гар утсыг мэдэгдэлгүйгээр авч дэлгүүрээс гарч явсан. Бөхбаатарт энэ талаар хэлээгүй, Бөхбаатарыг дэлгүүр дотор юу ч хэлэлгүйгээр үлдээгээд гараад явсан. Би тухайн үед хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн фудболка, саарал өгийн жинсэн яак, цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон эрээн кеттэй байсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд өөрөө хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, тухайн утсыг яг тэр чигт нь хохирогчид хүлээлгэн өгсөн. Харин утасны кейс болон иргэний үнэмлэхийг хогийн саванд хаячихсан, буцааж олоогүй, гэхдээ хохирогчид иргэний үнэмлэх сэргээж авах мөнгийг төлсөн.” (1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч М.Б-, Б.М-, Т.М-, насанд хүрээгүй хохирогч Ц.Д- нарт учирсан хохирлыг нөхөн төлж, биет байдлаар буцааж өгсөн, хохирогч нарын  гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 199 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д холбогдох эрүүгийн 2205017991963 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******-ий дээрх гэмт үйлдлүүдийг Баянгол дүүргийн хяналтын прокуророос “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон гэж шүүх дүгнэв.

 

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

           Хэргийн шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч хохирогч М.Б-, Б.М-, Т.М-, насанд хүрээгүй хохирогч Ц.Д- нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 6.533.640 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч М.Б-, Б.М-, Т.М-, насанд хүрээгүй хохирогч Ц.Д- нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч *******-ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******-ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч М.Б-, Б.М-, Т.М-, насанд хүрээгүй хохирогч Ц.Д- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

*******-ий зорчих эрхийг түүний оршин суудаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдав.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 27  хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. *******-ий зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ий цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ДАЙРИЙЖАВ