Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/875

 

2022       06         13                                   2022/ШЦТ/875

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ю.Батсүх,

насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  *******-д холбогдох эрүүгийн 2206 00999 1529 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, хужирбулан 1 хэсэг гудамж ... тоотод дагавар хүү болох Б.Т-г “дүүгээсээ чихэвчээ аятайхан авсангүй” гэж уурлаж, гараараа нүүрэнд 3 удаа алгадаж, нүүр хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэг орой би утсаар тоглоод гэртээ байсан. Манай энэ ах манай дүүг тэврээд газар хэвтэж байсан.  Би утсаараа тоглоод байж байсан. Тэгсэн чинь манай дүү миний чихэвчийг булаагаад би дүүгээсээ чихэвч өг гээд гарнаас шувтраад авчихсан.  Тэгээд энэ “ах дүүгээс зөөлхөн авахад яадаг юм бэ? гэхээр би яадгийн гээд хэлсэн чинь юу гээд байгаа юм бэ? чихийн таслачихвал яах юм бэ? гэсэн” чи өдөөс хэдэрлээд байна уу, гээд намайг 3 биш 2 алгадсан. Тэгээд би босож ирээд яагаад байгаа юм бэ? гэсэн чинь нүүр лүү өшиглөхөөр нь би хамраа дараад тэгээд ээж ирээд миний цусыг дараад тэгээд ээж ахад уурлаад ах гараад явчихсан. Тэгээд ээж цагдаа дуудсан” гэв.

 

  Эрүүгийн 2206 00999 1529 дугаартай хэргээс:

 

  Шүүгдэгч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ найз Э, Б, эхнэр хүүхдүүдийн хамт 15 цагийн орчимд юм яриад сууцгааж байтал манай том хүү Т гар утсаараа тоглоод бага дүүтэйгээ муухай харьцаад байхаар нь би чи яаж харьцаад байгаа юм бэ гээд хацар руу нь 2 удаа гараараа зөөлхөн алгадсан. Тэгтэл том хүү чи ямар сүртэй юм бэ гээд томроод байхаар нь би уурандаа хамар хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөтөл манай хүү Т-ийн хамарнаас цус гараад хэрүүл болоод намайг цагдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ утсаараа тоглож байхад манай 10 сартай бага дүү миний чихэвчийг татаад авахаар нь би түүнээс булаагаад авсан ба энэ үед манай дүү уйлсан. Гэтэл хойд эцэг ******* чи дүүгээсээ аятайхан авч болохгүй байна уу, битгий давраад байгаарай гээд миний нүүр рүү 3 удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм  гээд орон дээр босч ирээд суухад хойд эцэг *******  хамар руу 1 удаа өшиглөж намайг унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 3029 дугаартай:

“1.2. Б.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, хужирбулан 1 хэсэг гудамж .. тоот гэртээ дагавар хүү болох 15 настай Б.Т-г “дүүгээсээ чихэвчээ аятайхан авсангүй” гэх шалтгаанаар уурлаж улмаар нүүрэнд 3 удаа гараараа алгадаж, нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “намайг 3 биш 2 алгадсан. Тэгээд би босож ирээд яагаад байгаа юм бэ? гэсэн чинь нүүр лүү өшиглөхөөр нь би хамраа дараад тэгээд ээж ирээд миний цусыг дараад тэгээд ээж ахад уурлаад ах гараад явчихсан.” гэх,

шүүгдэгч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хацар руу нь 2 удаа гараараа зөөлхөн алгадсан. ...хамар хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөтөл манай хүү Тэмүүжингийн хамарнаас цус гараад хэрүүл болоод намайг цагдаад өгсөн” гэх,

насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү 3 удаа алгадаад авсан. ... хамар руу 1 удаа өшиглөж намайг унагаасан.” гэх мэдүүлгүүд,

шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 3029 дугаартай “Б.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******-ий гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ий энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-ий насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн биед халдаж хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох *******-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох *******-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        С.АЮУШЖАВ