Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/821

 

 

 

 

 

 

2019          8           15                                        2019/ДШМ/821

                                                       

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ан гаргасан давж заалдах гомдлоор Г.Ад холбогдох 1903002680187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Ганболдын А, 1995 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Иглан-1М харвагч мэргэжилтэй, “ООТТ” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-2-ын 3-р байрны 112 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЛД95072331/;

            Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн оройн 17 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Best cup” ХХК-ийн урд замд “Тоёота Приус” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас О.Нандинцэцэгийн жолоодон явсан “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч 6 настай Х.Энххүслэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Г.Алтан-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ганболдын Алтан-Эрдэнийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлыг 5 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Аэс 4.610.000 төгрөгийг гаргуулан хохирогч Оюуны Нандинцэцэг, Шагдаржавын Хишигдэлгэр нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн 1135886 дугаартай жолоочийн үнэмлэх, 01834601 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өмчлөгч Г.Ад буцаан олгож, Иргэний нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг, мөн хохирогч О.Нандинцэцэг болон насанд хүрээгүй хохирогч Х.Энххүслэн нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ганболдын А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг хөрөнгийн үнэлгээ нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 2.690.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд, шүүхээс хохирогчид дээрх хохирол төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн. Автомашиныг засварласан тул анхан шатны шүүх хурлын дараа хүлээлгэж өгсөн. Иймд хохирол төлбөрөөс хасаж шийдвэрлэж өгнө үү. 5.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хөнгөрүүлж, багасгаж хугацаа зааж өгнө үү. Шийтгэх тогтоолд хугацаа заагаагүй нь ирээдүйд миний эрх зүйн байдал дордох эрсдэлтэй байна. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, тодорхой хэмжээгээр хохирлоо төлсөн, үлдсэн хохирлоо 5 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан торгуулийн ялыг хөнгөлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь Г.Алтан-Эрдэнийн хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшсэн, хохирол төлбөрийн 50 гаруй хувийг барагдуулсан зэргийг үндэслэн түүнд оногдуулсан торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрвээ торгуулийн ялыг хэвээр үлдээвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “...жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. ...” гэж зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Манай үйлчлүүлэгч ажил хийж, цалин авдаг учраас хохирогчийн хохирол төлбөрийг төлөх үндэслэлээр анхан шатны шүүхэд торгох ял оноож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Тийм учраас анхан шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүх энэ талаас харгалзаж, хугацаа зааж ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн саналтай байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэг дээр 2.690.000 төгрөгийн хохирлыг хохирогч Нандинцэцэг, Хишигдэлгэр нарт олгосугай гэсэн. Гэтэл тухайн хохирол нь иргэний нэхэмжлэгч Б.Онолбаярт учирсан хохирол бөгөөд тухайн төлбөр мөнгийг Б.Онолбаярт өгнө гэж ойлгож байсан. Уг хохирол мөнгө болох 2.690.000 төгрөгийг хохирогчид төлсөн талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Автомашины оригнал шил олдоогүй учраас Хятад шил хийхгүй гээд шилийг солиогүй. Харин шинэ крыло авч өгөхөд 1 см орчим томдсон байсан учраас уг шил, крыло хоёрыг солиод өгвөл машинаа хүлээж авна гэж Б.Онолбаяр нь хэлж байсан. Шүүх хуралдааны дараа тухайн эд ангиудыг солиод, үнэлгээгээр гарсан 2.690.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэрвээ хохирогч Б.Онолбаяр нь шүүх хуралдаанд ирсэн бол уг хохирол мөнгө хасагдах боломжтой гэж үзэж байна. Хохирогч Хишигдэлгэр, насанд хүрээгүй хохирогч Нандинцэцэг нарын хохирол 1.925.000 төгрөг байгаа. Манай үйлчлүүлэгчийн хэлснээр хохирлоос эхний удаад 400.000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид цалингаасаа үргэлжлүүлэн төлөх болно гэдгээ илэрхийлсэн. Иймд манай үйлчлүүлэгчийн хохирол төлбөр төлж байгаа болон цаашид төлөхөө илэрхийлсэн байдал, сарын 600.000 төгрөгийн цалинтай зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаанд автомашины асуудлыг ихэвчлэн яригдаж байна. Гэвч бага насны хохирогч эрүүл мэндээрээ яаж хохирсон тухай, түүний эрүүл мэндийг дагалдан гарч ирсэн гэм хор, хор уршигийн талаар бага ярьж байгаа. Энэ тал дээр анхаарахыг хүсье. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хуульд заасны дагуу үндэслэлтэй гарсан ба гэмт хэргийн улмаас учисран хор уршиг, шинж чанар, гэм хорд тохирсон байх ёстой гэсэн хуулийн хэм хэмжээнд анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилаагүй гэж үзсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 2.690.000 төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс автомашиныг засаж хохирогчид бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй. Тухайн авто машины үнэлгээгээр гарсан 2.690.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тухай баримт шүүхэд өгөөгүй ба уг хохирлын мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын үнийн дүн 1.400.000 төгрөгтэй холбоотой асуудлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн урчаас анхан шатны шүүхээс нийт хохирол төлбөр болох 4.610.000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн оройн 17 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Бест кап” ХХК-ийн урд замд “Тоёота Приус” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас О.Нандинцэцэгийн жолоодон явсан “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч 6 настай Х.Энххүслэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Нандинцэцэгийн “...Бага охин Х.Энххүслэн нь 6 настай бөгөөд зам тээврийн осол гарах үед автомашинд хамт явж байсан. Ослын улмаас нүдний ухархай, хамар хугарсан, 2 зовхи нь хаалттай буюу дээш өргөж чадахгүй байгаа. Нүүр нь битүү хаван, хавдартай байна. 2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 20-ны өдрийг хүртэл “Нил фарм” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Биеийн байдлын хувьд одоогоор сайн харж чадахгүй, толгой нь өвдөнө, хамраас бага зэргийн цус гарна. Үүнээс гадна маш их айсан, шоконд орсны улмаас шөнө унтаж чадахгүй айна, цочино, орондоо шээж байна. Жолоочийн зүгээс эм болон эмчилгээнд зориулж өгсөн мөнгө алга байна. ...” /хх 27-28/,

иргэний нэхэмжлэгч Б.Онолбаярын “... “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6/17102561 дугаартай зээлийн гэрээ ф/17102561 фидуцийн гэрээг байгуулан эзэмшигчээр нь “Инвескоре” ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн. Уг гэрээний дагуу манай байгууллагын барьцаа хөрөнгө болох “Ниссан адван” загварын 06-56 УБД дугаартай автомашин зам тээврийн ослын улмаас эвдэрсэн байна. Автомашины өөрийн үнэлсэн үнэ 7.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 2.100.000 төгрөгийг төлж манайхаас 4.900.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд үүнээс 2.820.657 төгрөгийг төлж, 2.079.343 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” /хх 80/,

иргэний хариуцагч Л.Алтанбумбын “...”Тоёота Приус” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг ... боловч Г.Алтан-Эрдэнийн эзэмшлийн автомашин байгаа юм. Г.А 2018 онд уг автомашиныг авсан бөгөөд автомашиндаа дугаар авах үед иргэний үнэмлэх нь орон нутгийн хаягтай болохоор миний нэр дээр гэрчилгээ гаргуулж, автомашиндаа дугаар авсан. Уг автомашиныг би унаж ашигладаггүй. ...Автомашин жолоодох зөвшөөрөл өгсөн. ...” /хх 95/,

шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний оройн17 цаг 40 минутын орчимд эгч Л.Алтанбумбын эзэмшилд байх “Приус 11” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон “Амгалан” хүнсний захаас ... хэсгийн 1 дүгээр эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байгаад бүхээгтэй автомашины хажуугаар гүйцээд цааш 2 дугаар эгнээгээр явж байтал автомашин руль нь гэнэт булаах шиг болсон. ...Автомашин эсрэг урсгалд орох үед нь би автомашиныхаа рулийг буцаагаад дарах үед эсрэг урсгалд явж байсан автомашинтай мөргөлдсөн. Ухаан орох үед миний жолоодож явсан автомашин зорчих хэсгийн урд талын шороон дээр гарчихсан. Мөргөлдсөн гэх автомашины жолооч, хүүхдээ тэврээд зам дээр сууж байсан. Тэгээд би автомашинаасаа буух гэсэн боловч миний талын хаалга онгойхгүй, манай найз охины нуруу нь эвгүй болчихсон бололтой байсан. ...” /хх 108/,

гэрч Г.Өвгөнбүргэдийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 17 цаг 40 минутын орчимд “Hyundai HD-120” загварын 23-01 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Амгалан зах өнгөрөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр “Тоёота Приус” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашин дуут дохио өгөөд маш хурдтай орж ирсэн. Эсрэг урсгалд явж байсан автомашин зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байсан болохоор би өөрийн явж байсан эгнээндээ зогсож тэр “Тоёота Приус” загварын автомашин 1 дүгээр эгнээгээр урагш явж байгаад гэнэт л зүүн гар тийш эргэж байгаа юм шиг хөндлөн эргээд явж байгаад баруун эргэж эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд явж байсан “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашины баруун урдаас очиж мөргөөд, зорчих хэсгийн урд талын замын хашлага даваад шороон хөвөөн дээр зүүн хойш харан зогсож, “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашин мөргөлтийн хүчээр хойш шидэгдэн зорчиж явсан чиглэлийнхээ 2 дугаар эгнээнд зүүн урагш харж зогссон. “Тоёота Приус” явж байгаад “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашиныг мөргөчихсөн. Тормозны гэрэл асаж байгаа харагдаагүй. Гэнэт л зүүн эргээд тэгснээ баруун эргээд л мөргөлдчихсөн. ...” /хх 100/,

гэрч Б.Сугар-Очирын “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Амгалангийн замын зорчих хэсгийн урд талаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэл явж байтал зам дээр 2 автомашин мөргөлдөх их дуу гарсан, “Тоёота Приус” загварын автомашин замын урд талын шороон дээр зүүн тийш харчихсан, “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашин замын 2 дахь эгнээнд бас зүүн урагш харсан байрлалтай байсан. Би эхлээд “Тоёота Приус” загварын автомашин дээр гүйж очоод хаалгыг нээхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан. Эрэгтэй нь жолооч талдаа эмэгтэй нь зорчигчийн суудал дээр суучихсан байсан. Эмэгтэйг автомашинаас гаргах гэхэд эрэгтэй нь хөдөлгөөд дэмий байж байг гэсэн. ...” /хх 102/,

гэрч Л.Гантуяагийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд найз залуу Г.Алтан-Эрдэнийн хамт “Тоёота Приус” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашинтай “Амгалан” захаас хүнсээ цуглуулчихаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр хэд орчим км цагийн хурдтай яв байсан мэдэхгүй, автомашин гэнэт зүүн гар тийш эргэсэн бөгөөд эсрэг урсгалд явж байсан автомашинтай мөргөлдөөд замын урд талын шороон хэсэг дээр гарчихсан. Би өөр сайн санаж байгаа зүйл алга байна. Би зам тээврийн ослын дараа автомашинаасаа буугаагүй, нуруу эвгүй болчихсон байсан 103-аар ГССҮТ рүү хүргэгдсэн. ...” /хх 104/, гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3476 дугаартай “О.Нандинцэцэгийн биед тархи доргилт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. ...” /хх 117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3477 дугаартай “Х.Энххүслэнгийн биед 2 нүдний зовхины өргөгч булчингийн саажил, зүүн нүдний ухархайн хананы хугарал, духны арьсны зулгаралт, 2 нүдний зовхи, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ...” /хх 121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 1909 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-11” загварын автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Автомашины зүүн урд талын өндгөн тулгуур тос шороо мэт зүйлээр бохирлогдсон гэмтэл нь ослын өмнө үүссэн байх боломжтой. Автомашины бусад хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна. Тоормос шингэн дамжуулгатай, урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Автомашинд гарсан гэмтлээс хойд тэнхлэгийн тоормосны эд ангийн ажиллагааг шалгах боломжгүй, ил харагдах гэмтэлгүй байна. Автомашинд үүссэн гэмтлээс автомашин өөрөө явах боломжгүй болсон тул зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна. Автомашин явах боломжгүй тул спидометрын ажиллагааг шалгах боломжгүй байна. Автомашины жолооны механизм ажиллаж байна. ...” /хх 125-126/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 213 дугаартай “...”TOYOTA Prius” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Ганболдын А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Ниссан адван” загварын 06-56 УБД улсын дугаартай автомашины жолооч Оюуны Нандинцэцэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь “TOYOTA Prius” загварын 71-26 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Ганболдын А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн өерт хамаарагдах заалтыг биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. ...” /хх 142-143/ гэх дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 110/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх 3-12/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон баримтуудыг үндэслэн Э.Уянгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.А “...5.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хөнгөрүүлж, багасгаж хугацаа зааж өгнө үү. Шийтгэх тогтоолд хугацаа заагаагүй нь ирээдүйд миний эрх зүйн байдал дордох эрсдэлтэй байна. ...Торгуулийн ялын хөнгөлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж хуульчилжээ.

Дээрх эрх олгосон заалтыг үндэслэн шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэсэн нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Алтан-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар /зургаан сар/-ын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ