Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 112/ШШ2021/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн М.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эт холбогдох ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, өмнө нь хийж байсан Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтний ажилд орсон. Миний ажиллаж байгаа албан тушаалд төрийн албаны сул орон тоо гэж үзээд сонгон шалгаруулалт зарлаагүй байж намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл гаргасан байгаа. Хөдөлмөрийн гэрээнд төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл ажиллана гэж заасан. Намайг ажил хийж байх хугацаанд болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч ирээгүй. Одоо миний ажлын байран дээр өөр хүн аваагүй ******* сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн давхар хийж байгаа. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, өмнө нь хийж байсан Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үү. Өөрөө ажиллахгүй гэсэн гэж байна. Тэрнээс өмнө намайг өөрөө өрөөндөө дуудаж чи ажлаа өгнө гэсэн яасан бэ? Хэзээ өгөх вэ? гэж асуусан. Тэгэхээр нь би тушаалаа гаргачихаад ажлаа аваарай гэсэн. Гэтэл хууль бусаар ажилд орсон гэж тушаал гаргана шүү гэхээр нь та өөрөө мэд тушаалаа өгчих. Тэгээд би ажлыг чинь өгье гэж хэлсэн. Хууль бусаар гэдгийг сайн ойлгохгүй байна. Хууль бусаар орсон гэдгийг өөрөө мэдэж байсан бол анхнаасаа яагаад ажилд томилсон гэдэг нь асуудалтай байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: М.А нь төрийн захиргааны албан хаагч. Үүнийг Засаг даргын Тамгын газрын дарга нь мэдэж байсан. Энэ албан тушаал нь төрийн захиргааны албан хаагч тул Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх ёстой. Тухайн үед нэхэмжлэгчийг авч ажиллуулан төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжтой байсан. Үүнийг мэдсээр байж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тухайн алба цуглаж ороход бүх хүмүүсийг ТҮ биш байна. Төрийн албан хаагч учраас ТЗ-ээр цалинжих ёстой байна гээд өөрөө алдаагаа засаж ТЗ болгосон. Гэтэл ТЗ болгосон байж нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хууль бус чөлөөлсөн гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт талууд Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлаа үргэлжлүүлж хийж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байсан. Тийм байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус болох нэг үндэслэл байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааг зохицуулж өгсөн ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан. Гэтэл тухайн хөдөлмөрийн гэрээ хуулиас давсан, энэ гэрээ сунгагдахгүй гэсэн хэт нэг талыг барьсан гэрээ байсан. Хууль бусаар ажилд орсон гэдэг. Хууль бусаар хэн ажилд томилсон бэ? гэхээр Тамгын газрын дарга өөрөө томилсон тушаал байгаа. Ажилд томилохдоо төрийн албан хаагчийг ажилд түр томилох хуулийн зохицуулалт байхгүй гэж байна. Уг тушаал нь түр томилох тухай гээд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл хугацаагаар гэж томилсон. Тэгэхээр М.Агийн албан тушаалд сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байгаа. Тийм учраас ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч төрийн захиргааны албан хаагчийн ангилалд хамаардаг байсан. Гэвч нэхэмжлэгч төрийн албаны ерөнхий шалгалтад ороогүй байсан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх бол хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дууссан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх заалт огт үндэслээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол хэрэглэх байсан. Ажлаас чөлөөлөхдөө хамт олны хурал хийсэн гэж байна. Гэтэл тус хурлын тэмдэглэлд М.Агийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөллөө гэсэн байгаа. Гэвч тэгж чөлөөлсөн бол тушаалын үндэслэх хэсэг дээр өөрийн хүсэлтээр гэж заагаагүй. Ийм хуулийн зөрчилтэй асуудал харагдаж байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж ажлаас чөлөөлсөн байж ажлаас чөлөөлсөн хуулийн заалт бариагүй байгаа. Тухайн маргаан нь ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн маргаан. Тухайн үед нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдэх маргаан гэж шүүхэд хандсан. М.Агийн ажлын байрын тодорхойлолт, албан тушаалын ангилал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харахаар өөрийн санаачилгаар нь ажлаас чөлөөлж байгаа юм уу? Ажил олгогчийн өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэхгүй байдлаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт ажилтан санаачилсан гэсэн хуулийн заалт хэрэглэсэн. Гэтэл доторх агуулгын уншихаар ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж сунгагдахгүй болсон шалтгаан нөхцөл юу байсан бэ? гэхээр тогтоогдсон зүйл байхгүй байна. Анх ажилд авахдаа энэ ажлын байранд тусгай сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгалтад тэнцсэн хүн ирсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай зааж өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагдах тусгай сонгон шалгаруулалт зарлаагүй, нөөцөд бүртгэгдсэн хүн байхгүй байсан нь тодорхой харагдаж байна. Тухайн ажлын байрын давхар хууль, эрх зүйн мэргэжилтнээр хавсарган гүйцэтгүүлж байгаа талаар тайлбарлаж байна. Тийм учраас ажлаас чөлөөлсөн тушаал нь хоёр өөр утга агуулгатай, ойлгомжгүй тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны тухай хуульд түр томилно гэсэн томилгоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэсэн заалтыг үндэслэж тухайн сумд ажлын сул орон тоо байснаас нэг ч гэсэн хүн ажилтай байг гэсэн үүднээс сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгалтад тэнцсэн хүн орж ирэх хүртэл гэдэг байдлаар хөдөлмөрийн харилцаа үүсгэн ажиллаж байсан. Миний зүгээс М.Аг өрөөндөө дуудаж хууль бусаар ажилд орсон. Ажлаа өг гэсэн шаардлагыг тавьж байгаагүй. Төрийн албан хаагч хүн ёс зүйтэй байх хэрэгтэй. Төрийн албан хаагчийн шинэчлэлийн хүрээнд иргэнийг ажилд авахдаа харилцаа ёс зүйг гол шалгуур болгож, багаар ажиллах чадварыг харж ажилд ав гэсэн шинэчлэлийн хүрээнд улс орон даяар хэрэгжиж байгаа. Тэгэхээр хууль бусаар гүтгэхгүй байгаасай гэж хүсэж байна. Би хэзээ ч хууль бусаар ажилд орсон ажлаа өг гэсэн шаардлага тавих ёс зүйтэй төрийн албан хаагч биш. 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын анхны өдөр байсан. Хамт олон сайхан амарсан уу? Шинэ оны мэнд гэж уулзаж. Би М.Атэй хоёр удаа кардорт таарсан. Надтай дугараагүй. Тэгээд би М.Аг өрөөндөө дуудаж сайхан амарсан уу? Шинэ оны мэнд гээд юу гэж шийдсэн бэ? гэж асуусан. Бид хоёр ийм л зүйл ярьсан. Надаас тушаалаа авъя гэхээр нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна гэж ойлгож байна. Өргөдлөө бичиж өг гэхэд өргөдөл бичиж өгөхгүй. Тушаалаа авна гэсэн. Хамт олны хурал зарлаад хамт олны хурал дээр 2021 онд түр тушаалтай хүмүүс хэрхэн хамтран ажиллах вэ? гэдэг асуудал яригдсан. Гэтэл бүх хүмүүс хамтарч ажиллана гэсэн. М.А ганцаараа би хамтарч ажиллахгүй асуудал ярьсан. Хурлын дараа Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд сонсох ажиллагаа зохион байгуулсан. Сонсох ажиллагаанд би тушаалаа авна. Гомдол, саналгүй гэж гарын үсгээ зурсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахдаа дараагийн төрийн албаны шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл түр хугацаагаар томилсон. Хөдөлмөрийн харилцаа үүсээд явж байх хооронд 2020 оны 12 дугаар сард хөдөлмөрийн гэрээ дүгнэсэн. Гэтэл М.А би 20 хувь авахгүй. 40 хувь авах ёстой гэснээс маргаан үүссэн. Харин урамшуулал дээр чи төрийн албанд хууль бусаар орж ирсэн. Хийсэн ажил хөдөлмөрийн үр дүнг үнэлж олгодог гэхэд М.А би ажлаас гарна. Надад цалин мөнгө хамаагүй. Өгсөн 20 хувиа буцааж ав гэсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар М.Аг тус Тамгын газрын нийгмийн ажилтан гэсэн орон тоо дээр тодорхой хугацаатай буюу төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл томилсон. Улмаар 2021 онд хөдөлмөрийн гэрээ сунгагдах эсэх асуудлаар хэлэлцэх үед М.А нь хамтран ажиллаж чадахгүй гэж илэрхийлсэн учраас Тамгын газрын даргын зүгээс М.Агийн хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдах боломжгүй юм байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. М.Агийн ажиллаж байгаа албан тушаал нь захиргааны албан хаагч байсан гэвэл мөн. Гэхдээ М.А өөрөө төрийн захиргааны албан хаагч биш. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо чадавхуйн зарчим буюу мерит зарчмыг баримтална гэж заасан. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтдаа ор эсхүл сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн ирэх хүртэл тухайн албан тушаалд түр ажиллуулъя гээд ТҮ шатлалаар цалинжуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.Агийн хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оныг дуустал хугацаатай байгуулсан. Өөрөө гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч ТЗ гэсэн албан тушаал гэдгийг мэдсээр байж хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний биелэлтээ өгсөн. Анх намайг хууль бус томилсон гэж ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд ажил үүргээ эрхэлсээр ирсэн. Өөрөө хөдөлмөрийн гэрээний заалттай уншиж танилцаад хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй, хугацаатай гэдгийг ойлгож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай буюу байнгын ажлын байранд талууд тохиролцож хугацаатай байгуулж болох тухай хуульчилж өгсөн. Үүний дагуу М.Атэй харилцан тохиролцож байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан. Төрийн албаны тухай хууль мерит зарчмын дагуу явагдах ёстой байтал төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байж өнөөдөр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тамгын газрын зүгээс боломж олгосон. Жишээлбэл: 2019, 2020 онд сонгон шалгаруулалтад ороод ир гэсэн боловч энэ боломжийг хангаагүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн зааснаар хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно. Төрийн захиргааны албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байгаа. 2021 оны анхны хуралдаанаар ажилчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ сунгах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэвч тухайн хурал дээр ажилтан М.А би та бүхэнтэй хамтран ажиллаж чадахгүй гэдэг агуулга ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ агуулгын хүрээнд хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудлыг ярьсан. Үүнийг үндэслэн хариуцагч Засаг даргын Тамгын газрын зүгээс өөрөө хамтран ажиллаж чадахгүй гэж байгаа учраас энэ хүнтэй цаашид хамтран ажиллаж чадахгүй юм байна гээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ийм нөхцөл байдал үүссэн учраас уг шийдвэр нь хуульд нийцсэн бодитой шийдвэр гарсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа сонгон шалгаруулалтад тэнцсэн дараагийн хүн ажилд томилогдох хүртэл ажиллуулна гэсэн байж ажлаас чөлөөлсөн тухай тайлбарлаж байна. 2019 онд тус албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ явуулсан. Монгол Улсын хэмжээнд цар тахлаас болж сонгон шалгаруулалт хойшилсон. 2020 онд зохион байгуулагдахад нэхэмжлэгч орж тэнцээгүй. Тэнцээгүй байхад томилох боломжгүй. Тийм учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн хуульд олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн зохицуулалтаас харахад гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх анхны хурал дээр би ажиллаж чадахгүй гэсэн өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн. Үүний хүрээнд хамт олон шийдвэрлэгдэж М.А цаашид хамтран ажиллах боломжгүй гэж байгаа учраас ажлаа өөрийн хүсэлтээр өгч байна гэж ойлголоо гэж үзэн ажлаас чөлөөлөх тушаалын төслийг танилцуулсан. Өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн. Ингэж өөрөө хүлээн зөвшөөрсөн, хүсэлтээ өөрийн биеэр хэлсэн байж намайг хууль бусаар томилсон гэж ярьж болохгүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс М.Агийн гаргасан өргөдөлд өгсөн хариуд таныг хууль зөрчиж томилсон байна. Та төрийн жинхэнэ албан хаагч биш учраас таныг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэвч Төрийн албаны салбар зөвлөлийн Итэшмаа нь нарийн бичгээр ажилладаг хэдий ч нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй. Тийм учраас иргэн М.Агийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх бөгөөд ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр хуульд нийцсэн, хуулийн хүрээнд буюу өөрийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг үндэслэн Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллаж байсан М.Агийн гэрээний хугацаа дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/Ш32021/00113 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн туслах түшмэлийн ангилал, зэрэглэл ТЗ-3-т хамаарах албан тушаалтан байх бөгөөд ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн /ТЗ-3/ төрийн захиргааны албан хаагч байхаар тогтоож, бүтэц орон тоог баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-т зааснаар тухайн болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх, боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс томилохоор зохицуулсан. Тийнхүү томилох боломжгүй тохиолдолд мөн хуулийн 27.1.4-д зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн жинхэнэ албан хаах хүсэлтэй төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс зохих журмын дагуу томилох ёстой.

******* сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/183 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/01 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтний ажлын байрны тусгай шалгалт зарлуулах саналыг хүргүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар М.А-г Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн төрийн албаны ерөнхий шалтгалтанд тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл хугацаагаар түр томилж, албан тушаалын сарын үндсэн цалинг ТҮ-4-1 /төрийн үйлчилгээ/ шатлалаар тооцон олгохоор ажилд томилсон байна.

Ажилд томилсонтой холбогдуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Э нөгөө талаас ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн М.А нар Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн дор дурдсан нөхцөлөөр гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсэгт гэрээний хугацаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн дараагийн хүн томилогдох хүртэлх хугацаанд түр томилогдон цалинг ТҮ-4-1 шатлалаар олгох, гэрээний 7.1 дэх хэсэгт гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулав. Энэхүү гэрээний хугацаа сунгагдахгүй гэж гэрээ байгуулан гарын үсэг зурсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэхдээ хуулийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Дээрх тохиолдолд нэгэнт хоёр тал харилцан тохиролцож төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн дараагийн хүн томилогдох хүртэлх хугацаанд түр томилогдон 1 жилийн хугацаатай сунгагдахгүй байх нөхцөлтэй гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан тул М.А-г ажлаас чөлөөлсөн байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй ... бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилсан гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын хамт олны хурлын тэмдэглэлд М.А ... би хамтарч ажиллаж чадахгүй гэдэг байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2020 онд төрийн албаны ерөнхий шалгалтанд орж тэнцээгүй, сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд шинээр хүн томилоогүй, хууль, эрх зүй хариуцсан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч Ц.Б-т албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний 18 дугаар албан бичгээр М.Авгаансүрэнгийн гаргасан өргөдлийн хариуг хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах асуудал нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй ажил олгогч хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байхыг ойлгоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, өмнө нь хийж байсан Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ