Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0194/З |
Дугаар | 221/МА2024/0471 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0471
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х
Нэхэмжлэлийн шаардлага: “...Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 381 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0194/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6, дахь заалтыг тус тус баримтлан М ХХК-ийннэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... М ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инжене хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д Барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх“, 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг, төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэх заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан болно ... Барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоор байна.
3.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Хэдийгээр нэхэмжлэгч талаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр тухайн барилгын ажлыг эхлүүлсэн хэдий ч энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж үүссэн болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мэдүүлгээр нотлогдож байна” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэгдэх бөгөөд хэрэгт авагдсан баримтад “М” ХХК нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч чадаагүй тухай баримт авагдаагүй, түүнчлэн хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь цар тахлын үед төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг хянаж, шийдвэрлэж байсан болно.
3.3. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох зохицуулалт байхгүй болно.
3.4. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 381 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
2.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Анх нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/593 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1800601510 дугаар бүхий 159225.0 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2201011494 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 000017288 дугаартай гэрчилгээг олгож, уг газарт үйлдвэрлэлийн цогцолбор барихаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ГБМЗХ2020/32-020 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2020 онд Үйлдвэрлэлийн цогцолборын барилгын загвар зургийг, Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1019/2023 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг, мөн холбогдох техникийн нөхцлүүдийг буюу холбоо мэдээллийн шугам сүлжээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТН-В476/2022 тоот техникийн нөхцлийг Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-иас, цэвэр усаар хангуулах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд холбох 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 739/20 тоот техникийн нөхцлийг Ус сувгийн удирдах газраас, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд холбох 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/19 тоот техникийн нөхцлийг Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-иас авсан, Онцгой байдлын ерөнхий газраар барилгын ажлын зураг төсөлд хяналт хийлгэж 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 115/04-45 дугаартай дүгнэлтийг, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10-13-02/052/597 дугаартай дүгнэлтийг, Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-13-01/026/06 дугаартай дүгнэлтийг тус тус авсан байна.
2.3. Үүний дараа нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах өөрийн үйлдвэр, оффисын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх, зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгох тухай” хүсэлтийг, дахин 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дүгээр албан бичгээр “барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгох боломжтой эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргажээ.
2.4. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн тухай 09/253 дугаар албан бичгээр “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж заасныг зөрчин барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй” гэж татгалзснаар энэхүү маргаан үүссэн байна.
2.5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч талаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр тухайн барилгын ажлыг эхлүүлсэн хэдий ч энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж үүссэн. Нэхэмжлэгч тал цар тахал /ковид-19/-ын улмаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахад хүндрэл үүссэн гэж тайлбарласан зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэлтэй бөгөөд барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэнд түүнийг дангаар буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2020, 2021 онуудад Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр онц болон хязгаарлалтын дэглэм удаа дараа тогтоосон нь нийтэд илэрхий баримт бөгөөд хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй, боловсон хүчний хомстол болоод барилгын материалын үнийн өсөлт зэргийг харгалзан барилга угсралтын ажлыг зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлснийг буруутгах боломжгүй ... хуулиар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг тухайлан хориглоогүй,Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолд нөхөн олгох боломжийг нээсэн, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, барилгыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн үйлдэлдээ зөрчлийн тухай хуулиар торгуулсан, Ковид-19 цар тахлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.6. Учир нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:”, 26.1.1-д “барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйл. “Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа”, 28 дугаар зүйл. “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж тус тус заажээ.
2.7. Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихдаа тухайн хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэхээр байхад нэхэмжлэгч нь архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга байгууламжийн зураг төслийг батлуулсан даруй үйлдвэрлэлийн цогцолбор барилгын өргөтгөлийг барьсны дараа барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулах тухай хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.
2.8. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-13-01/026/06 дугаартай Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн “Үйлдвэрийн өргөтгөлийн барилгын баримт бичигт гүйцэтгэлийн шалгалт хийсэн тухай” дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай барилгыг барихдаа барилгын ажлын зөвшөөрөлгүй барьж, гэрчилгээ аваагүй нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн байна.
2.9. Үүнээс үзвэл, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй болохыг нэхэмжлэгч “М” ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9/253 дугаар албан бичгээр мэдэгдэж татгалзсан нь барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмыг болон мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.10. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилгын тухай хуулийг давж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд ...” гэсэн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
2.11. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгыг барихаас өмнө бус барилгыг барьсны дараа хариуцагчийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
2.12. Түүнчлэн, “М” ХХК нь цар тахлын үед барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаж байгаагүй, үүнийг хариуцагчаас шийдвэрлээгүй, орхигдуулсан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс ийнхүү хүсэлт гаргаж, хандаж байгаагүй талаарх тайлбарыг гаргаж байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч “М” ХХК нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч чадаагүй тухай баримт авагдаагүй, түүнчлэн хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь цар тахлын үед төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг хянаж, шийдвэрлэж байсан” гэх гомдлыг хүлээн авч, хангах хууль зүйн үндэслэлтэй.
2.13. Иймд Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй, нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ