Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Б Бид холбогдох эрүүгийн ________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 31-2 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх ___________ регистрийн дугаартай Боржигон овогт Б Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах 31 дүгээр байрны коридорт иргэн Б.Баттөртэй маргалдан түүний зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах 31 дүгээр байрны коридорт иргэн Б.Баттөртэй маргалдан түүний зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ________ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Б.Баттөрийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотоос ирээд найзуудтайгаа заал авахаар явахдаа Бид 20.000 төгрөг үлдээгээд 1 шил архи авчхаарай гэж хэлээд явсан. Заал аваад 11 цаг 40 минутын үед байрны гадаа ирээд Бийг дуудаж гаргаж ирээд 1 шил архиа 30 дугаар байрны урд байх сааданд очиж хоёулаа уусан. Архиа дуусах гэж байтал Тэмүүлэн өөрөө ирсэн. Тэгэхээр нь би pocket-оос 60.000 төгрөг зээлээд Мянгат орж нэг шил архи худалдаж аваад ногоон буудлаас очиж архиа даруулах ундаа авсан. Буцаад сааданд очсон. Архинаас 2-3 удаа ууснаа санаж байна. Тэгээд би гэртээ иртэл эмээ нүүр царайгаа хар, хүн алуулах гэж байна ш д гэхээр нь толинд хартал зүүн нүд хараагүй оёдол тавьсан. Зүүн гарт оёдол тавьсан байсан. Би Бид л зодуулсан гэсэн гэхдээ санахгүй байна. Б бид хоёр өмнө нь архи уух бүртээ маргалдаж муудалцаад байдаг байсан юм. Хэрэг болсон шөнө Б, Тэмүүлэн бид гурав байсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Б надад дансаар 100.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Гэрч Ж.Тэмүүлэнгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ муудалцаад байрны гадаа тамхи татах гэж гарч ирээд тамхи татаад зогсож байтал Баттөр/Бамбууш-ийн хоолой тоглоомын саад нь дээр сонсогдож байсан. Тэгээд би яваад очтол Баттөр, Б /Бөмбөө/ хоёр ELIX нэртэй 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж дуусч байсан. Тэгээд бид 3 0,75 литрийн экс нэртэй нэг шил архи Мянгат зочид буудлаас Баттөр гар утсаараа зээл авч нэг шил архи авсан. Тэгээд ногоон буудлаас түмний кола, нэг литрийн вояж ус аваад буцаад саадан дээрээ очсон. Намайг очих үед Баттөр бага зэрэг согтолттой, Б нь гайгүй эрүүл шахуу байсан. Тэгээд архи шаазан сэнжтэй аяганд хийж тойруулсан. Архи задлахаасаа өмнө Б гэр рүүгээ явж тамхи авна гээд явсан. Тэр хугацаанд Баттөр бид хоёр нөгөө архиа задлаад нэг нэг удаа архинаасаа уусан Тэгээд Б ирээд бид гурав ахиад нэг нэг удаа тойруулж уусан чинь Б нэлээн согтоод хэл яриа нь ээдэрчихсэн байсан. Тэгээд Б бид хоёр дахиж нэг нэг удаа уучхаад эхнэр уурлах байх гэж бодоод гэр рүүгээ орохдоо Бид “Баттөрийг гэр руу нь оруулж өгөөрэй согтчихсон байна шүү” гэж хэлсэн. Намайг Б, Баттөртэй хамт байх хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодооны асуудал болоогүй. Баттөр, Б бид гурваас өөр хүн ойр хавьд харагдаагүй. Б л хамт байсан юм чинь Б л зодсон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Гэрч Ч.Мөнхдүүрэнгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад 0.5 литрийн Хараа архи нэг шилийг танихгүй хоёр залууд 20.000 төгрөгөөр, 01-02 цагийн орчимд танихгүй хоёр залууд 0.75 литрийн экс архи нэг шилийг 30.000 төгрөгөөр зарсан. Үүнээс 30 орчим минутын дараа 2.5 литрийн нийслэл пиво 1 савыг 15.000 төгрөгөөр зарсан. Би архиныхаа мөнгийг өөрийн Хаан банкны 5756050433 дугаарын дансанд авсан. Харин пивоны 15.000 төгрөгийг бэлнээр авсан. Би 2021 оны 12 сараас хойш ганц нэгийг зардаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Амарбаясгалангийн өгсөн: “2022 оын 4 дүгээр сарын 22-ны орой эмээ, ах, бид гурав 23 цаг өнгөрч байхад эмээ орон дээр, ах бид хоёр газраа унтсан. Тэгээд 04 цаг өнгөрч байхад Б ах Бамбууш /Баттөр/ ахыг сугадаж чирээд согтуу орж ирсэн. Тэгтэл Оюунаа эгч бас манай орцны ах орж ирсэн. Араас нь Тулгаа ах бас орж ирсэн. Бамбууш ахын нүүрнээс гараад байхаар нь алчуур авч өгөөд, эмнэлэг явах гээд хувцсыг нь солих гээд цамцыг нь сольсон чинь гараас нь цус гарч байхаар нь би маарал авч өгөөд Оюунаа эгч цусыг нь тогтоож боож өгсөн. Тэгээд шууд түргэн тусламж дуудсан. Шөнө гэрийн үүд нь дээр хүмүүс зодолдоод л байх шиг байсан. Тэгээд л удалгүй шууд Б ах Баттөрийг сугадаж чирээд ороод ирсэн. Б ахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Орцны довжоон дээр их цус гарсан байсан. Харин хутга, шилний юм байхгүй байсан. Би Б ахыг орж ирэхэд нь хутга аваад гарчихсан юм биш биз дээ гээд хутгануудаа үзсэн чинь байсан байрандаа бүгд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,

Гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: “Би 2022 оны 4 сарын 22-ны шөнө 00 цагт гэртээ унтаж байтал 04 цагийн орчимд орцонд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь Б, Баттөр хоёр байсан. Баттөрийн нүүр, гар нь нил цус болчихсон. Б чирчихсэн байж байсан. Тэгээд би Бид “чи хүн аллаа шд ээ, оруулаач” гэж хэлтэл Б, Баттөрийг чирээд гэр рүү орж байх үед Тулгаа гарч ирсэн. Тэгээд бид нар бүгд Бийнх руу ороод Баттөрийн цусыг нь тогтоох гээд даавуугаар дарсан чинь нэмэргүй болохоор нь эмнэлэг, цагдаа дууд гэж хэлээд гарсан. Би Бийг архи уугаад хүн ийм болгочихлоо гээд загнасан. Намайг гэртээ унтаж байхад 20 орчим минут Б, Баттөр хоёр зодолдсон. Тэгээд би аргаа бараад тарч очсон юм. Б гартаа юу ч бариагүй байсан. Намайг анх харах үед Б, Баттөр нараас өөр хүн байгаагүй. Баттөр, Б нар хааяа архи уучихсан явж байгаа харагддаг юм. Харин өмнө нь зодолдож байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Бийн сэжигтнээр өгсөн:” 2022 оны 4 дүгээр сарын 21-ний орой Баттөр нь надад “андаа дэлгүүр хаахаас өмнө ганц юм авчхаарай” гээд 20.000 төгрөг үлдээсэн. Тэгээд би дэлгүүр хаахаас өмнө МСҮТ-ийн урд талын дэлгүүрээс 0.75 литрийн elix нэртэй нэг шил архи аваад байрны хажуу талын дугуй нь доор нуучхаад гэр рүүгээ орсон. Тэгээд би ирэхгүй болохоор нь амрах гээд хэвтэж байтал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад намайг Баттөр цонхоор дуудаад би гарсан. Тэгээд 30-р байрны урд талын тоглоомын талбайн сүүдрэвчинд хоёулаа хувааж нөгөө архиа хувааж уугаад дуусаж байхад Тэмүүлэн ирсэн. Тэгтэл Баттөр апплейкшнээс мөнгө зээлээд “Мянгат” зочид буудлаас 0,75 литрийн Экс нэртэй архи  авсан. Дараа нь ногоон буудлаас очиж түмний кола ундаа аваад өмнө архи ууж байсан газартаа очсон. Тэгээд авсан архиа талыг нь ууж байхад Тэмүүлэн гэр рүүгээ явсан. Тэмүүлэнг гэр рүүгээ явах хүртэл хоорондоо маргалдаж муудалцаагүй байсан Тэгээд Баттөр бид хоёр үлдээд нөгөө архинаасаа нэг нэг уугаад тасарчихсан байсан. Тэгээд байрны коридорт Баттөрийг орилж байхад би сэргээд гэр рүүгээ оруулаад түргэн тусламж дуудсан. Тухайн Баттөр бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би л найзыгаа гэмтээчихсэн байх, гэхдээ би юугаар яаж гэмтээснээ санахгүй байгаа Тухайн үед яг юунаас болж маргалдаж Баттөрийг зодсон гэдгээ санахгүй байна. Би экс нэртэй архины шил байхгүй болохоор шилээр л зүсчихсэн байх гэж бодож байна. Тухайн үед надад хутга байгаагүй. Би тэр шилийг яаснаа санахгүй байна. Баттөр бид хоёр л хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Баттөр апплейкшнээс мөнгө зээлээд Мянгат зочид буудлаас 0,75 литрийн Экс нэртэй архи авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаартай “1.2.Б.Баттөрийн биед зүүн нүдний бүрэн хараагүй болсон, тархины ховолд цус хуралт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.5.Дээрх зүүн нүдний зовхи буулт, хараагүй болсон гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар 65%-иар алдагдуулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Дээрх зүүн хацар, зүүн шууны шарх, тархины ховдолд цус харвалт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар тал/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 тал/,  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баттөрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг, Зуунмод суманд, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт оршин суудаг, урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан баримт сэлт хэрэгт авагдсан, одоо 23 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баттөрд 100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Б Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Бид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.  

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДЭЛГЭРМӨРӨН