Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Иргэдийн төлөөлөгч Г.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Батбаатар,  

Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ш Ат холбогдох эрүүгийн _____________ дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт, Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Ар буурал 1-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Ш А /Регистрийн дугаар: /.............0/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 102 тоотод 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Баатарсүрэнг охин А.Зулгэрэлийг гэртээ дуудаж, сэтгэцийн өвчтэй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орохыг завдсан шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тухайн өдөр сургууль дээр волейболын тэмцээн болсон. Охин минь хүний асрамжид байдаг. Эхнэр маань Төв аймгийн эмнэлэгт хэвтэж байсан тул би охиноо дагуулаад тэмцээнд явсан. Тэмцээн орой 10 цагийн үед тарсан. Тэгээд би тэмцээн дуусахаар нь хүүхдээ унтуулчхаад би ажил руугаа явсан. Би тус сургуульд жижүүр хийдэг. Шөнийн 12 цагийн үед охин руугаа залгатал охин минь утсаа авахгүй байсан. Тэгээд гэртээ иртэл охин минь байхгүй байсан. Тухайн өдөр охиноо хайгаад олохгүй байж байгаад талийгаачийнд байж магадгүй гээд очсон. Тэгээд талийгаачийн гэрийнх нь гадаа очоод залгатал гэр дотор утасны чичиргээ дуугарч байсан. Тэгээд хаалганы завсраар хартал хоёр хүн байх шиг байсан. Гэрэл тусгаад А байна хаалгаа онгойлго гэсэн. Тэгээд талийгаач хаалга тайлсан. Гэтэл охин минь шав шалдан босож ирээд хувцсаа өмссөн. Тэгээд би талийгаачийг хоёр цохисон. Тэгээд охиноо авч гараад охиныхоо утсаар ээж рүү нь залгаад ийм байдалтай байна цагдаа дууд гэж хэлсэн. Охиноо аваад гэр лүүгээ очтол цагдаа манай гадаа очсон байсан. Цагдаа нарт би болсон үйл явдлыг хэлсэн. Охиноосоо юм асуухад дуугарахгүй байсан. Би талийгаачийг арай ч тэгнэ гэж бодоогүй, өөрийнхөө охин шиг хүнтэй арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж бодсон. Анх уулзаад асуухад л би юу гэж охин шигээ хүнтэй явдаг юм гэж байсан. Би охиноо оронд нь оруулчхаад эргээд ажилдаа явсан” гэх мэдүүлэг, 

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ш.А нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 102 тоотод 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Баатарсүрэнг охин А.Зулгэрэлийг гэртээ дуудаж, сэтгэцийн өвчтэй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орохыг завдсан шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож хүнийг алсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн _____________ дугаартай хэрэгт авагдсан

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн  Жаргалант сумын 1 дүгээр баг Билүүтийн 10 дугаар гудамж 02 тоото хаягт байх..., гэрийн зүүн талд 50 орчим насны эрэгтэй хүний цогцос байх бөгөөд баруун гартаа цэнхэр өнгийн улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, зүүн хөлийг хагас нугалж баруун хөлийг давуулж жийсэн дээш харсан байдалтай төмөр орон дээр хэвтсэн байв гэх /1хх-ийн 6-7 дугаар тал/,

2.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн: “Талийгаач Б.Баатарсүрэн нь 1971 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд айлын 8 дахь хүү буюу хамгийн бага хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд Жаргалант сумын сургуулийн ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, 1989-1991 онд ЗХ-ний 120 дугаар ангид цэргийн алба хааж байсан. Түүнээс хойш хувиараа газар тариалангийн ажил эрхэлдэг байсан. Эрдэнэцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болоод салж байсан. Эхнэрээсээ салаад ганцаараа 15-16 жил амьдарч байна. Зан байдлын хувьд янз бүрийн ааш зан байхгүй, дуу муутай, тусархаг хүн байсан. Муу зуршлын хувьд архийг бол уучихдаг байсан. Би талийгаачтай 2021 оны 9 сард л уулзаж байсан. Харин утсаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 08 цаг 40 минутад залгаад утсаар “надтай хамт хөдөө явж өвөлжье, хамт явъя” гэсэн чинь за гэсэн. Тэрнээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр талийгаачийн 89148343 дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна.Талийгаач ер нь л тэндээ ганцаараа амьдардаг байсан юм. Жаргалант суманд Баадай ахынд л их очдог байсан. Цэдвээ эгчийн дэлгүүрээр их орж гардаг. Би бол гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Цагдаагийн байгууллагад өгсөн баримтаар 5 сая гаран төгрөгийн баримт өгсөн. Би зарим баримтуудыг гаргаж өгөөгүй. Учир нь зарим газраас бараа, материал авахаар баримт өгөөгүй хэрвээ цуглуулсан бол өгсөн баримтаас гадна 4.900.000 төгрөг болох байсан. Нийт 24.900.000 төгрөг төгрөг нэхэмжилж байна. Хэрэв дээрх миний нэхэмжилж буй мөнгийг төлчих юм бол миний болон үр хүүхэд төрөл садны зүгээс санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96, 98 дугаар тал/,

3. Гэрч С.Баатарсүрэнгийн өгсөн: “Талийгаач нь надаас хуучин жижиг зурагт авна гэж өмнө нь ярьж байсан юм. Би урьд өдөр нь хажуу талынх нь айлд морио үлдээчихээд өглөө нь морио авах гээд Баатарсүрэн ахын гэрийн хажуугаар нь явж байтал яндан нь хазайчихсан байсан юм. Би ер нь тэрүүгээр явахдаа орж гараад явж байдаг юм. Тэгээд би гэрийнх нь хаалгыг нь онгойлгоод харсан чинь ор нь дээрээ хагас налчихсан гараа унжуулчихсан хэвтчихсэн, зуух, түлээний сав нь хөдөлчихсөн, зуухных нь баруун талд нь цус тогтчихсон болохоор нь би гэр рүү нь орохгүйгээр Баатраа ахаа гээд дуудсан чинь ямар ч хариу өгөхгүй, хөдөлгөөнгүй байсан. Тэгээд би замд явж байсан Цэндээ эгчийг дуудаад талийгаачийг харуулсан. Тэгээд нас барчихсан юм шиг байна гээд цагдаа дуудсан. Би талийгаачтай 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчимд гэрт нь орсон чинь Мандах гэх залуутай гэртээ 0.33 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд надад өгөхөөр нь би уугаагүй гараад хөдөө явчихсан. Тэрнээс хойш уулзаагүй. Тэр хавийн архи уудаг хүн болгон л тэднийд орж архи уугаад байдаг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэр рүү нь ороогүй. Гэрийнх нь үүдэн дээрээс дуудаад буцаад явсан. Цэдвээ гуайн дэлгүүрээр л ихэвчлэн ороод байдаг юм. Цэндээ эгч надад “талийгаач манайд хоол идчихээд гарахдаа Цэдвээ эгчийнхээс тамхиа авчихаад харилаа гээд 19 цагт гарсан” гэж хэлж байсан. Ер нь бол талийгаач Цэдвээ гуайн дэлгүүрээр их орж гардаг юм. Намайг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уулзахад талийгаачийн биед ямар ч ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 101-102 дугаар тал/,

4. Гэрч Б.Бямбадоржийн өгсөн: “Тэгээд бид хоёр Цагаан чулуут гэх дэлгүүрээс 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад Баатарсүрэнгийн гэрт очоод хувааж уугаад сууж байтал Баадай/С.Баатарсүрэн/ орж ирж байсан. Тэгээд би 13 цагийн орчимд гэр рүүгээ явчхаад буцаад 17 цагийн орчимд Баатарсүрэнгийнд ирсэн чинь нэлээн халчихсан дөрвөлжин гэрэл цэнхэр торонд хийчихсэн зармаар байна гэчихсэн сууж байсан. Тэгээд бид хоёр тэр гэрлийг нь Цэдвээ гуайн дэлгүүрт 0,75 литрийн хараа нэртэй архиар зарчхаад буцаад Баатарсүрэнгийнх рүү явсан. Тэгээд бид хоёр архиа задлаад 3 аягалж уучихаад намайг аваад яв гэхээр нь үлдсэн шилтэй архийг нь аваад гэр рүүгээ явсан. Тэгээд би замдаа явж байгаад архийг нь хаячхаад гэр рүүгээ орсон. Бид хоёрт маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би ойролцоогоор 18 цагийн үед Баатарсүрэнгийнхээс гараад явсан. Баатарсүрэн нэг хүнтэй утсаар яриад сууж байсан хэнтэй юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Би гэрээс нь гарахдаа өөрийнхөө утаснаас 300 нэгж Баатарсүрэнгийн юнителийн дугаар руу явуулчихаад гарсан. Баатарсүрэнгийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг очиход гэрт нь хүн байгаагүй гэртээ ганцаараа л байсан. Намайг Жаргалант сумынхан Мандах гэдгээр нь л танина. Мандах гэж дууддаг юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дугаар тал/,  

5. Гэрч Л.Мөнхчимэгийн өгсөн: “Баатарсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 18 цаг 30 минутын орчимд нэг танихгүй залуутай дөрвөлжин гэрэл барьчихсан орж ирсэн юм. Тэгээд тэр гэрлээ намайг ав чамд хэрэгтэй гээд өгөх гээд байхаар нь би авахгүй гэж хэлсэн чинь манай дэлгүүрээс Баатарсүрэн нь нөгөө хамт явж байсан хүнээ гаргаж байгаад надад би энэ хунийг явуулах гээд байгаа юм гээд 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил аваад гараад явсан. Нөгөө барьж явсан гэрлээ манай дэлгүүрт үлдээчихээр нь би энэ гэрлээ аваарай гэж хэлээд гаргасан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 113 дугаар тал/,

6.Гэрч У.Цэнд-Аюушийн өгсөн: “Баатарсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад би гэрт нь орсон чинь надад дөрвөлжин гэрэл үзүүлээд зарах гэсэн юм гэчихсэн нэг танихгүй залуутай хоёулаа сууж байсан. Тэгээд би наад гэрлийг нь чинь авахгүй гээд гарсан. 19 цагийн орчимд Баатарсүрэн нь манай гэрт ганцаараа орж ирээд оройныхоо хоолыг идчихээд гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Ер нь манайхаар орж гараад л явж байдаг юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 113 дугаар тал/,  

7. Гэрч Б.Солонгын өгсөн: “Манай аав, ээж хоёр намайг 5 дугаар ангид байхад салсан юм. Тэрнээс хойш би Улаанбаатар хотод эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг байсан. Манай аав зан байдлын хувьд дуу цөөтэй, нөхөрсөг хүн байгаа юм. Хааяа даа бол аав архи уучихдаг байсан. Би талийгаачтай 14 хоногийн өмнө гудамжинд уулзаж байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аав руу залгаж ярьсан. Тухайн үед бид хоёр ойр зуурын л юм ярьсан. Манай аав 89148343 гэсэн дугаарыг ашигладаг байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өөр хаана юу хийж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 117 дугаар тал/,

8. Гэрч Д.Лувсандолгорын өгсөн: “Манай нөхөр Ш.А нь 1971 оны 11 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод айлын 3 дахь хүү болж мэндэлсэн. Төв аймгийн Баянчандмань суманд бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд тус сумын ЕБС-д 1979-1989 онд бүрэн дунд боловсрол эзэмшээд, 1989-1990 онд Төв аймгийн Зуунмод суманд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто курсэд суралцсан. 1990-1992 онд Төв аймгийн Баянчандмань суманд байх цэргийн ангид цэргийн алба хаасан 1993 оноос Төв аймгийн Жаргалант суманд шилжиж очоод тус сумын ЕБС-ийн жолоочоор, 2000-2004 онд Жаргалант сумын ЗДТГ-ын жолооч, 2005-2008 онд Жаргалант сумын цаг уурын өртөөнд техникчээр, 2008 оноос хойш одоог хүртэл Жаргалант сумын ЕБС-ийн жолооч, жижүүр, цахилгаанчнаар ажилладаг. Ажиллах хугацаандаа воллейболын спортын дэд мастер, биеийн тамирын спортын тэргүүн, онц тээвэрчин, боловсролын яамны жуух бичиг зэрэг шагналаар тус тус шагнагдаж байсан. Зан байдлын хувьд уг дуу цөөтэй, тайван л хүн байдаг юм. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, хааяа баяр ёслолоор хэрэглэдэг тамхи татдаг. Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл Төв аймгийн Зуунмод сум Бямбажав эмчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 11-ний өдөр найз Цогбаатарын хонох гээд байж байтал 2021 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 01-02 цагийн хооронд А над руу Зулгэрэлийн 88605376 дугаарын утсаар над руу залгаад “Баатараа Зулаа аваад орондоо оруулчихсан гэрт нь хэвтэж байна, цагдаа дууд, миний утас унтарчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би сумын олон нийтийн цагдаа Аагийд “манайх руу цагдаа явуулаач, Амарааг очсон чинь Баатараа хүүхэдтэй хамт оронд орчихсон хэвтэж байна” гэж хэлсэн. Над руу цагдаагаас Энхдалай 02 цаг өнгөрч байхад залгаад манай гэрийн хаягийг асуухаар нь би гэрийн хаягаа хэлсэн чинь бараг танай гадаа ирчихсэн юм байна гэж хэлсэн. Тэгээд би байж байгаад Аын дугаар руу залгаад юу болсон талаар асуухад “хоёр цагдаа ирчихсэн Зулаатай уулзаж байна, би Зулааг амраачхаад ажил руугаа явна” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 12-ны 10 цагийн орчимд Б.Баатарсүрэнг гэртээ нас барсан байна гэж сонсоод А руу залгаад “Зулгэрэлийн өмсөж байгаа дотуур хувцсыг нь тайлаад авчих, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй” гэж хэлсэн. Тэгээд би Жаргалант суманд гэртээ ирсэн. Ер нь Баатарсүрэн нь манай охин Зулгэрэлийн утас руу 2021 оны 10 дугаар сард залгаад байсныг нь мэдсэн. 2021 оны 11 дүгээр сард А Шарын гол руу нүүрсэнд явчихаад гэртээ очсон чинь Зулаа байхгүй байсан гэсэн. Тухайн өдөр би ээлжийн жижүүртэй ажил дээрээ байж байсан юм. Тэгээд над руу А залгаад “хүрээд ир Баатараагийнд очсон юм шиг байна” гэж хэлэхээр нь гэртээ очоод би Зулаа ярилцсан чинь “Баатараа ах намайг дуудаад байхаар нь би очоод хамт унтсан” гэж хэлэхээр нь би дотоожийг нь аваад хадгалчихсан байсан чинь Зулаа угаачихсан байсан. Маргааш нь А бид хоёр Баатарсүрэнгийнд уулзахаар гэрт нь очиход 2-3 согтуу хүн байхаар нь гэрээс нь дуудаж гаргаж ирж байгаад Баатарсүрэнтэй манай охинтой уулзлаа гэж хэлэхэд “би яасан гэж охин шиг ээ хүүхэдтэй байх юм бэ? гэхээр нь дахиад чи манай охиныг дуудах юм бол цагдаад өгнө шүү” гэж хэлээд бид хоёр явсан. Тэгээд хэд хоногийн дараа Зулаагийн утсыг үзсэн чинь нилээн хэдэн удаа Зулаа руу залгачихсан, ярьсан байсан. Тэгээд би өөрийнхөө утаснаас Баатарсүрэн руу залгаад “би охиныгоо бодоод байна, чи ч хүчингийн хэргээр шоронд орвол муухай зүйл болно болохгүй бол шүүх, цагдаа дээрээ уулзах байх шүү” гэж хэлж байсан. Манай охин 70%-ийн оюуны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй болохоор аливаа зүйлийн буруу зөвийг ялгахгүй, хийсэн үйлдлийнхээ буруу зөвийг мэддэггүй болохоор Баатарсүрэн нь манай охиныг удаа дараа ашигласан. Намайг нэг удаа ажлаас ирэхэд гэртээ байхгүй утсаа авахгүй байж байгаад, дэлгүүр орчихоод ирлээ гээд халааснаас нь хоёр ширхэг эссэ тамхи гарч ирсэн. Би тухайн үед бодохдоо Баатарсүрэнд авч өгсөн байх гэж бодож байсан. Учир нь манай нөхөр эссэ татдаггүй юм. Баатарсүрэн нь манай охин Зулгэрэлтэй хамт нэг оронд байхаар нь дургүй хүрээд Баатарсүрэнг хоёр удаа цохичихлоо. Энэ талаараа ч бас сумын цагдаадаа хэлчихлээ гэж А надад хэлсэн. Би сардаа 4-5 удаа гэртээ хонодоггүй. А 24 цаг жижүүрлээд 72 цаг амардаг юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 дугаар тал/,

9. Гэрч А.Зулгэрэлийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ээж Лувсандолгор Төв аймаг руу ажилтай явчихсан байсан. Аав А сумын волейболын тэмцээнд оролцоод би аавтай хамт байж байхад шөнө Баатараа гэж хүн над руу залгаад хүрээд ир унтъя гэж хэлсэн. Тэгээд би аавд харилаа гэж хэлээд ааваар гэр рүү хүргүүлсэн. Би Баатараа гэх айлд урьд өмнө нь олон удаа очиж байсан хэдэн удаа очиж байснаа санахгүй байна, намайг аав, ээж хоёрыг байхгүй үед утсаар дууддаг байсан юм. Тэр шөнө би ааваар гэрт хүргүүлчихээд би гэр рүү орчхоод байж байхад ахиад миний утас руу 89148343 дугаараас залгаад ахиад “хүрээд ир” гээд залгаад байсан. Тэгээд би Баатараа гэх хүний гэрт очсон. Намайг гэрт нь ороход Баатараа гэж хүн ганцаараа, согтуу байсан. Харин гэр нь дулаахан байсан. Тэгээд намайг гэрт ороход гэрийн зүүн талд буюу баруун гар талд ор байсан тэр ор нь дээр Баатараа бид хоёр унтахаар хэвтсэн. Тэгээд Баатараа миний дээгүүр байсан хувцсыг тайлаад, намайг үнсээд байсан. Урьд өмнө нь бид хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Гэхдээ тэр өдөр бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй удалгүй аав ирээд гэрийн хаалга тогшсон, гэрийн хаалга цоожтой байсан болохоор Баатараа ах гэрийн хаалга онгойлгосон чинь аав орж ирээд Баатараа ах аав хоёр маргалдаж муудалцаад байсан. Тэгээд Баатараа ах аавыг гараараа цохисон чинь аав Баатараа ахыг гараараа цохиод байсан. Тэр хоёр зуухны хажууд зодолдоод Баатараа ахын хамраас цус гарсан. Тэгээд аав намайг авч гараад бид хоёр гэр рүүгээ харьсан чинь гэрийн үүдэн дээр 2 цагдаа ирчихсэн байсан. Тэр хоёр цагдаа аавтай юм яриад байсан. Намайг 2021 оны 11 сараас хойш Б.Баатарсүрэн гэж хүн дууддаг болсон. Энэ талаар манай аав, ээж мэддэггүй байсан байх. Баатараа ах надтай сууна гээд аавд хэлсэн чинь аав уурлаад тэр хоёр маргалдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 124 дүгээр тал/,

10. Гэрч Д.Отгонбаатарын өгсөн: “2021 оны 9 дүгээр сард орой болж байхад 18-19 цагийн орчимд намайг Чойнхор бид хоёр Баатарсүрэнгийнд байж байтал Баатарсүрэн нэг хүнтэй утсаар ярьж байгаад шар куртиктэй эмэгтэй хүн дагуулаад орж ирээд хүн ирчихлээ та нар яв гээд Чойнхор бид хоёр тэднийхээс гараад явж байсан юм. Би тэр шар куртиктэй хүүхнийг урьд өмнө нь харж байгаагүй юм байна лээ. Талийгаач надад тэр хүүхнийгээ манай найз хүүхэн байгаа юм л гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Тэгээд хэд хоногийн дараа нь А эхнэртэйгээ ирчихсэн Баатарсүрэнгийн гэрийн гадаа Баатарсүрэнтэй уулзаад байсан. Би юу ярьсан талаар нь мэдэхгүй. Баатарсүрэн нь гэмгүй, тайван л хүн байсан юм. Бид хоёр багаасаа бие биеэ мэднэ.” гэх мэдүүлэг /1хх-ийн 140 дүгээр тал/,

11. Шүүгдэгч Ш.Аын сэжигтнээр өгсөн: “Манай охин Зулгэрэл нь сэтгэцийн өвчтэй, аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг юм. Баатарсүрэн гэх хүн нь манай охиныг сэтгэцийн өвчтэйгөөр далимдуулаад мөнгө төгрөг тамхи авахуулж, уулзаж учраад байдаг байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой би сумын воллейволын аварга шалгаруулах тэмцээнд орчихоод гэртээ 23 цаг өнгөрөөд 2021 оны 12 дугаар сарын 12-ны 00 цаг дөхөж байхад гэртээ орсон чинь Зулгэрэл байхгүй болохоор нь би утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би шууд Баатарсүрэнгийнх руу яваад очсон чинь гэрийн хаалга нь дотроосоо цоожтой байхаар нь хаалгыг нь нүдээд хатавчаар нь шагайсан чинь Баатарсүрэн орон дээрээ хэвтчихсэн цаад талд нь нэг хүн байх шиг байхаар нь “А байна, хаалга онгойлго” гээд хаалгыг нь онгойлгуулаад орсон. Намайг хатавчаар нь харахад Зулгэрэл, Баатарсүрэн хоёр нүцгэн хувцсаа өмсөж байгаа харагдсан. Гэр руу нь ороод би Баатарсүрэнд “яаж байгаа юм бэ? арай доромжлоод байгаа юм биш үү?” гэсэн чинь Баатарсүрэн “бид хоёр тохиролцчихсон, бид хоёр хайр сэтгэлийн холбоотой сууна” гээд намайг миний цээж руу цохихоор нь би арагшаа угаалтуурыг нь налаад унаж босож Баатарсүрэнгийн баруун нүд рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод хүүхдээ аваад явах гэсэн би чинь явуулахгүй хэрэлдээд байхаар нь би цагдаа дуудлаа гэсэн чинь хэрэлдэхээ болихоор нь би охиныхоо утсаар эхнэр рүүгээ цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгээд би охиноо аваад гарах гэсэн чинь гаргахгүй болохоор нь би Баатарсүрэнг гэрийнх нь хоймор хэсэг рүү нь түлхчихээд охиноо чирээд гараад явсан. Намайг цохиход Баатарсүрэн унаагүй бид хоёр заамдалцаж аваад түлхэлцэх үед зуух, галын түлээний дөрвөлж зэргийг нь хөдөлгөсөн. Баатарсүрэн нь манай охинтой нэг оронд хэвтэж байсан юм. Тэгээд тэрнээс болоод маргалдаж муудалцсан. Миний охиныг нэг эрэгтэй хүн өвөртлөөд унтаж байхыг харахад надад эвгүй санагдсан. Баатарсүрэн нь надад “бид хоёр сууна, чамд хамаагүй” гэж хэлж байсан. Эхнэр бид хоёр 2, 3 удаа уулзаад “чи битгий миний охинтой уулзаж бариад бай” гэж хэлж байсан. Би Баатарсүрэнтэй заамдалцаж байгаад гараараа нуур рүү нь хоёр  удаа цохисон. Өөр цохиж бариагүй. Намайг цохиж барихад Баатарсүрэн унаагүй миний дуудлагын дагуу цагдаа нар манай гэрт ирж уулзчихаад явсан. Баатарсүрэнгийн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан харагдсан. Баатарсүрэнгийн гэрийн зүүн талд нь ор нь байдаг юм.  Баатарсүрэн миний цээж руу цохисон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Баатарсүрэнтэй би зуухных нь баруун талд нь заамдалцсан, тэнд байхад нь би түлхчихээд л охиныгоо аваад гарсан. Баатарсүрэн нь гэртээ бид хоёрыг хараад үлдсэн араас гарч ирээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149 дүгээр тал/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт: “1.Талийгаач Б.Баатарсүрэнгийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун шанаа, баруун чихэнд цус хуралт зөөлөн эдийн няцралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн эгэмд цус хуралт, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун шуунд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Талийгаач Б.Баатарсүрэн нь нүүрэнд учирсан гэмтлийн улмаас тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураагийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 5.Талийгаачийн цуснаас 3.2% спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь /II/ бүлгийн цустай байна.” /1хх-ийн 192-197 дугаар тал/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 6-7/, гэрэл зургууд /1хх-ийн 8-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 198-211/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ш.Аыг  2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 102 тоотод иргэн Б.Баатарсүрэнг охин А.Зулгэрэлийг гэртээ дуудаж сэтгэцийн өвчтэй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид холбогдох эрүүгийн _____________ дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ш.Аыг дараах нотлох баримтуудаар;

Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр Ш.Аын...намайг хатавчаар нь харахад Зулгэрэл, Баатарсүрэн хоёр нүцгэн хувцасаа өмсөж байгаа харагдсан. Гэр лүү нь ороод би Баатарсүрэнд хандаж “яаж байгаа юм бэ, арай дормжлоод байгаа юм биш үү” гэсэн чинь Баатарсүрэн “бид хоёр тохиролцчихсон, бид хоёр хайр сэтгэлийн холбоотой сууна” гэсэн..., Баатарсүрэн миний охинтой нэг оронд хэвтэж байсан юм. Тэгээд тэрнээс болоод маргалдаж муудалцсан..., миний охиныг нэг эрэгтэй хүн өвөртлөөд унтаж байхыг харахад надад эвгүй байсан..., Баатарсүрэн надад “бид хоёр сууна, чамд хамаагүй” гэж хэлж байсан..., эхнэр бид хоёр Баатарсүрэнтэй 2-3 удаа уулзаад “чи битгий миний охинтой уулзаад бай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149 дүгээр тал/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн... Би талийгаачийг арай ч тэгнэ гэж бодоогүй, өөрийнхөө охин шиг хүнтэй арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж бодсон гэх мэдүүлэг,

Гэрч Д.Лувсандолгорын өгсөн...ер нь Баатарсүрэн нь манай охин Зулгэрэлийн утас руу 2021 оны 10 дугаар сард залгаад байсныг мэдсэн..., А бид хоёр Батаарсүрэнгийнд уулзахаар гэрт нь очиход 2-3 согтуу хүн байхаар нь гэрээс нь гаргаж ирээд Баатарсүрэнтэй  манай охинтой уулзлаа гэж хэлэхэд “би яасан гэж охин шигээ хүүхэдтэй байх юм бэ” гэхээр нь дахиад чи манай охиныг дуудах юм бол цагдаад өгнө шүү гэж хэлээд бид хоёр явсан..., тэгээд хэд хоногийн дараа Зулаагийн утсыг үзсэн чинь нилээн удаа Зулаа руу залгачихсан, ярьсан байсан..., тэгээд би өөрийнхөө утаснаас Баатарсүрэн рүү залгаад “би охиныгоо бодоод байна, чи ч хүчингийн хэргээр шоронд орвол мууай зүйл болно, болохгүй бол шүүх, цагдаа дээрээ уулзах байх шүү” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 дугаар тал/,

Гэрч А.Зулгэрэлийн өгсөн...би аавтай хамт байж байхад шөнө Баатар гэж хүн надруу залгаад “хүрээд ир, унтая” гэж хэлсэн, тэгээд би аавд харилаа гэж хэлээд ааваар гэр рүү хүргүүлсэн..., би Баатараа гэх айлд урьд өмнө нь олон удаа очиж байсан, хэдэн удаа очиж байснаа санахгүй байна, намайг аав, ээж хоёрыг байхгүй үеэр утсаар дууддаг байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 124 дүгээр тал/,

гэрч Ч.Энхдалайгийн өгсөн... А “би сая тэмцээн тараад гэртээ хүүхдээ оруулчихаад хүн хүргэж өгөөд ирсэн. Манай охин гараад явчихсан байна. Тэгээд хайж яваад Баатарсүрэнгийнхээс очиж авч ирлээ, манай охиныг удаа дараа толгойг нь эргүүлээд авя явж уулзаад байна. Надад Баатараа сая очиход манай охинтой суух гэж байгаа гэж надад хэлж байна” гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 дугаар тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч нь Ш.А нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

 

Иймээс гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, түүний сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алсан үйлдэл нь хохирогчийн удаан хугацааны туршид гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж байсан хууль бус, зүй бус үйлдлүүдээс шалтгаалан уг эмгэгт байдал нь тухайн цаг хугацаанд илэрсэн сэтгэл санааны хүчтэй цочролд орж хийсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 102 тоотод охин А.Зулгэрэлийг гэртээ дуудаж, сэтгэцийн өвчтэй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орохыг завдсан шалтгаанаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсаны улмаас Б.Баатарсүрэнгийн биед баруун хацарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун шанаа, баруун чихэнд цус хуралт зөөлөн эдийн няцралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн эгэмд цус хуралт, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун шуунд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт нүүрэнд гэмтэл учруулсан байх ба амь хохирогч уг гэмтлийн улмаас тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураагийн улмаас тархи дарагдаж нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шоовдрын Аыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч нь сэтгэлзүйн улмаас цочролд орсон иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлт гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулах санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас гэм буруугийн тал дээр хэлэх дүгнэлт байхгүй. Харин прокурорын зүйлчлэлийг зөвтгүүлж, хөнгөрүүлж өгнө үү гэх санал,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Хохирол нөхөн төлснөөр хор уршиг арилахгүй тул хамгийн хүнд ялыг оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Ш.А нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн хавтасны 2хх-ийн 5, 10, 28 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.А нь 51  настай, Төв аймгийн Жаргалант сум 1 дүгээр баг “Ар буурал” 1-4 тоотод амьдардаг, бүрэн дунд боловсролтой, Жаргалант сумбн Ерөнхий боловсролын сургууль жижүүр ажилтай байсан зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Шүүгдэгч Ш.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохиролд 5.202.100 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “учруулсан хохирлоо төлсөн” гэсэн эрүүгийн харицулага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ болон хувийн байдлууд зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ш.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байх ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эдэлбэл зохих 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн миний үйлчлүүлэгчид гэм буруутайд тооцсон зүйл ангийн доод хэмжээгээр хорих ял оногдуулах санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нөхөн төлснөөр хор уршиг арилахгүй тул хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн  хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ш.А нь оршуулгын зардалд 5.851.862 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн аль нь маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ш.Аыг бусдад төлбөргүй төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2.Шүүгдэгч Боржигон овогт Ш Аыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.  

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                                    ШҮҮГЧИД                                  Т.БАТЖАРГАЛ

 

 

                                                                                                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН