| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00885/И |
| Дугаар | 914 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 914
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-18 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА85040435, Боржигон овогт Ядамсүрэнгийн Болдод холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 35.717.735,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Азбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Увс салбарын захирал Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ядамсүрэн овогтой Болд нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №2030000504 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-18 тоотод байрлалтай, аралын №UBS69GW7253059 дугаартай, 29-57 УБЗ улсын дугаартай автомашин барьцаалуулсан. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 3.550.551,68 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2.409.453,59 төгрөг, нийт 5.960.005,27 төгрөг төлсөн байна. Мөн иргэн Ядамсүрэн овогтой Болд нь өөрийн төрсөн эгч Ядамсүрэн овогтой Энхжаргалтай хамтран Капитал банктай 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2030000396 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14.900.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлалтай, ГД:0405987, ТД:8516002357 дугаартай 1400 м.кв хэмжээтэй, гэр хашааны зориулалттай газар, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Гашууны голд байрлалтай, ГД:0227508, ТД:8516002356 дугаартай 2 га жимс чацарганы зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 6.513.250,44 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 3.357.009,56 төгрөг, нийт 9.870.260 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй банкыг хохироож байх бөгөөд зээлийн барьцаанд бүртгэгдсэн дээр дурдсан эзэмших эрх бүхий газруудын эзэмших эрх нь цуцлагдаж зээлийн барьцаа хөрөнгөөр хангагдах боломж байхгүй болсон байна. 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2030000504 тоот үндсэн зээлийн үлдэгдэл 6.449.448,32 төгрөг, хүү 7.180.307,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.436.061,52 төгрөг, нийт 15.065.817,46 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 2030000396 тоот үндсэн зээлийн үлдэгдэл 8.386.749,56 төгрөг, хүү 10.220.973,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.044.194,67 төгрөг, нийт 20.651.917,59 төгрөг байна. Иймд 2030000504 болон 2030000396 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 35.717.735,05 төгрөгийг зээлдэгч Я.Болдоос гаргуулж Капитал банкинд олгож өгнө үү. Зээлийн хүүг бууруулах боломжгүй. Я.Болд нь зээлийн барьцаанд байсан машинаа зарж борлуулсан байсан бөгөөд өөрийн машиныг банкинд шилжүүлж өгсөн. Тухайн машиныг хуулийн дагуу үнэлүүлж зээлийн төлбөрөөс хасахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Хариуцагч Я.Болд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус аймгийи Капитал банкнаас Я.Болд, Я.Энхжаргал нарт холбогдуулан нийт 35.717.735 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Анх 2013 оны 4 дүгээр сард би тус банкнаас 10.000 000 төгрөг, миний эгч Я.Энхжаргал 14.900.000 төгрөг эээлээр авсан. Бид бизнес хийх явцдаа энэхүү зээлүүдийг цаг түхайд нь төлж байсан бөгөөд зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 15.830.265 төгрөг төлж нийт үлдэгдэл 9.060.735 төгрөг үлдсэн. Үүнээс би өөрийн 10.000.000 төгрөгийн зээлээс 5.930.005 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, эгч Я.Энхжаргалын 14.900.000 төгрөгөөс 5.029.740 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Гэвч миний эгч Я.Энхжаргал хүндээр өвчилж гадагшаа болон дотоодод олон удаа эмчилгээ хийлгэж эмчлүүлж байсаар 2016 оны 7 дугаар сард зүрхний өвчний улмаас нас барсан. Эгч маань 2015 оны өвөл Бээжин хотод 2 удаа эмчилгээнд явж мөн ондоо Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт тавигдаж байгаагүй өндөр зэрэглэлийн зүрхний 35.000.000 төгрөгийн үнэтэй аппарат тавиулж хүнд хагалгаанд орж 8 сарын дараа нас барж миний эгчийн 6 настай охин бидний асрамжид үлдсэнийг харгалзан үзэж эгчийн зээлийн төлбөр болох 20.651.917,59 төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсч байна. Эгчийн бие муудаж эмчилгээ хөөцөлдөж эхэлснээс хойш энэ зээлийг яаралтай шийдвэрлэж өгөөч эсвэл зээлийн эргэн төлөлтийг багасгаж хугацааг уртасгаж өгөөч гэж хүсэлт гаргаж 2015 оноос хойш Увс аймаг дахь Капитал банкны салбарын захирал Ганбаатарт, 2016 онд Улаанбаатар хот дахь Капитал банкны төвд баруун бүс хариуцсан мэргэжилтэнд удаа дараа өөрийн биеэр тайлбарлан хандаж хүсэлт болон өргөдлөө бичгээр гаргаж нөхцөл байдлыг бодитоор тайлбарлан хандаж байсан. 2015 онд эгчийгээ эмчилгээнд Улаанбаатар хотод эмчлүүлж байхад Увс аймгийн Капитал банкны салбар захирал Ганбаатарт өөрийн биеэр миний 8.5000.000 төгрөгийн үнэтэй унаж байсан Toyota town ace маркийн автомашиныг хүн худалдаж авах гэж байхад нь “Манай банк өөрөө авна хөдөөний салбаруудаараа явахад таарсан, манай банкинд хэрэгтэй машин байна” гээд заруулалгүй банкны нэр дээр шилжүүлж авсан юм. Үнийг нь зээлийн төлбөрөөс хасахаар тохиролцсон боловч хасахгүйгээр барахгүй хүү нь нэмэгдсээр л байсан. Хэрэв тухайн үед машины үнийг үндсэн зээлээс хасагдсан бол биднээс нэхэмжилж байгаа 35.717.735,05 төгрөг өөр байх байлаа. Үүнийг бид банкны хариуцлагагүй үйлдэл гэж үзэн машины үнэ болох 8.5000.000 төгрөгийг маншин банкны нэр дээр шилжсэн өдрөөс эхлэн үндсэн зээлээс хасаж мөн хүүг хасаж тооцохыг хүсэж байна. Банк ямар нэг арга хэмжээ авалгүй 3 жил шахам болж өдий хүрснээс дээрх 9.060.735 төгрөг хүүгийн хүүгээр өссөөр 35.717.735 төгрөгт хүрч бараг 4 дахин өссөн учраас бид ийм хэцүү байдалд орлоо. Ийм учраас миний бие банкны нэхэмжилж байгаа мөнгөний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я.Болд нь Капитал банкнаас зээл авсан нь үнэн. Үүнд маргаан байхгүй. Харин зээлийн хүүг тодорхой хувиар бууруулж өгнө үү. Мөн барьцаанд өгсөн машиныг тодорхой үнийн дүнд суутгуулах хүсэлтэй байна. Уг машиныг 2016 онд 8.000.000 төгрөгөөр зарахаар хүнтэй тохиролцсон байхад банк зээлийн төлбөртөө авна гээд авсан байдаг юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Я.Болдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35.717.735,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхбат нь “Зээлийн хүүг тодорхой хувиар бууруулж өгнө үү” хэмээн маргаж байна.
Зээлдэгч Я.Болд, Я.Энхжаргал нар Капитал банктай 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2030000396 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 14.900.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлалтай, ГД:0405987, ТД:8516002357 дугаартай 1400 м.кв хэмжээтэй, гэр хашааны зориулалттай газар, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Гашууны голд байрлалтай, ГД:0227508, ТД:8516002356 дугаартай 2 га жимс чацарганы зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.
Мөн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Я.Болд нь Капитал банктай 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2030000504 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд аралын №UBS69GW7253059 дугаартай, 29-57 УБЗ улсын дугаартай автомашин барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Капитал банк нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Зээлдэгч Я.Энхжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь 108/005164 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Я.Болдоос 2030000396 тоот зээлийн гэрээний үүрэг 20.651.917,59 төгрөг, 2030000504 тоот зээлийн гэрээний үүрэг 15.065.817,46 төгрөг нийт 35.717.735,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.538,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдоос 336.538,68 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Я.Болдоос 2030000396 тоот зээлийн гэрээний үүрэг 20.651.917,59 төгрөг, 2030000504 тоот зээлийн гэрээний үүрэг 15.065.817,46 төгрөг, нийт 35.717.735,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.538,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдоос 336.538,68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР