| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/03702/и |
| Дугаар | 3285 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 3285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, эрхүүгийн гудамж, дугаар байрны тоотод оршин суух, Ноён овогт Батсүрэнгийн Ананд /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дугаар байрны тоотод оршин суух, Боржигон овогт Даваагийн Бум-Эрдэнэ /РД:/-д холбогдох,
6,670,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ананд, хариуцагч Д.Бум-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ананд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Бум-Эрдэнээс мотоцикль худалдаж авсан. Д.Бум-Эрдэнэ надад маргааш нь мотоциклийн сэлбэг хэрэгсэл, тос масло, бичиг баримт өгнө гэж амаар тохирсон ч өгөхгүй явсаар зун дууссан. Ингээд уг мотоциклийг авсан өдөр 100 айлаас яргайт зуслан явах замд унтарч тос, бензин нь дусаж байсан. Энэ тухай Д.Бум-Эрдэнэд хэлэхэд зүгээрээ запасыг нь өгнө, чи сольчих гэсэн боловч өдий хүртэл худлаа ярьж, сүүлдээ утасаа авахаа байсан.. Д.Бум-Эрдэнээс амаар тохирсон тохиролцоогоо биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Би Д.Бум-Эрдэнийг энэ мотоциклийг хэнээс яаж авсныг мэдэхгүй, хулгайн мотоцикль ч байж мэднэ. Хэрэв Д.Бум-Эрдэнэ мотоциклийг худалдаж авсан бол баримт байх ёстой. Тийм баримт байгаа бол надад үзүүлэхийг хүсэж байна. Д.Бум-Эрдэнэ надад мотоцикль зарахын өмнө бартаат замын хүнд төрлийн мотоциклийн уралдаанд орсон. Энэ тэмцээнд орчихоод засвар хийлгүй надад зарсан байна. Мотоциклийн сэлбэг дагалдуулж өгнө гэж хэлчихээд өгөхгүй, намайг хуурч мэхэлж, залилсан. Бичиг баримтгүй тул мотоциклийг ашиглаагүй. Би Д.Бум-Эрдэнээс болоод зуныхаа ажлыг алдаж, мөнгөөр хохирсон учраас хариуцагчаас мотоциклийн үнэ 6,500,000 төгрөг, оношилгооны болон ачилтын зардалд 100,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 6,670,200 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Бум-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б.Ананд надаас мотоцикль авсан. Бид худалдах, худалдан авах гэрээнд хуучин, бичиг баримтгүй мотоцикль худалдаж авсан гэж тодорхой бичсэн. Мотоциклийн гинж, гинжны гулгаа, хойд хөтлөгч арааг би өөрт хэрэггүй учраас бэлэг болгож өгье гэсэн түүнээс биш эдгээр зүйлс мотоциклийн үнэд ороогүй. Би Б.Анандыг надруу залгах болгонд утсаа авч, хариулж байсан. Б.Ананд мотоцикль ашиглаж чадаагүй, зуныхаа ажлыг алдсан гэлээ. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б.Ананд фейсбүүк дээрээ миний мотоциклийг унаж ууланд гарсан бичлэгээ тавьсан байсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Б.Ананд надаас мотоцикль худалдан авч, эвдчихээд ашиглах боломжгүй болохоор мөнгөө авмаар байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Анандын нотлох баримтаар өгсөн мотоциклийн оношилгооны бичиг ямар ч тамга тэмдэггүй, мэргэжлийн хүн мотоцикльд оношилгоо хийсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн Б.Ананд миний мотоциклийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анх мотоцикль худалдаж авахдаа шалгаж авсан. Зарснаас хойш мотоцикльд үүссэн эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой. Би Б.Анандад мотоциклийн сэлбэг хэрэгсэл өгнө гэж хэлээгүй, зөвхөн өөрт хэрэглэгдэхгүй болсон дагалдах хэрэгслээ өгнө гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдөр аялалд явах хүртлээ Б.Ананд мотоциклийг ашиглачихаад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ананд нь хариуцагч Д.Бум-Эрдэнэд холбогдуулан 6,670,200 төгрөг гаргуулахийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ананд нь хариуцагч Д.Бум-Эрдэнээс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Yamaha WR-450 маркын хар өнгийн мотоциклыг 6,500,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Бум-Эрдэнэ нь Yamaha WR-450 маркын хар өнгийн мотоциклыг Б.Анандад хүлээлгэн өгөх, Б.Ананд нь уг мотоциклийн үнэд 6,500,000 төгрөгийг Д.Бум-Эрдэнэд өгөх үүрэг хүлээсэн байх ба талууд энэхүү үүргээ биелүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Б.Ананд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа...тухайн мотоциклийг авах үед эвдэрхий, бичиг баримтгүй байсан ба маргааш нь надад бичиг баримтыг сэлбэг хэрэгслийн хамт өгнө гэсэн боловч өгөөгүй, би одоо бичиг баримтгүй мотоциклийг ашиглаж чадахгүй байна... гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч Д.Бум-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...тухайн үед Б.Ананд нь мотоциклыг шалгаж авсан ба бичиг баримтгүй гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж байна.
Хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийн баримтад Д.Бум-Эрдэнээс Б.Ананд миний бие Yamaha WR-450 маркын хар өнгөтэй /хуучин/ улсын дугааргүй мотоциклыг итгэлцлийн үндсэн дээр 6,500,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн болно. Уг мотоцикль нь дагалдах хэрэгсэл, бичиг баримт аваагүй болно гээд талууд гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Yamaha WR-450 маркын хар мотоциклийг худалдан авах үед эвдрэлтэй байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Тэнүүн тур ХХК-д оношлуулсан гэж тайлбарлан 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдэгдсэн оношилгооны баримт гэх баримтыг нотлох баримтаар өгсөн байна. Уг баримтад Мэндбаатар гэх хүн гарын үсэг зурсан байх ба Тэнүүн тур ХХК ийн ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй, уг хүн нь мотоциклийн оношилогоо хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтыг үндэслэн мотоциклийг худалдан авах үед эвдрэл гэмтэлтэй байсан гэж үзэх боломжгүй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.23, 1.2.25 дахь хэсэгт зааснаар Yamaha WR-450 маркын мотоцикл нь механикжсан тээврийн хэрэгсэл байх ба Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн б-д зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн замын хөдөлгөөнд оролцоно.
Хариуцагч Д.Бум-Эрдэнэ нь Yamaha WR-450 маркын мотоциклийг Б.Анандад өгөхдөө тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөөгүйг эрхийн зөрчилтэй эд зүйл шилжүүлсэн гэж үзэхээр байх боловч Б.Ананд нь тухайн мотоциклийг эрхийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй гэдгийг мэдэж байж авсан болох нь зохигчийн тайлбар болон хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх байх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Анандыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн мотоциклийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Анандын хариуцагч Д.Бум-Эрдэнэд холбогдуулан гаргасан 6,670,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бум-Эрдэнээс 6,670,200 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Анандын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Анандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,673 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА