Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч, шүүгдэгч О.Т,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Пагма-Оролмаагийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Олонбаярын Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн ,____________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, ээж, дүү нарын хамт ________________, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй байсан, хэрэг хариуцах чадвартай, ________ регистрийн дугаартай, ______________ Б.

2.Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Оюу толгой ХХК-нд армотурчин ажилтай, ам бүл 5, ээж, ах, эхнэр нарын хамт _______________ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй байсан, хэрэг хариуцах чадвартай, ___________ регистрийн дугаартай, ____________.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хойд ногоон тасаг гэх газар 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр О.Тг “...насанд хүрээгүй Отгонзаяаг дагуулж явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн О.Тг алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Т нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хойд ногоон тасаг гэх газар 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр П.Сүхбат нь “...насанд хүрээгүй Отгонзаяаг дагуулж явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хөлөөрөө баруун хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.”гэв.

 

Шүүгдэгчдийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хойд ногоон тасаг гэх газар 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр О.Тг “...насанд хүрээгүй Отгонзаяаг дагуулж явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн О.Тг алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Т нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хойд ногоон тасаг гэх газар 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр П.Сүхбат нь “...насанд хүрээгүй Отгонзаяаг дагуулж явлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хөлөөрөө баруун хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

Энэ нь эрүүгийн ,____________ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч О.Тгийн өгсөн: “Миний биед баруун 1-р шүдний булгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтлүүдийг Б гэх хүн гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулд үүссэн цус хуралт зэрэг гэмтлүүд нь Хашчулуун гэх залуу мориор дайрч унагаах үед үүссэн.” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/  

Хохирогч П.Сүхбатын өгсөн: “Тэмүүжин гэх залуу гутлаараа миний баруун хэсэг рүү өшиглөсөн би тэр үед миний баруун гарын чигчий хурууны яс хугарсан. Би 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлэн гипс тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-19 тал/, 

Шүүгдэгч О.Тгийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 07 сарын 14-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг "Хойд ногоон тасаг" гэх газар найз Баасандорж. Ууганбаяр нарын хамт "Сэнгүр" 2,5 литрийн нэг пиво хувааж уучхаад Хашчулуун ахынд очсон. Хашчулуун ахынд ороод мах идээд, Баасандорж, Ууганбаяр хоёр даалуу тоглоод би бие засах гээд гэрээс нь гарсан. Бие засаад байж байтал 5-10 орчим минутын дараа Отгонзаяа гэх эмэгтэй гараад ирэхээр нь гэрээс нь 100 орчим метрийн цаана юм яриад сууж байтал гэрийнх нь гаднаас машин хөдөлсөн ба тэр үед Отгонзаяа намайг хайгаад байгаа юм шиг байна гээд гэр рүүгээ явсан. Би тухайн газар сууж байтал морьтой Хашчулуун гэх залуу ирээд намайг дайраад унагаасан ба морь нь миний толгойн дээр нэг удаа, хөлөн дээр нэг удаа гишгэсэн. Тэгтэл машин ирээд машин дотроос Б, Сүхбат, Отгончимэг нар бууж ирээд бөөнөөрөө миний нуруу, хөл гар хэсэг рүү цохисон ба тухайн үед манай найз Ууганбаяр мотоциклтой ирээд намайг зодож байсан хүмүүсийн салгасан. Би тухайн үед ухаан балартаад 5-10 орчим минутын дараа сэргэсэн. Би босож ирээд яагаад намайг зодож байгаа юм гээд жаахан орилсон. Тэгээд Баасандорж, Ууганбаяр хоёртой мотоциклоо унаад гэр рүү нь уруудсан. Гэрийнх нь хажуу талд байсан цүнх, утасаа авахаар буутал Хашчулуун, Батсайхан, Сүхбат, Отгончимэг нар араас явж ирээд дахиад бөөнөөрөө нийлээд намайг зодох үед миний үүдэн шүд нэг нь хөдөлгөөн орж, нэг нь унасан байсан. Яг хэн гэх цохисныг би харж чадаагүй. Тэгээд Баасандорж, Ууганбаяр хоёр намайг аваад цагдаагийн хэсэг дээр ирсэн. Үүдэн хоёр шүдний нэг нь хугарсан, нэг нь хөдөлгөөн орсон байгаа. Мөн доод шүд хөдөлгөөн орсон. Доод уруул язарсан, дух хавдсан зулгарсан. Духны гэмтлийг Хашчулуун морьтой дайраад морь нь миний дээрээс гишгэсэн. Шүд хэсэг рүү Б, Сүхбат хоёрын аль нэг цохисон. Яг хэн нь цохисныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Шүүгдэгч П.Бын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 07 сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хотоос ээж Пагамхоролмаа, найз Мөнхбат, ах Ууганбаяр нарын хамт өөрийн эзэмшлийн 98-80 УБН улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Борнуур суманд оршин суудаг хүргэн Хашчулууныд ирсэн. Орой 23 цагийн үед гаднаас Баасандорж, Тэмүүжин, Ууганбаяр гэх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд мах идээд, цуг даалуу тоглосон. Нэг мэдсэн манай бага охин дуу Отгонзаяа гэртээ байхгүй болохоор дүү Сүхбат. Отгончимэг, Нямдорж нарыг хайгаад ир гээд гэрээс гаргах үед Ууганбаяр бас мотоциклоо унаад гарсан. Удаагүй манай дүү Өүлэнзаяа миний утас луу залгаад дээр бөөн юм болоод байна яваад ир гэхээр нь яваад очтол Тэмүүжин гэх залуу манай дуу Отгонзаяаг дагуулж явсан талаар манай дүү нар хэлсэн. Би Тэмүүжинд чи яахаараа айлын насанд хүрээгүй хүүхэд дагуулаад явчихдаг юм гэсэн чинь би танай дүүгээр чинь яах юм, чи намайг мэдэх үү гээд томроод байхаар нь нэг удаа нүүр хэсэг лүү нь гараараа алгадтал зөрүүлээд миний баруун дух хэсэг рүү хатуу зүйлээр нэг удаа цохисон. Тэгээд манай дүү нар намайг салгаад явах үед Баасандорж, Тэмүүжин нар хоорондоо зодолдоод байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Тэмүүжинд чи яахаараа айлын насанд хүрээгүй хүүхэд дагуулаад явчихдаг юм гэсэн чинь би танай дүүгээр чинь яах юм, чи намайг мэдэх үү, гээд томроод байхаар нь нэг удаа нүүр хэсэг рүү нь гараараа алгадтал зөрүүлээд миний баруун дух хэсэг рүү хатуу зүйлээр нэг удаа цохисон. Би болон Баасандорж, Тэмүүжин, Ууганбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ямар шалтгааны улмаас манай дүү Отгонзаяаг авч явсан. Тухайн үед юу болсон эсэхийг шалгуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Хохирогч П.Сүхбатын өгсөн: “Би Б ах, Отгончимэг эгч, Отгонзаяа дүү нарын хамт хүргэн ах Хашчулууны гэрт очсон. Тэндээ хорхог хийгээд идээд байж байх үед 23 цагийн орчимд гаднаас Тэмүүжин, Баасандорж, Ууганбаяр нар ирсэн. Бид нартай Баасандорж, Ууганбаяр нар нь хамт даалуу тоглосон. Тэгтэл Тэмүүжин гэрээс гараад явсан удалгүй ардаас дүү Отгонзаяа гараад явсан. Тэгээд Отгонзаяа орж ирэхгүй болохоор нь Б ах, Отгончимэг эгч бид гурав автомашинтай дүү Отгонзаяаг хайхаар гэрээс гарсан. Тэгтэл гэрээс 200 гаруй метрийн зайтай жалга орчмоос Отгонзаяа ирж явсан. Яваад очтол цаад талд нь Тэмүүжин байж байсан. Б ах дүүг авч явлаа гэж уурлаад Тэмүүжинг 1 удаа алгадсан Отгончимэг эгч бид хоёрыг салгах гэтэл Тэмүүжин миний баруун гар руу өшиглөөд Отгончимэг эгчийг түлхэж унагаасан. Тэндээсээ салаад гэрийн үүдэнд ирэхэд Тэмүүжин, Ууганбаяр, Баасандорж нар нь хамт ирэх үед нь Тэмүүжинг Б ах гараараа нуур руу нь цохисон. Тэмүүжин манай дүү Отгонзаяаг аваад жалга руу явчихсан учраас л зодоон болсон. Тэмүүжин миний гар руу өшиглөөд баруун гарын савхан ясыг хугалчихсан. Би гомдолгүй, надад нэхэмжлэх зүйл болон хэрэгт хавсаргуулах эмчилгээний зардлын баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч А.Баасандоржийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед найз Ууганбаяр, Тэмүүжин нарын хамт мотоциклтой Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Ногоон тасаг гэх газар оршин суух Хашчулуун гэх айлд очсон. Бид гурав очихоосоо өмнө "Сэрүүн" нэртэй 2,5 литрийн нэг пиво хувааж уусан. Хашчулууныд очоод хорхог идээд. Ууганбаяр бид хоёр Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй цуг даалуу тоглож байсан ба Тэмүүжин хажуу талд хараад сууж байсан. Манай найз Тэмүүжин бие засчхаад ирье гэж хэлээд гарсны дараа 5-10 орчим минутын дараа Отгонзаяа гэх охин араас нь гараад явсан. Удаагүй 5-10 орчим минутын дараа Б гэх ах Отгонзаяа хаашаа яваад өгөв гээд дүү нар нь болох Отгончимэг, Сүхбат, Нямдорж нар хайхаар явсан ба араас нь манай найз Ууганбаяр харахаар явсан. 10 орчим минутын дараа Өүлэн гэх охин орж ирээд Хашчулуун ах тэнд хүн алах гээд орилж чарлаад хун зодож байна гэж хэлтэл хажуу талаас Б ах гараад гүйсэн. Би араас нь мен гүйгээд гартал гэрийн зүүн талд 500 орчим метрийн цаанаа машины гэрэл асчихсан хүмүүс хоорондоо маргалдаж байгаа харагдахаар нь яваад очтол манай найз Тэмүүжин газар ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Б ах одоо чи чамайг ална гээд Тэмүүжин рүү дайраад байхаар нь тайван бай ах яагаад ингэж байгаа юм гээд тайвшруулсан. Тэгтэл Хашчулуун гэх залуу мориноосоо бууж ирээд чи муу яаж байгаа юм ална гээд мөн Тэмүүжин лүү дайрахаар нь би очоод тэвэрч аваад газар унагаасан. Намайг очсоны дараа ямар нэгэн зодоон болоогүй ба би Тэмүүжин, Ууганбаяр хоёрыг аваад мотоциклтой буцаад Хашчулууны гадаа очих цүнх, утас хоёроо авахаар зогстол Хашчулуун та нар наашаа хүрээд ир Баасандоржоо Чи миний хамрыг хугалчихлаа одоо би чамайг ална гээд том чулуу бариад ирсэн ба Тухайн чулуугаа над руу шидэж миний дагзан дээр оносон. Би чулуунд оногдоод газар суутал Хашчулуун миний чих, гараас хазсан. Тэр үед Ууганбаяр, Хашчулууныг боль гээд салгасан. Би босоод хартал Тэмүүжин миний шүдийг хугалчихлаа гээд амнаас нь цус гарчихсан орилоод байсан. Тэгээд Ууганбаяр, Тэмүүжин бид 3 цагдаагийн хэсэг рүү явсан. Толгой хэсэг лүү чулуугаар нэг удаа цохисон. Мөн чих, гарнаас хазсан Одоогоор ил харагдах гэмтэл байхгүй байна.  Би Тэмүүжинг зодох гээд дайраад байхаар нь Хашчулууныг газар унагаасан. Өөрөөр гар хүрээгүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Шүд хугалчихлаа гээд орилоод байсан. Би хэн цохисныг хараагүй. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цагдаа дээр ирээд согтуурал шалгах үед уусан байна гэхдээ үлээхгүй гээд байсан. Баасандорж, Тэмүүжин бид 3 Сэнгүр нэртэй 2,5 литрийн нэг пиво хувааж уусан байсан.” Гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Гэрч Г.Отгончимэгийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хотоос найз залуу Нямдорж, дүү Сүхбат, дүү Өэлүнзаяа нарын хамт Төв аймгийн Борнуур суманд оршин суух хүргэн Хашчулууныд ирсэн. Маргааш нь буюу 7 дугаар сарын 14-ний өдөр ээж Пагмахоролмаа, ах Б нар мөн Улаанбаатар хотоос бид хэдийн араас ирсэн. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн үед машин дотор унтаж байтал ах Б дуудаад Отгонзаяа байхгүй байна гэж хэлэхээр нь найз залуу Нямдорж, дүү Сүхбат, ах Б нарын хамт Борнуур сумын төвөөр хайгаад явж байтал гэрийн баруун хойд энгэр лүү мотоциклны гэрэл гарахаар нь араас дагатал тухайн мотоциклтой хүн гэрлээ унтраагаад өөр чиглэлд яваад өгсөн. Тэгэхээр нь тухайн мотоциклны гэрэл унтарсан газар байж магадгүй гэж бодоод тухайн газар ирэх үед жалганаас манай дуу Отгонзаяа гараад ирсэн ба хажуу талаас нь Тэмүүжин гэх залуу зугтаагаад яваад өгсөн. Бид хэд машинтай Отгонзаяагийн байсан жалга руу уруудаад буутал, хүргэн ах Хашчулуун урдаас морьтой Отгонзаяаг хайгаад гараад ирсэн. Тэгтэл Тэмүүжин гэх залуу Хашчулуун ахын мориных нь урд доошоо хараад хэвтээд өгөхөөр нь Хашчулуун ах чи айлын насанд хүрээгүй хүүхэд харанхуй шөнө авч явлаа гэж хэлээд байж байтал Ууганбаяр гэх залуу мотоциклтой ирээд та нар бүгдээрээ нийлээд манай найзыг зодлоо гэхээр нь танай найз чинь насанд хүрээгүй хүүхэд харанхуй шөнө дагуулаад явсан байна гэж хэлсэн чинь чи юу гээд хуцаад байгаа гичий вэ, гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би Ууганбаярын нүүр хэсэг луу гараараа нэг удаа алгатал Ууганбаяр зөрүүлээд миний нүүр хэсэг луу гараараа нэг удаа алгадаад заамдаад авсан. Тэгтэл Тэмүүжин гэх залуу газраас хатуу зүйл авч босож ирээд миний баруун талын шанаа хэсэг лүү тухайн хатуу зүйлээр цохисон. Тэгтэл Баасандорж гэх залуу алхаж ирээд Тэмүүжин гэх залууг чи боль пизда минь гээд дээр гарч байгаад цохиод байсан ба манай ах Хашчулуун та хоёр хоорондоо маргалдлаа гээд салгасан. Тэгээд Ууганбаяр мотоциклоо бариад Баасандорж, Тэмүүжин хоёрыг аваад яваад өгсөн. Бид хэд гэртээ ирээд байж байтал Тэмүүжин, Ууганбаяр, Баасандорж нар нараас ирсэн. Тэмүүжин гэх залуу муу пиздануудыг алнаа гээд газраас чулуу бариад ирэхээр нь манай ах Б чи муу айлын насанд хүрээгүй хүүхдийг яах гэж дагуулж явсан юм гээд хоорондоо маргалдаад зогсож байтал Тэмүүжин, Б ахын толгой хэсэг лүү гараараа цохих шиг болсон. Тэгээд манай ах Б цагдаа дуудлаа гэсэн чинь тухайн залуучууд зугтаагаад яваад өгсөн. Би Отгонзаяа гэх дүүтэйгээ уулзаад юу болсон талаар асуутал би гэрийн гадаа нохойд хоол өгөөд сууж байтал Тэмүүжин гэх залуу гэрийн баруун хойд талаас гарч ирээд хоёулаа жаахан юм ярьж суух гэхээр нь гэрийнхээ хажуу талд юм яриад сууж байтал энд жаахан чимээтэй байна, дээшээ явж сууж гэж хэлээд дагуулаад явсан гэж хэлсэн. Та хэдийг хайгаад машины гэрэл гарах үед Тэмүүжин намайг жалга руу чирээд орохоор нь би гэр лүүгээ явъя гэж хэлсэн чинь явуулахгүй байсан гэж хэлсэн. Зодоод болох үед манай дүү Сүхбат салгах гэж байгаад баруун талын гарын гар руугаа цохиулсан байсан. Баруун талын шанаа хөхөрч хавдсан, толгой хүзүү, нуруу, цээж хэсэн хөндүүрлэж өвдөж байна. Баруун талын шанаа хэсэг лүү хатуу зүйлээр нэг удаа цохисон. Би Ууганбаярын нүүр хэсэг лүү гараараа нэг удаа алгатал Ууганбаяр эерүүлээд миний нуур хэсэг луу гараараа нэг удаа алгадаад заамдаад авсан Баасандорж надад гар хүрээгүй. Хэрэглэсэн байсан. Тэмүүжин гэх залуу нэлээн согтолттой байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Ууганбаяр, Баасандорж, Тэмүүжин нар нэг нэгнийгээ салгах гэж байгаад л гэмтэл учруулсан гэж бодож байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Гэрч П.Отгонзаяагийн өгсөн: Би 2022 оны 06 сарын 25-ны өдөр хичээл амраад Төв аймгийн Борнуур суманд хүргэн ах Хашчулууныд ирсэн 2022 оны 07 сарын 14-ны өдрийн 23 цагийн үед манай гэрийнхэн даалуу тоглоод сууж байтал гаднаас Баасандорж, Тэмүүжин Ууганбаяр нар орж ирсэн. Тэмүүжин гэх залуу мах идчихээд тамхи татаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Би араас нь гараад нохойдоо хоол өгөөд зогсож байтал Тэмүүжин гэх залуу гэрийн баруун хойд талд зогсож байснаа наад дээр ирээд хоёулаа жаахан юм ярьж сууя гэхээр нь тэгье гээд гэрийн гадаа хэсэг юм ярьж сууж байгаад би дээд гэр рүүгээ явлаа гэсэн чинь жаахан дээшлээд дахиад жаахан юм яриад суучих гэхээр нь за гээд цуг юм яриад гэрээс дээшээ алхаад явсан. Тэгтэл манай гэрийн гадуур машин мотоциклын гэрэл тусаад байхаар нь манай гэрийнхэн намайг хайж байгаа юм байна, би явлаа гэсэн чинь наадуул чинь чамайг хайгаагүй, дэлгүүр явах гэж байгаа юм шиг байна, байж бай гээд миний гарнаас татаад явуулахгүй байсан Гэрийн гадаа гэрэл асаагаад байсан машинууд бид хоёрын байсан зүг рүү ирэхээр нь Тэмүүжинг түлхээд жалга уруудаад гэр лүүгээ явж байтал манай ах Сүхбат, хүргэн Хашчулуун нар ирээд намайг аваад явсан. Гэрийн гадаа намайг буулгачхаад буцаад Тэмүүжинг олж уулзахаар нь ах Хашчулуун, Батсайхан, Сүхбат эгч Отгончимэг нар явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна.Манай хүргэн ах Хашчулууны хуурай дуу нар гээд манайхаар орж гардаг. Тэгээд таньдаг болсон. Одоогоос 2 жилийн өмнө Тэмүүжинтэй фэйсбүүкээр харилцдаг байсан. Гарнаас татаад явуулахгүй гээд жалга руу аваад орсон. Өөрөөр гар хүрээгүй. Архи уусан байсан. Хэр хэмжээний согтолттой байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10005 дугаартай “1.О.Тгийн биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний булгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. 5.Шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт/хх-42-43 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10038 дугаартай шинжээчийн “1.П.Сүхбатын биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүрийн зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-50-51 тал/,

 

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76-77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч П.Б, О.Т нар гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчдийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогч П.Сүхбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч П.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт ам бүл 9, эх, дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 33 настай,

шүүгдэгч О.Т нь Оюу толгой ХХК-д армотурчин ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт ам бүл 5, эх, ах, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 22 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай,

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч П.Б нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох,

О.Т нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн ,____________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч П.Б, О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пагма-Оролмаагийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржигон овогт Олонбаярын Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, О.Тд оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б, О.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б, О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б, О.Т нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах  тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН