| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/03374/и |
| Дугаар | 3380 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 3380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А-1 дүгээр байрны 1301 тоотод байрлах Очих хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А байрны 2 дугаар орц 702 тоотод оршин суух, Хөхөөгийн Жавзмаа /РД:ДЮ82102864/-д холбогдох,
605,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Жавзмаа нь Очир хотхон Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 100,840 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 302,520 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл 201,680 төгрөг, нийт 605,040 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна. Очир хотхон СӨХ-оос удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуулийн 5 дугаар бүлгийн 143,146,147 дугаар заалтын дагуу нийт 605,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Х.Жавзмаа нь СӨХ-ны төлбөрөө удаа дараа төлдөггүй учраас сар болгон төлүүлж байх зорилготойгоор шүүхэд хандсан юм. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар хороолол 78А дугаар байр 702 тоотод оршин суудаг Х.Жавзмаа нь 2016 оны хойшхи төлбөрөө огт төлөөгүй байж байгаад сүүлд шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 100,000 төгрөгийг төлсөн байгаа. Нийт 605,040 төгрөг төлөхөөс 100,000 төгрөгийн төлсөн учир үлдэгдэл 505,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Жавзмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нь хариуцагч Х.Жавзмаад холбогдуулан СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засварт үйлчилгээний төлбөрт 605,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 505,040 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 болон 72.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх тайлбараа ирүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Х.Жавзмаад шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78,78а байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон 183 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Очир хотхон СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.
Шүүхээс хариуцагч Х.Жавзмаад нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан боловч түүнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.Жавзмаагаас 505,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир хотхон СӨХ-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Х.Жавзмаагаас СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 505,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир хотхон СӨХ-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Жавзмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 18,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир хотхон СӨХ -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА