Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/847

 

  2022         06           07                                  2022/ШЦТ/847

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

   Хохирогч О.Б,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-т холбогдох эрүүгийн 2206 00000 0616 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Б овгийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны В1 давхар буюу авто граж дотор “зогсоол дотор автомашин байрлууллаа” гэх шалтгаанаар иргэн О.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, цохисны улмаас О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.

           

Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний гар утсанд автомашин орж ирж байгаа талаар мессеж ирсэн. Тухайн үед 4 охиндоо хоол хийж өгөөд гэртээ байсан. Тэгсэн 1 цагаан өнгийн автомашин гражид орж ирээд машинаа угаагаад байсан. Тэр нь *******-ын эзэмшлийн талбай болон миний эзэмшлийн талбайд огт хамааралгүй нийтийн эзэмшлийн талбай байсан. Орох гарах гарцыг зохицуулдаг олон нийтийн чөлөөтэй орж гарах талбай дээр ******* өөрийнхөө шуналын үүднээс машин тавьдаг. Би “миний орох гарах гарцад саад болохгүйгээр автомашинаа тавь” гэдэг шаардлага тавьдаг. Өмнө  2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр асуудал гарахаар нь бууж очоод “чи яагаад ийм шуналтай юм бэ, үүнээс чинь болоод манай эхнэр жирэмсэн орж гарахад хэцүү байна” гэж хэлсэн. ******* өөрийнхөө 3 автомашины зогсоол дээр 5-6 автомашин байршуулдаг. Энэ нь өөрийн эзэмшлийн талбайгаас гадна нийтийн эзэмшлийн талбайг ашигладаг гэсэн үг юм. Би энэ хүнд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Харин ******* миний сайн сайхан амьдрах эрхэд халдаж байна. Би уг шаардлагыг тавьснаас болж энэ асуудал үүссэн. ******* хэрэг гарахын өмнөх өдөр өөрт нь агсам тавьсан гэж байна. Би 7 хоногийн турш гэрээсээ гараагүй гэдгийг миний 4 охин мэдэж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болсон үйл явдлын талаар миний найз А мэдэж байгаа учраас түүнийг гэрчээр дуудаж асууж болно. ******* миний хамрыг гэмтээчихэд нэг ч удаа надаас эм тариа авах уу гэж асуугаагүй. Өнөөдрийг хүртэл надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нэг удаа уучлалт гуйхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Над руу залгаад “би гражид байна, эр хүмүүс байж намайг уучлаарай” гэхээр нь би “согтуу хүнтэй харьцахгүй” гэж хэлсэн. Мөн цагдаагийн байгууллага дээр байхдаа “чи миний мууг үзэх гээд байгаа юм уу, миний мууг үзэх юм бол ална шүү” гэж хэлсэн. ******* 2 жилийн өмнө миний хамрыг хугалж байсан. Тухайн үед адилхан олон хүүхэдтэй, эр хүмүүс юм чинь гэж бодоод манай эхнэр, *******, *******-ын эхнэр бид 4 гэмтлийн эмнэлэг дээр очоод хөвөн чихүүлээд өнгөрсөн.  Тухайн үед миний нүүр 14 хоног хавдсан байсан. Тухайн үед бид 2 хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өмнөх асуудлыг тэр чигт нь орхисон. Энэ удаагийнх хоёр дахь удаа болж байгаа учраас маш их гомдолтой байна. Миний эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг гарсан. Энэ мөнгийг ******* өгөхгүй байх. Энэ хүний зан ааш нь тиймхэн хүн.гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд оршин суудаг. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн үед би гэртээ байхад миний гар утсанд гражид машин орж ирлээ гэсэн мессеж ирсэн. Тэгээд би граж түрээсэлдэг ******* гэх залуу руу залгаад “юун машин ороод ирэв ээ”-гэж хэлэхэд ******* “чамд хамаагүй эргүү минь” гэж хэлсэн. Тэгээд би *******-т “чи тээврийн хэрэгсэл гарахад саад болоод байна” гэж хэлсэн чинь ******* “чи гараад ир” гэж хэлсэн. Тэгээд граж руу ортол маргалдаад тэгснээ чамд хамаагүй гэж хэлээд миний хамар луу нэг мөргөөд, ам руу гараараа цохиод, миний хувцсаар намайг боохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Дээрх байрны гражийн 2-ыг нь би, 3-ыг нь ******* хариуцдаг. Тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ... байрны граж дахь өөрийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан байсан. Тэгсэн чинь манай байрны оршин суугч Б гэх хүн над руу залгаад “миний гражид байсан тээврийн хэрэгслийг гарга” гэж хэлээд утасны цаанаас хэл амаар доромжлоод байхаар би цагдаад дуудлага өгсөн.Тэгээд би тухайн үед гадуур явж байгаад гражид дээрээ ирсэн чинь Б байсан тэгээд бид 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад би Б-ын нүүр лүү 1 удаа мөргөсөн өөр бол цохиж зодсон зүйл байхгүй.

“...Би О.Б-ын нүүр рүү 1 удаа мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эмчилгээний хохирол төлбөрийг бүрэн барагдуулах болно.” гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13, 46-47 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2133 дугаартай шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан “... О.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, рентиген зураг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.ийн 23 дугаар тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.ийн 24-25 дугаар тал/,

Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.ийн 27-36 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.ийн 28 дугаар тал,

Хохирлын баримт /хх.ийн 39 дүгээр тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. байрны В1 давхар буюу авто граж дотор “зогсоол дотор автомашин байрлууллаа” гэх шалтгаанаар иргэн О.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, цохисны улмаас О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2133 дугаартай шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан “... О.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. З.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч ******* нь хохирогч О.Б-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч О.Б-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******-рын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудалд маргаангүй гэснийг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна ” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г: шүүгдэгч гэм буруугаа хүлээдэг, хохирлыг баримтаар ирснийг төлсөн цаашид гарах гэм хорыг арилгана, бага насны олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ялыг оноож өгнө үү.. гэсэн дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.Б-д хохиролд 200.000 төгрөг төлснийг хохирогч мэдүүлж байна. Хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт О.Б нь эмнэлэгт үзүүлсэн, зураг авхуулсан гэх 130.000 төгрөг болон 43000 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба   баримтаар нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдсөн байна гэж үзэх үндэстэй байна.

Харин хохирогч О.Б нь хамарын хагалгаанд орох зардал 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч ирээдүйд гарах эмчилгээний зардал учир тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-аас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхийг энэ хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

6. Хохирогч О.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ