| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/03690/и |
| Дугаар | 3244 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 3244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-6 дугаар байрны 35 тоотод оршин суух, Их монгол овогт Бадамцэцэгийн Мандхай /РД:ХГ83012902/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбитын 67 дугаар гудамж, 23 тоотод оршин суух, Боржигин овогт Пүрэвдоржийн Хатантөмөр /РД:ЧС84032374/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, хариуцагч П.Хатантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мандхай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд П.Хатантөмөртэй танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Гансүлдийг, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Х.Энгүүн нарыг төрүүлсэн. Бидний хамтын амьдралын сүүлийн 1 жилд П.Хатантөмөр нь намайг байнга зодож байсны улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Хүү, охин хоёр маань одоог болтол миний асаргаанд өсч байгаа болно. Иймд П.Хатантөмөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мандхай, П.Хатантөмөр нар 2010 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. 2012 онд том хүү Х.Гансүлд, 2013 онд охин П.Энгүүн нар төрсөн. 2015 он хүртэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-6 дугаар байрны 35 тоотод манай ах, миний бие, П.Хатантөмөр, Б.Мандхай нар 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. 2015 оны 6 дугаар сараас эхлэн П.Хатантөмөр, Б.Мандхай нар Нарангийн голд 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдарсан. П.Хатантөмөр архи ууж, манай эгч Б.Мандхайд гар хүрдэг байсан. Тэднийг тусдаа амьдрахаас өмнө эгч Б.Мандхайгийн нүүр, нүд хөхөрсөн байдаг байсан. Бид таныг П.Хатантөмөр зодсон юм уу гэж асуухад хэлдэггүй байсан. П.Хатантөмөр, Б.Мандхай нь 2016 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байна. Хариуцагч П.Хатантөмөр нь Б.Мандхайгаас салж, өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Манай эгч 2 хүүхэдтэйгээ гэртээ байдаг. Хариуцагч дандаа шөнө оройн цагаар согтуу ирдэг. Б.Мандхай нь П.Хатантөмөрт зодуулаад тархи толгой өвдөж ажил хийх чадваргүй байгаа. П.Хатантөмөр Б.Мандхайг Нарангийн голд зодохдоо хөхрүүлэхгүйн тулд нүүрэн дээр нь юм тавьж зодсон байсан. Эгч энэ талаар өмнө бидэнд хэлэхгүй байж байгаад сүүлд уйлж ярьсан. Манай ах эхнэр хүүхэдтэйгээ тусдаа, би эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг. Бид 2 өөрсдийн амьдралаас гадна эгч болон 2 хүүхдийнх нь хоол ундыг зохицуулдаг. П.Хатантөмөр нь Б.Мандхайтай хамт амьдарч байхдаа хоол ундаа бэлдэж байгаагүй, хааяа ирэхээрээ бэлэн гоймон 5, 6 ширхэгийг 2, 3 чипстэй авчирч өгч байсан. Төмөр замд амьдарч байхад манай ах хоол унд бэлдэж, түүнээс иддэг байсан. П.Хатантөмөр нь шөнө оройн цагаар согтуу ирж, эгч, 2 хүүхдийг нь айлгаж ичээдэг. Иймд хариуцагч П.Хатантөмөр 2 хүүхдийн эцэг учраас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. П.Хатантөмөр, Б.Мандхай нар нь гэрлэлтээ батлуулаагүй гэв.
Хариуцагч П.Хатантөмөр нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мандхай бид хоёр 2010 оны сүүлээр танилцсан. 2012 оны 6 дугаар сард Б.Мандхай жирэмсэн болж, зайсанд байшин түрээсэлж амьдарч эхэлсэн. Манай хүү 2012 онд, охин 2013 онд төрсөн. Нарангийн голд 2013 онд аав, ээж 2 хоосон хашаа авч өгсөн. Тэндээ байшин барьж амьдаръя гэхэд миний үгэнд ордоггүй байсан. 2015 оны 6 дугаар сард бид хоёр салсан. Би Б.Мандхайд өөрийнх нь буруугаас болж гар хүрдэг байсан. Б.Мандхай надтай ярилцдаггүй, хүний үг сонсдоггүй, намайг архи уудаг, ажилгүй болохоор хүн гэж тоодоггүй. Намайг 2 хүүхэдтэйгээ уулзах гээд очихоор цагдаа дуудаж өгдөг. Б.Мандхай чи яв, нүднээс далд ор. Тэгвэл би сайхан амьдрах гээд байна гэж хэлдэг. 2018 оны 3 дугаар сард би Баянгол дүүргийн цагдаад 2 хүүхэдтэйгээ уулзахгүй, дахин гэрт нь очихгүй гэж амлалт бичиж өгсөн. Би 2 хүүхэдтэйгээ уулзахын тулд ээжийг дагуулж эсвэл оройн цагаар очмооргүй байна. Сүүлд 5 дугаар сарын 31-ний өдөр би 2 хүүхдэдээ хүүхдийн баярын бэлэг бэлдэж аваачиж өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа уулзах гэсэн боловч намайг уулзуулаагүй. Намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байж яагаад мөнгө нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Шаардлагатай бол би хүүхдүүдээ өөр дээр авч, өсгөж хүмүүжүүлж чадна. Тиймээс хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мандхай нь хариуцагч П.Хатантөмөрт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Б.Мандхай, П.Хатантөмөр нар нь 2010 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарсан, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Гансүлд, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин М.Энгүүн нарыг төрүүлсэн байх ба тэд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос эхлэн тусдаа амьдарсан, тусдаа амьдарч эхэлснээс хойш хүү Х.Гансүлд, охин М.Энгүүн нар нь эхийнхээ асрамжид өсч хүмүүжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7,11 дэх тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч П.Хатантөмөр нь хүү Х.Гансүлд, охин М.Энгүүн нарыг өөрийнх нь хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...тэтгэлгийг сар бүр төлөх мөнгө байхгүй тул хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэж тайлбарлажээ.
Хариуцагч П.Хатантөмөр нь нэхэмжлэгч Б.Мандхайтай хамтын амьдралтай байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт ...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Гансүлд, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин М.Энгүүн нарыг эх Б.Мандхайгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг П.Хатантөмөрөөс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Х.Гансүлд, охин М.Энгүүн нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй тохиолдолд Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Гансүлд, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин М.Энгүүн нарыг эх Б.Мандхайгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Х.Гансүлд, охин М.Энгүүн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Хатантөмөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мандхайн энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Хатантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүйбол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА