Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 3188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хаус байр, 65/5 тоотод оршин суух, Боржигон хүрэл овогт Цэрэнжамцын Дэлгэржаргал /РД:ЕЮ84052809/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, нарны хороолол үйлдвэрлэлийн төвийн бүс энгельс гудамж, 3-р байрны 6 тоотод оршин суух, Боржигон санги овогт Бат-Өлзийгийн Баатар /РД:ЙЮ79012010/-т холбогдох,

 

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Дэлгэржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Дэлгэржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Баатартай 2013 онд танилцаад 2018 он хүртэл хамтран амьдарч байгаад 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Баатарын Хангалыг төрүүлсэн. Тухайн үед хүүгээ Б.Баатараар овоглосон. Бид гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулаагүй байсан юм. Тэгээд Б.Хангалыг төрсөн гэж Б.Баатарт хэлэхэд өөрийнхөө хүүхэд мөн гэдэгт эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Иймд Б.Хангалын эцэг нь Б.Баатар мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос хойш 2018 оныг хүртэл хамтын амьдралтай байсан. Залуу хүмүүс учраас хэрэлдэж, маргалдах зүйл байсан байх. Б.Хангал хүүгийн хувьд өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд эргэлзээ байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлж байсан. Өөр тайлбар байхгүй. Хэрвээ шүү хүүхдийн эцэг мөн болохыг тогтоовол хуульд заасан үүрэг, хариуцлагаа хүлээн гэв.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Дэлгэржаргал нь хариуцагч Б.Баатарт холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Ц.Дэлгэржаргал, Б.Баатар нар 2013 онд танилцаж, 2018 он хүртэл хамтран амьдарсан, Ц.Дэлгэржаргал нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Хангалыг төрүүлэн хариуцагч Б.Баатараар овоглосон болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10517 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Баатар нь Б.Хангалын биологийн эцэг байх магадлал 99,99% байна гэсэн байна.

 

Иймд шүүх Ц.Дэлгэржаргал, Б.Баатар нарын 2013 оноос 2018 он хүртэл хамтын амьдралтай байсан байдал болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10517 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б.Баатарыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Хангалын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд хэсэгт заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Хангалын эцэг нь Боржигон санги овогт Бат-Өлзийгийн Баатар /РД:ЙЮ79012010/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэржаргалд олгосугай.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА