Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД, 84-6 тоот оршин байгаа Эс Эл Эн И Ви ХХК /РД-5810493/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Elegance town 44e байрны 18 тоот хаягт оршин суух, Хэрээдэй овогт Довдонгийн Эрдэнэжаргал, /РД:ЧИ82080661/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Д.Эрдэнэжаргалшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Дондов овогт Эрдэнэжаргал нь тус компанийн оруулан ирж худалдан борлуулдаг Ивапор 3000 /EVaper 3000i/ уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 10-р сарын 29-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн үнэ 5,950,000 төгрөг ба худалдан авагч урьдчилгаан 1,000,000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөгөөр тооцоо хийж 10 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцож, ямар нэг биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь 2016 оны 4-р сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай утсаар ярьж төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүсэхэд удахгүй төлнө, төлөх боломжгүй байна гэх байдлаар өдий хүрсэн. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцээд асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Гэрээний хугацаа 2016 оны 8-р сарын 29-ний өдөр дуусч 731 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,950,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэжаргал нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг төхөөрөмжийг нэхэмжлэгч байгууллагын ажилтан манайд орж ирж танилцуулсан. Анх төхөөрөмж танилцуулахад зориулалтын цүнхтэй байсан. Гэрээ байгуулахад төхөөрөмжийг цүнхгүй, хайрцагтай өгсөн. Би цүнхгүй бол төхөөрөмж авахгүй гэхэд менежер нь нэг цүнх зохицуулж өгье гээд нэг муу цүнх өгсөн. Тэр цүнх нь хэрэглэх боломжгүй, хуучин ноорсон байсан. Би уг төхөөрөмжийг авахаа болилоо гэхэд 3 хоногийн хугацаа өнгөрчихсөн байсан. Төхөөрөмж хэрэглэхэд ахуйн зориулалтаар ашиглахад төвөгтэй байсан. Нэгэнт гэрээ байгуулж, юм худалдаж авсан юм чинь төлбөрийг нь төлнө гэж байсан. Би нэхэмжлэгч талын менежертэй танайх ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм чинь надад худалдсан төхөөрөмжөө авч зараад төлбөрөө барагдуулж авчхаач гэж олон удаа хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас боломжгүй гэж хэлсэн. Төхөөрөмжийг ажиллуулахдаа заавартай нь уншиж танилцаж, эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой гэсэн. Нэхэмжлэгч талаас бидэнд төхөөрөмж бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй, төхөөрөмжид ус хийж ажиллуулдаг тогоог удаан ажиллуулсан бол тогоог түлхүүрээр онгойлгож угааж цэвэрлэж байх ёстой. Мөн би ганцаараа төхөөрөмж хэрэглэхгүй, манай гэр бүлийн гишүүд мөн хэрэглэж байгаа. Анх нэхэмжлэгч талын менежерүүд цүнхтэй төхөөрөмж манайд оруулж ирж, танилцуулсан. Манай нөхөр төхөөрөмж ажиллуулж байгаад хошууг нь хугалчихсан. Төхөөрөмжийн хошуу балны үзүүр шиг нарийхан зүйл дээр тогтдог. Бал шиг нарийнхан зүйл хугарчихвал төхөөрөмж ажиллахгүй. 6 сая төгрөгийн үнэтэй зүйл гэхэд ганцхан нарийн бал шиг зүйл дээр тогтож байгаа нь маш хэврэг санагдсан. Тэр цагаас хойш манайх уг төхөөрөмжийг ажиллуулахаа больсон. Нэхэмжлэгч тал биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан. Би төхөөрөмж авахдаа залгаж үзээгүй, тийм нарийхан хошуун дээр тогтдогыг мэдээгүй гэв. Бид нэхэмжлэгч талтай тохиролцох талаар удаа дараа санал гаргасан боловч хүлээж аваагүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК нь хариуцагч Д.Эрдэнэжаргалд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,950,000 төгрөг, алдангид 550,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК нь хариуцагч Д.Эрдэнэжаргалтай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу ахуйн цэвэрлэгээний E Vabor 3000i маркийн төхөөрөмжийг 5,950,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Д.Эрдэнэжаргал нь уг төхөөрөмжийн үнээс 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,950,000 төлөөгүй гэж... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Д.Эрдэнэжаргалын гэрт очиж, E Vabor 3000i маркийн төхөөрөмжийн танилцуулгыг хийсэн, ...танилцуулга хийгдэж байхад төхөөрөмж цүнхтэй байсан. Харин гэрээ байгуулж гарын үсэг зурах үед цүнхгүй байсан тул төхөөрөмжийг авахгүй гэсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын менежер нь нэг цүнх зохицуулж өгье гээд төхөөрөмжийг нэг муу ноорсон цүнхийн хамт хайрцагтай нь өгсөн. Би төхөөрөмжийг хүлээн авсан, улмаар уг гэрээний үүрэгт Д.Эрдэнэжаргал нь 4,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба уг үйл баримтад зохигч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК-ийн ажилчид 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Д.Эрдэнэжаргалын гэрт нь очиж уг төхөөрөмжийн талаар танилцуулга хийснийг уг төхөөрөмжийг түүнд худалдах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогддог.

 

Хариуцагч Д.Эрдэнэжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд түүний гаргасан ...уг төхөөрөмжийн танилцуулга хийгдэхэд би өөрөө байсан, ... урьдчилгаанд 1,000,000 төгрөг төлсөн, үлдсэн төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрөмжөө авсан. 2015 оноос хойш гэрээний үүрэгт сар бүрийн 30-нд 500,000 төгрөгөөр 6 удаа буюу 4,000,000 төгрөг төлсөн гэх тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч талын төхөөрөмж худалдах хүсэл зоригийг хариуцагч Д.Эрдэнэжаргал нь хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК нь хариуцагч Д.Эрдэнэжаргалаас энэхүү гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 550,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Эрдэнэжаргал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Эрдэнэжаргалаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХК-д олгосугай

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА