| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/03372/и |
| Дугаар | 3104 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 3104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, хувьсгалчдын д-0 гудамж, 4 тоотод оршин суух, Боржигин овогт Мөнхбаярын Энхцэцэг /РД:УШ97022601/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн ард аюуш 6 дугаар гудамж, 186Б тоотод оршин суух, Рэнхүү овогт Шийрэвийн Гомбосүрэн /РД:НК92071810/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхцэцэг, хариуцагч Ш.Гомбосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Энхцэцэг нь 2013 онд Ш.Гомбосүрэнтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10-р сарын 27-ны өдөр охин Г.Сумъяа төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 01-р сараас хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Гомбосүрэн тусдаа амьдарч байх хугацаанд манай гэрт ирж надад гар хүрч байсан. Иймд цаашид Ш.Гомбосүрэнтэй хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Гомбосүрэн нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Энхцэцэгийн ярьсан бүхэн үнэн. Охин Г.Сумъяаг өөрийнхөө охин гэдгийг зөвшөөрдөг. Хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь хариуцагч Ш.Гомбосүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
М.Энхцэцэг, Ш.Гомбосүрэн нар нь 2013 онд танилцаж, хамтран амьдарсан, улмаар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Сумъяаг төрүүлсэн болох нь бүртгэлийн 1107004743 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ болон зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 4 настай охин Г.Сумъяаг хариуцагч Ш.Гомбосүрэн нь өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба охин Г.Сумъяа нь төрсөн цагаасаа эхлэн эх М.Энхцэцэгийн асрамжид өсч байгаа, эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ш.Гомбосүрэнгээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Г.Сумъяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд ньсаад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Г.Сумъяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Гомбосүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гомбосүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Энхцэцэгт олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА