Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         09           27                                       2022/ШЦТ/177

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

        

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,

         Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Баярбаатар,

         Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хд холбогдох эрүүгийн 2219000000235 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Х

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Х нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витафит дистрибюшн ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч нарт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа байгууллагад нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төлбөрөө төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, “Витафит дистрибюшн” ХХК-д 9.003.170 төгрөгийн хохирол учруулж гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч О.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Намайг анх ажлаас менежер Замын-Үүд сум руу явахдаа ажил шалгаад 05 сарын 31-ний өдрийг хүртэл 10,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Одоо 9 хоногийн дотор 30,000,000 төгрөгийн борлуулалт хийхгүй бол ажлаас чинь чөлөөлнө гэсэн. Маргаан нь менежер залгаж би чамайг ажлаас чинь халсан гэж залгаж хэлсэн. би урьд өдөр нь авлага шахах өдөр байсан. Тухайн өдөр би нэг дэлгүүрийн мөнгийг авч bet мөрийтэй тоглоомын сайт тавьж алдсан байсан. Оргил дэлгүүрийн 4,433,000 төгрөгийг цуг тавиад алдсан байсан. Напелионы цехийг мөнгийг 04 сарын 23-ны өдөр авч цалингаасаа өгнө гэж бодоод түр хэрэглэсэн байсан. Нарлаг маркетын мөнгийг Оргил дэлгүүрийн мөнгөөр тоглосон мөнгөө буцааж авна гэж тоглоод алдсан. Тумбааш дэлгүүрийн мөнгө нь миний уусан ундааны мөнгө байсан. 1,500,000 гаруй төгрөг байгаа. Миний авсан дэлгүүрийн мөнгө нь нийт 7,000,000 гаруй төгрөг байгаа. Оргил дэлгүүр, Напелионы цех, Нарлаг маркетын мөнгийг би авсан ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Баярбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... О.Хэс 9,003,170 төгрөг нэхэмжилж байна. Миний ойлгосноор 2022 оны 05 сарын 20-ны өдөр тухайн сарынхаа авлагыг харилцагч байгууллагаас авах ёстой байсан. Гэтэл Х гэх хүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь 05 сарын 21-ний өдөр гарч, 9,003,170 төгрөгийг авсан байна. Ажлаас гарсан гэдгээ хэлэхгүйгээр бэлнээр мөнгөө авч өөрийнхөө данс руу хийсэн гэж ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

           Хохирогч Н.Наранмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай компанид 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Х гэх залуу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд үйлчлүүлэгч нарт худал хэлж өөрийн хувийн дансаар 6 удаагийн гүйлгээгээр нийт 9.003.170 төгрөг авч, хувьдаа ашигласан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 73 дугаар хуудас/,

          Шүүгдэгч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл Витафитаар үйлчлүүлдэг дэлгүүрүүдээс тооцоогоо хийнэ үү гээд өөрийн дансыг өгч нийт 9,003,170 төгрөг шилжүүлж авсан. Уг шилжүүлж авсан мөнгийг 1хbet мөрийний сайт дэр бооцоо тавьж алдсан. Гэхдээ би харилцагчдаас авсан мөнгөө 1хbet мөрийний сайт дээр бооцоо тавьж тоглоод алдчихсан, энэ мөнгөө төлөх гэж явсаар ийм байдалд хүрчихлээ. Оргил дэлгүүрээс 4,332,000 төгрөг, Нарлаг шанд дэлгүүрээс 2,163,360 төгрөгийг өөрийн дансаар, 2022 оны 04 дүгээр сарын 23-нд напелион нарийн боовны цех нь манай компаниас 1,004,250 төгрөгийн үнэ бүхий элсэн чихэр худалдаж авсан. Би уг элсэн чихрийн төлбөрийг бэлнээр аваад хэрэгцээндээ хэрэглэсэн. Тэгээд эрхлэгчид цалин буухаар төлье гэж зөвшөөрсөн. Тэгээд одоог хүртэл өгөөгүй ба 1,503,560 төгрөг нь уусан ундааны мөнгө байгаа ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 71 дүгээр хуудас/,

         “Витафит дистрибюшн” ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаартай “Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” тушаал /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

          “Витафит дистрибюшн” ХХК-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 138 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

          Хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

         Ажил, албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

         Тооцоо хаах тухай баримт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

         О.Хаш-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5419063743 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 5-9, 49-51 дүгээр хуудас/,

         Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

        Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-79 дүгээр хуудас/,

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.  

       Шүүгдэгч О.Х нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витафит дистрибюшн ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч байгууллагуудад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг “Витафит дистрибюшн” ХХК-ын худалдааны төлөөлөгч гэсэн урьдын харилцааны явцад танил болсон итгэлийг урвуулан ашиглаж “Витафит дистрибюшн” ХХК-д шилжүүлэх ёстой нийт 9.003.170 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч хувьдаа ашигласан  үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.  

         Шүүгдэгч О.Хаш-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “Витафит дистрибюшн” ХХК-ны худалдааны төлөөлөгч гэсэн урьдын харилцааны явцад танил болсон харилцагч байгууллагуудын итгэлийг урвуулан ашиглах” шинжийг бүрэн хангасан байна.

        Иймд шүүгдэгч О.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгч байгууллагуудад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг “Витафит дистрибюшн” ХХК-ын худалдааны төлөөлөгч гэсэн урьдын харилцааны явцад танил болсон итгэлийг урвуулан ашиглаж “Витафит дистрибюшн” ХХК-д шилжих ёстой 9,003,170 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

        Хохирогч “Витафит дистрибюшн” ХХК-д 9,003,170 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч О.Х нь хохирлыг төлж барагдуулаагүй тул хохирлыг гаргуулж, хуулийн этгээдийг хохиролгүй болгох нь зүйтэй.

          Шүүгдэгч О.Х нь одоо “Тэсо” ХХК-д ажиллаж байгаа тул хохирлыг төлнө, маргаан байхгүй гэсэн нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

        Шүүгдэгч О.Хаш-Эрдэнийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Улсын яллагчаас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг багасгаж оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Учир нь:

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

         Шүүгдэгч О.Х нь хохирлыг төлөөгүй, “Тэсо” ХХК-д ажиллаж байгаа,  үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах хуулийн зарчимд нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

        Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд 6 сарын хугацаагаар Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар О.Хд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

        3.Шүүгдэгч О.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хэс 9,003,170 төгрөгийг гаргуулж, хохирогч “Витафит дистрибюшн” ХХК-д олгосугай.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АДЪЯА