Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 173

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Байгалмаа

шүүгдэгч Б.Батцэцэг

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Есү овогт Балдандоржийн Батцэцэгт холбогдох 201625031357 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 эцэг эхийн хамт, Сүхбаатар дүүргийийн 19 дүгээр хороо Гоодойн 1-104 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Есү овогт Балдандоржийн Батцэцэг /РД-ХЗ78010301/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Батцэцэг нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17-р хороо Монгол аура энергийн төвийн ард иргэн Ж.Цэрэнлхамтай маргалдаж улмаар түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батцэцэг мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Ж.Цэрэнлхамын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 12-ний өдөр 12 цагийн орчимд би гэрлүүгээ харьж явсан юм. Тэгээд автобусны буудал дээр буугаад гэр лүү гээ алхаж байтал Батцэцэг 2-3 хүний хамт архи уугаад байж байсан. Тэгээд би яваад очтол Батцэцэг надад архинаасаа бага зэрэг хийж өгөхөөр нь би тэр архинаас татсан. Тэгээд Батцэцэгтэй байсан хүмүүс нь яваад өгсөн ба бид хоёр үлдээд байж байхад Батцэцэг намайг гэр лүүгээ харь гэхээр нь би битгий солиор чамаар заалгах юм уу гэсэн чинь Батцэцэг нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний нүдний ухархайнаас цус гарсан ба Сарандаваагийн сүмийн ард байрлах худгийн хүнээр цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/

 

Гэрч С.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэрэнлхам гэж хүнийг танина энэ хавиар архи уугаад явж байдаг юм. Намайг тэр маргаан болсон өдөр тэр хоёр цагдаад баригдчихлаа гэж дуудсан. Тэгээд би Лхамаа эгч Батцэцэг хоёрыг цагдаагийн газраас аваад худаг дээр очсон. Лхамаа эгч Батцэцэгийг ганц шил юм авч өг гээд байхаар нь би өмнөөс нь авч өгөөд гомдолгүй гээд салцгаасан. Тухайн үед Лхамаа эгч, Янжмаа, Батцэцэг гурав хамт архи ууж байгаад Батцэцэг Лхамаа эгчийг та одоо хөгшин хүн 1000 төгрөг өгөөд яв гэхэд нь Лхамаа эгч өөдөөс нь маргаж байгаад нүүрлүүгээ нэг цохиулчихсан юм байна лээ …” гэх мэдүүлэг /хх-ийн 10х/

 

Гэрч Д.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би 190-р худаг дээр ус түгээгч хийж байсан өдөр 13 цагийн орчимд Лхамаа гээд эмэгтэй алаг нүдтэй Батцэцэг гээд эмэгтэйтэй худгийн зүүн талд барьцалдаад авчихсан байсан. Тэгээд надад хүн ирж хэлэхээр нь гараад хартал тэр 2 зууралдаж байхаар нь би болиоч та нар гээд салгасан. Тэгтэл Лхамаагийн хамраас нь цус гарч гараад хавдчихсан мөн нэг нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17х/

 

Гэрч Б.Янжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчимд манай найзууд манай гэрт ирсэн. Тэгээд би найзуудыгаа ирэхээр нь гэрээсээ гараад нэг шил архи дэлгүүрээс авчихаад буцаад харих замдаа Батцэцэгтэй дайралдсан. Тухайн үед Батцэцэг тухайн үед халамцуу байсан. Тэгээд Батцэцэг миний архийг харчихаад манай гэр лүү хамт явна гэсэн. Тэгтэл цаад гудамжнаас Лхамаа шал согтуу хүрч ирсэн. Тэгээд би Батцэцэгийг дагуулаад гэртээ очсон. Тэгтэл араас Лхамаа хүрч ирээд манай орно гэхээр нь би оруулахгүй гэсэн чинь Лхамаа надад 100 гр өгчих гээд уйлаад гуйгаад байсан. Тэгтэл Батцэцэг гарч ирээд хар ус харамлаад яах юм бэ оруулчих гээд гэртээ оруулсан. Тэгээд авсан архиа бид нар хувааж уучихаад манай найз нар явсан. Тэгээд Батцэцэг, Лхамаа хоёр бас гараад явсан. Тэгээд би гэр орноо цэвэрлэчихээд гараад сарандаваагийн сүмийн ард байрлах худгийн орчимд Лхамаагийн хөмсөгнийх нь орчмоос цус гоожоод хатчихсан танайд байсан хүүхэн намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би хаана чамайг зодсон юм гэсэн чинь мэдэхгүй гээд байсан тэгэхээр нь би чиний цусыг угаагаад өгье гэсэн үгүй би цагдаа дуудна гээд байсан. Тэгэхээр нь би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №8449 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: Цэрэнлхамын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамрын нурууны шарх, дух, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй …гэжээ. /хх-ийн 12х/

 

Сэжигтэн Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд би Чингэлтэйн сургуулийн буудлын орчимд Янжмаа, Болороо нарын хамт Сарандаваагийн сүмийн ард архи уугаад сууж байхад Лхамаа эгч гудамжнаас гарч ирсэн. Тэгээд эгчдээ 1000 төгрөг өгчих яг үхлээ гээд бид нарын ууж архинаас уусан. Тэгээд манайхнаас нэг нь Аз дэлгүүрээс 1 шил архи аваад Янжмаагийн гэр лүү нь явсан. Тухайн үед Янжмаа, Лхамаа эгчийг гэртээ оруулахгүй гээд хөөгөөд байхаар нь би боль гээд оруулсан. Тэгээд архиа ууж дуусаад Янжмаагийн гэрээс гараад Сарандаваагийн сүмийн ард байдаг худгийн орчимд Лхамаа эгчийг надтай хамт архи ууж байсан хүмүүс хөөгөөд байсан бөгөөд Лхамаа эгч тэд нартай маргалдаад байхаар нь би Лхамаа эгчийг гэртээ харь гээд 1000 төгрөг өгтөл явахгүй өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би Лхамаа эгчийг явалдаа гээд татсан чинь газар унасан тэгээд би өшиглөсөн чинь нүдийг нь оносон. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирээд Лхамаа эгч бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ба Лхамаа эгч надад гомдолгүй гээд хэлтсээс гараад надад ганц шил архи аваад өгчих гэсэн. Тэгээд би Чингэлтэйд очоод Лхамаа эгчид 1 шил архи авч өгчихөөд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Батцэцэг нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17-р хороо Монгол аура энергийн төвийн ард иргэн Ж.Цэрэнлхамтай маргалдаж улмаар түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 25х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Цэрэнлхамын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9х/, гэрч С.Батцэцэг /хх-ийн 10х/, Д.Намжилмаа /хх-ийн 17х/, Б.Янжмаа /хх-ийн 18х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хохирогч Ж.Цэрэнлхамын биед үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №8449 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогтон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батцэцэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтаар 70.000 төгрөгийн бодит хохирол гарсан хэдий ч шүүгдэгч нь хохирогч Ж.Цэрэнлхамд 1.159.900 төгрөг /хх-ийн 29х,45х/ өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.Цэрэнлхам нь шүүгдэгч Б.Батцэцэгт цаашид гомдолгүй. Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болно /хх-ийн 45х/ гэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйл, 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1. Есү овогт Балдандоржийн Батцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Батцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Б.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.БАТГЭРЭЛ