Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0647/З |
Дугаар | 221/МА2024/0487 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0487
“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, Г.Х, Т.А, Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, Б.Г, Л.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2022/0647/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Е” ХХК нь “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр: “Патентийн тухай /2006 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон үе шат дамжлагуудын үр дүнд 2019 онд дээрх загвараа Оюуны өмчийн газарт бүртгүүлж патент авсан байтал уг загварыг шинэ байх шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнөх үйлдвэрлэж байсан нь загвар нь хаалгатай, бүслүүртэй, том хаяавчтай зэрэг олон ялгаатай шинжтэй байсныг шүүх харгалзан үзсэнгүй. Манай компаний 2019 онып бүртгүүлсэн бүтээгдэхүүний загвар нь өмнөх үйлдвэрлэж байсан загвараас гоёл чимэглэл, хийц зэргээрээ олон ялгаатай шинжтэй өөр загвар юм. Иймт байтал шинэ гэх загварыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
3.2. Олон удаагийн шинжээчийн дүгнэлт, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, Оюуны өмчийн газрын олон удаагийн шалгалт, шүүлтийн дараа нэхэмжлэгч компани өөрийн бүтээгдэхүүн патент авах хүсэлтийг хууль журмын дагуу гаргаж улмаар Оюуны өмчийн газраас “Goldengobi” гэр набор бүтээгдэхүүн загварын патент олгосон. Энэ их шалгалт, шүүлт, дүгнэлтийн дараа олгосон патент нь хууль журмын дагуу олгогдсон гэдэгт манай компани бүрэн итгэлтэй байна. ... Мөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд энэхүү итгэл хамгаалах зарчим бодитоор үүсэх үндэслэлтэй. Маргаан шийдвэрлэх зөвлөл болон анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ итгэл хамгаалах зарчмыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байсан.
3.3. ... Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 9 тоот тогтоол нь хуулиар хамгаалагдсан өмнө нь бий болсон бүтээгдэхүүний загварын патентыг шинээр бий болгох бүтээгдэхүүний загварын заалтыг ашиглаж хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.8, 40.2.3 гэсэн заалтуудыг зөрчиж гаргасан хууль бус шийдвэр юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг биелүүлж өгөхийг хүсч байна.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... Шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа нэхэмжпэлийн үндэслэлд нэг бүрчлэн дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах үүргээ шүүх биелүүлээгүй, ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. ... “З ф” ХХК-д олгосон улсын бүртгэлийн 30-0002313 дугаартай бүтээгдэхүүний загварын патенттай агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байна” гэж ганцхан өгүүлбэрээр дүгнэлт өгсөн … Шүүх, шүүгч нь бүтээгдэхүүний загварын шинжээчийн тусгай мэдлэг байхгүй байхад хэрэгт авагдсан баримтууд/шинжээчийн дүгнэлтүүдийг огт үнэлэхгүйгээр өөрийн үзэмжээр адил гэх дүгнэлтийг хийх эрх байхгүй.
4.2. ... Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн гомдлыг хангаж шийдвэрлэж, хариуцагч эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль бус шийдвэр гаргасан ... зөвхөн эрх нь зөрчигдсөн этгээдийн гаргасан гомдлын хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд гомдлын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргаж болохгүй.
4.3. ... 2 бүтээгдэхүүний загвар ижил төсөөтэй биш талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, прокурорын тоггоолоор шийдвэрлэгдсэн, “З ф” ХХК-иас маргаагүй талаар тус тус хангалттай тайлбарласан боловч анхан шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан … Хуулийн хүчин төгөлдөр байхад Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн бүртгэсэн Улсын бүртгэлийн 2019-0003836 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй, шүүх тус дүгнэлт, тогтоолыг үнэлж дүгнэлгүйгээр тогтоолыг зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж хуульд заасныг ноцтой зөрчсөн.
4.4. Маргааны хүрээнээс хэтэрсэн хууль бус дүгнэлт хийсэн, ... захиргааны актын агуулгыг шүүх өөрийн санаачилгаар “З ф” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, 2 бүтээгдэхүүний загвар төсөөтэй гэж нотлох баримтгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагчаас 2 бүтээгдэхүүний загвар ижил төсөөтэй гэж дүгнэж, шийдвэр гаргаагүй, энэ талаар тогтоолд тусгагдаагүй. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ... Маргаан бүхий патентын эх загвар нь гуравдагч этгээдийн загвар биш бөгөөд эх загвар нь өөрийн үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний эх загвар болно. Тиймээс Оюуны өмчийн газар нь нэхэмжлэгчийн өөрийн үйлдвэрлэж байсан эх загварыг хөгжүүлж, мэдүүлэг гаргаж, патент авсан, бусдын загварыг хуулбарлаагүй, гуравдагч этгээдийн шинж чанараараа өөр гэж үзсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлттэй тул нэхэмжлэгчид патент олгох шийдвэр гаргасан.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “шинэ байх” шалгуур хангаагүй гэж үзэх атлаа энэ нь бусдын буюу Ж.Б эсхүл “З ф” ХХК-ийн хэнийх нь эрх ашгийг хөндсөн гэж үзэж агуулын хувьд адил гэж үзэх нь ойлгомжгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй болно. Гуравдагч этгээдээр иргэн Ж.Б оролцоогүй байхад мөн зохиогчийн эрхийн талаар Ж.Б гомдол гаргаагүй, энэ талаар маргаан бүхий актад тусгагдаагүй байхад шүүх хэргийн оролцогч бус этгээд Ж.Б эрх ашиг болох 2013 онд авсан түүний патенттай агуулгаараа ижил мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
5.3. Хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “З ф” ХХК-ийн гаргасан өргөдлийг хүлээн авч, 6 сарын дотор маргаан үүсгээгүй атлаа “З ф” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийг хүлээн авснаас хойш гэнэт 2 жил 6 сарын дараа маргаан үүсгэж тогтоол гаргаж, маргаан бүхий актыг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн бүтээгдэхүүний загвар гуравдагч этгээдийн бүтээгдэхүүний загвараас ялгаатай байгаа нь шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт болон бодит байдалд, харьцуулсан зураг, бусад ижил төстэй шийдлүүдийн талаарх харьцуулсан дүгнэлт зэргээр нотлогдож байхад эдгээрийг бодитойгоор үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй байна. Аж үйлдвэрийн маргаан таслах зөвлөл Захиргааны ерөнхий хууль, Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх журмыг баримтлаагүй.
6.2. Анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг анхаарахгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргахгүй гэсэн заалтыг зөрчиж үндэслэх 3, 4, 5, 6, 7, 9 дэх хэсэгт маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хууль зөрчсөн. Нэхэмжлэгч маргаан бүхий бүтээгдэхүүний загварын ижил төстэй байх талаар ямар нэг шаардлага гаргаагүй байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх маргаан үйл баримтад дүгнэлт хийсэнгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасангүй. Оюуны өмчийн газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар дүгнэлт, Бүтээгдэхүүн загварын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, Шинжээч Б.О, Л.Г, Г.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “Е” ХХК болон “З ф” ХХК-ийн бүтээгдэхүүний загварууд нь ялгаатай болох нь тогтоогдож байна. Шүүх эдгээр дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнээгүй, тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжээчийн дүгнэх асуудалд шүүх бүрэлдэхүүн эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
7.2. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл “өвөрмөц биш” буюу адил гэж патентыг хүчингүй болгоогүй. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй 09 дүгээр тогтоол нь Патентийн тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1-ийг хэрэглэж “шинэ байх” шалгуурыг хангаагүй гэж дүгнэгдсэн. Хэрэв “Е” ХХК-ийн бүтээгдэхүүний загварыг “З ф” ХХК-ийн бүтээгдэхүүний загвартай адил гэж үзсэн бол Патентийн тухай хуулийн 5.2.2-ыг хэрэглэж “өвөрмөц шинжтэй” байх шалгуурыг хангаагүй дүгнэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шүүх дүгнэлт хийж, маргаан бүхий тогтоолд байгаагүй үндэслэлийг нэмж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд “агуулгын хувьд адил” гэх дүгнэлтийг үгүйсгэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. ... Гомдол гаргагчийн гомдлын 2 дугаар шаардлагын хүрээнд захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24.2, 24.4-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. “Е” ХХК-ийн 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг авахад мэргэжлийн шинжээч нарын гаргасан шинэ байх шалгуур буюу хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т заасан шалгуурыг хангасан болохыг дүгнэсэн мэргэжлийн шинжээчийн шүүлт, дүгнэлтүүд хүчинтэй байгаа бөгөөд харин эсрэгээрээ шинэ байх шалгуур хангаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт, шүүлт огт гарч байгаагүй энэ нөхцөл байдал тодорхойгүй байхад үндэслэлгүй, таамгаар гомдлыг хангасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүд нь мөн чанарын шүүлт хийх эрхтэй этгээдүүд биш бөгөөд зөвхөн шинжээч мөн чанарын шүүлтийг хийх эрхтэй байдаг. Зөвлөлийн гишүүд шинжээчийн эрхгүй, тусгай мэдлэггүй этгээдүүд хуралдаад мэргэжлийн шинжээчийн гаргадаг дүгнэлтийг гаргах боломжгүй юм.
8.2. ... Шүүх энэ дүгнэлтийг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь юу вэ, ямар шинжээчийн дүгнэлт, ямар нотлох баримтыг үндэслэж, шинэ байх гэсэн шалгуурыг хангаагүй гэж үзсэн болохоо дурдаагүй байна. Шүүх болон маргаан шийдвэрлэх зөвлөл нь тусгай мэдлэгтэй шинжээчийн эрхтэй биш тул патентын шинэ байх шалгуурыг хангаагүй болохыг гагцхүү оюуны өмчийн шинжээч нар л дүгнэж тогтоох эрхтэй юм. “Шинэ байх” шалгуурыг хангаагүй гэсэн шүүлтийн дүгнэлт гараагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй … “Е” ХХК-ийн 2019-0003836 дугаартай “Golden gobi” бүтээгдэхүүний загварын патент нь шинэ байх шалгуураа хангаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн патентыг хүчингүй болгосон болохоос “З ф” ХХК-ийн патенттай адил төстэй байна гэж гаргасан гомдлын шаардлагыг хангаагүй юм.
8.3. “З ф” ХХК-ийн патенттай ижил төстэй гэсэн үндэслэлээр патент хүчингүй болоогүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийн дүгнэлтийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Е” ХХК нь “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна. Энэхүү тогтоолоор нэхэмжлэгч компанийн Улсын бүртгэлийн 30-0003024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгож, “З ф” ХХК-ийн гомдлыг хангажээ.
2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээ “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл хууль болон ажиллах журмаа зөрчсөн буюу процессын зөрчилтэй, анх 2009 оноос Монгол гэрийн сав, баглаа боодол бүхий хагас бөөрөнхий, гэр хэлбэртэй шоколад үйлдвэрлэж байсан, “З ф” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын 30-0002313 дугаартай патентаар хамгаалагдсан “Чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэл” нэртэй бүтээгдэхүүний загвараас ялгаатай тул тус компанийн эрхийг зөрчөөгүй, үүнийг оюуны өмчийн шинжээчид тогтоосон” гэж, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Патентийн тухай /2006/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн 5.2.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт болон Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн талаарх хэлэлцээр /ТРИПС/-ийн хэлэлцээрийн 25 дугаар зүйл, талуудын тайлбар, нотлох баримтыг үндэслэн 30-0003864 улсын бүртгэлийн дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгон шийдвэрлэсэн” гэж, гуравдагч этгээд “З ф” ХХК нь “гэр хэлбэртэй шоколадны загвартай патентыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлэг гаргаж, Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 132 дугаар тушаалаар 30-0002313 дугаарт бүртгэж, “З ф” ХХК /Ж.Б/ 10 жилийн хугацаатай патентын өмчлөх эрх олгосон. “Е” ХХК-д 30-0003024 улсын бүртгэлийн дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг олгохдоо Патентийн тухай хуулийн 3.1.2, 5.2.1-д заасан шалгуур хангаагүй, Локарногийн олон улсын ангиллын 10:01-01 ангиллын ижил давхацсан бүтээгдэхүүнд Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 25 дугаар зүйлд заасан бие даасан зохиогч биш этгээдэд патент олгосон. Ж.Б нь”Е” ХХК-ийн захирал Нараа дээр 2013 оны 10 сард очиж шоколадны загвараа санал болгож байсныг “Е” ХХК хуулбарласан. “Е” ХХК-ийн бүтээгдэхүүний загвар нь Патентийн тухай хуульд заасан шинэ байх, өвөрмөц байх шаардлагыг хангаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
2.3. Анхан шатны шүүх “Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалаар “Е” ХХК-д олгосон 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай “Golden gobi гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварын патент нь дээрх хуульд заасан шинэ байх буюу нийтэд илэрхий болоогүй байх гэсэн шалгуурыг хангаагүй, “Е” ХХК-д олгосон, “З ф” ХХК-д олгосон бүтээгдэхүүний загварын патентууд нь агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Ийнхүү шийдвэрлэхдээ “Е” ХХК болон “З ф” ХХК-ийн гэр хэлбэртэй шоколадны бүтээгдэхүүний загварууд нь агуулгын хувьд адил гэж дүгнэж, үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу байна.
2.5. Гэтэл Патентийн тухай хууль /2006/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг” хэлнэ гэж хуульчилжээ. Үүнээс үзвэл, бүтээгдэхүүний загварын патент нь бүтээгдэхүүний агуулгыг биш гадаад хэлбэр, хийцэд хамаарах уран сайхны шийдлийг хамгаалдаг байна.
2.6. Түүнчлэн, “Е” ХХК, “З ф” ХХК-уудын гэр хэлбэртэй шоколадны бүтээгдэхүүний загваруудыг өөр хоорондоо “ижил биш, ялгаатай” гэх агуулга бүхий Оюуны өмчийн газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бүтээгдэхүүний загварын шинжээчийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтүүд гарч байсан бөгөөд эдгээрийг үгүйсгэх баримт, үндэслэл байхгүй байхад “Е” ХХК-д 2020 онд гаргасан 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварын патент нь Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 132 дугаар тушаалаар “З ф” ХХК-д олгосон улсын бүртгэлийн 30-0002313 дугаартай бүтээгдэхүүний загварын патенттай агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байна” гэж дүгнэх боломжгүй.
2.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдалд, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолд “З ф” ХХК, “Е” ХХК-уудын бүтээгдэхүүний загварууд нь хоорондоо адил талаар дүгнэгдээгүй. Зөвхөн шинэ биш гэж дүгнээд Патетын тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1-ийг баримтлан шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн бүтээгдэхүүний загварыг агуулгын хувьд адил гэж дүгнэснээрээ маргаан бүхий актын үндэслэлээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзнэ.
2.8. Харин “Е” ХХК-ийн гэр хэлбэртэй шоколад нь Патентийн тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан “шинэ” байх шаардлагыг хангаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Маргаан бүхий 2022 оны 09 дүгээр тогтоолд Патентийн тухай /2006/-ийн хуулийг баримталсан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оноос энэхүү бүтээгдэхүүний загвараар шоколад үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдийн тайлбараар тогтоогдож байгаа тул нийтэд илэрхий болсон буюу шинэ биш гэж үзэхээр байна.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн загвар нь “З ф” ХХК-ийн бүртгүүлсэн бүтээгдэхүүн загвараас өөр ялгарах өвөрмөц онцлогтой, энэ нь өмнө гарсан Оюуны өмчийн газрын мэргэшсэн шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх боловч Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээрийн 25 дугаар зүйл: “Хамгаалалтад тавих шаардлага: Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц загвар биш гэж үзэж болно” гэж заасны дагуу “Е” ХХК-ийн 2019 оны гэр хэлбэртэй шоколадны загвар нь өөрийнх нь 2014 оноос хойш үйлдвэрлэж, худалдаалж байсан бүтээгдэхүүний загвартай дийлэнх шинжээрээ төсөөтэй бүтээгдэхүүний загвар байх тул шинэ гэж үзэхгүй.
2.10. Мөн гуравдагч этгээд “З ф” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар тушаалаар 30-2013-0002879 дугаартай “Чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэл” бүтээгдэхүүний патентыг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл авч, уг хүчинтэй байх хугацаа дууссан байгаа болохыг дурдах нь зүйтэй.
2.11. Патентийн тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно” гэж заасан бөгөөд “Е” ХХК нь 2014 оноос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний загвартаа 2019 оны анхдагч огноогоор мэдүүлэг гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 30-2019-0003836 дугаартай патент авсан байна.
2.12. Патентийн тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэн, хуулийн этгээд няцаасан нотолгоо ирүүлсэн, маргаан гаргасан тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий шинжээч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор анхны шинжээчийг оролцуулалгүйгээр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тухайн маргааныг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд анхны шинжээчид гаргасан дүгнэлтээ нотлох боломж олгоно”, 13.4-т “Энэ хуулийн 13.3-т заасны дагуу гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан таслах комисст гомдлоо гаргаж болно” тус тус заасан.
2.13. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ыг А/235 тоот тушаалаар баталсан бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.16.5-д “Маргаанд холбогдох асуудлаар иргэн хуулийн этгээд болон бусад холбогдох этгээдээс баримт бичиг, тайлбар, нотлох баримтыг гаргуулах”, 4.3-т “Зөвлөлийн хуралдаанд оролцогч гэдэгт маргаан гаргагч, маргаантай холбогдох этгээд түүний төлөөлөгч, орчуулагч, хэлмэрч, гэрч, цаашид оролцогч гэх/ хамаарна”, 4.4-т “Оролцогч дараах эрх эдлэнэ”, 4.4.1-т “Эсрэг талын гаргасан шаардлага, тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, зөвлөлийн хуралдаанд оролцох, зөвлөлийн хурлын шийдвэрт гомдол гаргах”, 4.5.2-т “Маргаанд дурдсан асуудлаар хариу тайлбарыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх” зэрэг эрх эдлэхээс гадна хуралдаанд оролцож, тайлбар гаргах” үүрэгтэй байхаар журамлажээ.
2.14. “З ф” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20/39, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гомдлын дагуу Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл 1 жил 11 сарын дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 09 тоот тогтоол гаргасан байх бөгөөд уг хуралд “Е” ХХК-нд патент олгох дүгнэлт гаргасан Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын анхны шинжээчийг оролцуулалгүйгээр, түүнээс тайлбар авахгүйгээр дүгнэлт гаргаагүй шинжээч Б.Номиндарийг оролцуулж, түүнээс тайлбар авч хуралдаж, шийдвэр гаргасан нь маргаан таслах зөвлөл дээрх журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
2.15. Хэдийгээр хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа порцессийн хувьд дээрх зөрчлийг гаргасан байгаа боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ