Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 112/ШШ2021/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Д.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч П.З, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.С нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 онд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, 2019 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн албанд нийт 15 жил ажиллаж байгаагаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 4 жил ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, жил бүр үр дүнгийн гэрээгээ хангалттай үнэлгээтэй дүгнүүлж байсан байна. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар тогтоолоор Д.Сийг ямар ч шалтгаангүйгээр үүрэгт ажлаас нь халсан байна. Д.С уг тогтоолыг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлөөс Д.Сийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний дотор ажилд нь эгүүлэн тогтоохыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үүрэг болгосон боловч уг шийдвэр хэрэгжихгүй байна. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Д.Сийг урьд нь эрхэлж байсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдийгээр олонхийн саналаар энэ хүнийг ажлаас халсан гэж байгаа боловч тухайн хурлын үйл явцын тэмдэглэлтэй танилцахад яг олонхийн санал гэх асуудал харагдахгүй байгаа юм. Оролцсон 5 төлөөлөгчийн 1 буюу Х.С эрс өөр байр суурьтай байсан. Мөн оролцсон иргэдийн хурлын даргаас бусад төлөөлөгчид ерөнхийдөө өөртэй нь зөвшилцсөн учир халах гэж байгаа гэсэн байдлаар бид нар орж ирсэн гэдэг байдлаар тайлбар хэлсэн байдаг. Хэлсэн тайлбартай холбогдуулаад хэлэхэд өнөөдөр улс төрийн сонголттой холбогдуулж хариуцлага хүлээлгэж байгаа гэж байна. Төрийн албан хаагч нь улс төрийн албан тушаалтнаас онцлог нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг. Улс төрийн үр дүнгээр гарч ирсэн Засаг дарга, орлогчтой дүйцүүлж хариуцлага тооцож байгаа юм гээд тайлбарлаад сууж байгаа нь Д.Сийг улс төрийн зорилгоор ажлаас чөлөөлсөн юм байна гэдэг нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Сийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Ер нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажил нь иргэдийн дунд шүүмжлэлтэй, дутагдалтай байгааг өөрчлөн сайжруулж цаашид үйл ажиллагааг нь илүү нээлттэй, иргэдэд хүртээмжтэй ил тод байлгах зорилгоор удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх нь зүйтэй гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид үзсэн. Д.Сийг ажлаас чөлөөлөх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар буюу хамтын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. Д.Сийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Засаг даргатай зөвшилцөж, цаашид ажлын байраар хангахаар ярилцсан. 2020 оны сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт төдийгүй ******* сумын удирдлага бүхэлдээ өөрчлөгдсөн. Энэ сонголт бол Алтайн ард түмний болон ******* сумын иргэдийн сонголт байсан. Алтай хотын захиргаа, ******* үнэхээр ямар ч ажил хийхгүй, ард түмний итгэл алдарсан гээд хууль бус маш олон зүйлс байсан. Энэ бүхний хариуцлагыг удирдлага нь хүлээх ёстой. Удирдлага гэдгийг сумын Засаг дарга, хурлын дарга, орлогч, сумын хурлын нарийн бичиг гэсэн ийм бүрэлдэхүүн байдаг. Энэ утгаараа сумын бүх удирдлагууд өөрчлөгдсөн. Засаг дарга болон орлогч бол сонгуулийн үр дүнд өөрчлөгдсөн. Энэ бүхнийг үндэслээд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал болж тэр хурлаар Д.Сийг ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй. Учир нь энэ хүн бас хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тэргүүлэгчид хуралдаад олонхийн саналаар чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Би түүнийг баталгаажуулаад гарын үсэг зурсан гэв.

 

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Х.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний хувьд тухайн өдрийн гаргасан тогтоол нь хууль бус байна гэсэн саналтай байсан. Д.Сийг ажлаас чөлөөлөх ямар ч шалтгаан, үндэслэл байгаагүй. Тэр хүн Төрийн албаны хууль, журмын дагуу маш өндөр оноо аваад ажилд тэнцсэн байсан. Төрийн албаны шалгалтаа өгөөд тангаргаа өргөсөн байсан. Хуульд заасан нэг ч ажлаас халах үндэслэл байгаагүй учир би эсэргүүцсэн санал өгч байсан. Үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон хурлын дарга нарт алдаа болно гэдгийг тайлбарлаж хэлж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Сийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах ба Д.Сийн тухайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах талаар нарийвчлан зохицуулсан байна.Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахдаа: П.З ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажил нь иргэдийн дунд шүүмжлэлтэй, дутагдалтай байгааг өөрчлөн сайжруулж цаашид үйл ажиллагааг нь илүү нээлттэй, иргэдэд хүртээмжтэй ил тод байлгах зорилгоор удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх нь зүйтэй гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид үзсэн..., 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд: П.З ...сумын удирдлагын хэмжээнд шинээр баг бүрдүүлж ажиллах шаардлагатай байгаа учраас л энэ асуудлыг ярьж байна..., тэргүүлэгч Х.С ...ажлаас халах үндэслэл, буруутай зүйл, зөрчил дутагдал алга. Тийм учраас та 2 ярилцаад хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ хүнд ямар нэгэн зөрчил дутагдал алга бид юуг үндэслэл болгох нь ойлгомжгүй байна..., тэргүүлэгч Э.Э...ялсан нам багаа бүрдүүлнэ гэдэг бол байдаг асуудал. Бид нар шийдвэр гаргахад хэцүү байна..., тэргүүлэгч Ж.Т ...Д.Сийг 2013 оноос сайн мэднэ мэргэжилтэн байхад нь хамтран ажиллаж байсан. Ажилдаа чамбай хүн. Ялсан намын асуудал хүнд байна шууд гаргана гэхэд хуулийн талаасаа асуудалтай... гэсэн байдлаар асуудлыг хэлэлцсэн байгаа нь тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл тогтоогдоогүй байхад орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж ажлаас халсан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, хуулийн 62.1.2-т ...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх гэж заасныг зөрчсөн байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Сийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хангасан иргэнийг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 89 хоногийн олговор 7.316.423 төгрөгийг хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдээс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Д.Сийг урьд эрхэлж байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 89 хоногийн олговор 7.316.423 /долоон сая гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Э.ЗОЛБАДРАХ